Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 12 сар 

Библийн орчуулга илүү ойлгомжтой болсон нь

Библийн орчуулга илүү ойлгомжтой болсон нь

«Бурханы үг амьд» (ЕВР. 4:12).

ДУУ: 37, 43

1. а) Ехова Адамд ямар даалгавар өгсөн бэ? б) Бурхны ард түмэн хэл ярианы чадвараа юуны төлөө ашиглаж ирсэн бэ?

ЕХОВА БУРХАН хүмүүсийг үг хэлээр ярих чадвартайгаар бүтээжээ. Адамыг Еден цэцэрлэгт аваачаад хэл яриатай холбоотой нэгэн даалгавар оноосон. Тэр нь амьтдад нэр өгөх даалгавар байлаа. Адам оюуны чадавх, уран сэтгэмжээрээ амьтан бүрд утга төгөлдөр нэр хайрласан (Эх. 2:19, 20). Тэр цагаас эхлэн Бурхны ард түмэн ярих чадвараа ашиглан Ехова Бурхнаа магтан алдаршуулж, хүсэл тааллыг нь хүмүүст мэдүүлдэг болжээ. Сүүлийн үед Библийг янз бүрийн хэлээр орчуулж илүү олон хүнд Еховагийн тухай мэдүүлж байна.

2. а) Шинэ ертөнцийн Библийн орчуулгын хороо ямар зарчмыг баримталсан бэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Библийн олон мянган орчуулга байдаг ч утга санааг нь үнэн зөв буулгасан байдлаараа орчуулга бүр харилцан адилгүй. Шинэ ертөнцийн Библийн орчуулгын хороо 1940-өөд онд орчуулгын гурван үндсэн зарчмыг баримтлахаар болжээ. Үүнд: 1) Бурхны нэрийг байх ёстой газарт нь оруулах; ийнхүү нэрийг нь ариусгах (Матай 6:9-ийг уншина уу). 2) Боломжтойг нь үгчлэн орчуулж,  боломжгүйг нь утгачлан орчуулах. 3) Уншихад урамтай, ойлгоход хялбар болгож орчуулах (Нехемиа 8:8, 12-ыг уншина уу). Библийг 130 гаруй хэлээр орчуулахдаа уг зарчмыг баримталсан. 2013 онд англи болон бусад хэлээр гарсан Шинэ ертөнцийн орчуулгад эдгээр зарчмыг хэрхэн хэрэглэснийг энэ өгүүллээр ярилцъя.

БУРХНЫ НЭРИЙГ АЛДАРШУУЛАХ НЬ

3, 4. б) Тетраграмматон эртний ямар гар бичмэлүүдэд байдаг вэ? б) Библийн олон орчуулгад Бурхны нэр яагаад байдаггүй вэ?

3 Бурхны нэрийг бичсэн дөрвөн еврей үсгийг Тетраграмматон гэдэг. Библийн еврей гар бичмэлүүд, тухайлбал Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгүүдэд Тетраграмматон олон удаа гардаг нь хүмүүсийн гайхлыг төрүүлдэг. Бурхны нэр эртний еврей гар бичмэлүүдээс гадна МЭӨ II зуунаас МЭ I зууны үеийн Септуагинт (Библийн грек орчуулга)-ын зарим хуулбарт бас бий.

4 Тэгэхлээр, Бурхны оноосон нэр Библид байх ёстой нь тодорхой байна. Гэвч Бурхны ариун нэрийг огт бичээгүй орчуулга олон бий. 1950 онд Христиан Грек Судрын Шинэ ертөнцийн орчуулга гарснаас хойш хоёр жилийн дараа Америкийн Стандарт Орчуулгын шинэчилсэн хувилбар хэвлэгджээ. 1901 онд гарсан анхны хувилбарт нь Бурхны нэрийг оруулсан байсан бол, энэ удаад хассан байна. Үүний учир юу вэ? Өмнөх үгнээс нь үзвэл, «Цорын ганц Бурхныг ... оноосон нэрээр дуудах нь ... энэ дэлхийд байгаа Христэд итгэдэг бүх хүнд байж болшгүй зүйл юм» гэжээ. Энэ жишгийг дараа дараагийн англи болон бусад хэлний орчуулгад баримтлах болсон байна.

