Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2012 оны 10 сар 

 Гэр бүлийн аз жаргалын нууц

Гэр бүлдээ итгэлцлийг бий болгох нь

Гэр бүлдээ итгэлцлийг бий болгох нь

Стив *: «Би Жодиг өөр хүнтэй явна гэж ерөөсөө бодоогүй. Итгэл минь алдарсан. Уучлахад ямар хэцүү байсныг үгээр хэлэхийн аргагүй».

Жоди: «Стивийн итгэлийг яагаад алдсанаа би ойлгодог. Гэмшсэнээ батлахад олон жил хэрэгтэй байсан».

БИБЛИД бичсэнээр, хань нь завхайрвал буруугүй нэг нь салах эсэхээ шийдэх эрхтэй * (Матай 19:9). Дээр дурдсан Стив салахгүй байхаар шийдэж, гэр бүлээ авч үлдэхээр болжээ. Эхнэр нь ч тийм бодолтой байв. Гэвч нэг гэрт амьдраад л гэр бүлээ аваад үлдчихнэ гэсэн үг биш болохыг тэд удалгүй ойлгожээ. Учир нь Жодигийн журамгүй явдлаас болоод нөхрийнх нь итгэл бүрмөсөн алдарсан нь хэлсэн үгнээс нь харагдаж байна. Бие биедээ итгэх нь ханьтайгаа жаргалтай амьдрахад чухал үүрэгтэй учир Стив Жоди хоёрын хэн хэн нь хичээх хэрэгтэй байжээ.

Завхайрал гэх мэтээс болоод гэр бүлийн харьцаанд сэв суусан бол гэр бүлээ авч үлдэхэд их амаргүй байх биз ээ. Ялангуяа хэрэг явдлыг мэдсэн нэгэнд нь эхэндээ их хүнд байх нь ойлгомжтой. Гэхдээ ийм сорилтыг давах боломжтой! Гэр бүлдээ итгэлцлийг хэрхэн бий болгох вэ? Библийн мэргэн зөвлөгөө танд тусална. Дараах дөрвөн зөвлөгөөг авч үзье.

1 Илэн далангүй ярилцаарай.

«Худал хуурмагийг хойш тавьж, ... үнэнийг ярь» хэмээн элч Паул бичсэн байдаг (Ефес 4:25). Худал ярих, үнэн худлыг хутган хэлэх, дуугүй байх нь итгэлцлийг эвдэн бусниулдаг. Тиймээс бие биетэйгээ илэн далангүй ярилцаж, үнэнээ хэлэх хэрэгтэй.

Хэрэг явдлын талаар ярилцахаас эхэндээ  дургүй хүрч болох юм. Гэхдээ илэн далангүй ярих хэрэг гарна. Ингэхдээ нэгд нэгэнгүй ярих шаардлагагүй боловч огт ярихгүй байх нь бас ухаалаг хэрэг биш. Өгүүллийн эхэнд дурдсан Жоди: «Эхэндээ болсон явдлын талаар ярихаас халширч, ой гутаж байв. Би тийм юм хийсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, ор тас мартахыг хүсэж байсан» хэмээжээ. Гэвч үүнээс нь болоод байдал хурцадсан аж. Стив үүний учрыг тайлбарлан «Жодиг хийсэн хэргийнхээ талаар ярихгүй байхлаар нь харин ч хардах сэтгэл төрсөн» гэжээ. Жоди: «Нөхөртэйгөө яриагүйгээс бидний харьцаанд суусан сэв арилахгүй байсан юм билээ» гэж дурсжээ.

Итгэл эвдсэн талаар ярилцахад сэтгэл зүрх өвдөх нь гарцаагүй. Дэби гэдэг эмэгтэйн нөхөр Пол нарийн бичиг бүсгүйтэйгээ явалджээ. Дэби: «Яаж тэгэв ээ? Яагаад? Тэр хоёр юу ярьж байсан бол гэх мэтээр миний толгойд их олон юм бодогдож байсан. Тэр явдлын талаар байнга бодож, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүр ч олон асуулт толгойд эргэлдэж намайг зовоосоор сэтгэл санаа минь хямарсан» гэжээ. Пол: «Дэби бид хоёрын яриа заримдаа маргаан болж дуусдаг байв. Гэхдээ дараа нь хоёр биеэсээ уучлалт гуйдаг байсан. Ингэж ярилцаж учраа олоод улам дотноссон юм» гэж ярьжээ.

