Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 11 сар 

Еховад үйлчлэхийг бага насны хүүхдэдээ заая

Еховад үйлчлэхийг бага насны хүүхдэдээ заая

«Төрөх гэж буй хөвгүүнд юуг үйлдвэл зохихыг бидэнд ... сургахын тулд ... Бурханыг хүнийг ... ирүүлж соёрхооч» (ШҮҮ. 13:8).

ДУУ: 41120

1. Маноа аав болох гэж байгаагаа мэдээд яасан бэ?

НЭГЭН эмэгтэй итгэмээргүй сонин мэдээг нөхөртөө авчрав. Уг нь тэр хүүсэр ажээ. Гэтэл тэнгэрийн элч гэнэт гарч ирэн хэзээ ч бүтэхгүй гэмээр зүйлийг хэллээ. Тэднийх хүүтэй болох гэнэ! Нөхөр Маноа нь магнай хагартлаа баярласан нь лавтай. Үүний зэрэгцээ мөрөн дээрээ том ачаа үүрч байгаагаа ойлгож байлаа. Бузар муу явдалтай хүмүүсийн дунд амьдарч байсан болохоор хүүгээ тэдний нөлөөнд автуулалгүй, Бурханд үйлчилдэг хүн болгох хэрэгтэй. Ингэхийн тулд яах вэ? Маноа Еховад залбирч «Төрөх гэж буй хөвгүүнд юуг үйлдвэл зохихыг бидэнд ... сургахын тулд ... [тэнгэрийн элчийг] дахин бидэнд ирүүлж соёрхооч» хэмээн гуйсан (Шүү. 13:1–8).

2. Хүүхдийг сургах гэдэгт юу орох вэ? («Таны хамгийн эрхэм суралцагч» гэсэн гарчигтай хавсралтыг үзнэ үү).

2 Та хүүхэдтэй бол Маноа яагаад шаргуу гуйсныг ойлгож байгаа биз ээ. Хүүхдэдээ Еховагийн тухай зааж, Еховаг хайрладаг хүн болгох хариуцлагатай үүрэг танд бий (Сур. 1:8). Үүргээ сайн биелүүлэхийн тулд Гэр бүлийн хичээлийн хөтөлбөрөө хүүхдийнхээ онцлогт тохируулан,  үр бүтээлтэй байхаар зохиох хэрэгтэй. Библийн үнэнийг хүүхдийнхээ оюун ухаанд хоногшуулъя гэвэл зөвхөн Гэр бүлийн хичээл хийх нь хангалтгүй (Дэд хууль 6:6–9-ийг уншина уу). Үнэнийг өөрийн болгоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ? Энэ болон дараагийн өгүүллээр, эцэг эхчүүд Есүсийн жишээг хэрхэн дагахыг үзнэ. Есүс эцэг хүн биш байсан ч зааж сургах арга нь эцэг эхчүүдэд тустай. Тэрбээр шавь нараа сургахдаа хайраа илэрхийлдэг байсан. Бас даруу, хэрсүү байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцъя.

ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЖ ЭНХРИЙЛЭЭРЭЙ

3. Есүс шавь нартаа хайраа хэрхэн илэрхийлдэг байсан бэ?

3 Есүс шавь нартаа хайраа илэрхийлдэг байсан. Хайртай гэдгээ ичиж зоволгүй хэлнэ (Иохан 15:9-ийг уншина уу). Бас ихэнх цагийг тэдэнтэйгээ хамт өнгөрүүлнэ (Марк 6:31, 32; Иох. 2:2; 21:12, 13). Багш нь гээд албархаг загнаж байгаагүй. Шавь нар нь ч Багшийнхаа хайрыг мэдэрдэг байжээ. Есүсийн аргаар хэрхэн заах вэ?

4. Хүүхдэдээ хайртай гэдгээ хэрхэн ойлгуулах вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

