Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 11 сар 

Еховад үйлчлэхийг өсвөр насны хүүхдэдээ заая

Еховад үйлчлэхийг өсвөр насны хүүхдэдээ заая

«Есүсийн бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ» (ЛУК 2:52).

ДУУ: 41, 11

1, 2. а) Хүүхэд нь шилжилтийн насанд хүрэхэд эцэг эхчүүд яагаад санаа зовдог вэ? б) Гэрч охид хөвгүүд өсвөр насандаа юу хийж чадах вэ?

ГЭРЧ эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ баптисм хүртэхийг харах шиг жаргал хаа байх вэ! Берениси гэдэг Гэрч эмэгтэйн дөрвөн хүүхэд 14 хүрээгүй байхдаа баптисм хүртжээ. Тэрбээр: «Нөхөр бид хоёрын хувьд сэтгэл хөдөлгөм явдал байсан. Хүүхдүүдээ Еховад үйлчлэх хүсэлтэй болсныг хараад маш их баярласан» гээд цааш нь «Гэхдээ хүүхдүүд маань шилжилтийн насных байсан болохоор янз бүрийн асуудал тулгарахыг ч мэдэж байсан» гэж ярьсан юм. Танай хүүхэд өсвөр насных бол та бас хүүхдийнхээ төлөө санаа зовдог биз ээ.

2 Шилжилтийн нас бол эцэг эх, хүүхдийн хэн хэнд нь амаргүй үе юм. Гэхдээ тийм насны хүүхдийг ядаргаатай, нялх хүүхэд шиг гэж бодож болохгүйг хүүхдийн сэтгэл зүй судлаач эрдэмтэн эцэг эхчүүдэд анхааруулжээ. Өсвөр насны хүүхэд дэврүүн сэтгэлтэй, сэтгэн бодох ба бүтээлч чадвар сайтай, найз нөхөдтэйгөө хамт байх дуртай байдаг ажээ. Тиймд тэд Еховатай илүү дотно болж чадна гэсэн үг. Есүс бас бага залуу байхдаа Бурхантай дотноссон билээ (Лук 2:52-ыг уншина уу). Түүнчлэн тэд дэлгэрүүлэх чадвараа сайжруулах зорилго тавьж түүндээ хүрэх гэж мэрийж чадна.  Бас Еховад өөрийгөө зориулах, тэр дагуу амьдрах гэх зэргийн шийдвэрийг өөрөө гаргаж чадна. Харин эцэг эхчүүд хүүхдээ Еховад үйлчилдэг болоход нь хэрхэн туслах вэ? Есүсээс суралцаарай. Есүс шавь нараа сургахдаа хайраа илэрхийлж, даруу байн, аливаад хэрсүү ханддаг байсан.

ХҮҮХДЭЭ ХАЙРЛААРАЙ

3. Есүс элч нараа яагаад анд нөхөд гэсэн бэ?

3 Есүс халамжтай, үнэнч анд байсан (Иохан 15:15-ыг уншина уу). Эрт цагт эзэн нь зарцтайгаа бодол санаагаа хуваалцана гэж байдаггүй байв. Харин Есүс үнэнч элч нарынхаа эзэн төдийгүй анд нөхөр нь гэдгээ хэлсэн. Үнэхээр ч найз нь мэт байнга хамт байж, юу бодож байгаагаа илэн далангүй хэлж, сэтгэлээ уудлан ярихад нь анхааралтай сонсдог байв (Марк 6:30–32). Ийнхүү хайрладаг байсан учраас хоорондоо улам дотносжээ. Мөн элч нар ирээдүйд хариуцлагатай үүрэг хүлээхэд бэлэн болсон.

