Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2012 оны 7 сар 

 Гэр бүлийн аз жаргалын нууц

Эхнэр нөхрүүд ээ, сүнслэг байдлаа хамтдаа сайжруулагтун

Эхнэр нөхрүүд ээ, сүнслэг байдлаа хамтдаа сайжруулагтун

Фредрик *: «Би гэрлэсэн даруйдаа л эхнэртэйгээ хамт Библи судалж байя гэж хатуу шийдсэн л дээ. Библи судлах үеэр эхнэрээ их анхааралтай байх юм байх гэж бодож байсан ч Лийн байж ядаад байх шиг санагддаг байлаа. Намайг асуулт тавихад тийм, үгүй гэдэг ганц үгээр хариулчихна. Гэр бүлээрээ Библи судлахад тийм байж болно гэж бодож явсангүй».

Лийн: «Би 18-тай байхдаа Фредриктэй гэрлэсэн юм. Бид хамтдаа Библийг тогтмол судалдаг байсан ч хичээл хийх болгонд Фредрик миний хамаг алдаа дутагдлыг хэлж, сайн эхнэр болохын тулд яах хэрэгтэйг заадаг байлаа. Хэчнээн их сэтгэлээр унаж, хэчнээн их гомддог байсныг ярих ч юм биш!».

ТАНЫ бодлоор, Фредрик Лийн хоёрын юу нь болохгүй байсан бэ? Уг нь, тэдний санаа зөв байсан шүү дээ. Тэд хоёулаа Бурхныг хайрладаг, Библийг хамтдаа судлахын чухлыг ойлгодог байсан. Гэхдээ тэднийг нэгтгэх учиртай тэр зүйл харин ч тэднийг бие биеэс нь хөндийрүүлээд байв. Тэр хоёр хамтдаа Библи судалдаг ч сүнслэг байдлаа сайжруулж чадаагүй аж.

Тэгвэл сүнслэг байдал гэж юу вэ? Эхнэр нөхрүүд сүнслэг хүн байхыг хичээх ёстойн учир юу вэ? Ямар бэрхшээл тулгардаг вэ? Яаж давах вэ?

Сүнслэг байдал гэж юу вэ?

Библид «сүнс», «сүнслэг» байдал гэх мэтийн үгийг хэрэглэхдээ гол нь хүний үзэл бодол, амьдралд хандах хандлагад хамааруулсан байдаг. Библийг бичигчдийн нэг Паул сүнслэг болон сүнслэг бус хүний үзэл бодол ямар ялгаатайг тайлбарлажээ. Түүний бичсэнээр, сүнслэг бус буюу махан биеийнхээ хүслээр явдаг хүн бусдыг бус өөрийгөө боддог бөгөөд өөрийнхөө зөв гэж бодсоныг хийдэг байна. Тийм хүн Бурхны тогтоосон хэм хэмжээг сахиж амьдардаггүй аж (Иуда 18, 19; 1 Коринт 2:14, 15; Галат 5:19, 20).

Харин сүнслэг хүн Бурхны тогтоосон хэм хэмжээг эрхэмлэдэг. Ехова Бурхныг Анд  нөхрөө гэж үзэн, зан чанарыг нь дууриахыг эрмэлздэг (Ефес 5:1). Тиймээс хүнийг хайрлаж, сайхан сэтгэл гаргаж, эелдэг дөлгөөн ханддаг (Египетээс гарсан нь 34:6). Бурханд дуулгавартай байхад амаргүй үед ч дуулгавартай байдаг (Дуулал 15:1, 4). Гэрлээд 35 жил болсон, Канадад амьдардаг Даррен гэдэг эрэгтэй: «Миний бодлоор, сүнслэг хүн үг яриа, үйл хэрэг нь Бурхантай тогтоосон харьцаанд нь яаж нөлөөлдгийг үргэлж боддог» гэж хэлжээ. Даррены эхнэр Жэйн: «Сүнслэг эмэгтэй гэж Бурхны сүнсний үр жимсийг өөртөө хөгжүүлэхийг өдөр бүр хичээдэг эмэгтэйг хэлнэ гэж би боддог» хэмээсэн юм (Галат 5:22, 23).

Сүнслэг үзэлтэй болохын тулд заавал гэр бүлтэй болох хэрэгтэй гэсэн үг биш л дээ. Үнэндээ, хүн бүр Бурхныг танин мэдэж, түүнийг дууриах үүрэгтэй гэж Библид бичсэн байдаг (Үйлс 17:26, 27).