4 Хайртай гэдгээ хүүхдэдээ хэлж, таны хувьд хэчнээн эрхэм хүн гэдгийг нь байнга ойлгуулж байгаарай (Сур. 4:3; Тит 2:4). Австралид амьдардаг Самуел: «Намайг жаахан байхад аав маань “Библийн тухай өгүүлдэг миний ном”-ыг орой болгон уншиж өгдөг байв. Миний асуултад хариулж, намайг тэвэрч, тавтай нойрсоорой гээд үнсдэг байлаа. Аавыгаа ямар гэр бүлд өссөнийг хожим нь мэдээд гайхсан. Аав ээж нь хүүхдээ тэвэрдэггүй, үнсдэггүй байсан юм билээ! Харин аав надад хайртай гэдгээ харуулахыг үнэхээр хичээсэн. Тийм болохоор би аавтайгаа их дотно болж өссөн. Хайр халамжаар дутаж, сэтгэл дундуур байж үзээгүй» хэмээн ярьсан юм.  Хүүхдээ ийм байлгахын тулд «Би чамд хайртай» гэж байнга хэлээрэй. Хайрлаж энхрийлээрэй. Тэдэнтэйгээ ярилцаж, цуг хооллож, хамт тоглож байгаарай.

5, 6. а) Есүс хайрладаг хүмүүсээ яадаг вэ? б) Зөв сахилгажуулбал хүүхэд эцэг эхийнхээ хайрыг мэдэрдэг гэхийн учир юу вэ?

5 Есүс: «Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг» * гэжээ (Илч. 3:19). Шавь нар нь хэн нь агуу вэ хэмээн дахин дахин маргалддаг байсан ч Есүс тэвчээр алдаагүй. Зөвлөгөөг нь дагахгүй байхад ч бууж өгөөгүй. Цагийг нь олоод, тохиромжтой газар аядуу зөөлнөөр хэлж, хайрын сэтгэлээр алдааг нь засдаг байсан (Марк 9:33–37).

6 Хүүхдийг сахилгажуулах нь хайраа илэрхийлэх нэг арга юм. Заримдаа яагаад зөв, яагаад буруу гэдгийг тайлбарлахад л хангалттай байдаг. Гэтэл хүүхэд эцэг эхийнхээ хэлсэн үгийг хүлээж авахгүй үе бас бий (Сур. 22:15). Тийм үед Есүсийг дуурайн цагийг нь олоод, тохиромжтой газар хүүхэдтэйгээ аядуу зөөлөн ярьж алдааг нь засаарай. Эцэг эх нь өөрийг нь хэрхэн хүмүүжүүлсэн талаар Өмнөд Африкт амьдардаг Илейн гэдэг Гэрч эмэгтэй дурсахдаа «Буруу юм хийвэл шийтгэнэ гэж аав ээж маань надад анхааруулдаг байсан. Хэлсэндээ заавал хүрнэ. Гэхдээ шийтгэхдээ хэзээ ч уурлан хилэгнэж байгаагүй. Бас яагаад шийтгэж байгаагаа заавал тайлбарлана. Тийм болохоор надад хайртай гэдэгт нь ерөөсөө эргэлзэж байгаагүй. Би юу хийж болохгүйгээ мэддэг, юу хийх ёстойгоо ойлгодог байсан» гэжээ.

ДАРУУ БАЙГААРАЙ

7, 8. а) Есүс залбирахдаа даруу байсан нь юунаас харагддаг вэ? б) Хүүхдээ Бурханд найддаг болгохын тулд залбирахдаа яах хэрэгтэй вэ?

7 Есүс дэлхий дэх амьдралынхаа эцсийн мөчид «Аав аа [«Абба», ШЕ], Эцэг минь! Танд бүх юм боломжтой. Энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэж байгааг бус, харин Та юу хүсэж байгаагаа үйлд» хэмээн залбирчээ * (Марк 14:36). Шавь нар нь эндээс юу ойлгосон бол? Есүс төгс атлаа Еховад залбирахдаа даруухан байсан юм бол бид бас даруухан байх хэрэгтэй гэж бодсон биз ээ.

8 Танай хүүхэд залбирлыг тань сонсоод юу мэдэж авдаг бол? Та яаж залбирахыг хүүхдэдээ заахын тулд залбирдаггүй нь мэдээж. Гэхдээ хүүхдийнхээ дэргэд залбирахдаа даруу байвал хүүхэд тань Еховад найдах хэрэгтэйг мэдэж авна. Бразилд амьдардаг Ана: «Өвөө эмээ өвдөх зэргээр ямар нэгэн юм болбол аав ээж хоёр маань Еховад залбирч бэрхшээлийг давах хүч, асуудлыг зөв шийдэх мэргэн ухаан гуйдаг байсан. Сэтгэл нь шаналсан үедээ ч хамаг зовлонгоо Еховад даатгадаг байсан. Үүний ачаар би Еховад найдаж сурсан» гэжээ. Хүүхэдтэйгээ хамт залбирахдаа ганцхан тэдний төлөө биш, бас надад туслаач гэж өөрийнхөө төлөө гуйгаарай. Жишээ нь, чуулганд очихын тулд даргаасаа чөлөө гуйхад туслаач, хөршдөө дэлгэрүүлэх зоригтой болгож өгөөч гэх зэргээр залбирч болно. Даруухан  байж Бурханд найдаарай. Хүүхэд тань таныг дуурайна.

