Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 12 сар 

Ехова танд тусална

Ехова танд тусална

«ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ» (ДУУ. 41:3).

ДУУ: 23138

1, 2. Бурхан дээр үед ямар гайхамшиг үйлдэж байсан бэ? Зарим хүн өвдөхлөөрөө юу гэж боддог вэ?

ХҮНД өвчин тусахлаараа ямар ч хүн: «Би эдгэх болов уу?» гэж асуудаг. Эсвэл хайртай аав ээж, ах дүү, найз нөхдийгөө өвдсөн үед ингэж боддог. Хэн хүнгүй л өвчнөөсөө ангижрахыг хүсдэг шүү дээ. Ийм хүслээ илэрхийлж байсан хүмүүсийн талаар Библид гардаг. Жишээ нь Ахаб Иезебел хоёрын хүү Ахазиа хаан унаж бэртсэнийхээ дараа «Энэ өвчнөөс би ангижрах уу?» хэмээн асуусан. Бас Арамын хаан Бен-хадад хүндээр өвдөөд «Энэ өвчнөөс би ангижрах болов уу?» хэмээн асуусан байдаг (Х.дэд 1:2; 8:7, 8).

2 Эрт дээр үед Ехова зөнчдөөрөө дамжуулан зарим хүнийг гайхамшгаар эдгээж, тэр байтугай, нас барсан хүмүүсийг амилуулж байсан тухай Библид бичжээ (Х.дээд 17:17–24; Х.дэд 4:17–20, 32–35). Тийм болохоор Бурхан орчин үед бас гайхамшгаар өвчин эдгээнэ гэж итгэдэг хүн олон байдаг. Ингэж бодох нь зөв үү?

3-5. Ехова Есүс хоёр юу хийж чадах вэ? Үүнээс үүдээд ямар асуултууд гардаг вэ?

3 Ехова эдгээх, өвчлүүлэх хүчтэй. Библид бичсэн түүх  үүнийг баталдаг. Ехова заримдаа хүмүүсийг өвчнөөр шийтгэдэг байжээ. Тухайлбал, Абрахамын үед амьдарч байсан фараон, Мосегийн эгч Мириам нарыг өвчтэй болгосон (Эх. 12:17; Тоол. 12:9, 10; 2 Сам. 24:15). Бурхан израильчуудыг үнэнч бус болбол «бүх өвчин, бүх тахлыг» авчрахаа анхааруулжээ (Д.хууль 28:58–61). Харин үнэнч байвал өвчин тахлаас хамгаалахаа амласан (Ег. 23:25; Д.хууль 7:15). Бас ард түмнээ өвчнөөс нь ангижруулж байсан удаатай. Жишээ нь хүнд өвчин тусаж, бүр үхэхийг хүсэж байсан Иовыг эдгээжээ (Иов 2:7; 3:11–13; 42:10, 16).

4 Ехова Есүс хоёр өвчтэй хүмүүсийг эдгээж чадна гэдэгт бид огтхон ч эргэлздэггүй. Сохор доголон, уяман өвчтэй, татаж унадаг, саа туссан хүмүүсийг Есүс гайхамшгаар эдгээж байсныг Библид бичжээ (Матай 4:23, 24-ийг уншина уу; Иох. 9:1–7). Тэдгээр үйл явдлыг уншихлаар Есүс ирээдүйд дэлхий даяар олон гайхамшиг үйлдэж бүх хүнийг эдгээнэ гэдэгт улам бүр итгэдэг. Тэр үед «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Ис. 33:24).

5 Харин одоо Ехова Есүс хоёр өвчтэй хүмүүсийг гайхамшгаар эдгээх үү? Хүнд өвчин, бие эрхтний гажиг согогийг бид юу гэж үзэх ёстой вэ? Эмчилгээ сонгохдоо юу анхаарах хэрэгтэй вэ?

ӨВДСӨН ҮЕДЭЭ ЕХОВАД НАЙДААРАЙ

6. Нэгдүгээр зууны христиануудын үйлддэг байсан гайхамшгийн талаар Библид юу гэж байдаг вэ?

6 Ехова нэгдүгээр зууны христиануудыг ариун сүнсээр тосолж, заримд нь гайхамшиг үйлдэх чадвар өгчээ (Үйлс 3:2–7; 9:36–42). Эдгээр чадварын нэг нь «эдгээх бэлэг» байв (1 Кор. 12:4–11). Гэвч өвчин эдгээх, гадаад хэлээр ярих, ирээдүйг зөгнөх гээд бүх чадвар үгүй болох байлаа (1 Кор. 13:8). Өнөөдөр хэн ч ийм гайхамшиг үйлддэггүй. Тиймээс өнөө үед биднийг болон хайртай хүмүүсийг маань Бурхан гайхамшгаар эдгээнэ гэж бодох хэрэггүй.