Яавал байдлыг хурцатгахгүйгээр ярилцах вэ? Ханиа хашраах биш, гол нь, болсон явдлаас сургамж авч, гэр бүлийнхээ харьцааг сайжруулах зорилготой гэдгээ санаарай. Жишээ нь, Чул Су эхнэр Ми Ёноо хуурсан нь илэрхий болоход тэд гэр бүлийнхээ харьцааны талаар бодож үзжээ. Чул Су: «Би өөртөө л цаг гаргаж, дуртай сонирхолтой юмаа хийж явдаг хүн байжээ. Бас бусад хүнд таалагдаж, сэтгэлд нь нийцүүлэхийг бодож явж. Тэгээд хамаг цаг зав, анхаарлаа бусдад зориулдаг хэр нь эхнэртээ цаг бараг гаргадаггүй байв» хэмээн ярьсан юм. Үүнийг ухаарсан Чул Су Ми Ён хоёр амьдралын хэв маягаа өөрчилснөөр эцэстээ гэр бүлийнхээ харьцааг бэхжүүлж чадсан байна.

ОРОЛДООД ҮЗ: Хэрэв та ханийнхаа итгэлийг эвдсэн бол биеэ өмөөрч, ханиа буруутгах хэрэггүй. Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж, ханийнхаа сэтгэлийг шархлуулснаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв хань тань итгэлийг тань эвдсэн бол хэрүүл маргаан болж, харааж зүхэх хэрэггүй. Таныг үг хэлээ захирвал хань тань илэн далангүй ярьж чадна (Ефес 4:32).

2 Хамтдаа хичээх.

«Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой». Учир нь «тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно. Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно» гэж Библид байдаг (Номлогчийн үгс 4:9, 10). Энэ зарчим ялангуяа хоёр биедээ урьдынх шигээ итгэдэг болох гэж хичээж зүтгэж байгаа эхнэр нөхөрт ач тустай.

Гэр бүлдээ итгэлцлийг бий болгох гэж та хоёр хамтдаа зүтгэвэл амжилтад хүрнэ. Хамгийн гол нь, гэр бүлээ авч үлдэхийн төлөө хамтдаа тэмцэх хэрэгтэй. Ганцаараа зүтгээд чадна гэж бодвол байдал харин ч хурцдаж болох юм. Ханиа хамтран зүтгэгч гэж үзэх нь зүйтэй.

Стив Жоди хоёрын туршлага үүнийг баталдаг. Жоди: «Хугацаа хэрэгтэй байдаг юм билээ. Стив бид хоёр гэр бүлийнхээ харьцааг бэхжүүлэх гэж хамтдаа зүтгэсэн. Би түүнийхээ сэтгэлийг дахин зовоохгүй гэж, Стив маань гомдож, шаналж байсан ч салахгүй гэж эргэлт буцалтгүй шийдсэн байлаа. Би үнэнч гэдгээ батлан харуулахыг өдөр бүр хичээж, Стив намайг урьдынх шигээ хайрлаж байсан. Үүнд нь би ханьдаа үргэлж талархдаг» гэж ярьсан юм.

ОРОЛДООД ҮЗ: Гэр бүлдээ итгэлцлийг бий болгоно гэсэн хамтын шийдвэр гаргаарай.

3 Буруу зуршлаа засаарай.

Есүс завхай явдлаас сэрэмжлүүлээд «Хэрэв баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж аваад хая»  гэж зөвлөжээ (Матай 5:27–29). Та ханийнхаа итгэлийг алдсан бол гэр бүлээ авч үлдэхийн тулд «ухаж аваад хаявал» зохих юу хийдгээ, ямар зан гаргадгаа бодож үзээрэй.

