Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 11 сар 

Бурхны засгийн газар өнгөрсөн 100 жилд юу амжуулав?

Бурхны засгийн газар өнгөрсөн 100 жилд юу амжуулав?

«Амар амгалангийн Бурхан Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг чадвартай болго[но]» (ЕВР. 13:20, 21).

ДУУ: 136, 14

1. Дэлгэрүүлэх ажил Есүст хэр чухал байсан бэ? Тайлбарлана уу.

ЕСҮС Хаанчлалын тухай ярих дуртай байв. Дэлгэрүүлж явахдаа янз бүрийн сэдвийг хөнддөг байсан ч Хаанчлалын тухай хамгийн олон удаа буюу 100 гаруй удаа ярьжээ. Түүний хувьд Хаанчлал үнэхээр чухал зүйл байв (Матай 12:34-ийг уншина уу).

2. Матай 28:19, 20-д бичсэн даалгаврыг хэдэн хүн сонссон бэ? Яагаад тэгж хэлж болох вэ?

2 Есүс амилаад удаагүй байхдаа шавь нь болох ирээдүйтэй 500 гаруй хүнтэй уулзжээ (1 Кор. 15:6). «Бүх үндэстэнд» Хаанчлалын тухай мэдээ тунхаглах даалгаврыг тэгэхэд өгсөн бололтой. Тухайн үед халширмаар даалгавар байлаа! * Энэ агуу ажил «үеийн төгсгөл» хүртэл үргэлжилнэ гэж Есүс хэлсэн. Үнэхээр ч тэр ёсоор болж байна.  Та сайн мэдээ дэлгэрүүлдэг бол уг зөгнөл биелэхэд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм (Мат. 28:19, 20).

3. Сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавраа биелүүлэхэд бидэнд ямар гурван зүйл тус болдог вэ?

3 Есүс дэлгэрүүлэх даалгаврыг дагалдагчдадаа өгөөд «Би та нартай үргэлж хамт байх болно» гэж амласан (Мат. 28:20). Өргөн цар хүрээтэй хийх ёстой энэ ажлыг Есүс удирдах ажээ. Бурхан бас бидэнд тусалж даалгавраа биелүүлэх чадвартай болгодог (Евр. 13:20, 21). Энэ өгүүллээр Хаан Есүс харьяат албатууддаа 1) ямар багаж өгдгийг, 2) ямар арга заадгийг, 3) хэрхэн сургадгийг үзнэ. Эхлээд, өнгөрсөн 100 жилд бидний хэрэглэсэн зарим багажны тухай ярилцъя.

САЙН МЭДЭЭ ДЭЛГЭРҮҮЛЭХЭД ТУСТАЙ БАГАЖНУУД

4. Бид дэлгэрүүлэх ажилдаа яагаад олон төрлийн багаж хэрэглэж ирсэн бэ?

4 Есүс «хаанчлалын тухай үгийг» янз бүрийн хөрсөнд суулгасан үртэй зүйрлэсэн (Мат. 13:18, 19). Тариачин үр суулгахаасаа өмнө төрөл бүрийн багаж хэрэгсэл ашиглан хөрсөө боловсруулж бэлддэг. Үүнтэй адил, Хаан маань олон сая хүний зүрх сэтгэлийг бэлдэхийн тулд бидэнд янз бүрийн багаж өгсөн. Зарим багажийг хэсэг хугацаанд ашиглаад больсон. Заримыг нь одоо ч ашиглаж байна. Гэхдээ чадварлаг дэлгэрүүлэгч болоход маань аль аль нь тустай байсан.

5. Гэрчлэх хуудас гэж юу вэ? Хэрхэн ашигладаг байсан бэ?

