Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 12 сар 

2013 оны шинэчлэн засварласан Шинэ ертөнцийн орчуулга

2013 оны шинэчлэн засварласан Шинэ ертөнцийн орчуулга

АРИУН Судрын шинэ ертөнцийн орчуулгыг анх гаргаснаас хойш хэд хэдэн удаа шинэчлэн засварласан билээ. Харин 2013 оных хамгийн том засвар байлаа. Жишээлбэл, шинэчилсэн англи орчуулгад үгийн тоо 10 хувиар багассан. Библийн зарим гол үг хэллэг өөрчлөгдсөн. Зарим бүлгийг хүүрнэх хэлбэрээр бичсэн байсныг яруу найргийн хэв маягтай болгон өөрчилсөн. Зүүлтүүдийг нэмж оруулсан. Юуг хэрхэн өөрчилснийг нэгбүрчлэн бичих боломжгүй ч хэдэн гол өөрчлөлтийг аваад үзье.

Библийн ямар гол үг хэллэгийг өөрчилсөн бэ? «Шеол», «Хадес», «сүнс» гэдэг үгнүүдийг өөр үгээр орчуулсныг өмнөх өгүүлэлд дурдсан. Засаж өөрчилсөн өөр олон үг хэллэг бий.

Тухайлбал Есүсийг яаж цаазалсан талаар буруу ойлголт төрүүлэхгүйн тул «цовдлох» гэдэг үгийг «шонд хадаж цаазлах» гэх юм уу «шонд хадах» гэж орчуулсан (Мат. 20:19; 27:31). «Задгай явдал» гэснийг «ичгүүр сонжуургүй байдал» гэж өөрчилсөн нь бусдыг үл хүндэтгэсэн, жигшмээр хандлага гэсэн утга бүхий грек үгтэйгээ тохирдог. «Наргиан наадам» гэдэг үг байсныг илүү ойлгомжтой болгохын тулд «архидан цэнгэсэн үдэшлэг» гэж сольсон (Гал. 5:19–22). «Хайр энэрэл» гэснийг «үнэнч хайр» гэж орчуулсан. Ингэснээр «үнэнч шударга байдал» гэдэг үгтэй их төлөв хослуулан бичдэг энэ грек үгийн утгыг зөв гаргасан (Дуу. 36:5; 89:1).

Зарим үг хэллэгийг байнга нэг янзаар орчуулдаг байсан бол одоо хам сэдэвт тохируулаад өөр өөрөөр бичдэг болсон. Жишээ нь, «тодорхойгүй хугацаа» гэж өмнө нь орчуулдаг байсан охлам гэдэг еврей үг «үүрд» гэсэн утгатай. Дуулал 90:2 болон Мика 5:2-ыг үзээд шинэ, хуучин орчуулгыг харьцуулаарай.

«Үр» гэж орчуулсан байсан еврей, грек үг үр жимсний үрийг ч, хүний үр хүүхдийг ч хэлдэг. Шинэ ертөнцийн орчуулгын өмнөх хувилбаруудад Эхлэл 3:15 гэх зэрэг зүйлд «үр» гэж орчуулсан байсан. Англиар ярьдаг хүмүүс энэ үгийг үр хүүхэд гэж ойлгохоо больсон учир шинэчилсэн  орчуулгад «үр хүүхэд» гэж өөрчилсөн (Эх. 22:17, 18; Илч. 12:17). Харин бусад үед хам сэдэвт нь тохируулж орчуулсан (Эх. 1:11; Дуу. 22:30; Ис. 57:3).

Махчлан орчуулсан үг хэллэгүүдийг яагаад өөрчилсөн бэ? Библийн сайн орчуулга нь «үг хэллэгийн зөв утгыг гаргаж өгдөг. Харин үгчилсэн орчуулга утгыг гажуудуулах юм уу бүрхэгдүүлдэг» гэж 2013 оны шинэчилсэн орчуулгын Хавсралт А1-д бичжээ. Эх хэлний өвөрмөц хэлцийг утга нь ойлгогдохоор бол үгчлэн орчуулсан. Тухайлбал, Илчлэлт 2:23-т «зүрхийг эрж хайдаг» гэж орчуулахад олон хэлээр ойлгомжтой байдаг. Харин уг зүйлд «бөөрийг хайдаг» гэж бичвэл хүмүүс тэр бүр ойлгохгүй тул «бөөр» гэдгийг «сэтгэлийн угт буй бодол санаа» гэж орчуулан эх хэлний утгыг зөв гаргасан. Түүнчлэн Дэд хууль 32:14-т байдаг өвөрмөц хэлцийг «буудайн бөөрний өөх» гэж махчлан орчуулсан байсныг «дээд зэргийн буудай» хэмээн илүү ойлгомжтой болгосон. «Би уруулдаа хөвч хөндүүлсэн» гэж орчуулахад ихэнх хэлэнд «Би хэл ярианы согогтой» гэж ойлгодог. Харин англиар ойлгомжгүй учир зассан (Ег. 6:12).