Журамгүй явдлаар холбогдсон нөгөө хүнээсээ харьцаагаа таслах хэрэгтэй нь ойлгомжтой * (Сургаалт үгс 6:32; 1 Коринт 15:33). Дээр дурдсан Пол нөгөө эмэгтэйтэй огт уулзахгүй байхын тулд ажлын цагаа өөрчилж, гар утасныхаа дугаарыг сольсон ч нэмэр болоогүй аж. Гэхдээ Пол гэр бүлээ авч үлдэхийг зорьж байсан учир бүр ажлаасаа гарчээ. Өөрөө гар утас хэрэглэхээ больж, эхнэрийнхээ гар утсаар ярьдаг болов. Ийм шийдэмгий арга хэмжээ авсан нь үр дүнд хүрсэн болов уу? Эхнэр Дэби нь: «Зургаан жил өнгөрсөн ч би тэр эмэгтэйг Полтой холбоо барих вий гэж хааяа боддог л юм. Гэхдээ одоо Полыгоо тийм хорхой хүргэм зүйлд унахгүй гэдэгт итгэдэг» гэж сэтгэлээ уудалжээ.

Хэрэв та буруутай бол биеэ авч явах байдлаа бас засах хэрэгтэй байж мэднэ. Та сээтэн зантай юм уу таны байгаа байдал бусдад сээтэн хаядаг мэт сэтгэгдэл төрүүлдэг байж болох юм. Эсвэл та ханиасаа өөр хүнтэй янаг амрагийн харьцаа тогтоох тухай ургуулан бодох дуртай юу? Тийм бол, «хуучин хүнээ бузар муу зуршилтай нь тайлж» ханийнхаа итгэлийг олох сайн зуршилтай болоорой (Колоссай 3:9, 10). Өсөж хүмүүжсэн орчноосоо болоод ханьдаа хайраа илэрхийлэх танд амаргүй байдаг уу? Эхэндээ эвгүй санагдаж болох ч ханьдаа хайртайгаа хэлж байгаарай. Стив: «Жоди гараас минь барьж, хайртай гэдгээ байнга хэлдэг байсан» гэж хэлсэн юм.

Хэсэг хугацаанд, тухайн өдөр болсон бүх юмыг нууж хаалгүй бүгдийг нь хэлж байвал сайн. Ми Ён: «Чул Су надаас юу ч нуудаггүй байсан. Өдөр бүр юу хийснээ, бүр жижиг сажиг зүйлээ ч ярьдаг байсан» гэж хэлжээ.

ОРОЛДООД ҮЗ: Гэр бүлдээ итгэлцлийг бий болгохын тулд яах хэрэгтэйг бие биеэсээ асуугаарай. Юу хийхээ жагсааж бичээд хэрэгжүүлээрэй. Хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэх зорилгоор юу хийж болохыг ч бичээрэй.

4 Цагийг нь олох.

Бүх юм хуучин хэвэндээ орсон гэж яаран дүгнэх хэрэггүй. Сургаалт үгс 21:5-д «Адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ» гэж зөвлөдөг. Итгэлцлийг бий болгоход цаг хугацаа хэрэгтэй. Хэдэн жил ч орж мэднэ.

Хэрэв хань тань таныг хуурсан бол чин сэтгэлээсээ уучлахад цаг хугацаа хэрэгтэйг ойлгоорой. Ми Ён: «Үнэнч бус загнасан нөхрөө эхнэр нь уучилж чадахгүй байна гэхээр надад хачин санагддаг байж билээ. Яагаад тийм удаан уурладаг юм бол оо гэж гайхдаг байв. Гэвч нөхөр минь намайг хуурахад уучлах ямар хэцүү байдгийг өөрийн биеэр үзсэн» гэж дурсжээ. Уучлах, итгэх гэдэг товлосон цагтай юм биш.

Номлогчийн үгс 3:1–3-т бичсэнээр «анагаах цаг» гэж байдаг. Бие биетэйгээ сэтгэлээ хуваалцахгүй байх нь хамгийн амар юм шиг санагдаж болох ч ингэлээ гээд бие биедээ итгэх сэтгэл төрөхгүй шүү дээ. Харин ч сэтгэлээ анагаахын тулд ханиа уучлах хэрэгтэй. Уучилснаа батлан сэтгэлийнхээ үгийг хэлж байгаарай. Баяр хөөрөө хуваалцаж, сэтгэл зовоосон асуудлаа хэлж байхыг ханьдаа бас уриалаарай.

