Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 10 сар 

«Итгэлийг маань өсгөөч»

«Итгэлийг маань өсгөөч»

«Итгэлгүй байгаад минь туслаач» (МАРК 9:24).

ДУУ: 54, 24

1. Итгэл хэр чухал бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

«ЕХОВА намайг агуу их гай гамшгийн үеэр аврах болов уу?». Та ингэж бодож байсан уу? Тэр өдрийг эсэн мэнд давах эсэх нь олон зүйлээс шалтгаална. Хангах ёстой нэг чухал шаардлагыг элч Паул онцолж «Итгэлгүйгээр [Бурханд] таалагдана гэдэг боломжгүй» хэмээн бичжээ (Евр. 11:6). Энэ ч мэдээжийн хэрэг гэж та бодох байх. Гэвч үнэн хэрэгтээ «бүх хүн итгэлтэй биш аж» (2 Тес. 3:2). Итгэлээ бэхжүүлэх нь хэр зэрэг чухал болохыг Библийн энэ хоёр зүйл харуулж байна.

2, 3. а) Петрийн бичсэнээс итгэлийн талаар юу ойлгож болох вэ? б) Ямар асуултуудыг авч үзэх вэ?

2 Итгэл маш чухал болохыг элч Петр бичихдээ «шалгуурыг» давсан итгэл «Есүс Христийн илчлэлт дээр магтаал, алдар, хүндэтгэл» хүлээнэ гэжээ (1 Петр 1:7-г уншина уу). Агуу их гай гамшиг маш хурдан ойртож байгаа энэ үед бат итгэлтэй байж, цог жавхлант Хааныгаа ирэхэд магтуулахыг хүсэхгүй хэн байх билээ? Тийм учраас бид «итгэж, амийг хадгалахыг» хичээдэг (Евр. 10:39). Энэ зорилгоо санангаа, «Итгэлгүй байгаад минь туслаач» гэж хэлсэн хүнийг дуурайцгаая (Марк 9:24). Бас Есүсийн элч нар шиг «Итгэлийг маань өсгөөч» гэж залбирцгаая (Лук 17:5).

 3 Илүү их итгэлтэй байхын тулд дараах асуултын хариуг мэдэж авъя. Яавал бат итгэлтэй болох вэ? Бат итгэлтэй гэдгээ хэрхэн харуулах вэ? Итгэлийг маань өсгөөч гэж залбирахад Ехова заавал хариулна гэсэн ямар баталгаа байдаг вэ?

БУРХАНД ТААЛАГДДАГ ИТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

4. Ямар хүмүүсийн жишээг уншвал бат итгэлтэй байх хүсэл төрөх вэ?

4 «Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн». Тийм учраас Библид гардаг бат итгэлтэй хүмүүсийн түүхээс их зүйлийг сурч болно (Ром 15:4). Абрахам, Сара, Исаак, Иаков, Мосе, Рахаб, Гидеон, Барак болон өөр олон хүний тухай уншвал итгэлээ шалгах хүсэл төрнө (Евр. 11:32–35). Мөн орчин үеийн итгэл нэгтнүүдийнхээ түүхийг уншвал бат итгэлтэй байхын тулд их хүчин чармайлт гаргах хэрэгтэйг ойлгоно. *

5. Елиа Еховад бат итгэдгээ хэрхэн харуулсан бэ? Түүний түүхийг уншвал бидэнд ямар хүсэл төрөх вэ?