5 Дэлгэрүүлэх ажлын гараагаа эхлэхэд нь олон хүнд тус болсон нэг багаж бол гэрчлэх хуудас юм. 1933 оноос хэрэглэж эхэлсэн энэ хуудас хэмжээгээрээ тийм ч том биш (7,6х12,7 см). Библийн мэдээг товчхон бичжээ. Үе үе агуулгыг нь өөрчлөн гаргадаг байв. Дэлгэрүүлэгчийн хэлэх оршил үг нь их энгийн! Ч. В. Эрленмайер 10-аад настай байхдаа анх удаа гэрчлэх хуудас ашиглан дэлгэрүүлжээ. Тэрбээр: «Бид эхлээд “Та энэ хуудсыг уншина уу” гэж хэлдэг байв. Дараа нь гэрийн эзнийг уншиж дуусахлаар ном хэвлэл авах уу гэж асууна. Тэгээд явдаг байлаа» гэж дурсжээ.

6. Гэрчлэх хуудас ямар ач тустай байсан бэ?

6 Гэрчлэх хуудас янз бүрийн дэлгэрүүлэгчдэд тустай байлаа. Жишээ нь дэлгэрүүлэх ирмүүн хүсэлтэй ч юу хэлэхээ мэддэггүй, ичимхий зантай нэг нь байхад, гэрийн эзэнд мэддэг бүхнээ хэдхэн хормын дотор хэлж чаддаг нэгэн ч байв. Гэвч тийм хүмүүс эв хавгүй ярьчихдаг талтай. Тэгвэл оновчтой хэдэн үг бичсэн гэрчлэх хуудас дэлгэрүүлэгчийн өмнөөс «ярьдаг» байжээ.

7. Гэрчлэх хуудастай дэлгэрүүлэхэд ямар саад бэрхшээл тулгардаг байсан бэ?

7 Саад бэрхшээл ч гардаг байв. «“Тэгээд наана чинь юу гэж байгаа юм бэ? Зүгээр л яриад өгчих” гэж хэлэх хүн ч тааралдана» хэмээн Грейс Истеп гэдэг Гэрч эмэгтэй дурсжээ. Бас зарим хүн уншиж чадахгүй. Нөгөө хэсэг нь гэрчлэх хуудсыг хэл үггүй аваад хаалгаа хаачихна. Ууртай нэгэн нь ураад хаячихна. Иймэрхүү саад их байсан ч хүмүүст дэлгэрүүлж, Хаанчлалын тухай мэдээ тунхаглагч гэдгээ батлахад нь ах эгч нарт маань гэрчлэх хуудас тус болж байлаа.

8. Пянз тоглуулагчийг хэрхэн ашигладаг байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

8 1930–1940-өөд оны эхэн хүртэл хэрэглэж байсан бас нэг багаж бол  пянз тоглуулагч юм. Зарим Гэрч үүнийг өөрсдийнх нь өмнөөс ярьдаг болохоор нь Аарон гэж нэрлэдэг байв (Египетээс гарсан нь 4:14–16-г уншина уу). Гэрийн эзэн зөвшөөрвөл Библид үндэслэсэн 4 минут 30 секундын лекц сонсгоод хэвлэл өгдөг байжээ. Гэр бүлээрээ цуглаад сонсдог хүмүүс ч байв! Харуулын Цамхаг Нийгэмлэг дэлгэрүүлэх ажилд зориулан 1934 оноос пянз тоглуулагч хийдэг болов. Үүний дүнд 92 илтгэлийн бичлэгтэй болжээ.

9. Пянз тоглуулагч ашигласан нь хэр үр дүнтэй байсан бэ?

9 Хиллари Гослин гэдэг хүн Библид үндэслэсэн илтгэл сонсоод пянз тоглуулагчийг нь 7 хоног хэрэглээд өгье гэж дэлгэрүүлэгчээс гуйжээ. Хаанчлалын тухай мэдээг хөршүүддээ хүргэх гэсэн ажээ. Дэлгэрүүлэгчийг 7 хоногийн дараа ирэхэд үнэнийг сонирхсон нэлээн хэдэн хүн хүлээж байв. Яваандаа тэд Еховад өөрийгөө зориулсан бөгөөд Хилларийн хоёр охин хожим нь Гилеад сургууль төгсөөд гадаадад томилогджээ. Олон хүнийг дэлгэрүүлэгч болоход пянз тоглуулагч бас гэрчлэх хуудас шиг чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Дараа нь Хаан Есүсийн удирдлагаар Дэлгэрүүлэгчийн сургууль байгуулагдсан. Энэ нь дэлгэрүүлэх арга барил эзэмшүүлэх зорилготой байлаа.