Сүнслэг байдлаа хамтдаа сайжруулахын учир

Эхнэр нөхөр хоёр сүнслэг байдлаа хамтдаа сайжруулах хэрэгтэй гэхийн учир юу вэ? Жишээ татъя. Нэг талбай хамтарч эзэмшдэг хоёр хүн ногоо тарихаар шийджээ. Үр тарих цагаа товлох гэтэл нэг нь эрт тарих, нөгөө нь арай хожуу тарих саналтай байв. Нэг нь хөрсөө бордоно гэсэнд нөгөөдөх нь элдэв бордоо хэрэггүй гэж эрс эсэргүүцлээ. Нэг нь талбайдаа өдөр бүр ажиллах саналтай байсан ч нөгөө нь зүгээр сууж байгаад ургац авчих бодолтой байв. Нэг нь ажиллаж, нөгөө нь зүгээр байсан ч ургац авна л даа. Гэхдээ тэр хоёр юу хийхээ санал нэгтэй шийдээд, зорьсондоо хүрэх гэж хамтдаа хөдөлмөрлөвөл илүү их ургац авна шүү дээ.

Нөхөр эхнэр хоёрыг дээрх хоёр хүнтэй зүйрлэж болно. Хос хоёрын нэг нь сүнслэг байдлаа сайжруулахад тэдний харьцаанд тусална л даа (1 Петр 3:1, 2). Гэхдээ хэн хэн нь Бурхны хэм хэмжээг сахин амьдаръя, Бурханд үйлчлэхдээ бие биеэ дэмжиж байя гэж шийдвэл илүү үр дүнд хүрнэ. «Ганцаараа байснаас хоёул байх нь илүү дээр болой. Тэгвэл тэд ажил үйлсээ сайнаар эргүүлэх болно. Хэрэв тэд хамтдаа ойчих аваас нэг нь нөхрөө босгоно» хэмээн мэргэн ухаант Соломон хаан бичсэн байдаг (Номлогчийн үгс 4:9, 10).

Та ханьтайгаа хамт сүнслэг байдлаа сайжруулахыг хүсдэг нь лавтай. Гэхдээ энэ нь бас ногоо тарихад дан ганц хүсэл байгаад ургац авчихдаггүйтэй адил юм. Ямар бэрхшээл тулгарч болох, эдгээрийг хэрхэн даван туулахыг авч үзье.

ЮУ БОЛДОГ ВЭ? «Бидэнд зав гардаггүй юм».

Саяхан гэрлэсэн Сью гэдэг эмэгтэй: «Намайг орой 7 цагт ажлаа тарахад нөхөр минь ирж авдаг. Гэртээ ирэхэд гэр орны бүх ажил ундарна. Бас оюун ухаан бие махбод хоёр маань зөрчилдөж, Бурхны тухай хамтдаа сурч мэдэх цаг гаргах хэрэгтэйг ухаанаараа ойлгодог ч бие маань амралт нэхдэг» хэмээн ярьсан юм.

Яах нь зүйтэй вэ? Уян хатан байж, бие биеэ дэмжээрэй. Сью: «Нөхөр бид хоёр өглөө эрт босоод ажилдаа явахаасаа өмнө хамтдаа Библи уншиж, ярилцаж байхаар шийдсэн. Нөхөр минь надад гэрийн ажил хийхэд тусалдаг болохоор надад түүнтэй хамт байх цаг гардаг» гэж хэлсэн юм. Ингэж чармайсан нь ямар ач тустай байсан бэ? Сьюгийн нөхөр Эд: «Эхнэртэйгээ хамт сүнслэг зүйлийг тогтмол ярилцахлаар бэрхшээлийг давахад илүү амар, сэтгэл санаа ч тайван байдгийг мэдэрсэн юм» хэмээн ярьжээ.

Бие биетэйгээ ярилцахаас гадна, өдөр бүр хамтдаа залбирч байх нь чухал юм. Залбирал ямар ач тустай вэ? Гэрлээд 16 жил болсон Райен: «Саяхан бид хэсэг хугацаанд таарамж муутай байсан л даа. Гэхдээ орой болгон цаг гаргаж байгаад сэтгэлээ уудлан Бурханд залбирч байсан. Хамтдаа залбирсны ачаар бэрхшээлийг давж эхнэр бид хоёр урьдынх шигээ баяр хөөртэй болсон» гэж туршлагаасаа хуваалцжээ.

ОРОЛДООД ҮЗ: Та хоёрт ямар сайхан юм тохиолдсоныг, Бурханд юуны төлөө талархаж болохыг ярилцахын тулд орой  бүр хэдэн минут гаргаж байгаарай. Бас бэрхшээлийнхээ талаар, ялангуяа юун дээр Бурхнаас тусламж авах хэрэгтэйг ярилцаж байгаарай. Санамж: Ингэж ярилцана гэхлээр ханийнхаа алдаа дутагдлыг хэлнэ гэж битгий бодоорой. Үүний оронд хамтдаа сайжруулах шаардлагатай зүйлийнхээ талаар залбираарай. Маргаашаас нь залбиралтайгаа уялдуулан арга хэмжээ авч эхлээрэй.

ЮУ БОЛДОГ ВЭ? «Бидний чадвар ялгаатай».