Өшөө хорсол бүү өвөрлөөрэй. Тийм сэтгэлтэй тэмцээрэй (Ефес 4:32). Бурхан ямар жишээ үзүүлснийг эргэцүүлж бодох нь тус болж болох юм. Эрт цагт израильчууд өөрөөс нь нүүр буруулахад Еховагийн сэтгэл хэчнээн их шаналсан бол оо. Ехова Бурхан өөрийгөө ханьдаа хууртсан хүнтэй зүйрлэсэн байдаг (Иеремиа 3:8, 9; 9:2). Гэвч «үүрд уурлаагүй» (Иеремиа 3:12). Ард түмнээ чин  сэтгэлээсээ гэмшээд буцаж ирэхэд нь уучилдаг.

Яваандаа танай гэр бүлийн харьцаа сайжирч та хоёрын сэтгэл уужрахад та амар тайвныг мэдэрнэ. Гэр бүлээ авч үлдэх гэсэн зорилгодоо хүрээд хойшдоо өөр зорилго тавиарай. Ямар амжилт гаргаснаа ярилцаж байгаарай. Харьцаагаа сайжруулчихсан гэж тайвшралгүйгээр бусад зорилгодоо хүрэхэд саад болж мэдэх жижиг зүйлийг ч анхаарч, хоёр биеэ гэсэн сэтгэлээ илэрхийлж байгаарай (Галат 6:9).

ОРОЛДООД ҮЗ: Гэр бүлийн харьцаагаа яг өмнөх шигээ болгоно гэхийн оронд шинэ, илүү бат бэх харьцаа тогтоохыг хичээгээрэй.

Та даван туулж чадна

Ийм хэцүү сорилтыг давж чадахгүй юм шиг санагдвал Бурхан бол гэр бүлийг Санаачлагч гэдгийг санаарай (Матай 19: 4–6). Бурхны дэмжлэгтэйгээр та давж чадна. Энэ өгүүлэлд гарсан гэр бүлүүд Библийн мэргэн зөвлөгөөг хэрэгжүүлсний үрээр одоо жаргалтай сайхан амьдарч байна.

Стив Жоди хоёрын амьдралд тэр хар сүүдэр туссанаас хойш 20 гаруй жил өнгөрчээ. Стив гэр бүлийнхээ харьцааг сайжруулахад юу тус болсныг дүгнэн «Эхнэр бид хоёр Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийдэг болсноос хойш бидний харьцаа илт сайжирсан. Библиэс мэдсэн зүйл маань их тус болсон. Үүний ачаар тэр хүнд үеийг ардаа орхиж чадсан» гэсэн бол Жоди: «Тэр хар бараан үеийг давж чадсандаа их баярладаг. Стивтэйгээ Библи судалж, их хичээж мэрийсний ачаар одоо бид сайхан амьдарч байна» гэж хэлсэн юм.

^ д/м 3 Нэрсийг өөрчлөв.

^ д/м 5 Энэ асуудлын талаар «Сэрцгээ!» сэтгүүлийн 1999 оны 4-р сарын 22-ны дугаарын 6-р хуудас, 1995 оны 8-р сарын 8-ны дугаарын 10, 11-р хуудсыг үзнэ үү (англи).

^ д/м 17 Нэг дор ажилладаг гэх зэргээс болоод холбоогоо бүрмөсөн таслах аргагүй байж болох юм. Зайлшгүй шаардлага гараагүй л бол уулзахгүй байх хэрэгтэй. Уулзахдаа хоёулхнаа байж болохгүй бөгөөд энэ тухайгаа ханьдаа нуулгүй хэлээрэй.

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ.

  • Ийм явдал болсон ч гэр бүлээ авч үлдэхээр шийдсэн минь ямар учиртай билээ?

  • Одоо би ханийнхаа ямар сайхан зан чанарыг олж хардаг билээ?

  • Анх үерхэж байхдаа хайртай гэдгээ энгийн юмаар яаж харуулдаг байсан бэ? Одоо яаж харуулж болох вэ?

ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ:

БИБЛИЙН СУРГААЛЫГ ЗӨВ ОЙЛГОХ НЬ

Жаргалтай амьдрахын тулд гэр бүлийн гишүүн бүр яах ёстой вэ?

Есүс бусдыг хайрладаг нь эхнэр нөхрүүд, эцэг эхчүүд, хүүхдүүдэд сайн жишээ юм. Есүсийг яаж дуурайх вэ?