Skip to content

Skip to secondary menu

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг  |  2012 оны 1 сар 

 Гэр бүлийн аз жаргалын нууц

Ханьдаа хүндэтгэлтэй хандах нь

Ханьдаа хүндэтгэлтэй хандах нь

Вилл: *«Рахел сэтгэлээр унахлаараа уйлаад л байдаг юм. Суугаад ярилцах гэхлээр уурлаж уцаарлах юм уу эсвэл бүр дуугаа хураачихдаг. Юу ч хийсэн нэмэргүй болохоор нь зөнд нь орхичихмоор л санагддаг юм».

Рахел: «Би Виллийг гэртээ ирэхэд нь уйлчихсан сууж байсан юм. Ямар учраас сэтгэлээр унаснаа хэлэх гэтэл яриаг минь гүйцэд сонсоогүй байж сүртэй юм бишээс хойш зүгээр л март гэж хэлсэн. Ингэхэд нь сэтгэлээр бүр ч их унасан».

ТАНД бас ийм юм тохиолдож байсан уу? Вилл Рахел хоёр бие биетэйгээ ярилцахыг хичээдэг ч ихэнхдээ бүтэлгүйтдэг аж. Яагаад тэгдэг юм бол?

Эрэгтэй эмэгтэй хүний харьцааны арга барил, сэтгэл санааных нь хэрэгцээ өөр байдаг. Жишээ нь, эмэгтэй хүн сэтгэлээ уудлан ярих дуртай байдаг бол эрчүүд асуудлыг хурдан шийдэж, төвөгтэй асуудлыг хөндөхгүй байх нь бусадтай сайн харьцаатай байх арга гэж үздэг. Тэгвэл ханийнхаа онцлогт тохируулж харьцахын тулд яах хэрэгтэй вэ? Хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

Хүнийг эрхэмлэн үзэж, сэтгэл санааг нь ойлгохыг хичээх нь хүндэтгэдгийн шинж юм. Та өөрөөсөө эрх мэдэл, мэдлэг туршлагаар илүү хүнийг багаасаа хүндэтгэж сурсан байж болох юм. Гэтэл өөртэйгөө ижил хүнийг буюу ханиа хүндэтгэх нь гэр бүлд гардаг нэг бэрхшээл юм. Найман жилийн өмнө гэр бүл болсон Линда гэдэг эмэгтэй: «Уг нь, Фил өөртэй нь ямар ч хүн ярьсан, анхааралтай сонсож, сэтгэлийг нь ойлгодог. Надад ч бас яг тэгж хандаасай гэж би хүсдэг» гэж хэлжээ. Та найз нөхөд, бүр танихгүй хүнийг ч анхааралтай сонсож, тэдэнд хүндэтгэлтэй ханддаг байх. Тэгвэл ханьдаа яг тэгж ханддаг уу?

Эхнэр нөхөр хоёр бие биеэ хүндэтгэдэггүй бол гэр бүлд таагүй уур амьсгал үүсэж, зөрчил маргаан гардаг. Нэгэн мэргэн удирдагч: «Идээ будаагаар дүүрэн боловч хэрүүл уруултай гэр орноос амар тайван орчинд хатсан талхны хэлтэрхий дээр» хэмээсэн байдаг (Сургаалт үгс 17:1). Библид бичсэнээр, нөхөр хүн эхнэртээ хүндэтгэлтэй хандах учиртай (1 Петр 3:7). «Мөн эхнэр нь нөхрөө хүндэтгэх ёстой» (Ефес 5:33, ШГ).

 Тэгвэл ханьдаа хэрхэн хүндэтгэлтэй хандах вэ? Тустай зөвлөгөө Библиэс үзье.

Хань тань ярихад

Юу болдог вэ?

Олон хүн сонсохоосоо илүү ярих дуртай байдаг. Та бас тийм хүн үү? Библид: «Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь ... мунхаг хэрэг» гэсэн байдаг (Сургаалт үгс 18:13). Тиймээс ярихаасаа түрүүлж сонсоорой. Ямар учраас тэр вэ? Гэрлээд 26 жил болж байгаа Кара гэдэг эмэгтэй: «Надад ямар нэг асуудал тулгарлаа гэхэд би нөхрийгөө тэр асуудлыг даруй шийдэх, надтай санал нийлэх, эсвэл тэр явдлын учир шалтгааныг олох албагүй гэж боддог. Харин намайг сонсоосой, сэтгэл санааг минь ойлгоосой л гэж хүсдэг» гэж ярьсан юм.

Нөгөөтэйгүүр, хань ижил нь сэтгэл санаагаа хуваалцахыг шахаж шаардаад байхлаар сэтгэлээ хуваалцах зарим хүнд амаргүй байдаг. Саяхан гэрлэсэн Лорри нөхрийгөө сэтгэлээ тэгж амар нээдэггүй хүн гэдгийг нь ойлгожээ. Тэрбээр: «Тэвчээртэй байж, нөхрөө үгээ хэлтэл нь хүлээх хэрэгтэй болдог юм» хэмээжээ.