5. Библийг орчуулахдаа Бурхны нэрийг бичих нь яагаад чухал бэ?

5 Орчуулагчид Бурхны нэрийг оруулсан эсвэл хассан нь тийм чухал асуудал гэж үү? Библийн Зохиогч Ехова хүмүүст нэрээ мэдүүлэхийг хүсдэг учраас энэ нь үнэхээр чухал. Ер нь, сайн орчуулагч тухайн зохиогчийн санааг ойлгох ёстой. Энэ мэдлэгтээ үндэслээд яаж орчуулахаа шийднэ. Бурхны нэр болон Бурхны нэрийг ариусгах нь маш чухал болохыг Библийн асар олон зүйлээс мэдэж болно (Ег. 3:15; Дуу. 83:18; 148:13; Ис. 42:8; 43:10; Иох. 17:6, 26; Үйлс 15:14). Ехова Библийг бичигчдээр өөрийнхөө нэрийг олон мянган удаа бичүүлсэн (Езекиел 38:23-ыг уншина уу). Тиймээс Бурхны нэрийг хасна гэдэг нь Еховаг үл хүндэтгэж байгаа хэрэг болох бус уу?

6. Шинэчлэн засварласан Шинэ ертөнцийн орчуулгад Бурхны нэрийг яагаад зургаан газар нэмж оруулсан бэ?

6 Библид Бурхны нэрийг оруулах ёстойг батлах баримт нэмэгдсээр байна. 2013 онд гарсан Шинэ ертөнцийн орчуулгын шинэчлэн засварласан хувилбарт Бурхны нэр 7 216 удаа гардаг. Энэ нь 1984 оныхоос 6-гаар илүү гэсэн үг. Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгүүдийг * судалж үзэхэд 1 Самуел 2:25; 6:3; 10:26; 23:14, 16-д нийт таван удаа гарсан байсныг сэргээж оруулсан. Мөн эртний гар бичмэлүүдийг нямбай судалсны дүнд Шүүгчид 19:18-д Бурхны нэрийг нэмж оруулсан.

7, 8. Бурхны нэр ямар утгатай вэ?

7 Жинхэнэ христианууд Бурхны нэрийн утгыг зөв ойлгохыг чухалчлан  үздэг. Ехова гэдэг нэр «Тэр болгодог» гэсэн утгатай. Өмнө нь манай ном хэвлэлд Бурхны нэрийн утгыг тайлбарлахдаа 1984 оны Шинэ ертөнцийн орчуулгын Египетээс гарсан нь 3:14-ийг ашигладаг байсан. Тэнд «Би юу л болъё гэнэ, тэр болно» гэж байдаг. Уг орчуулгын тайлбарт Ехова амлалтаа биелүүлэхийн тулд өөрийгөө юу л болгоё гэж хүснэ, тэр болгодог хэмээн тайлбарласан. Гэхдээ 2013 оны шинэчилсэн орчуулгад бичсэнээр Еховагийн нэр нь санаа зорилгоо биелүүлэхийн тулд өөрийгөө төдийгүй бүтээлээ юу л болгомоор байна, тийн болгоно гэсэн утгыг агуулдаг ажээ («Бурхны Үгийг судлах хөтөч» номын 5-р хуудсыг үзнэ үү).

8 Ехова бүтээлээ юу л болгоё гэнэ, тийн болгодог учраас нэрийнхээ утгын дагуу Ноаг хөвөгч авдар хийгч, Безалелыг уран дархан, Гидеоныг дайчин баатар, Паулыг элч болгосон. Тийм ээ, Бурхны нэр ард түмэнд нь үнэхээр чухал. Шинэ ертөнцийн Библийн орчуулгын хороо Бурхны нэрийг орчуулгадаа оруулсны учир нь энэ юм.

9. Библийг олон хэлээр орчуулах болсон нэг шалтгаан нь юу вэ?

9 130 гаруй хэлээр гарсан Шинэ ертөнцийн орчуулга Бурхны нэрийг алдаршуулдаг. Байвал зохих газар нь Ехова гэдэг нэрийг оруулсан учраас тэр юм (Малахи 3:16-г уншина уу). Гэтэл Бурхны нэрийг хасаад, оронд нь «Эзэн» гэдэг цол эсвэл тухайн нутгийн бурхны нэрийг бичсэн орчуулга гарах нь ихэсжээ. Гол нь ийм шалтгааны улмаас Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл Бурхны нэрийг алдаршуулдаг Библийг аль болох олон хүнд хүргэхийг онцгой анхаарсан юм.

