Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 12 сар 

 НАМТАР

Бурхантай ч, ээжтэйгээ ч эвлэрсэн минь

Бурхантай ч, ээжтэйгээ ч эвлэрсэн минь

«ӨВӨГ дээдэстээ мөргөхөө больсон чинь ямар учиртай юм бэ? Чи тэдний ачаар амьд байгаагаа ойлгож байна уу? Талархлаа илэрхийлэхгүй юм уу? Үе дамжиж ирсэн ёс заншлаа уландаа гишгэж яаж чадаж байна вэ? Өвөг дээдсээ хүндлэхгүй байна гэдэг чинь тэдэнд мөргөхийг тэнэг хэрэг гэж хэлсэнтэй адил» гэж ээж минь хэлээд уйлж гарав.

Миний ээж ингэж ярьдаг хүн биш л дээ. Тэгээд ч намайг Еховагийн Гэрчүүдтэй уулзуулсан хүн шүү дээ. Харин ээж өөрөө Библийн хичээл хийхийг хүсээгүй юм. Би ээжийнхээ үгнээс хэзээ ч гардаггүй охин байсан ч энэ удаа татгалзахаас өөр аргагүй болсон. Еховаг баярлуулахын тулд ингэх хэрэгтэй байлаа. Ехова ч надад бат зогсоход тусалсан.

ГЭРЧ БОЛСОН НЬ

Манайх ихэнх япончуудын адилаар буддын шашин шүтдэг айл байв. Би Еховагийн Гэрчүүдтэй хоёрхон сар Библи судлаад үнэнийг олсноо ойлгосон. Тэнгэрийн Эцэгтэй гэдгээ мэдээд улам дотно танилцах хүсэл оргилов. Сурсан зүйлээ ярьж өгөхөд ээж дуртай сонсдог байлаа. Би бүтэн сайны цуглаанд явдаг болж, мэдлэг маань нэмэгдээд ирэв. Тэгээд буддын шашны зан үйлд оролцохоо болилоо гэж ээждээ хэллээ. Ээж минь гэнэт бодлоо өөрчилж «Манай гэр бүлд өвөг дээдсээ хайрладаггүй хүн байна гэдэг гутамшиг» гэх нь тэр. Намайг Библи судалж, цуглаанд явахаа боль гэж загнадаг болов. Ээжийгээ ингэнэ чинээ санаж байсангүй! Шал өөр хүн шиг л санагдсан.

Аав маань ээжийн талд оров. Ехова намайг эцэг эхдээ дуулгавартай байгаасай гэж хүсдэгийг би «Ефес» номын 6 дугаар бүлгээс мэдсэн болохоор аав ээжийнхээ үгээр байхаар шийдлээ. Ингэвэл манай гэр хэрүүл маргаангүй болно, аав ээж ч намайг ойлгоно гэж бодсон юм. Бас тэр үед ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад бэлдэх ёстой байсан болохоор гурван сар тэдний хэлснээр байхыг зөвшөөрлөө. Гэхдээ энэ хугацаа дуусмагц цуглаандаа явна гэж Еховад амласан.

Би буруу шийдвэр гаргаснаа хоёр зүйлээс мэдэж билээ. Нэгдүгээрт, Еховад үйлчлэх хүсэл маань энэ гурван сарын турш хэвээрээ байна гэж бодсон. Гэтэл Еховагаас маш хурдан холдож эхлэх нь  тэр. Хоёрдугаарт, аав ээж маань Еховад үйлчлэхийг болиулахын тулд бүр ч их дарамталдаг болов.

ТУСЛАМЖ БА ЭСЭРГҮҮЦЭЛ

Гэрийнхэн нь эсэргүүцдэг байсан олон Гэрчтэй би Хаанчлалын танхимд очихлоороо ярилцдаг байв. Ехова заавал тусална гэж тэд намайг тайвшруулдаг байлаа (Мат. 10:34–37). Хэрэв чи үнэнч байж чадахгүй бол гэрийнхэн чинь Еховагийн тухай мэдэх боломжоо алдана гэдэг байв. Ингээд би Еховад найдаж сурахын тулд шаргуу залбирдаг боллоо.