Яах нь зүйтэй вэ?

Та хоёр нэг асуудлын талаар ярилцах хэрэгтэй болж. Гэхдээ санал зөрж мэдэхээр бол хоёулаа тайван байх үедээ ярилцаарай. Гэтэл хань тань дурамжхан байвал яах вэ? «Хүмүүний санаа бодол худгийн ус мэт гүн бөгөөд ухаантай хүн тэрхүү усыг гадагш гаргана» гэж байдаг (Сургаалт үгс 20:5, ШЕ). Худгаас ус татахдаа хэтэрхий яарвал их усыг дэмий асгана. Үүний адилаар, хүнийг яриулах гэж хэтэрхий хүчилбэл харин ч танаас халгаж мэднэ. Ингэвэл та сэтгэлийнх нь үгийг «гадагш гаргаж» чадахгүйд хүрнэ. Тиймээс хүндэтгэлтэй харьцаж, эвтэйхэн асуугаарай. Сэтгэл санаагаа таны бодсон шиг хурдан илэрхийлэхгүй бол тэвчээртэй байгаарай.

Хань тань ярих үед «сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго» байгаарай (Иаков 1:19). Зөвхөн чихээрээ бус, зүрхээрээ сонсдог хүн сайн сонсогч байдаг. Ханийнхаа үгийг сонсохдоо сэтгэлийг нь ойлгохыг хичээгээрэй. Таны хэрхэн сонсож байгаагаас өөрийг нь хүндэтгэж байна уу, үгүй юу гэдгийг мэдэрнэ.

Яаж сонсохыг Есүсээс сурч болно. Нэгэн өвчтэй хүн Есүсээс тусламж гуйж ирдэг. Есүс шууд туслаагүй ээ. Эхлээд үгийг нь анхааралтай сонсжээ. Тэгтэл өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрж. Тэгээд өнөөх хүнийг эдгээдэг (Марк 1:40–42). Ханиа ярихад Есүсийн ямар ямар алхам хийснийг санаарай. Хань тань өөрийг нь чин сэтгэлээсээ ойлгоосой гэж хүсэж байгаа болохоос бус, асуудлаа хурдан түргэн шийдүүлэх гээгүйг санаарай. Тиймээс анхааралтай сонсоорой. Сэтгэл санааг нь ойлгохыг хичээгээрэй. Сэтгэлийг нь ойлгосныхоо дараа л шаардлагатай арга хэмжээ аваарай. Ингэвэл ханиа хүндэтгэдгээ харуулна.

ОРОЛДООД ҮЗ: Дараагийн удаа хань тань ярихад шууд хариу хэлэхгүй байхыг хичээгээрэй. Яриаг нь гүйцэд сонсоод сэтгэлийг нь ойлгохыг хичээгээрэй. Түр азнаж байгаад: «Би чамайг анхааралтай сонсож чадсан уу? Чамд ямар санагдсан бэ?» гэж асуугаарай.

Та өөрөө ярихдаа

Юу болдог вэ?

Дээр дурдсан Линда: «Телевизийн хошин нэвтрүүлэг үзээд байхлаар эхнэр юм уу нөхрөө муулах, үг хэлээр доромжлох, егөөдөх нь жирийн явдал юм шиг санагддаг» гэж хэлжээ. Бие биетэйгээ хүндэтгэлгүй харьцдаг гэр бүлд өсөж хүмүүжсэн хүмүүс бас байдаг. Тэд хожим нь өөрсдөө гэр бүлтэй болсон ч тэр зуршлаас салахад амаргүй байдаг аж. Канадад амьдардаг Айви гэдэг эмэгтэй: «Манай гэр бүлд бие биеэ ёжлох, загнаж зандрах, элдвээр хэлнэ гэдэг жирийн юм байсан» гэж ярьсан юм.

Яах нь зүйтэй вэ?

Хүмүүст ханийнхаа тухай ярихдаа «босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлслийг өгнө» (Ефес 4:29). Хүмүүс ханийг тань хүндэтгэх эсэх нь таны ярианаас шалтгаална.

Хоёулхнаа байхдаа ч нэгийгээ ёжилж  егөөдөх, элдвээр хэлэхээс зайлсхийгээрэй. Эртний Израилийн хаан Давидын эхнэр Михал гэдэг эмэгтэй байжээ. Тэрбээр уурандаа нөхрөө доромжилж, «мунхаг хүмүүсийн ... адил» авирласан гээд хэлчихдэг. Энэ үг нь Давид хааныг ч гомдоодог, Бурханд ч таалагдаагүй (2 Самуел 6:20–23). Энэ явдлаас ямар сургамж авч болох вэ? Ханьтайгаа ярихдаа үгээ бодож байгаарай (Колоссай 4:6). Найман жилийн өмнө гэр бүл болсон Фил одоо ч эхнэртэйгээ санал зөрөх үе гардгийг ний нуугүй хэлжээ. Заримдаа өөрийнх нь үгнээс болж байдал хурцаддагийг ч анзаарчээ. «Маргаанд „ялах“ гэдэг үнэндээ бол ялагдал юм билээ. Үүний оронд гэр бүлийнхээ харьцааг бэхжүүлэх нь илүү ач тустай бөгөөд сэтгэлийн таашаал өгдгийг ухаарсан» гэж хэлсэн юм.