9. а) Даруу байж бусдад үйлчлэхийг Есүс шавь нартаа хэрхэн заасан бэ? б) Таныг бусдад дуртайяа үйлчилдэг бол хүүхэд тань юу сурах вэ?

9 Есүс даруу байж бусдад үйлчлэхийг шавь нартаа хэлж ярихаас гадна өөрөө үзүүлдэг байсан (Лук 22:27-г уншина уу). Биеэ нөөлгүй Еховад үйлчилж, хувийн эрх ашгаа бодолгүй итгэл нэгтнүүдтэйгээ харьцдаг байхыг шавь нартаа заажээ. Та бас ийм байдаг бол хүүхэд тань танаас суралцана. Хоёр хүүхэдтэй Деби: «Нөхөр маань ахлагч учраас бусдын төлөө цаг заваа зориулдаг байв. Тэглээ гээд би барьцаж байгаагүй. Яагаад гэвэл гэрийнхнийгээ хайр халамжаар хэзээ ч дутаахгүйг нь мэддэг байсан» гэжээ (1 Тим. 3:4, 5). Дебигийн нөхөр Пранас: «Яваандаа хүүхдүүд маань цуглаан, чуулган гээд байгууллагын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцдог болсон. Олон найз нөхөдтэй болж, тэдэнтэйгээ хамт байх дуртай болсон!» хэмээн нэмж хэлжээ. Одоо тэднийх гэр бүлээрээ Еховад бүрэн цагаар үйлчилж байна. Хэрэв та даруу байж, өөрийн эрх ашгийг хойш тавьдаг бол хүүхэд тань бусдад үйлчилж сурна.

ХЭРСҮҮ БАЙГААРАЙ

10. Хүмүүс өөрийнх нь араас хүрч ирэхэд Есүс хэрсүү гэдгээ хэрхэн харуулсан бэ?

10 Есүс хүмүүсийн юу хийж буйг харахаас гадна ямар сэтгэлээр хийж байгааг нь олж хардаг хэрсүү хүн байв. Нэгэн удаа Галилд сургаалыг нь сонссон зарим хүн Есүсийн араас тун идэвхтэй дагаж иржээ (Иох. 6:22–24). Харин Есүс зүрх сэтгэлийг нь уншаад сургаал сонсохыг бус, хоол идэхийг хүсэж байгааг нь ойлгосон (Иох. 2:25). Тэгээд ямар дутагдалтайг нь хэлж, хэрхэн засахыг тайлбарлаж өгчээ (Иохан 6:25–27-г уншина уу).

Танай хүүхэд дэлгэрүүлэх дуртай юу? (11-р догол мөрийг үзнэ үү)

11. а) Хүүхдээ дэлгэрүүлэх ажилд дуртай эсэхийг яаж мэдэх вэ? б) Дэлгэрүүлэх дуртай болоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

11 Та хүний доторхыг харж чадахгүй ч хэрсүү байж чадна. Жишээ нь, хүүхдийнхээ дэлгэрүүлэх ажилд дуртай эсэхийг мэдэх боломжтой. Зарим  эцэг эх хүүхэдтэйгээ хамт дэлгэрүүлж байгаад амрааж, юм идүүлэх гэж түр завсарладаг. Ийм үед та хүүхдээ ажиглангаа «Хүүхэд маань дэлгэрүүлэх ажилд дуртай оролцдог уу эсвэл завсарлахыг тэсэн ядан хүлээдэг үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Дэлгэрүүлэх ажилд дургүйг нь анзаарсан бол илүү сонирхолтой болгох зорилгоор өөрт нь тохирсон даалгавар өгөөрэй.

12. а) Есүс дагалдагчдадаа садар самуун явдлын талаар хэрхэн анхааруулсан бэ? б) Есүсийн анхааруулга яагаад цагаа олсон байсан бэ?

