Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 12 сар 

Үг хүчтэй

Үг хүчтэй

«Амнаас минь гарах үгс ... Таны мэлмийд тааламжтай болох болтугай!» (ДУУ. 19:14).

ДУУ: 27, 35

1, 2. Хэлийг яагаад галтай зүйрлэсэн бэ?

1871 ОНЫ 10 дугаар сарын эхээр АНУ-ын түүхэнд хамгийн аймшигтай түймэр гарчээ. Висконсин мужийн зүүн хойд хэсгийн ойд гарсан энэ түймрийн улмаас 1 200 гаруй хүн амь насаа алдаж, 2 сая мод шатжээ. Ой дундуур өнгөрсөн галт тэрэгнээс оч хаялснаас үүдэн түймэр гарсан байж болох юм. «Өчүүхэн гал ч асар их ой модыг түймэрддэг» хэмээн Библид бичсэн нь юутай үнэн бэ! (Иак. 3:5). Иаков ийн бичих болсны учир юу юм бол?

2 Тэрбээр үүнийхээ учрыг тайлбарлан: «Хэл бол гал» гэжээ (Иак. 3:6). «Хэл» нь хүний ярих чадвар юм. Үг яриа галтай адил асар их хөнөөл учруулах хүчтэй. «Амь ба үхэл нь хэл ярианы хүчинд байдаг» гэж Библид бичжээ (Сур. 18:21). Тэгвэл буруу юм хэлэхээсээ айгаад юу ч ярьж болохгүй гэсэн үг үү? Хаанаас даа! Түймэр тавихаасаа айгаад гал хэрэглэхгүй хүн гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол нь болгоомжтой байх ёстой. Галыг зөв ашиглавал хоолоо хийж иднэ, биеэ дулаацуулна, харанхуйд гэрэлтэй байна. Үүнтэй адилаар хэл амаа захирдаг бол Бурхнаа алдаршуулна, бусдад ч тустай (Дуу. 19:14).

3. Энэ өгүүллээр ямар гурван чухал зүйлийг үзэх вэ?

3 Юу бодож, ямар сэтгэлтэй байгаагаа бусдад үг хэлээрээ  эсвэл дохио зангаагаар илэрхийлэх чадварыг Ехова бидэнд хайрласан билээ. Энэ гайхалтай чадвараа ашиглан бусдыгаа хэрхэн урамшуулан зоригжуулах вэ? (Иаков 3:9, 10-ыг уншина уу). Хэл яриатай холбоотой гурван чухал зүйлийг одоо үзье. Хэзээ, юуг, яаж ярих вэ?

ХЭЗЭЭ ЯРИХ ВЭ?

4. Ямар үед дуугүй байх хэрэгтэй вэ?

4 Хэл яриа бол хүний амьдралын салшгүй хэсэг мөн. Гэлээ ч заримдаа ярихгүй байх нь сайн байдаг. Библид бичсэнээр, «дуугүй байх» цаг гэж бий (Ном. 3:7). Бусдыг ярьж байхад чимээгүй сонсох нь хүндэтгэж буйн илрэл юм (Иов 6:24). Нууцыг хадгалж, дуугүй байвал хашир, хэрсүүгийн шинж болно (Сур. 20:19). Хор шар малтсан үг сонслоо ч хэл амаа хазаарладаг бол ухаалаг хүн гэсэн үг (Дуу. 4:4).

5. Еховагийн өгсөн хэл яриа хэмээх бэлгийг үнэлж эрхэмлэдэг хүн яадаг вэ?

5 Бас «ярих цаг» гэж бий (Ном. 3:7). Найз тань гоё бэлэг өгвөл та үг дуугүй аваад хав дарахгүй нь лавтай. Харин ч баярлаж талархсанаа илэрхийлэн тэр зүйлийг зөв зохистой эдэлж хэрэглэнэ. Хэрэв бид Еховагийн өгсөн хэл яриа хэмээх бэлгийг үнэлж эрхэмлэдэг бол зориулалтынх нь дагуу хэрэглэнэ. Яаж? Сэтгэл санаа ямар байгаагаа, юу хэрэгтэй байгаагаа хэлж ярина. Мөн Еховаг магтан алдаршуулж, бусдыгаа урамшуулан зоригжуулна (Дуу. 51:15). Хэзээ яривал хамгийн тохиромжтой вэ?

6. Цагаа олж ярих нь яагаад чухал бэ?