4. Эцэг эхчүүд яавал хүүхдийнхээ найз нь байх вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

4 Хоёр хүүхэдтэй Майкл гэдэг аав: «Эцэг эхчүүд хүүхдүүддээ үе тэнгийнх нь хүүхдүүд шиг байж чадахгүй л дээ. Харин найз нь байж чадна» гэжээ. Найзууд үргэлж хамт байдаг. Эцэг эхчүүд та нар ч бас хүүхдүүдтэйгээ илүү олон цагаар хамт байхын тулд залбирч байгаад, ажлынхаа хуваарийг өөрчлөх юм уу өөр зүйлд зарцуулдаг цагаа багасгахыг бодоорой. Найзууд адилхан хүсэл сонирхолтой байдаг. Тиймд хүүхдийнхээ сонирхдог зүйлийг, тухайлбал хөгжим, кино, спорт зэргийг сонирхдог болохыг хичээгээрэй. Италид амьдардаг Илариа: «Аав ээж хоёр маань миний сонсдог хөгжмийг сонсох дуртай байсан. Үнэн хэрэгтээ аав миний хамгийн сайн найз байсан. Би аавтайгаа бүх зүйлээ, нарийн нандин юмаа ч чөлөөтэй ярьдаг байсан» хэмээн дурсжээ. Та нар хүүхдийнхээ найз нь байж, Еховатай дотно болоход нь тусаллаа гээд эцэг эх байх эрх мэдлээ алдахгүй (Сур. 3:32). Харин ч хүүхэд тань хайрлуулж, хүндлүүлж байгаагаа мэдрээд тантай улам дотносож, санасан бодсоноо чөлөөтэй ярина.

5. Есүс шавь нараа жаргалтай амьдрахад нь туслахын тулд яасан бэ?

5 Еховад урам зоригтой, идэвх зүтгэлтэй үйлчилж, уйдах завгүй явдаг хүн жаргалтай байдаг. Есүс шавь нараа тийм байгаасай гэсэндээ дэлгэрүүлэх ажилд эрч хүчтэй оролцож шавь бэлдэхийг уриалжээ. Бас энэ ажлаа сайн хийхэд нь туслахаа амлажээ (Мат. 28:19, 20).

6, 7. Хүүхдээ Еховад үйлчлэх хэвшилтэй болгох нь ямар ач тустай вэ?

6 Та нар хүүхдүүдээ Еховатай дотно байгаасай гэж хүсдэг нь лавтай. Ехова ч та нарт үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх хариуцлагатай үүрэг оноосон билээ (Еф. 6:4). Тиймээс хүүхдээ тогтмол сургаж, хүмүүжүүлээрэй. Жишээлбэл эцэг эхчүүд суурь боловсролыг чухал гэж үздэг. Бас хүүхдээ юм сурах дуртай хүн болоосой гэж хүсдэг. Тийм учраас тэднийгээ сургуульд оруулдаг. Үүн шиг, та нар хүүхдүүддээ Бурхны боловсролыг олгохын тулд цуглаан, чуулган, гэр бүлийн хичээлд тогтмол суулгахыг хичээгээрэй. Энэ боловсролын ачаар хүүхэд тань мөнх амьдарна. Еховагийн тухай сурч мэдэхэд нь хүүхдэдээ тусалж, Ехова хамгийн сайн зүйл заадаг гэдгийг ойлгуулаарай (Сур. 24:14). Есүс шавь нартаа тусалсан шиг, та нар бас хүүхдэдээ тусалж тогтмол дэлгэрүүлэх хэвшилтэй болгоорой. Бурхны Үгийг бусдад заах дуртай болгоорой.

 7 Библи судлах, цуглаанд очих, дэлгэрүүлэх зэргээр Еховад үйлчлэх хэвшилтэй байх нь өсвөр насны хүүхдэд ямар ач холбогдолтой вэ? Өмнөд Африкт амьдардаг Эрин: «Библийн хичээл хийх, цуглаанд явах, дэлгэрүүлэх болохоор л бид аав ээждээ шалтаг тоочдог байж билээ. Заримдаа гэр бүлийн хичээлээ зориуд тасална гээч. Тэглээ ч гэсэн аав ээж хоёр маань бууж өгөөгүй» гэсэн юм. Энэ бүхэн хэр чухал болохыг ойлгуулж өгсөнд нь Эрин эцэг эхдээ талархаж явдаг ажээ. Цуглаандаа очиж амжихгүй, дэлгэрүүлж чадахгүй боллоо гэхэд аль болох хурдан нөхөхийг хичээдэг байна. «Аав ээж хоёр маань тууштай байгаагүй бол би өдий зэрэгтэй байхгүй байх байсан. Юм л бол цуглаанаа таслаад, дэлгэрүүлэхгүй байх шалтаг хайдаг хүн болох байсан» гэж ярьсан юм.