Аав ээж хоёр намайг янз бүрээр эсэргүүцсэн. Ээж бол гуйж гувшина, хэлж тайлбарлана. Би ихэнхдээ дуугарахгүй. Үг дуугарах л юм бол бөөн маргаан болно. Өөр өөрсдийнхөө зөвийг батлах гэж оролддог болохоор тэр. Ээжийнхээ сэтгэл санаа, итгэл үнэмшлийг ойлгоод илүү хүндэтгэлтэй хандсан бол тайван байх байжээ гэж одоо боддог юм. Аав ээж хоёр намайг гадагш гаргахгүйн тулд гэрийн ажлаар дарна. Заримдаа гаднаас цоожилчихно. Эсвэл хоол үлдээхгүй.

Ээж аргаа бараад өөр хүмүүсээс тусламж гуйдаг болов. Ангийн багштай маань ярилцсан ч талаар болов. Хамт ажилладаг менежер лүүгээ хүртэл дагуулж очсон. Ямар ч шашин ашиг тусгүй гэж тэр хүн надад итгүүлэхийг оролдсон. Ээж гэртээ байхлаараа хамаатнууд руу утсаар ярьж, уйлж байгаад л тусламж гуйна. Энэ нь надад ямар хэцүү байсан гээч! Харин ахлагчид намайг тайвшруулж, ээж чинь үнэн хэрэгтээ тэр хүмүүст дэлгэрүүлж байгаа хэрэг гэж билээ.

 Дараа нь эцэг эх маань намайг их сургуульд оруулах дээрээ тулав. Сайхан амьдралын эхлэл, сайн ажилтай болох боломж гэж бодож л дээ. Бид энэ талаар тайван ярилцаж чадахгүй байсан болохоор би аав ээждээ хэдэн захиа бичив. Ямар бодолтой байгааг маань аав мэдээд багтартлаа уурлаж «Чи ажил олж чадах юм бол маргааш гэхэд олсон байгаарай. Олоогүй бол энэ гэрээс яваарай» гэж сүрдүүллээ. Би Еховад залбирч тусламж гуйв. Маргааш нь дэлгэрүүлж байтал хоёр Гэрч эгч надаас хүүхдийн маань гэрийн багш болооч гэж гуйдаг байгаа. Тэд хоорондоо огт ярилцаагүй мөртлөө ийм санал тавьсан юм. Энэ нь аавд таалагдаагүй учраас надтай дуугарахаа больж, бүр хүн ч гэж тоохоо болив. Ээж намайг Еховагийн Гэрч болсноос гэмт хэрэгтэн болсон нь илүү дээр байсан юм гэж хэлсэн.

Ехова үзэл бодлыг маань засаж, юу хийх ёстойг зааж өгсөн

Эцэг эхийнхээ хүслээр явалгүй ийм дээрээ тулахыг Ехова үнэхээр хүссэн гэж үү гэж би заримдаа эргэлздэг байв. Гэхдээ залбирч, Еховагийн хайрын тухай Библиэс уншсанаа эргэцүүлэн бодох тусам эсэргүүцэл хавчлагыг өөдрөгөөр хардаг болсон. Аав ээж хоёр маань намайг гэсэндээ л ингэдгийг ойлгосон. Ехова үзэл бодлыг маань засаж, юу хийх ёстойг зааж өгсөн юм. Би дэлгэрүүлэхийн хэрээр амтанд нь орж, эхлэгчээр үйлчлэхийг зорилгоо болгов.

ЭХЛЭГЧ БОЛСОН НЬ

Эхлэгчээр үйлчлэх хүсэлтэйг минь зарим эгч мэдээд эцэг эхийгээ тайвширтал хүлээ гэж зөвлөв. Би мэргэн ухаан гуйн залбирч, байгууллагын хэвлэлийг судлан, яагаад эхлэгч болохыг хүсээд байгаагаа бодож, туршлагатай ах эгч нартай ярилцсан. Тэгээд Еховаг баярлуулахыг хүсдэгээ ойлгов. Бас хойшлууллаа гээд аав ээжийн маань үзэл бодол өөрчлөгдөнө гэсэн баталгаа байхгүйг ухаарсан.

Ахлах сургуулиа төгсөх жилээ эхлэгч боллоо. Удалгүй дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэх зорилго тавив. Гэхдээ аав ээж минь намайг явуулах дургүй байсан болохоор 20 нас хүртлээ гэртээ байсан. Дараа нь Японы өмнөд хэсэгт үйлчлэхийг хүссэн захидал салбар луу бичив. Тэнд хамаатнууд маань амьдардаг болохоор ээжийгээ тэгтлээ их санаа зовохгүй байх гэж бодсон хэрэг л дээ.