6 Цагаа олж ярих нь яагаад чухал бэ? Сургаалт үгс 25:11-д «Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу» гэжээ. Алтан алим гэж байдаг бол ямар гоё харагдах бол оо. Хээ угалзтай мөнгөн тавагт хийвэл бүр ч гоё харагдах биз ээ. Үүнтэй адилаар цагаа олж яривал сонсож буй хүнд тустай байна.

7, 8. Япон дахь ах дүүс маань Есүсийг хэрхэн дуурайсан бэ?

7 Хэлэх үг маань тухайн хүнд хэчнээн хэрэгтэй байлаа ч цагаа олж ярихгүй бол утгаа алдана (Сургаалт үгс 15:23-ыг уншина уу). 2011 оны 3 дугаар сард Японы зүүн аймгуудаар газар хөдлөлт, цунами болсны улмаас олон хот сүйдэж 15 000 гаруй хүн амиа алджээ. Тэндхийн Еховагийн Гэрчүүд бас гамшигт нэрвэгдээд өөрсдөө зовж байсан ч бусдыг Библийн мэдээгээр тайвшруулах боломж бүрийг алдалгүй ашиглаж байлаа. Харин Буддын шашнаа эрхэмлэн дээдэлдэг тэр нутгийнхны дунд Библийн сургаалыг мэдэхтэй үгүйтэй эсвэл бүр огт мэддэггүй хүн олон байжээ. Итгэл нэгтнүүд маань үүнийг соргогоор олж хараад амилалтын тухай ярих цаг биш гэдгийг ойлгожээ. Харин тэднийг тайвшруулахын тулд гэмгүй номхон хүмүүст яагаад ийм аймшигтай явдал тохиолддогийг тайлбарласан юм.

8 Хэзээ дуугүй байж, хэзээ ярих нь тохиромжтойг Есүс сайн мэддэг байв (Иох. 18:33–37; 19:8–11). Нэг удаа шавь нартаа «Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгүй» хэмээн хэлжээ (Иох. 16:12). Японы зүүн аймагт амьдардаг Гэрчүүд Есүсийг дуурайжээ. Цунами болсноос хойш хоёр жил хагасын  дараа «Хаанчлалын тухай мэдээ» цувралын 38 дахь дугаар буюу «Нас барсан хүн амилах уу?» гэдэг танилцуулга тараах аян дэлхий даяар болсон юм. Энэ үеэр амилалтын тухай сэтгэл дулаацуулам мэдээг сонсоход бэлэн болсон хүн Японд олон байлаа. Тэгээд хүмүүс уг танилцуулгыг дуртайяа авчээ. Бид ч бас дэлгэрүүлэх хэсгийнхээ хүмүүсийн ёс заншил, шашин шүтлэгийн талаар бодох ёстой. Тэгдэг бол цагаа олж ярина.

9. Өөр ямар үед цагаа олж ярих ёстой вэ?

9 Өөр ямар үед цагаа олж ярих ёстой вэ? Хэн нэг нь биднийг сайн санаагаар ч бай, санаатай ч бай гомдоолоо гэхэд шууд хариу хэлэхийн оронд хэсэг азнаад «Энэ хүний хэлсэн үгэнд би л эмзэглээд байгаа юм биш биз? Хариу хэлэх шаардлага байна уу?» гэж бодоорой. Уурлаж бухимдсан үедээ яривал бодлогогүй үг хэлж мэднэ (Сургаалт үгс 15:28-ыг уншина уу). Түүнчлэн Гэрч биш гэрийнхэндээ Библийн үнэний тухай ярихдаа хэрсүү байх хэрэгтэй. Тэднийгээ Еховатай танилцуулахыг хэчнээн хүслээ ч тэвчээртэй, ухаалаг байгаарай. Тохиромжтой үед оновчтой үг хэлбэл тэдний зүрх сэтгэл нээгдэж болох юм.

ЮУ ЯРИХ ВЭ?

10. а) Юу ярихаа яагаад бодох хэрэгтэй вэ? б) Ямар ярианаас зайлсхийх ёстой вэ?