7. Дуулал 41:3 биднийг хэрхэн тайвшруулдаг вэ?

7 Гэлээ ч та өвдсөн үедээ эртний үнэнч үйлчлэгчдийн адилаар Еховад найдаарай. Ехова таныг тайвшруулна, тусалж дэмжинэ, мэргэн ухаан өгнө. Давид хаан: «Дорой хүмүүсийг анхааран халамжлагч нь юутай ерөөлтэй вэ! Зовлонгийн өдөрт ЭЗЭН түүнийг аварна. ЭЗЭН түүнийг хамгаалан, амьдруулна» хэмээн бичжээ (Дуу. 41:1, 2). Дорой буурай хүмүүст санаа тавьдаг хүн гайхамшгаар аврагдаад хэзээ ч үхэхгүй болно гэсэн үг биш ээ. Харин тийм сайхан сэтгэлтэй хүнд Ехова тусална гэсэн үг. Яаж туслах вэ? Давид цааш нь «ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ. Та түүнийг өвчтэй байхад нь сэргээн босгоно» гэжээ (Дуу. 41:3). Ядарсан нэгэнд санаа тавьдаг хүнийг Ехова анхаарч байдаг бөгөөд чин үнэнч байсныг нь хэзээ ч мартахгүй. Бас хүний бие өвчтэй болсон ч эдгэрэхээр бүтээгдсэн тул цөхрөх хэрэггүй.

8. Дуулал 41:4-т бичсэнээр Давид Еховагаас юу гэж гуйсан бэ?

8 «Би “ЭЗЭН, намайг нигүүлсээч. Би Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас миний сэтгэлийг эдгээгээч” гэв» хэмээн Давид бичжээ (Дуу. 41:4). Хаан ширээг  нь Абсалом булаахыг оролдож байсан үе байж болох юм. Тэр үед Давид хүнд өвчин туссан тул юу ч хийж чадахгүй байлаа. Хэдийгээр Бурхнаас өршөөл хүртсэн ч Батшебатай нүгэл үйлдсэнээс болж гэр бүлийнхэн нь ингэж зовж байгааг мэдэж байв (2 Сам. 12:7–14). Гэлээ ч өвчтэй хэвтэж байхад нь Бурхан тусална гэдэгт огт эргэлзээгүй. Тэгвэл Давид гайхамшгаар эдгээж өгөөч гэж Бурхнаас гуйсан хэрэг үү?

9. а) Ехова Хезекиа хааны төлөө юу хийсэн бэ? б) Давид юу хүсэж байсан бэ?

9 Бурхан хүмүүсийг гайхамшгаар эдгээх тохиолдол байдаг. Жишээ нь Хезекиа хааныг «үхлүүт өвчтэй» байхад нь эдгээжээ. Түүнээс хойш Хезекиа 15 жил амьд явсан (Х.дэд 20:1–6). Давид гайхамшгаар эдгээж өгөөч гэж залбираагүй. Гэхдээ Бурхныг халамжтай хүнд тусалдаг учраас өөрт нь бас тусална гэдэгт итгэж байсан. Нүглээ уучлуулсан болохоор Бурхнаас тусламж гуйхаасаа зовоогүй. Тайвшруулж, анхаарч халамжлан, бие махбодыг минь сэргээж, тэнхрүүлж өгөөч гэж гуйжээ (Дуу. 103:3). Бид бас Давид шиг тийн гуйх хэрэгтэй.

10. Трофим, Епафродит нарт тохиолдсон явдлаас юу мэдэж болох вэ?

10 Нэгдүгээр зуунд ч Бурхан хүн бүрийг гайхамшгаар эдгээж байсангүй. Паул нарын зарим үйлчлэгчээ өвчин эдгээх чадвартай болгосон нь үнэн (Үйлс 14:8–10-ыг уншина уу). Тийм учраас Паул Пуплийн эцгийг улаан суулгаар өвдөж, халуураад хэвтэж байхад нь ирж, залбираад түүн дээр гараа тавиад эдгээжээ (Үйлс 28:8). Гэхдээ таньдаг бүх хүнээ эдгээж байсангүй. Жишээ нь миссионерын аяллаар хамт явж байсан Трофимыг өвдөхөд гайхамшгаар эдгээлгүй, харин биеэ сувилуулаг гээд Милетэд үлдээжээ (Үйлс 20:3–5, 22; 21:29; 2 Тим. 4:20). Бас дотны анд Епафродитыг өвдөж үхлийн ирмэг дээр ирэхэд нь гайхамшгаар эдгээж эрүүл болгосон тухай Библид огт байдаггүй (Флп. 2:25–27, 30).

БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ

11, 12. Лук гэж хэн бэ? Паулд хэрхэн тусалдаг байсан бэ?

11 «Үйлс» номыг бичсэн Лук Паултай хамт аяллаар явдаг байжээ (Кол. 4:14; Үйлс 16:10–12; 20:5, 6). Тэрбээр эмч байсан учраас Паул болон хамт аялагч бусад нөхдөө өвдсөн үед нь эрүүл мэндийн зөвлөгөө өгч, эмчилгээ хийдэг байсан нь лавтай (Гал. 4:13). «Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй» хэмээн Есүсийн хэлсэн нь яах аргагүй үнэн (Лук 5:31).

12 Лук хаана, хэзээ анагаахын сургуульд сурч байсныг Библид бичээгүй. Гэхдээ Паул Колоссайн христиануудад Лук эмчийн мэндийг дамжуулсныг үзвэл тэрбээр Колоссайн ойролцоох Лаодикийн анагаахын сургуульд сурч байсан бололтой. Ямар ч байсан Лук бол эрүүл мэндийн талаар мэдлэг туршлагатай, зөвлөгөө өгөх эрхтэй эмч хүн байжээ. Тийм учраас «Лук», «Үйлс» номд анагаахын үг хэллэг олныг хэрэглэсэн бөгөөд Есүс хүмүүсийг эдгээж байсныг дэлгэрэнгүй бичсэн.

13. Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх юм уу авахдаа юуг бодолцох хэрэгтэй вэ?

13 Өнөөдөр итгэл нэгтнүүдийн маань дунд гайхамшиг үйлдэж, өвчин эдгээж чаддаг хүн нэг ч байхгүй. Гэхдээ сайхан сэтгэлтэй зарим ах дүү маань зөвлөгөө өгөх гээд байдаг талтай. Зарим зөвлөгөө энгийн, хал  балгүй байдаг нь үнэн. Жишээ нь Тимот ус муутай газар амьдарч байснаас болоод тэр үү, ходоод нь өвдсөн тул Паул дарс уухыг зөвлөжээ * (1 Тимот 5:23-ыг уншина уу). Харин бид зөвлөгөө сонсохдоо болгоомжтой байх ёстой. Итгэл нэгтэн маань үр нөлөөгүй эсвэл бүр таарч тохирохгүй эм тан, эмийн ургамал, хоолны дэглэмийн талаар зөвлөж болох юм. Хамаатны хүн адилхан өвчин тусаад ийм ийм юм хэрэглээд зүгээр болсон гэж хэлж магадгүй. Биднийг гээд сайхан сэтгэлээр зөвлөгөө өгсөн байлаа ч, ямар сөрөг үр дагавар гарч болзошгүйг бодолцох хэрэгтэй (Сургаалт үгс 27:12-ыг уншина уу).

УХААЛАГ БАЙГААРАЙ

14, 15. а) Бид ямар хүнээс болгоомжлох ёстой вэ? б) Эрүүл мэндийн талаар зөвлөгөө авахдаа Сургаалт үгс 14:15-ыг бодох хэрэгтэйн учир юу вэ?

14 Гэрчүүд Ехова Бурхандаа баяр хөөртэй, идэвх зүтгэлтэй үйлчлэхийн тулд эрүүл байхыг хүсдэг нь зүйн хэрэг. Гэхдээ төгс бус учраас өвчин зовлонгоос ангид байх боломжгүй. Янз бүрийн эмчилгээ оношлогооны арга байдаг учраас хүн өвчин туссан үедээ аль аргыг хэрэглэхээ өөрөө шийдэх эрхтэй. Харамсалтай нь, хүний өвчнөөр далимдуулан бизнес хийдэг хүмүүс олширчээ. Тэд эм бэлдмэлээ зарж борлуулахын тулд олон хүн ууж хэрэглээд сайжирсан гэж худал сурталчилдаг. Зарим хүн эсвэл компани ашгаа бодоод өндөр үнэтэй бүтээгдэхүүнээ санал болгодог. Өвдөж зовоод цөхрөнгөө барсан хүн хурдан эдгэрч, насаа уртасгахын тулд тийм бүтээгдэхүүнд хууртаж мэдэх юм. «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» хэмээсэн сануулга Бурхны Үгэнд байдгийг бид мартах учиргүй (Сур. 14:15).