«Израилийн хөвгүүд», «эцэггүй хөвгүүд» гэдэг үгнүүдийг яагаад «израильчууд», «эцэггүй хүүхдүүд» гэж орчуулдаг болсон бэ? Еврей хэлээр эр, эм хүйсний үгийг голдуу эрэгтэй хүнийг ярьж байна уу, эмэгтэй хүнийг ярьж байна уу гэдгийг тодорхой харуулахын тулд хэрэглэдэг. Эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь хэлэхэд эр хүйсээр бичих нь ч бий. Жишээ нь, Библийн зарим зүйлийн хам сэдвийг үзвэл «Израилийн хөвгүүд» гэдэгт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль аль нь ордог учир энэ үгийг ихэнхдээ «израильчууд» гэж орчуулсан (Ег. 1:7; 35:29; Х.дэд 8:12).

Мөн Эхлэл 3:16-д буй еврей хэлний «хөвгүүд» гэсэн утгатай эр үгийг Шинэ ертөнцийн орчуулгын өмнөх хувилбаруудад «хүүхдүүд» гэж хөрвүүлсэн байдаг. Харин Египетээс гарсан нь 22:24-т «хөвгүүд» гэж тэр хэвээр нь орчуулжээ. Шинэчилсэн хувилбарт «Та нарын хүүхдүүд [еврейгээр «хөвгүүд»] эцэггүй болно» гэж зассан. Түүнчлэн «эцэггүй хүү» гэдгийг орчуулахдаа «эцэггүй хүүхэд», «өнчин хүүхэд» гэж өөрчилсөн (Д.хууль 10:18; Иов 6:27). Грек орчуулга болох Септуагинтаас орчуулахад бас адилхан зарчим баримталж Номлогчийн үгс 12:1-д «эрийн цээнд хүрсэн өдрүүддээ» гэж байсныг «залуу насныхаа өдрүүдэд» гэж сольсон.

Еврей үйл үгнүүдийг яагаад энгийн болгосон бэ? Еврей хэлэнд үйл үгийн төгс, төгс бус гэж хоёр гол хэлбэр байдаг бөгөөд төгс бус үйл үг нь үргэлжилж буй үйлдлийг, төгс үйл үг нь дууссан үйлдлийг заадаг. Шинэ ертөнцийн орчуулгын өмнөх хувилбаруудад еврей хэлний төгс бус үйл үгийг орчуулахдаа үргэлжилж буй эсвэл дахин давтагдсан үйлдэл гэж харуулах зорилгоор «үргэлжлүүлэн» гэдэг үгтэй хамт бичсэн байдаг. * Төгс үйл үгийг орчуулахдаа дууссан үйлдэл болохыг харуулахын тулд «зайлшгүй», «гарцаагүй», «үнэхээр» гэдэг туслах үгнүүдийг хэрэглэжээ.

Харин 2013 оны хувилбарт туслах үг  хэрэглээгүй. Жишээ нь, Бурхан «Гэрэл бий болог» гэж дахин дахин хэлснийг онцлох шаардлагагүй учраас шинэчилсэн орчуулгад «хэлэх» гэсэн утгатай төгс үйл үгийг үргэлжилж буй хэлбэрээр орчуулаагүй (Эх. 1:3). Харин Эхлэл 3:9-т Ехова Адамыг дахин дахин дуудсан нь илэрхий. Тиймд үүнийг онцлохын тулд «дуудсаар байв» хэмээн орчуулсан. Ер нь үйл үгнүүдийг орчуулахдаа еврей хэлний үйл үгийн хэлбэрийг бус, тухайн үйлдэл нь ямар вэ гэдгийг голлон анхаарч энгийн болгосон. Үүний дүнд хэмжээ нь багасаж еврей эх бичигтээ дөхөж очсон.

Олон бүлгийг шүлэглэн бичсэн нь эх бичигтэйгээ тохирдог

Шүлэглэж бичсэн бүлэг олон болсны учир юу вэ? Библийн эхийг үзвэл олон хэсгийг яруу найргийн хэв маягаар бичсэн байдаг. Орчин цагийн хэлнүүдэд шүлгийг сүүл холбон бичдэг бол, еврей хэлэнд зэрэгцүүлэх, эсрэгцүүлэх аргыг чухалчилдаг. Еврей шүлгийн айзам хэмнэлийг бүрдүүлдэг зүйл бол тухайн шүлгийн утга санааг дэс дараагаар нь уялдуулан бичих арга юм.