10 Үг бол шархлуулах ч, анагаах ч хүчтэй (Сургаалт үгс 12:18-ыг уншина уу). Сэтгэл шархлуулах үг хэлэх нь Сатаны ертөнцийн онцлог юм. Хүмүүс «хэлээ илд мэт ирлэж», «хорон үгсээ сум мэт онилохыг» зурагтын нэвтрүүлэг, кино жүжгээс сурдаг (Дуу. 64:3). Христиан хүн иймэрхүү зүйлээс хол байх хэрэгтэй. Бусдын хор шарыг малтаж, далд үгээр шоглон ярьдаг бол «хорон үгсээ сум мэт онилж» байна гэсэн үг. Ийнхүү бусдыгаа ёжилбол нэр хүндийг нь унагахаас гадна энэрэх сэтгэлгүйн шинж болно. Нэгнээрээ хатуу тоглож, сэтгэлд нь сэв суулгах нь христиан хүнд байж болшгүй зүйл юм. Бяцхан хошигноход үг яриа илүү амттай болдог. Харин бусдыг инээлгэх гээд хэтэрхий марзганавал нэгнийгээ эвгүй байдалд оруулж, гомдоож мэднэ. Библид «Та нарын амнаас ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэл» гэсэн зөвлөгөө бий (Еф. 4:29, 31).

11. Үгээ сонгож ярих нь зүрх сэтгэлтэй холбоотой гэхийн учир юу вэ?

11 «Зүрхний бялхалаас ам ярьдаг» гэж Есүс хэлсэн (Мат. 12:34). Хүний хэлж ярьдаг зүйл зүрхнээс гардаг гэсэн үг. Бусдын талаар юу гэж боддогийг үг яриа илчилдэг. Хэрэв бид бусдыг хайрлаж, чин сэтгэлээсээ санаа тавьдаг бол үгээ зөв сонгоно. Хэлсэн үг маань ч сэтгэлийг нь сэргээж, урам өгнө.

12. Зөв үг сонгож ярьдаг байхын тулд өөр яах хэрэгтэй вэ?

12 Зөв үг сонгож ярихын тулд сайтар нягталж бодох хэрэгтэй. Мэргэн ухаант Соломон хаан хүртэл «онч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр нь бичихийн» тулд «бүгдийг туршиж судалсан» (Ном. 12:9, 10). «Онч мэргэн үгсийг» сонгоход танд амаргүй байдаг уу? Тийм бол үгийн сангаа баяжуулаарай. Яаж? Библи болон Библид үндэслэсэн  ном хэвлэлийг уншихдаа ямар тохиолдолд, ямар үг сонгосныг анхаараарай. Мэдэхгүй үгийнхээ утгыг мэдэж аваарай. Бусдад тустай үг хэлдэг байхын тулд Есүсийн үлдээсэн жишээг судлаарай. Тэрбээр Еховагаар заалгасан болохоор «ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэддэг» байсан (Ис. 50:4). Түүнчлэн хэлэх гэж байгаа үгээ бусдад яаж нөлөөлөхийг бодох нь маш чухал (Иак. 1:19). Өөрөөсөө ингэж асуугаарай. «Би ингээд хэлчихвэл тэр хүн ойлгох болов уу? Тэр хүнд ямар санагдах бол?».

13. Ойлгомжтой ярих нь яагаад чухал бэ?

13 Эртний Израилийн үед ард түмнийг цуглуулах болон тараах, цэргүүдэд дайсан руу довтлох дохио өгөхдөө бүрээ үлээдэг байжээ. Ойлгомжтой ярихыг Библид бүрээ тод дуугарахтай зүйрлэдэг. Бүрээн дуу тод сонсогдохгүй бол цэргүүд тулалдаанд бэлэн байж чадахгүй. Үүнтэй адилаар, хэлэх гэсэн санаа маань бүрхэг, ойлгомжгүй бол хүмүүсийг төөрөгдүүлнэ. Гэхдээ санал бодлоо ойлгомжтой илэрхийлж байгаа нь энэ гээд бүдүүлэг, эв хавгүй ярихаас болгоомжлох хэрэгтэй (1 Коринт 14:8, 9-ийг уншина уу).

14. Есүс ойлгомжтой ярьдаг байсныг харуулах жишээ хэлнэ үү.

14 Есүс үгээ зөв сонгох талаар хамгийн сайн жишээ үлдээжээ. «Матай» номын 5–7-р бүлэгт байдаг Есүсийн тавьсан богинохон хэрнээ зүрх сэтгэлд хүчтэй нөлөөлдөг илтгэлийг аваад үзье. Тэнд гоё чамин, салаа утгатай эсвэл сэтгэл шархлуулам хатуу үг байдаггүй. Жишээлбэл, өдөр тутмынхаа хоол хүнсний төлөө санаа зовох хэрэггүйг шавь нартаа ойлгуулахын тулд Ехова шувууг хэрхэн тэжээдгийг хэлж өгсөн. Дараа нь «Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?» хэмээн асуудаг (Мат. 6:26). Ийм энгийн, ойлгомжтой үг хэлсэн учраас хүмүүс чухал санааг ойлгож зүрх сэтгэл нь хөдөлжээ.