Эрт цагт амьдарч байсан нэг бэлэвсэн эмэгтэй бэрүүдээ: «Өөрсдийн нөхрийн гэрт амарлингуй байх» болтугай хэмээн ерөөсөн байдаг (Рут 1:9). Эхнэр нөхөр хоёр бие биеэ хүндэтгэдэг бол гэр бүлдээ «амарлингуй» байна.

ОРОЛДООД ҮЗ: Цаг гаргаж байгаад энэ жижиг гарчигт байгаа зөвлөгөөг ханьтайгаа ярилцаарай. Тэгээд ханиасаа: «Хүний өмнө чиний тухай ярьж байгаа минь чамд ямар санагддаг вэ? Хүндэлдэг юм байна гэж бодогддог уу, хүндэтгэдэггүй юм байна гэж бодогддог уу? Би яавал сайжрах бол?» гэж асуугаарай. Санасан бодсоноо хэлэхэд нь анхааралтай сонсоорой. Хэлснийг нь хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

Хань тань өөр хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь

Юу болдог вэ?

Гэрлээд удаагүй зарим хос, эхнэр нөхөр хоёрыг «нэг бие махбод» болдог гэж Библид байдгийг ташаа ойлгож, адилхан үзэл бодолтой, ижилхэн зан чанартай болох ёстой гэж үздэг (Матай 19:5). Гэхдээ ингэж бодох нь амьдралаас тасархай хэрэг болохыг удалгүй ухаардаг. Хэдийгээр эхнэр нөхөр болсон ч зан чанарын ялгаанаас болж санал зөрөх үе гардаг байна. Линда: «Бидний нэг том ялгаа бол манай Фил баргийн юманд санаа зовдоггүй хүн л дээ. Заримдаа намайг шаналчихсан явж байхад нөгөөх маань зүгээр л явж байдаг. Тэгээд намайг ингэж санаа зовж байхад тэр хүн тоохгүй явж байдаг гэж бодогдоод уур хүрдэг» гэж ярьсан юм.

Яах нь зүйтэй вэ?

Хүн болгон адилгүйгээс хойш таны хань танаас өөр зан чанартай байсан ч хүндэтгэж байгаарай. Жишээ татъя. Нүд чих хоёр өөр өөр үүрэгтэй эрхтэн. Гэхдээ нүд чих хоёрын аль аль нь байж гэмээнэ та замаар аюулгүй гарч чадна шүү дээ. Бараг 30 жилийн өмнө гэрлэсэн Адрийн: «Нөгөөгийн маань үзэл бодол Бурхны Үгтэй зөрчилдөхгүй бол нөхөр бид хоёр нэг нэгнийхээ санаа бодлыг хүлээн зөвшөөрдөг. Бид гэрлэсэн болохоос хувилчихсан хүмүүс биш шүү дээ» гэж хэлжээ.

Та хоёрын үзэл бодол, сэтгэл мэдрэмж өөр байлаа гэхэд эхлээд өөрийгөө битгий бодоорой. Ханийнхаа сэтгэлийг бодолцож байгаарай (Филиппой 2:4). Адрийний нөхөр Кайл: «Эхнэрээ ойлгохгүй байх юм уу эхнэртэйгээ санал зөрөх үе гарна л даа. Гэхдээ тийм үед би өөрийнхөө үзэл бодлыг бус, хайртай эхнэрээ чухалд үзэхийг өөртөө сануулдаг юм. Эхнэр минь жаргалтай бол би ч жаргалтай байдаг» гэж илэн далангүй хэлжээ.

ОРОЛДООД ҮЗ: Танд байдаггүй, таны ханьд байдаг сайн зан чанар, аливааг шийддэг арга барилыг жагсааж бичээрэй (Филиппой 2:3).

Гэр бүл тогтвортой, аз жаргалтай байхын нэг нууц нь эхнэр нөхөр бие биеэ хүндэтгэх явдал юм. «Гэр бүлийн хос бие биеэ хүндэтгэдгийн ачаар сэтгэл хангалуун, амар тайван амьдардаг. Хүнийг хүндэтгэх нь хөгжүүлбэл зохих нэг чанар юм» гэж Линда хэлжээ.

^ д/м 3 Нэрсийг өөрчлөв.

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ.

  • Надад байдаггүй ч ханьд минь байдаг сайн зан чанар гэр бүлийн маань харьцааг хэрхэн сайжруулсан бэ?

  • Библийн зарчимтай зөрчилдөхгүй бол ханийнхаа хүсэл сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавих нь яагаад сайн бэ?