ОЙЛГОМЖТОЙ, ҮНЭН ЗӨВ ОРЧУУЛГА

10, 11. Шинэ ертөнцийн орчуулгыг англиас бусад хэлээр орчуулах үед ямар бэрхшээл тулгарсан бэ?

10 Шинэ ертөнцийн орчуулгыг англиас бусад хэл рүү хөрвүүлэх явцад ярвигтай асуудлууд гарч ирсэн. Жишээлбэл, англи хэлээрх Шинэ ертөнцийн орчуулгын Номлогчийн үгс 9:10 зэрэгт «Шеол» гэдэг еврей үг бий. Англи хэлээр орчуулсан бусад Библид бас ингэж бичдэг. Гэтэл англиас бусад хэлээр орчуулах болоход нэг асуудал тулгарчээ. «Шеол» гэдэг үгийг ихэнх уншигч мэдэхгүй, толь бичгүүдээс олохгүйгээс гадна газар орны нэр шиг санагдахаар байлаа. Иймээс «Шеол» гэдэг еврей үг, адилхан утгатай «Хадес» гэдэг грек үгийг «Булш» гэж орчуулахаар болсон. Энэ бол үнэн зөв, ойлгомжтой орчуулга юм.

11 Еврейгээр «нефеш», грекээр «психе» гэдэг үг «соул» гэдэг англи үгтэй утга дүйдэг. Харин энэхүү англи үгийг зарим хэлээр орчуулахад төвөгтэй байдаг. Яагаад гэвэл шууд орчуулбал «сүнс» гэсэн утга гарах бөгөөд энэ нь чөтгөр, хий үзэгдэл, хүнийг үхэхлээр биеэс нь гарч явдаг сүнс гэсэн ойлголт төрүүлдэг. Хүмүүст буруу ойлголт төрүүлэхгүйн тулд тухайн үед ямар утгаар хэрэглэснээр нь орчуулах зааврыг орчуулагчдад өгсөн. Ямар ямар утгаар бичсэнийг Тайлбартай Шинэ ертөнцийн орчуулгын хавсралтаас үзэхийг зөвлөжээ («New World Translation of the Holy Scriptures—With References»). Уншихад ойлгомжтой байх нь хамгийн чухал учраас еврей, грек үгсийн тухай мэдээллийг зүүлтэд оруулсан.

12. 2013 онд гарсан Шинэ ертөнцийн орчуулгын шинэчилсэн хувилбарт ямар өөрчлөлтүүдийг оруулсан бэ? (Түүнчлэн «2013 оны шинэчлэн засварласан Шинэ ертөнцийн орчуулга» гэсэн өгүүллийг энэ дугаараас үзнэ үү).

 12 Өөр юунаас болж буруу ойлголт төрж болох нь орчуулагчдаас ирсэн асуултуудаас тодорхой харагдсан юм. Тиймд 2007 оны 9 дүгээр сард Удирдах Зөвлөл англи Шинэ ертөнцийн орчуулгыг шинэчлэн засварлах шийдвэр гаргасан. Шинэчлэх ажлын явцад Библийн орчуулагчдаас ирсэн хэдэн мянган асуултыг судалсан. Хуучирсан англи үг хэллэгийг утгыг нь алдагдуулахгүйгээр орчин цагийн үг хэллэгээр сольсноор уншихад урамтай, ойлгоход хялбар болсон. Англи эхийг сайжруулахад бусад хэлээрх Шинэ ертөнцийн орчуулга бас тустай байлаа (Сур. 27:17).

ТАЛАРХАЛ

13. Шинэ ертөнцийн орчуулгын шинэчилсэн хувилбарын талаар хүмүүс ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?