Шинэ ертөнцийн орчуулгын өмнөх хувилбаруудад «Иов», «Дуулал» номыг шүлэглэн бичсэн нь дуулах юм уу уран уншдаг байсныг харуулах зорилготой. Энэ нь яруу найргийн ямар хэв маягаар бичсэнийг онцолж, чээжлэхэд хялбар болгох ач холбогдолтой. 2013 оны хувилбарт бас «Сургаалт үгс», «Соломоны дуун» болон зөгнөлийн номуудын олон бүлгийг шүлэглэж бичихдээ зэрэгцүүлэл, эсрэгцүүллийн арга хэрэглэсэн нь эх бичигтэйгээ тохирдог. Үүний тод жишээ нь Исаиа 24:2 юм. Мөр бүрд эсрэгцүүлэл байх бөгөөд Бурхны шийтгэлээс хэн ч мултарч чадахгүйг онцлохын тулд хоорондоо уялдаа бүхий үгнүүдийг шүлэглэн бичсэн. Ингэснээр нэг юмаа давтаж бичсэн байна гэсэн сэтгэгдэл төрөхгүй, харин Бурхнаас ирсэн мэдээг онцлохын тулд тусгай арга хэрэглэжээ гэж бодогдохоор болсон.

Еврей хэлэнд үргэлжилсэн үгийн зохиол, яруу найргийн хоорондох ялгаа тод харагддаггүй. Тийм учраас Библийн орчуулгуудад аль хэсгийг шүлэглэсэн нь ялгаатай байдаг. Библийн аль зүйлийг шүлэглэж бичихээ орчуулагчид өөрсдөө шийддэг гэсэн үг. Зарим хэсгийг шүлэглэлгүй, харин уран дүрслэлийн хэл, зэрэгцүүлэл ашиглах юм уу үгээр тоглож гол санааг гаргасан байдаг.

«Агуулга» гэдэг шинэ хэсгийг оруулж өгснөөр эртний яруу найргийн хэлбэрээр бичсэн «Соломоны дуун» номд хэн нь аль үгийг хэлж байгааг мэдэхэд дөхөмтэй болсон.

Эх бичвэрүүдийг судалсан нь шинэчилсэн орчуулгад хэрхэн нөлөөлсөн бэ? Шинэ ертөнцийн орчуулгын анхны хувилбарыг масорет бичвэр болон Вескот Хоорт нарын бичсэн грек бичвэрт үндэслэн гаргажээ. Харин Библийн эртний бичвэрүүдийг судлах тусам эх бичигт байгаа зүйлүүд ойлгомжтой болж байна. Мөн Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгийн хуулбаруудаас гадна грек хуйлмал бичгүүд нэмж олдсон. Энэ хэрээр судалгааны материал арвижиж байна. Түүнчлэн еврей, грек бичвэрүүдээс сүүлийн үед олж мэдсэн шинэ шинэ баримтыг компьютерт оруулснаар хооронд нь харьцуулж, ялгааг нь тодруулж, аль нь хамгийн найдвартай болохыг тогтоох боломж бүрдсэн. Шинэ ертөнцийн Библийн орчуулгын хороо эдгээр боломжийг ашигласны үрээр Библийн зарим нэг зүйлд өөрчлөлт оруулсан юм.

Жишээлбэл, Септуагинт орчуулгын 2 Самуел 13:21-д «Гэвч хүү Амноныхоо сэтгэлийг зовоохыг хүссэнгүй. Амнон ууган хүү нь байсан учраас тэрбээр хүүдээ хайртай байлаа» гэсэн өгүүлбэр бий. Гэхдээ масорет бичвэрт байгаагүй учраас Шинэ ертөнцийн орчуулгын өмнөх хувилбаруудад энэ өгүүлбэрийг оруулаагүй. Харин Сөнөсөн тэнгисийн хуйлмал бичгүүдэд байсан учраас 2013 оны шинэчлэн засварласан орчуулгад оруулсан байна. Бас «1 Самуел» номд Бурхны нэрийг таван газар нэмж оруулсан. Түүнээс гадна грек бичвэрүүдийг судалсны дүнд Матай 21:29–31-д бичсэн үйл явдлын дарааллыг өөрчилсөн. Ийнхүү нэг л бичвэрт баригдалгүйгээр, янз бүрийн эх бичвэрээс олдсон найдвартай баримтуудад үндэслэн өөрчлөлт оруулсан.

Шинэ ертөнцийн орчуулгыг Бурхны бэлэг гэж үздэг хүмүүст уншиж ойлгоход илүү дөхөмтэй болгосон цөөн хэдхэн өөрчлөлтийг авч үзлээ.

^ д/м 10 Ариун Судрын шинэ ертөнцийн тайлбартай орчуулгаас «Үргэлжилж буй үйлдлийг заадаг еврей үйл үг» гэсэн гарчигтай Хавсралт 3В-г үзээрэй (New World Translation of the Holy Scriptures—With References, Appendix 3C “Hebrew Verbs Indicating Continuous or Progressive Action”).