15 Хэрсүү хүн мэргэжлийн бус хүнийг зөвлөгөө өгөхөд туйлын болгоомжтой хандана. Шууд итгэхийн оронд олон зүйлийг эргэцүүлж бодно. Тухайлбал «Энэ витамин, эмийн ургамал, хоолны дэглэмийг үр дүнтэй байсан гэж яриад байгаа. Гэтэл үнэн гэдгийг нь баталчихаар баримт байна уу? Бусад хүн эдгэсэн байж болох юм. Харин надад таарч тохирно гэх ямар баталгаа байна вэ? Сайн судалж үзсэн нь дээр биш үү? Энэ талын мэргэжилтнээс лавладаг юм бил үү?» гэж өөрөөсөө асууна (Д.хууль 17:6).

16. Эм юм уу эмчилгээ сонгохдоо юуг бодож үзэх ёстой вэ?

16 Шинжилгээ хийлгэх юм уу эмчилгээ сонгохдоо «ухаалаг» байх хэрэгтэй (Тит 2:12). Ялангуяа оношлогоо, эмчилгээний арга түгээмэл биш юм уу сэжигтэй санагдсан үед ухаалаг байх нь бүр ч чухал. Зөвлөгөө өгч байгаа хүн эм бэлдмэл, эмчилгээнийхээ талаар нарийн тайлбарлаж чадаж байна уу? Үнэхээр найдвартай болох нь батлагдсан уу? Эмч мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг үү? (Сур. 22:29). Эсвэл зүгээр л хүмүүсийн сэтгэлийг татдаг эмчилгээ юү? Хаа нэгтээ олж нээсэн, сайн нөлөөтэй гэгдээд байгаа ч одоохондоо эмнэлгийн практикт нэвтрээгүй юм биш биз? Ийм яриаг батлах баримт байна уу? Оношлогооны зарим багаж юм уу эмчилгээний арга «нууц жор»-той эсвэл «энерги» ашигладаг юм биш биз?  Энэ нь маш аюултай. Бурхан бидэнд ид шид, «сүнс зуучлагчаас» хол байхыг сэрэмжлүүлдэг (Ис. 1:13; Д.хууль 18:10–12).

ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

17. Бид ямар байхыг хүсдэг вэ?

17 Нэгдүгээр зууны удирдах зөвлөл нэг чухал захидлыг хурлуудад илгээжээ. Уг захидалд Христийн дагалдагч хүний цээрлэвэл зохих зүйлсийг дурдаад «Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай» хэмээн төгсгөжээ (Үйлс 15:29). «Баяртай» гэж орчуулсан үйл үгийг зарим хэлээр «Эрүүл энхийг хүсье» гэж орчуулсан байдаг. Бид Ехова Бурхандаа эрүүл саруул, эрч хүчтэй үйлчлэхийг хүсдэг нь ойлгомжтой.

Бид Бурхандаа эрүүл саруул, эрч хүчтэй үйлчлэхийг хүсдэг (17-р догол мөрийг үзнэ үү)

18, 19. Бид шинэ ертөнцөд яахыг тэсэн ядан хүлээдэг вэ?

18 Өнөөгийн тогтолцоо хэвээрээ байж, хүн төгс бус байдлаасаа ангижраагүй цагт өвчин зовлонгоос зугтах аргагүй. Бид одоо гайхамшгаар эдгэнэ гэж боддоггүй. Гэхдээ цоо эрүүл болох цагийн тухай Илчлэлт 22:1, 2-т бичсэн байдаг. Элч Иохан «амийн усны гол» болон үндэстнүүдийг эдгээдэг навчтай «амийн модыг» гайхамшгаар үзжээ. Энэ нь өнөө үед эсвэл шинэ ертөнцөд уух, эмийн ургамлаар хийсэн эм биш юм. Харин биднийг мөнх амьдруулахын тулд Ехова Есүс хоёрын хийх бүх зүйлийг хэлдэг (Ис. 35:5, 6).

19 Тэр сайхан ирээдүйг үзэхийг бид тэсэн ядан хүлээдэг. Тэр болтол Ехова хүн нэг бүрийг хайрлан халамжилна. Түүгээр зогсохгүй өвдсөн үед нь дэмжиж тэтгэнэ. Өөрийн үнэнч үйлчлэгч Давидыг өвдөхөд нь орхиогүй шигээ биднийг бас ганд нь хаяхгүй. Ехова үнэнч үйлчлэгчдэдээ хэзээд санаа тавина (Дуу. 41:12).

^ д/м 13 «Гэдэсний хижиг өвчин болон өөр аюултай нянгуудыг дарс шууд устгадаг нь туршилтаар батлагдсан» гэж нэг номд бичжээ («The Origins and Ancient History of Wine»).