Тони гэдэг залуу: «Би ном уншиж суудаг хүн биш ээ» гэж байхад, түүний эхнэр Натали: «Би ном уншиж, олж мэдсэнээ бусдад ярих дуртай хүн л дээ. Библид үндэслэсэн ном хэвлэлээс хоёулаа ярилцахаас Тони заримдаа жаахан халгаад байх шиг санагддаг» гэж ярьжээ.

Яах нь зүйтэй вэ? Бие биетэйгээ өрсөлдөх юм уу бие биеэ шүүмжлэхийн оронд тусалж дэмжээрэй. Ханийнхаа сайн талыг магтаж байгаарай. Тони: «Манай эхнэр Библийн сэдвээр ярих их дуртай байдаг. Харин би үүнд нь сандардаг байсан. Тэгээд би эхнэртэйгээ сүнслэг сэдвээр ярилцахаас халширдаг байж билээ. Гэхдээ Натали намайг их дэмждэг юм. Одоо эхнэр бид хоёр сүнслэг зүйлийн талаар тогтмол ярилцдаг. Бас айх хэрэггүйг ухаарч, харин ч эхнэртэйгээ ярих сайхан санагддаг болсон. Одоо бид бие биетэйгээ харьцахдаа биеэ барихаа больж, илүү эвтэй болсон» гэж илэн далангүй өгүүлсэн.

Олон хос долоо хоног бүр Библи уншиж судлах цаг тогтмол гаргадгийн ачаар гэр бүлийнхээ харьцааг сайжруулж чаджээ. Санамж: Зөвлөгөө уншлаа гэхэд манай хүнд л хэрэгтэй юм байна гэж бодох бус, өөрөө яаж хэрэгжүүлэхээ бодож байгаарай (Галат 6:4). Үнэхээр хэлмээр юм байвал Библи судлахдаа бус, өөр үед хэлж байгаарай. Ямар учраас?

Бодоод үз дээ. Та гэрийнхэнтэйгээ хоол идэж байгаад яр шархаа цэвэрлэж боох уу? Үгүй биз дээ. Гэрийнхэн тань хоол идэх хүсэлгүй болно. Есүс Бурхны тухай мэдэж, хүсэл тааллыг нь биелүүлэхийг хоол идэхтэй зүйрлэсэн байдаг (Матай 4:4; Иохан 4:34). Библи унших бүрдээ сэтгэлийнхээ шархны тухай ярьдаг бол хань тань сүнслэг хоол идэх дуршилгүй болох аюултай. Эхнэр нөхөр хоёр асуудлаа ярилцах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ талаар ярилцах цагийг тусгайлан гаргаарай (Сургаалт үгс 10:19; 15:23).

ОРОЛДООД ҮЗ: Таны сэтгэлийг хамгийн ихээр татдаг, ханийнхаа хоёр юм уу гурван сайхан чанарыг бичээрэй. Дараа нь эдгээр зан чанартай холбоотой сүнслэг сэдвээр ярихдаа тэр зан чанарыг нь хэр их үнэлдгээ хэлээрэй.

Хүн юу тарьснаа хурааж авдаг

Хэрэв та сүнслэг байдлаа ханьтайгаа хамт сайжруулдаг буюу «тарьдаг» бол та хоёр илүү эвтэй, гэр бүлдээ сэтгэл хангалуун байна. Бурхны Үгэнд «Хүн юу тарьснаа л хурааж авдаг» гэсэн байдаг (Галат 6:7).

Библийн энэ зарчмын үнэн болохыг өгүүллийн эхэнд гарсан Фредрик Лийн хоёр биеэрээ үзсэн. Одоо тэд ханилаад 45 жил өнгөрчээ. Тэд цөхрөлтгүй байвал үр дүнд хүрдгийг ойлгожээ. Фредрик: «Би эхнэрээ хүнтэй харьцаж чаддаггүй гэж буруутгадаг байж билээ. Гэхдээ би өөрөө ч хүчин чармайлт гаргах хэрэгтэйгээ яваандаа ойлгосон» хэмээн ярьсан юм. Лийн: «Нөхөр бид хоёр Ехова Бурхныг хайрладгийнхаа ачаар амьдралд маань тохиолдсон саад бэрхшээл бүхнийг давж чадсан. Өнөөг хүртэл бид хамтдаа Библийг тогтмол судалж, хамтдаа залбирч ирсэн. Фредрик минь христиан зан чанарыг хөгжүүлэх гэж мэрийдгийг харахлаар түүнийгээ улам их хайрладаг» хэмээн туршлагаа хуваалцсан юм.

^ д/м 3 Нэрсийг өөрчлөв.

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

  • Би ханьтайгаа хамт хамгийн сүүлд хэзээ залбирсан билээ?

  • Ханиа сүнслэг зүйлийн талаар чөлөөтэй ярьж байхыг урамшуулахын тулд яавал дээр вэ?