12 Есүс хэрсүү байсан нь өөр юунаас харагддаг вэ? Нэг л алдахад дахиж алдах, тэр байтугай ноцтой нүгэл үйлдэх аюултайг Есүс шавь нартаа анхааруулдаг байсан. Тухайлбал, садар самуун явдал буруу гэдгийг дагалдагчид нь мэддэг ч ийм явдалд хүргэх алхмуудын талаар тэдэнд сэрэмжлүүлжээ. Тэрбээр: «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм. Хэрэв баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж аваад хая» гэжээ (Мат. 5:27–29). Энэ үг цагаа олсон байлаа. Нэгэн түүхчийн бичсэнээр, ромчууд бүх нийтээрээ шалиг завхай жүжиг үзэх дуртай байжээ. Ийм нийгэмд амьдарч байсан дагалдагчдадаа ёс суртахууны хувьд цэвэр ариун байхад нь туслахын тулд Есүс тийнхүү анхааруулсан. Үнэхээр хайр халамжтай, хэрсүү Багш байжээ.

13, 14. Ёс журамгүй зүйл үзэх аюулаас хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?

13 Хэрэв та хэрсүү байвал хүүхдээ Еховад таалагдахгүй юм хийхээс хамгаална. Өнөөдөр порно гэх мэтийн ёс журамгүй юмыг хүүхдүүд бүр багаасаа үзэх боломжтой болжээ. Тийм юм үзэх нь буруу гэдгийг христиан эцэг эхчүүд хүүхдүүддээ хэлж өгөх хэрэгтэй. Гэхдээ ингээд орхичихож болохгүй. Хэрсүү байж, дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Хүүхэд маань юунаас болоод порно үзэх гэж хорхойсож мэдэх вэ? Яагаад аюултайг мэддэг болов уу? Порно үзэх гээд хорхойсоод байгаагаа айж ичилгүй надад хэлэх болов уу?». Нас нь бага гэлтгүй хүүхдэдээ ингэж хэлээрэй. «Интернетээр секс гараад, үзмээр санагдаад байвал надад хэлээрэй. Битгий ичээрэй. Би чамд тусална» гээрэй.

14 Үзэж харах юмаа сонгохдоо болгоомжтой байхад хэрсүү зан тус болно. Дээр дурдсан Пранас: «Эцэг эхийн сонсдог хөгжим, үздэг кино, уншдаг ном тэр гэр бүлийн үзэж харах зүйлийн хэмжүүр байдаг. Хүүхдэдээ олон юм хэлж зөвлөж болно л доо. Гэхдээ хүүхдүүд эцэг эхийнхээ үздэгийг үзэж, хийдгийг нь хийнэ» гэсэн юм. Хэрэв та үзэж харах зүйлээ сонгохдоо болгоомжтой байдаг бол хүүхэд тань бас тийм байна (Ром 2:21–24).

ЖИНХЭНЭ БУРХАН ТА НАРЫГ СОНСОНО

15, 16. а) Хүүхдээ хүмүүжүүлэхэд нь Бурхан тусална гэдэгт яагаад итгэх хэрэгтэй вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

15 Маноа хүүгээ зөв хүмүүжүүлэхийн тулд Еховагаас тусламж гуйсан. Ехова яасан бэ? «Маноагийн дууг сонсжээ» (Шүү. 13:9). Эцэг эхчүүд ээ, Ехова та нарын залбирлыг ч бас сонсож хүүхдээ хүмүүжүүлэхэд тань тусална. Та нар хүүхдээ сургахдаа хайраа илэрхийлж, даруу бөгөөд хэрсүү байдаг бол амжилтад хүрнэ.

16 Ехова бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд тусалдаг шигээ өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд тусалдаг. Өсвөр насны хүүхдээ Еховагийн үйлчлэгч болгоё гэвэл эцэг эхчүүд Есүсийг хэрхэн дуурайхыг дараагийн өгүүллээр ярилцъя.

^ д/м 5 Библийнхээр бол сахилгажуулах гэдэгт хайрын сэтгэлээр зааж зааварлах, сурган хүмүүжүүлэх, засаж залруулах, заримдаа шийтгэх ордог. Гэхдээ хэзээ ч уурын мунхгаар шийтгэж болохгүй.

^ д/м 7 Есүсийн үед бага насны хүүхдүүд аавыгаа «Абба» гэж дууддаг байжээ. Энэ нь дотно сэтгэлийг илэрхийлдэг хүндэтгэлийн үг юм («The International Standard Bible Encyclopedia»).