ДАРУУ БАЙГААРАЙ

8. а) Есүс даруу нь юунаас харагддаг вэ? б) Есүсийн даруу зан шавь нарт нь хэрхэн нөлөөлсөн бэ?

8 Есүс төгс ч гэсэн хийж чадахгүй юм байгаа гэдгээ хүлээн зөвшөөрдөг, Еховад найддаг даруу хүн байсан (Иохан 5:19-ийг уншина уу). Үүнээс болоод шавь нар нь Есүсийг хүндлэхээ больсон уу? Огт үгүй. Харин ч Еховад найдах тусам нь Есүст бүр ч их итгэдэг байв. Хожим нь тэд Есүс шиг даруу болсон (Үйлс 3:12, 13, 16).

9. Эцэг эх нь алдаагаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйдаг бол хүүхэд яах вэ?

9 Бидний хэр чадал ч бас хязгаартай. Бид төгс бус болохоороо алдаа гаргадаг. Тиймээс эцэг эхчүүд та нар хийж чадахгүй юм байгаа гэдгээ хүүхдэдээ хэлж, алдаагаа хүлээн зөвшөөрч байгаарай (1 Иох. 1:8). Жишээ авъя. Нэг нь алдаагаа ухаараад уучлаарай гэж хэлдэг, нөгөө нь буруугаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй хоёр захирал байвал та хэнийг нь илүү хүндлэх вэ? Хэрэв та уучлалт гуйдаг бол хүүхэд тань таныг улам их хүндэлдэг болно. Бас буруу юм хийхлээрээ миний буруу гэж хэлдэг болох биз ээ. Том болсон гурван хүүхдийн эх Розмари: «Нөхөр бид хоёр алдаагаа хүлээн зөвшөөрдөг байсан болохоор хүүхдүүд маань ямар нэгэн юм болбол бидэнд шууд хэлдэг байсан» гээд «Бид ч хүүхдүүддээ асуудлаа шийдэх хамгийн сайн аргыг хаанаас олж болохыг хэлж өгдөг байсан. Тусламж шаардлагатай үед нь Библид үндэслэсэн ном хэвлэл уншихыг зөвлөж, хамт залбирдаг байв» гэжээ.

10. Есүс даруу хүн байсан нь өөр юунаас харагддаг вэ?

10 Есүс дагалдагчдадаа юу хийхийг тушаах эрх мэдэлтэй байсан. Гэхдээ угийн даруу учраас яагаад хийх хэрэгтэйг нь хэлж өгдөг байв. Жишээ нь нэг удаа дагалдагчдадаа Хаанчлалыг болон Бурхны зөвт байдлыг эхлээд хайгаарай гэж хэлээд орхилгүй, «Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» гэсэн. «Бүү шүү» гэж хэлснийхээ дараа «Та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ» хэмээн учрыг нь тайлбарласан (Мат. 6:31—7:2).

11. Дүрэм зохиох юм уу ямар нэгэн шийдвэр гаргалаа гэхэд хүүхдэдээ яагаад учрыг нь тайлбарлах хэрэгтэй вэ?

11 Дүрэм зохиох юм уу ямар нэгэн шийдвэр гаргалаа гэхэд хүүхдэдээ учрыг нь тайлбарлаарай. Яагаад ингэх болсныг ойлговол хүүхэд тань шууд дагана. Дөрвөн хүүхдийн эцэг Барри: «Хүүхдэд цаад учрыг нь хэлж өгч байгаарай. Эрх мэдлээрээ далайлгасандаа юм уу уурандаа биш, харин сайн сайхных нь төлөө ингэж шийдсэнээ ойлгуулбал тэд та нарт итгэдэг болно» гэж ярьжээ. Өсвөр насныхныг нялх хүүхэд  гэж бүү бодоорой. Тэд өөрсдөө бодож, өөрсдөө шийдэхийг хүсдэг. Барри: «Хүүхэд сэтгэл хөдлөлдөө авталгүй сайтар тунгаан бодож байгаад шийдэж сурах хэрэгтэй» гэжээ (Дуу. 119:34). Тиймээс эцэг эхчүүд дүрэм зохиогоод, түүнийхээ учрыг хэлж ойлгуулдаг бол хүүхэд өөрийг нь хүндэлж байгааг ойлгоно. Бас сайтар бодож байгаад өөрөө шийдвэр гаргаж сурна.