ХҮМҮҮСТ ХҮРЭХИЙН ТУЛД БОЛОМЖТОЙ БҮХ АРГЫГ ХЭРЭГЛЭСЭН НЬ

10, 11. Библийн үнэнийг түгээн дэлгэрүүлэхэд сонин болон радиог хэрхэн ашиглаж байсан бэ? Эдгээр арга яагаад үр дүнтэй байсан бэ?

10 Бурхны ард түмэн сайн мэдээг аль болох олон хүнд хүргэхийн тулд Хааныхаа удирдлагаар янз бүрийн арга хэрэглэж ирсэн. Ялангуяа «ажилчид нь цөөн» байгаа үед тэдгээр арга ач тусаа өгчээ (Матай 9:37-г уншина уу). Жишээ нь, 20-р зууны эхээр сайн мэдээг сонинд нийтэлж байлаа. Чарлз Тейз Расселл илтгэлээ 7 хоног бүр мэдээллийн агентлаг руу илгээнэ. Мэдээллийн агентлаг түүнийг нь АНУ, Канад, Европын сонины газрууд руу явуулна. 1913 оны байдлаар Расселл ахын илтгэлүүд 2 000 сонинд нийтлэгдсэн бөгөөд 15 000 000 хүн уншжээ.

11 Расселл ахыг нас барсны дараа сайн мэдээ түгээх өөр нэгэн үр дүнтэй аргыг хэрэглэх болов. 1922 оны 4 дүгээр сарын 16-нд Жозеф Рутерфордыг радиогоор анх удаа илтгэл тавихад ойролцоогоор 50 000 хүн сонсжээ. Манай байгууллагын анхны радио станц (WBBR) 1924 оны 2 дугаар сарын 24-нд нэвтрүүлгээ цацжээ. Энэхүү шинэ аргын талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1924 оны 12 дугаар сарын 1-ний дугаарт «Радио бол үнэний тухай мэдээг тараах аргуудаас хамгийн хэмнэлттэй, үр дүнтэй арга гэж бид үзэж байна» хэмээн бичсэн байдаг. Дэлгэрүүлэгч цөөтэй газар аль болох олон хүнд сайн мэдээ хүргэхэд радио бас сонины нэгэн адил чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Нийтэд дэлгэрүүлж, jw.org сайтыг хүмүүст сурталчилдаг дэлгэрүүлэгч олон бий (12, 13-р догол мөрийг үзнэ үү)

12. а) Нийтэд дэлгэрүүлэх арга танд ямар санагддаг вэ? Та аль газар нь дэлгэрүүлэхийг илүүд үздэг вэ? б) Нийтэд дэлгэрүүлэхээсээ айдаг хүнд юу тус болох вэ?

12 Нийтэд дэлгэрүүлэх нь бас нэгэн үр дүнтэй арга юм. Өнөөдөр автобусны зогсоол, галт тэрэгний буудал, машины зогсоол, төв талбай, зах дээр дэлгэрүүлж байна. Та ийм аргаар дэлгэрүүлэхдээ сандардаг бол тусламж гуйж залбираарай. Түүнчлэн Анжело  Манера гэдэг явуулын харгалзагчийн хэлсэн үгийг санаж яваарай. Тэрбээр: «Шинэ арга нэвтрэх бүрд Еховад өөр аргаар үйлчилж үнэнчээ батлах боломж гарч байна гэж бид үздэг байсан. Ехова яаж үйлчил гэнэ, тэр аргыг шууд хэрэглэдэг байсан» гэжээ. Айдсаа ялж, шинэ аргаар дэлгэрүүлбэл Еховад улам бүр итгэж найддаг болохын зэрэгцээ илүү чадварлаг дэлгэрүүлэгч болно (2 Коринт 12:9, 10-ыг уншина уу).