ЯАЖ ЯРИХ ВЭ?

15. Яагаад эелдэг боловсон ярих ёстой вэ?

15 Юу ярихаас гадна яаж ярих нь бас чухал. Есүсийг төрөлх хот Назарынхаа синагогт орж үг хэлэхэд хүмүүс «Түүний амнаас гарах нигүүлслийн үгсэд гайхаж байв» (Лук 4:22). «Нигүүлслийн үгс» буюу эелдэг боловсон яриа үгийн хүчийг сулруулдаггүй. Харин ч таатай сонсогдож, хүлээж авахад амар байдаг (Сур. 25:15). Есүс шиг эелдэг боловсон ярьдаг болъё гэвэл бусдыг хүндэлж, сэтгэл санааг нь ойлгохыг хичээх хэрэгтэй. Ард олон хэлэх үгийг нь сонсох гэж ямар их зүтгэл гаргаж байгааг хараад Есүс тэднийг өрөвдөн «олон зүйлийг заажээ» (Марк 6:34). Хүмүүс элдвээр хэлэхэд ч адилхан хандаж байгаагүй (1 Петр 2:23).

16, 17. а) Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө ярихдаа Есүсийг хэрхэн дуурайх вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Эелдэг зөөлөн ярих нь сайн үр дүнтэй байдгийг харуулах жишээ хэлнэ үү.

16 Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ эелдэг боловсон, эвтэйхэн ярих нь тийм ч амархан биш байж болох юм. Үгээ бодолгүй, түс тас хэлчих гээд байдаг. Харин Есүс дотны нөхөдтэйгөө хэзээ ч хатуу ширүүн харьцаж байгаагүй. Хэн нь хамгийн агуу нь болох тухай дахин дахин маргалдахад ч аашилж загнаагүй. Жаахан хүүхдийн жишээ татаж үзэл  бодлыг нь эвтэйхэн зассан (Марк 9:33–37). Ахлагчид зөвлөгөө өгөхдөө Есүсийг дуурайн эелдэг зөөлөн үг хэлэх хэрэгтэй (Гал. 6:1).

17 Гомдмоор үг хэлсэн хүнтэй эелдэг зөөлөн яривал сайн үр дүнд хүрнэ (Сур. 15:1). Жишээ авъя. Нэг Гэрч эмэгтэйн өсвөр насны хүү хоёр нүүр гаргаж амьдардаг байжээ. Хүүд нь санаа зовсон итгэл нэгтэн нь: «Хүүхдээ сайн хүмүүжүүлж чадаагүй чинь муу байна даа» гэжээ. Тэгэхэд нь өнөөх эмэгтэй хэсэг бодолхийлснээ: «Чиний хэлдэг ч оргүй биш ээ. Гэхдээ би хүүхдээ хүмүүжүүлж дуусаагүй байна. Хармагедоны дараа дахиад ярилцъя. Тэр үед бүх юм тодорхой болсон байна» хэмээн хариулжээ. Тайван байж, эелдэг үгээр хариулсны ачаар итгэл нэгтэнтэйгээ ам мурийсангүй. Хүү нь энэ яриаг санаандгүй сонсчихжээ. Ээж нь хүүгээ өөрчлөгдөнө гэж итгэж явдгийг нь мэдээд хүү ихэд урамшин муу хүмүүстэй нийлэхээ болив. Тэгээд баптисм хүртэж, хожим нь Бетелд үйлчлэх болжээ. Бид итгэл нэгтнүүд, гэр бүлийнхэн, танихгүй хүмүүсийн хэнтэй нь ч «нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт» ярьдаг байх учиртай (Кол. 4:6).

18. Хүмүүстэй ярихдаа Есүсийг хэрхэн дуурайх вэ?

18 Юу бодож, ямар сэтгэлтэй байгаагаа үгээр илэрхийлэх чадвар бол Ехова Бурхны маань өгсөн үнэтэй бэлэг юм! Есүсийг дуурайн цагаа олж, зөв үг сонгож, эелдэг зөөлөн ярьцгаая. Тэгдэг бол бид хүний сэтгэлийг сэргээж, Еховаг баярлуулна.