ХЭРСҮҮ БАЙЖ ХҮҮХДЭЭ ОЙЛГОХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ

12. Есүс хэрсүү байсан нь юунаас харагддаг вэ?

12 Есүс хэрсүү учраас шавь нартаа хэзээ, ямар тусламж хэрэгтэйг мэддэг байв. Нэг удаа тэрбээр үхнэ гэдгээ хэлжээ. Тэгтэл элч Петр өөрийгөө бод, тэгж болохгүй хэмээн ятгадаг. Сайн санасандаа ийн хэлснийг нь Есүс мэдэж байв. Гэвч Петрийн бодол буруу байсан тул эхлээд түүнийг хатуу зэмлэв. Дараа нь Еховагийн хий гэснийг хэцүү гээд хийхгүй бол юу болохыг шавь нартаа тайлбарласан. Мөн хувиа боддоггүй хүнийг Ехова хэрхэн шагнахыг хэлж өгсөн (Мат. 16:21–27). Петр ч алдаагаа засжээ (1 Петр 2:20, 21).

13, 14. а) Хүүхэд тань Библийн үнэнд эргэлздэг болсон эсэхийг яаж мэдэх вэ? б) Хүүхдэд тусламж хэрэгтэй байгаа эсэхийг эцэг эхчүүд хэрхэн мэдэх вэ?

13 Эцэг эхчүүд та нар хүүхдэдээ юу хэрэгтэйг мэдэхийн тулд хэрсүү байгаарай. Энэ тухайгаа Еховад хэлээрэй (Дуу. 32:8). Хүүхэд тань Библийн үнэнд эргэлздэг болж байгаа юм биш биз? Яаж мэдэж болох вэ? Баяр баясгалангүй болж байна уу? Итгэл нэгтнүүдээ шүүмжлээд байна уу? Юмаа нуугаад байна уу? Иймэрхүү шинж тэмдэг ажиглагдвал хүүхдээ хоёр нүүр гаргаж байна, ноцтой нүгэл үйлдэж байгаа байх гэж яаран бүү дүгнээрэй. * Бас тоохгүй орхих юм уу ингэж байгаад больчихно гэж битгий бодоорой.

Хурал дотроосоо сайн найзтай болоход нь туслаарай (14-р догол мөрийг үзнэ үү)

14 Хүүхдээсээ асуулт асуугаарай. Ингэхдээ Есүс шиг эелдэг, хүндэтгэлтэй хандаарай. Энэ нь худгаас ус татахтай адил юм. Хэтэрхий хурдан татвал хувин дүүрэн ус авч чадахгүй. Түүн шиг, хүүхдээ яриулах гэж хүчилбэл үзэл бодол, сэтгэл санаа нь ямар байгааг мэдэж чадахгүй (Сургаалт үгс 20:5-ыг  уншина уу). Дээр дурдсан Илариа: «Би арван хэдтэй байхдаа үнэний замаар явах уу, ангийнхаа хүүхдүүдтэй хамт байх уу гэдэг дээрээ тулсан. Дотроо тэмцэлдээд сэтгэл санаа минь тавгүйтэж байгааг аав ээж хоёр анзаарчихаж. Тэгээд нэг орой надад “Сэтгэлээр унасныг чинь ажигласан” гэж хэлээд, “Юу болсон бэ?” гэж асуулаа. Би ч асгартлаа уйлж байгаад зовлонгоо ярьж, тусламж гуйв. Аав ээж хоёр намайг тэвэрч, ойлгож байгаагаа хэлээд туслахаа амлаж билээ» хэмээн дурссан юм. Аав ээж хоёр нь тэр даруй арга хэмжээ авч хурал дотроосоо сайн найзуудтай болоход нь Илариад тусалжээ.

15. Есүс хүмүүсийн сайхан чанарыг олж хардаг байсан нь юунаас харагддаг вэ?