13. Дэлгэрүүлэх ажилдаа байгууллагынхаа вэбсайтыг ашиглах нь яагаад үр дүнтэй вэ? Та вэбсайтаа хүмүүст хэрхэн танилцуулдаг вэ?

13 Олон дэлгэрүүлэгч байгууллагынхаа jw.org вэбсайтыг сурталчилж Библид үндэслэсэн ном хэвлэлийг 700 гаруй хэлээр татаж авах боломжтойг хүмүүст хэлж өгдөг. Манай вэбсайт руу өдөр бүр 1,6 сая гаруй хүн ордог. Хамгийн алс бөглүү газар амьдардаг хүмүүст сайн мэдээ хүргэхэд радиогийн оронд манай вэбсайт эдүгээ чухал үүрэг гүйцэтгэж байна.

САЙН МЭДЭЭ ДЭЛГЭРҮҮЛЭГЧДИЙГ СУРГАХ НЬ

14. Дэлгэрүүлэгчид юу сурах хэрэгтэй байсан бэ? Сайн багш болоход нь ямар сургууль тус болсон бэ?

14 Сайн мэдээ дэлгэрүүлэхэд хэрэглэж ирсэн багаж хэрэгсэл, аргууд их үр дүнтэй байсныг ярилцлаа. Тэгвэл дэлгэрүүлэгчдийг хэр сайн сургасан бол? Пянз тоглуулагчаар илтгэл сонсгоход зарим хүн хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж байхад, зарим нь сонирхоод илүү ихийг мэдэхийг хүсдэг байв. Ийм үед дэлгэрүүлэгчид эсэргүүцсэн хүний арга эвийг олох, сонирхсон хүмүүст сайн заах арга барилыг эзэмших шаардлагатай байлаа. Энэ нь хэчнээн чухал болохыг Нейтан Норр ойлгосон нь Бурхан сүнсээрээ удирдсаных биз ээ. Ингээд хурлууд 1943 оноос эхлэн Дэлгэрүүлэгчийн сургууль зохион явуулах болжээ. Энэ сургууль чадварлаг сайн багш болоход Гэрчүүдэд тус болж байна.

15. а) Дэлгэрүүлэгчийн сургуулийн анхны даалгавраа биелүүлсэн хүмүүсийн тухай ярина уу. б) Дуулал 32:8-д байдаг Еховагийн амлалт биелэхийг та биеэрээ хэрхэн үзсэн бэ?

15 Зарим эрчүүдийн хувьд олны өмнө ярьж сурахад хугацаа хэрэгтэй байлаа. Хулио Раму 1944 онд анхны даалгавраа биелүүлсэн тухайгаа дурссан юм. Библийн тавхан зүйлд гардаг Доег гэдэг хүний тухай илтгэл  тавих даалгавар авчээ. Хулио: «Өвдөг чичирч, гар салганан, шүд тачигнаж байлаа» гээд «Илтгэлээ гурван минут тавьсан. Анх удаа л тайзан дээр зогсоод ярьж байгаа нь энэ. Даанч үгээ дуусгаж чадаагүй» гэжээ. Хэдий амаргүй ч хүүхдүүд хүртэл сургуулийн даалгавар биелүүлдэг байв. Дээр дурдсан Анжело Манера анхны даалгавраа биелүүлсэн нэгэн хүүгийн тухай ийн ярьж байна. «Тэр хүү маш их сандарч байлаа. Үгээ хэлж эхэлмэгцээ уйлж гарсан. Илтгэлээ дуустал уйлсан». Та ичимхийгээсээ болоод эсвэл чадахгүй гэж бодоод цуглаан дээр хариулдаггүй, ямар нэгэн даалгавар биелүүлдэггүй байж болох юм. Айдсаа ялахад туслахыг Еховагаас гуйгаарай. Ехова Дэлгэрүүлэгчийн сургуулийн анхны суралцагчдад тусалсан шигээ танд ч бас тусална (Дуулал 32:8-ыг уншина уу).