Томилогдсон газраа үйлчилж байхдаа нэлээд хэдэн суралцагчаа баптисм хүртэхэд нь баярлаж билээ. Бас үйлчлэлээ өргөжүүлэхийн тулд англи хэл сурч эхэлсэн. Манай хуралд тусгай эхлэгч хоёр залуу байв. Идэвх зүтгэлтэй үйлчилж, хүмүүст тусалж байгааг нь хараад би тусгай эхлэгчээр үйлчлэх зорилго тавилаа. Энэ хугацаанд ээж маань хоёр удаа хүнд өвчин туссан. Тэгэх болгонд нь би гэртээ очиж ээжийгээ асарсан юм. Ээж минь гайхаж, арай зөөлөрч билээ.

ДАВХАР ДАВХАР ИВЭЭЛ

Долоон жилийн дараа дээр дурдсан хоёр тусгай эхлэгчийн нэг Ацүшигаас захиа ирэв. Гэрлэхийг хүсэж байгаагаа, намайг энэ талаар ямар бодолтой байгааг асуусан байлаа. Би Ацүшид хэзээ ч татагдаж байсангүй. Бас намайг сонирхдог ч гэж бодож байсангүй. Би сарын дараа хариу өгч, илүү сайн танилцъя гэлээ. Хоёулаа бүрэн цагаар үйлчлэх хүсэлтэй, ямар ч даалгаврыг хүлээж авахад бэлэн гээд бид хоёрт адилхан зүйл олон байлаа. Тэгээд гэрлэсэн. Аав ээж, хамаатнууд маань хуримд ирсэнд би маш их баярласан!

Балба

Байнгын эхлэгчээр үйлчлээд удаагүй байтал нөхрийг маань дүүргийн харгалзагчийн  орлогчоор томилов. Төд удалгүй бид хоёр Еховагийн бас нэг ивээлийг хүртэж тусгай эхлэгчээр томилогдов. Дараа нь явуулын ажил хийдэг болсон. Хариуцсан дүүргийнхээ бүх хуралд нэг удаа очсоны дараа салбараас утасдаж «Балбад дүүргийн харгалзагчаар үйлчлэх үү?» гэж асуулаа.

Янз бүрийн улсад үйлчлээд Еховагийн тухай олон зүйлийг мэдэж авсан

Аав ээж маань намайг тийм хол газар явуулах болов уу гэж бодоод утасдсанд аав: «Та хоёр сайхан газар очих юм байна» гэдэг байгаа. Долоохон хоногийн өмнө нэг найз нь Балбын тухай бичсэн ном өгч л дээ. Тэр номыг уншаад аав маань тэнд очиж үзэх юмсан гэж бодсон юм билээ.

Балбад очоод нөхөрсөг итгэл нэгтнүүдтэйгээ хамт Ехова Бурхандаа баяр хөөртэй үйлчиллээ. Тэгж байтал Бангладешийг бидний хариуцдаг дүүрэгт оруулав. Энэ нь бас нэг ивээл байлаа. Бангладеш Балба хоёр ойрхон хэрнээ олон зүйлээрээ ялгаатай. Дэлгэрүүлэх арга ч олон янз. Таван жилийн дараа нөхрийг маань Японд дахин дүүргийн харгалзагчаар томиллоо. Бид хоёр энэ ажлаа одоо ч баяр хөөртэй хийж байна.

Би Япон, Балба, Бангладешид үйлчилж байхдаа Еховагийн тухай олон зүйлийг мэдэж авсан. Улс болгон ахуй соёл, зан заншлаараа ялгаатай. Хүн болгон өөрийн гэсэн онцлогтой. Ехова хүн нэг бүрд яаж санаа тавьж, хэрхэн хүлээн авч, тусалж дэмжин, ивээж сайшаадгийг ойлгосон.

Еховад талархах зүйл надад маш олон бий. Өөрийнхөө тухай мэдүүлсэн, янз бүрийн ажил даалгавар өгсөн, сайн хань ижилтэй болгосон. Бас зөв шийдвэр гаргахад тусалсан учраас одоо би Еховатай төдийгүй гэрийнхэнтэйгээ дотно болсон. Еховагийн ачаар ээжтэйгээ дахин сайн найз болсон. Бурхантай ч, ээжтэйгээ ч эвлэрсэндээ баярлаад баршгүй!

Явуулын ажил сайхан шүү