15 Есүс хэрсүү учраас шавь нарынхаа сайхан чанарыг олж хардаг байв. Нэгэн удаа Натанаел гэдэг хүн Есүсийг Назараас ирсэн гэж сонсоод «Назараас ямар нэгэн сайн юм гарч чадна гэж үү?» хэмээн хэлсэн (Иох. 1:46). Тэр үед та дэргэд нь байсан бол Натанаелыг юу гэж дүгнэх байсан бэ? Шүүмжлэгч гэх үү? Ялгаварлан гадуурхагч гэх үү? Итгэл дутуу хүн гэх үү? Есүс хэрсүү байж, Натанаелын доторхыг харсан. Тийм учраас «Дотроо заль мэхгүй, жинхэнэ Израиль хүн» гэжээ (Иох. 1:47). Есүс хүний зүрх сэтгэлийг унших чадвараа ашиглан хүмүүсийн дотор байгаа сайхан чанарыг олж хардаг байв.

16. Зангаа засахад нь өсвөр насны хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

16 Та нар хүний зүрх сэтгэлийг Есүс шиг харж чадахгүй ч хэрсүү байж чадна. Хүүхдийнхээ сайхан чанарыг олж харахад тань Ехова тусална. Ер нь хэн ч муу нэр зүүхийг хүсдэггүй. Тиймээс хүү юм уу охин тань үгэнд ордоггүй бол «хэцүү хүүхэд» гэж бүү хэлээрэй. Тэгж бодох ч хэрэггүй. Харин сайн хүн болно гэж боддогоо, зөв юм хийхийг хүсдэгт нь итгэж явдгаа хэлээрэй. Юун дээр сайжирч байгааг нь ажиглаад магтаарай. Зангаа засахад нь туслах зорилгоор өмнөхөөс нь илүү хариуцлагатай үүрэг оноогоорой. Есүс бас тэгсэн. Натанаелтай (бас Бартоломай гэдэг) уулзсанаасаа хойш жил хагасын дараа түүнийг элчээ болгон сонгож хариуцлагатай үүрэг оноожээ. Өгсөн үүрэг даалгаврыг нь Натанаел үнэнчээр биелүүлсэн (Лук 6:13, 14; Үйлс 1:13, 14). Хэрэв та хүүхдээ магтаж урамшуулдаг бол хүүхэд тань өөрийгөө үнэлдэг болж, Еховаг болон таныг баярлуулж чадахаа ойлгоод сайн Гэрч байх гэж хичээдэг болно.

ҮГЭЭР ИЛЭРХИЙЛШГҮЙ БАЯР ХӨӨР

17, 18. Хүүхдээ Еховад үйлчилдэг хүн болгохын төлөө уйгагүй хичээдэг бол ямар үр дүнд хүрэх вэ?

17 Эцэг эхчүүд заримдаа элч Паулынхтай адилхан зовлон амсдаг. Паул Коринт хотод амьдардаг зарим хүнд Еховагийн тухай зааж христиан болоход нь тусалжээ. Хүүхэд шиг нь болсон тэр хүмүүстээ маш их хайртай байв. Тийм болохоор Еховад үйлчлэхээ болих вий хэмээн тэдний төлөө санаа нь их зовдог байжээ (2 Кор. 2:4; 1 Кор. 4:15). Хоёр хүү, нэг охинтой Виктор гэдэг аав: «Хүүхдүүд шилжилтийн насанд хүрэхлээрээ амаргүй шүү. Гэхдээ манайд хэцүү юмнаас илүү, сайн сайхан зүйл олон тохиолддог байсан. Еховагийн ачаар эхнэр бид хоёр, хүүхдүүдтэйгээ дотно болсон» гэж ярьсан юм.

18 Эцэг эхчүүд ээ, та нар үр хүүхдэдээ маш их хайртай учраас сайн хүмүүжүүлэхийг үнэхээр их хичээж байгаа. Цаашдаа ч хичээгээрэй. Танай хүүхэд Еховад үйлчлэхээр шийдэж, үнэний замаар явдаг болбол та нар үгээр илэрхийлшгүй баяр хөөрийг амсана (3 Иох. 4).