13 Англи хэлээрх шинэчилсэн Шинэ ертөнцийн орчуулга хүмүүст ямар санагдсан бол? Еховагийн Гэрчүүдийн байгууллагын Брүүклин дэх төвд талархлын үгтэй мянга мянган захидал иржээ. Нэг Гэрчийн бичсэн үгийг олон хүн хүлээн зөвшөөрөх биз ээ. Тэрбээр бичихдээ «Библи бол үнэт эрдэнэсээр дүүрэн авдар юм. 2013 оны орчуулгаас Еховагийн үгийг уншихлаар их ойлгомжтой байдаг. Эрдэнийн чулуу бүрийг эргүүлж тойруулан харж, гялалзан гялтганах талстууд нь өнгө өнгөөр хэрхэн солонгорохыг гайхан бишрэх лугаа адил. Их энгийн бичсэн учраас би Еховаг илүү сайн мэддэг болж байна. Ехова намайг тэврээд үгээрээ тайтгаруулж байгаа аав шиг санагдаж байна» гэжээ.

14, 15. Бусад хэлээр гарсан Шинэ ертөнцийн орчуулгын талаар хүмүүс юу гэж хэлсэн бэ?

14 Шинэ ертөнцийн орчуулгыг шинэчилснээр бусад хэлний хүмүүс ч талархаж байна. Болгарын Софи хотод амьдардаг өндөр настай Гэрч эрэгтэй: «Би Библийг олон жил уншиж байгаа  ч ийм ойлгомжтой, зүрх сэтгэлд шууд хүрсэн орчуулга огт уншиж байгаагүй» хэмээн бичжээ. Бас Албанид амьдардаг Гэрч эмэгтэй: «Бурхны Үг албаниар ямар сонсголонтой юм бэ! Ехова бидэнтэй эх хэлээр маань ярьдаг болсонд маш их баярлаж байна» гэсэн байна.

15 Олон оронд Библи үнэтэй, ховор ном учир Библитэй болох нь дээдийн дээд завшаан байдаг ажээ. Руандагаас ирсэн тайлан мэдээнд «Гэрчүүдтэй хичээл хийгээд удаж байгаа ч өөрийн гэсэн Библигүйгээс болоод ахидаггүй хүн олон байсан. Тэд сүмийн Библи худалдаж авч чаддаггүй байлаа. Библийн зарим зүйлийн утга ойлгомжгүй болохоор ахиж дэвшихэд нь саад болдог байв» гэж бичжээ. Харин Шинэ ертөнцийн орчуулга гарахад байдал өөрчлөгджээ. Өсвөр насны дөрвөн хүүхэдтэй нэгэн руанда гэр бүл: «Энэ Библийг өгсөн Еховадаа, итгэмжит ухаалаг боолд маш их талархаж байна. Манайх их ядуу, хүн болгонд Библи авах мөнгө байхгүй. Харин одоо хүн болгон өөрийн гэсэн Библитэй боллоо. Еховад талархаж байгаагаа харуулж өдөр бүр гэр бүлээрээ Библиэ уншиж байна» гэжээ.

16, 17. а) Ехова юу хүсдэг вэ? б) Бид яах ёстой вэ?

16 Шинэ ертөнцийн орчуулгын шинэчилсэн хувилбар цаашдаа илүү олон хэлээр гарна. Сатан энэ ажилд саад болохыг оролдох нь дамжиггүй. Гэхдээ Ехова бүх үйлчлэгчдээ үгээ сонсгож, ойлгуулахыг хүсдэг (Исаиа 30:21-ийг уншина уу). Удахгүй «далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхах» цаг ирнэ (Ис. 11:9).

17 Еховагийн өгдөг бүхэн, түүний дотор, нэрийг нь алдаршуулдаг энэ орчуулга бол үнэтэй бэлэг юм. Бэлгээ үнэлж эрхэмлэцгээе. Еховагийн яриаг Библиэс өдөр бүр «сонсоцгооё». Ехова хүн нэг бүрийн залбирлыг анхааралтай сонсдог. Бид Бурхантайгаа ийнхүү харилцан ярилцдаг бол Ехова Бурхнаа илүү сайн мэдэж, улам хайрладаг болно (Иох. 17:3).

«Ехова бидэнтэй эх хэлээр маань ярьдаг болсонд маш их баярлаж байна»

^ д/м 6 Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгүүдийг масорет бичвэрээс 1 000 жилийн өмнө бичжээ.

Зарим номд ингэж тайлбарладаг ч хүлээн зөвшөөрдөггүй судлаачид бас байдаг.