Чи гар хөлөө өвтгөчихөөд уйлж байсан уу? * Хүн болгон л ингэж үзсэн байх. Гэхдээ заримдаа хүн сэтгэл нь өвдөхөд уйлдаг. Хэн нэг хүн чиний тухай худал ярьжээ гэж бодъё. Гомдмоор санагдана, тийм ээ?— Бурхан ч бас өөрийг нь гүтгэхэд гомддог. Яавал Бурхныг гомдоох биш, баярлуулж болохыг мэдэж авъя.

Зарим хүн Бурхныг хайрладаг гэдэг боловч үнэндээ Бурхныг «их гашуудуулсан» гэж Библид бичсэн байдаг. Тийм ээ, тэд Бурхныг «өвтгөсөн»! Энэ нь төгс хүчит Ехова Бурхны биеийг биш, сэтгэлийг өвтгөсөн гэсэн үг юм. Тэгвэл Ехова үгэнд нь ордоггүй хүнд гомддогийн учрыг олж мэдье.

Еховагийн дэлхий дээр бүтээсэн анхны хоёр хүн сэтгэлийг нь их өвтгөсөн. Бурхан тэднийг «Еден цэцэрлэг» буюу Диваажинд суулгажээ. Энэ хоёр хүнийг хэн гэдэг билээ?— Зүйтэй. Анхны хүнийг Адам, дараа нь бүтээсэн хүнийг Ева гэдэг. Тэд яагаад Еховагийн сэтгэлийг өвтгөснийг мэдэцгээе.

Тэд Еховагийн захиснаар, амьдран суугаа цэцэрлэгээ арчлан тордож, үр хүүхэд төрүүлэн, хамтдаа үүрд мөнх, сайхан амьдрах байв. Гэвч тэднийг хүүхэдтэй болохоос өмнө нэг муу юм болжээ. Юу болсныг чи мэдэх үү?— Нэг тэнгэр элч Адам Ева хоёроор Еховагийн эсрэг юм хийлгэжээ. Яагаад ийм юм болсныг мэдэж авъя.

Тэр тэнгэр элч могойн цаанаас ярьжээ. Могой Евад «Бурхан шиг болж» болно гэсэн нь их сайхан санагджээ. Тэгээд Ева могойн хэлснийг хийчихжээ. Юу хийсэн юм бол?

 Ева нэг модны жимсийг идчихжээ. Уг нь, Ехова тэр модны жимсийг идэж болохгүй гэж Адамд хэлсэн байв. Бурхан Еваг бүтээхээсээ өмнө Адамд «Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» гэж хэлжээ.

Ева энэ тушаалыг мэддэг байсан ч тэр модыг харсаар байлаа. Тэгтэл «жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам» санагдахад «түүнээс авч иджээ». Дараа нь, тэр жимснээс Адамд өгөхөд «тэр ч иджээ». Адам яагаад тэгсэн юм бол?— Адам Еваг Еховагаас илүү хайрласнаас болсон аж. Хүнд таалагдахыг Бурханд таалагдахаас илүүд үзжээ. Уг нь, Еховад дуулгавартай байх нь хүнд дуулгавартай байхаас илүү чухал шүү дээ!

Еватай могой ярьсныг чи санаж байна уу? Хүн хүүхэлдэйн цаанаас ярьж болдог шиг хэн нэгэн могойн цаанаас ярьжээ. Хэн могойн цаанаас ярьсан бэ?— «Диавол ба Сатан гэгддэг эртний могой» ярьсан.

Тэгвэл яаж Еховаг баярлуулах вэ?— Үргэлж дуулгавартай байвал Ехова баярлана. Сатан бүх хүнээр хүссэнээ хийлгэж чадна гэдэг. Тийм учраас Ехова: «Хүү минь, [охин минь,] мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» гэж уриалдаг. Сатан Еховаг муулж, гутаан доромжилдог. Еховад үйлчилдэг хэнийг ч болов Еховагаас холдуулж чадна гэдэг. Тэгэхлээр, чамайг дуулгавартай, үнэнч үйлчилбэл Ехова баярлана! Чи Еховаг баярлуулахын тулд чадах бүхнээ хийх үү?

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ.

  • Дуулал 78:40, 41

  • Эхлэл 1:26–28; 2:15–17; 3:1–6

  • Илчлэлт 12:9; Сургаалт үгс 27:11

^ д/м 3 Хэрэв та хүүхдэдээ уншиж өгөх бол зураас тавьсан газар түр зогсоод хүүхдийнхээ хариулахыг сонсоорой.