Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 11 сар 

Өгөөмөр сэтгэлтэй Еховадаа талархлаа илэрхийлцгээе

Өгөөмөр сэтгэлтэй Еховадаа талархлаа илэрхийлцгээе

ЕХОВА бол өгөөмөр сэтгэлтэй Бурхан юм (Иак. 1:17). Од мичдээр гоёсон тэнгэр огторгуйгаас авхуулаад ногоон дээлээ өмссөн хөрст дэлхий гээд Еховагийн бүтээл бүхэн өгөөмөр сэтгэлийг нь магтан дуулдаг (Дуу. 65:12, 13; 147:7, 8; 148:3, 4).

Нэгэн дуулалч Бүтээгч Еховадаа талархсандаа агуу үйлсийг нь бишрэн дуу зохиожээ. Та 104-р дууллыг уншвал дуулалчийн бичсэнтэй өөрийн эрхгүй санал нийлэх биз ээ. Дуулалч: «Би амьдрах хугацаандаа ЭЗЭНд дуу дуулна. Би амьд байхдаа Бурханаа магтан дуулна» гэжээ (Дуу. 104:33). Та бас ийм хүсэлтэй юү?

ӨГӨӨМӨР СЭТГЭЛИЙН ХАМГИЙН АГУУ ЖИШЭЭ

Ехова биднийг өөр шиг нь өгөөмөр сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Бас яагаад өгөөмөр сэтгэлтэй байх хэрэгтэйг хэлж өгдөг. Элч Паулыг ариун сүнсээрээ хөтлөн юу гэж бичүүлснийг анхааръя. «Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа. Сайныг үйлдэж, сайн үйлсээрээ баян болж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай хэмээн тэдэнд тушаа. Ингэхдээ тэд ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийг тавин эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрэх юм» (1 Тим. 6:17–19).

Паул Коринт дахь хуралд бичсэн хоёр дахь захидалдаа зөв хандлагаар өгөхийг онцолжээ. Тэрбээр: «Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг» хэмээн бичсэн байдаг (2 Кор. 9:7). Өгөөмөр байх нь ямар ач тустайг цааш нь бичихдээ авсан нэг нь гачигдахаа больж, өгсөн нэг нь Еховагаас ивээл хүртдэг гэжээ (2 Кор. 9:11–14).

Захидлынхаа төгсгөлд Бурхны өгөөмөр сэтгэлтэйг батлах хамгийн гол нотолгоог дурдан «Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай» гэсэн байдаг (2 Кор. 9:15). Еховагийн бэлэг гэдэг нь Есүс Христээр дамжуулан ард түмэндээ өгдөг сайн сайхан бүхэн юм. Энэ бэлэг хэчнээн их үнэ цэнтэйг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Бидний төлөө хийсэн болон хийх бүхнийх нь төлөө Ехова Есүс хоёрт талархаж явдгаа хэрхэн илэрхийлэх вэ? Цэвэр шүтлэгийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө цаг зав, хүч чадал, эд хөрөнгөө их бага гэлтгүй зориулах нь талархлаа илэрхийлэх нэг арга юм (Ш.дээд 22:14; 29:3–5; Лук 21:1–4).