16. а) Гилеад сургуулийн зорилго юу вэ? б) 2011 оноос ямар өөрчлөлт гарсан бэ?

16 Бурхны байгууллага ард түмнээ сургахын тулд бас Гилеад сургуулийг байгуулсан. Энэ сургуулийн нэг зорилго нь суралцагчдынхаа сайн мэдээ дэлгэрүүлэх хүслийг бадраах явдал юм. Гилеад сургууль 1943 онд үүдээ нээсэн бөгөөд эдүгээг хүртэл 8 500 гаруй хүнийг сургаж бэлтгэн 170 улс орон руу илгээжээ. 2011 оноос зөвхөн бүрэн цагийн тусгай үйлчлэгчдийг буюу тусгай эхлэгчид, дүүргийн харгалзагчид, бетелчид болон Гилеад сургуульд өмнө нь сурч байгаагүй миссионеруудыг сургадаг болсон.

17. Гилеад сургууль үр өгөөжөө хэрхэн өгсөн бэ?

17 Гилеад сургууль үр өгөөжөө хэрхэн өгсөн бэ? Жишээ авъя. Японд 1949 оны 8 дугаар сард 10 хүрэхгүй Гэрч байв. Харин мөн оны сүүлээр Гилеад сургуулийн 13 төгсөгч Японд очиж нутгийн Гэрчүүдтэй хамт идэвхтэй дэлгэрүүлэх болжээ. Өнөөдөр тус улсад 216 000 орчим дэлгэрүүлэгч байгаа бөгөөд 42 хувь нь эхлэгчээр үйлчилж байна.

18. Өөр ямар сургуулиуд байдаг вэ?

18 Түүнчлэн Христиан үйлчлэлийн сургууль, Эхлэгчийн сургууль, Сайн мэдээ тунхаглагчийн сургууль, Дүүргийн харгалзагчид ба эхнэрүүдэд нь зориулсан сургууль, Салбарын хорооны гишүүд ба эхнэрүүдэд нь зориулсан сургууль гээд олон сургууль бий. Еховагийн үйлчлэгчид эдгээр сургуульд сурч итгэл нь бэхжин, илүү үр бүтээлтэй үйлчлэх аргад суралцдаг. Хаан Есүс харьяат албатуудаа сургасаар байгаа нь илт байна.

19. Чарлз Тейз Расселл дэлгэрүүлэх ажлын талаар юу гэж хэлсэн бэ?

19 Бурхны Хаанчлал байгуулагдсанаас хойш 100 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд Хаан Есүс Христ дэлгэрүүлэх ажлыг удирдсаар ирсэн. Сайн мэдээ тунхаглах ажил дэлхий дахиныг хамарна гэж боддогоо Чарлз Тейз Расселл 1916 онд нас барахаасаа өмнө хэлсэн байдаг. Тэрбээр: «Энэ ажил маш хурдан ахиж байна. Цаашдаа ч улам өргөжнө. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана гэсэн шүү дээ» гэжээ («Faith on the March», by A. H. Macmillan, p. 69). Хэчнээн үнэн хэлж вэ! Амар тайвны Бурхан маань биднийг сургаж, хүсэл таалалд нь нийцүүлж амьдрахад юу шаардлагатай байна, тэр бүхнийг өгч байгаад талархаад баршгүй!

^ д/м 2 Тэр үед байсан хүмүүсийн ихэнх нь христиан болсон гэж үзэх үндэс бий. Паул Коринтынхонд бичсэн захидалдаа тэднийг «таван зуу гаруй ах дүү» гээд, «Тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ» гэжээ. Тэгэхлээр Есүсээс уг даалгаврыг биечлэн авсан хүмүүсийг Паул болон тэр үеийн бусад христиан таньдаг байсан бололтой.