5 Библид гардаг бат итгэлтэй хүмүүсийн нэг нь зөнч Елиа юм. Еховад бат итгэдэг байсныг нь дараах таван зүйлээс мэдэж болно. 1) Елиа Ахаб хаанд «Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш ... бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй болно» гэж хэлсэн. Ехова Израилийн нутгийг ган гачигт нэрвүүлэх гэж байгааг ийнхүү итгэл төгс хэлжээ (Х.дээд 17:1). 2) Гантай жилүүдэд өөрийг нь болон бусад хүнийг хэрэгтэй бүхнээр нь хангана хэмээн Еховад итгэж байсан (Х.дээд 17:4, 5, 13, 14). 3) Бэлэвсэн эмэгтэйн хүүг Ехова амилуулна гэдэгт эргэлзээгүй (Х.дээд 17:21). 4) Кармел ууланд тавьсан тахилыг нь Ехова гайхамшгаар шатаана гэж найдсан (Х.дээд 18:24, 37). 5) Бороо орох ямар ч шинж байхгүй байсан хэр нь Ахабт «Аадрын нүргэлсэн дуу чимээ ойртон ирж буй тул явж, идэж уугтун» гэж итгэлтэй хэлсэн (Х.дээд 18:41). Эдгээр явдлыг уншсаныхаа дараа «Би Елиагийнх шиг бат итгэлтэй юү?» гэж өөрөөсөө асуугаарай.

ЯАВАЛ БАТ ИТГЭЛТЭЙ БОЛОХ ВЭ?

6. Бат итгэлтэй байхад Еховагийн тусламж хэрэгтэйн учир юу вэ?

6 Бид өөрсдийн хүчээр бат итгэлтэй болох аргагүй. Итгэл бол Бурхны ариун сүнсний үр жимсний нэг хэсэг юм (Гал. 5:22). Тиймээс Есүсийн зөвлөснөөр Еховагаас ариун сүнсийг нь байнга, шаргуу гуйх нь ухаалаг хэрэг болно. «Тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» хэмээн Есүс батлан хэлсэн (Лук 11:13).

7. Итгэлээ хэрхэн бат байлгахыг жишээгээр хэлнэ үү.

7 Бурханд итгэдэг болсон бол энэ итгэлээ үргэлж хэвээр нь байлгах шаардлагатай. Итгэлийг галтай зүйрлэж болно. Мод түлэхэд гал дүрэлзэн асдаг. Харин дээр нь түлээ нэмэхгүй бол шатаж дуусаад үнс болно. Байнга мод нэмээд байвал гал унтрахгүй. Итгэл бас адилхан. Бурхны Үгийг өдөр бүр тогтмол уншиж судлаад байвал Зохиогчийг нь улам их хайрлаж, Үгийг нь эрхэмлэн дээдэлдэг болно. Үүний дүнд итгэл гуйвшгүй бат болно.

8. Бат итгэлтэй байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?

 8 Бат итгэлтэй байхын тулд өөр юу хийх хэрэгтэй вэ? Баптисм хүртэхээсээ өмнө олж авсан мэдлэгтээ сэтгэл бүү ханаарай (Евр. 6:1, 2). Аль хэдийн биелсэн зөгнөлүүд итгэл бэхжүүлдэг. Тиймээс зөгнөлүүдийг сайтар судалж байгаарай. Түүнчлэн итгэл тань бат эсэхийг мэдэхийн тулд Бурхны Үгийг хэмжүүр болгон ашиглаж байгаарай. Учир нь бат итгэлтэй хүн ямар байх ёстойг тэнд тодорхой бичсэн (Иаков 1:25; 2:24, 26-г уншина уу).

9, 10. Итгэлээ бэхжүүлэхэд а) сайн найз нөхөд, б) цуглаан, в) дэлгэрүүлэх ажил ямар ач тустай вэ?

9 Христиануудын «хэн хэн нь нөгөөгийнхөө ... итгэлээр хамтдаа зоригжих» хэрэгтэй гэж элч Паул хэлсэн байдаг (Ром 1:12). Бид итгэл нэгтнүүдтэйгээ, ялангуяа «итгэлийн сорилтыг» давсан христиануудтай нөхөрлөдөг бол итгэл маань харилцан бэхэжнэ (Иак. 1:3). Муу нөхөд итгэлийг үгүй хийдэг байхад, сайн нөхөд итгэлийг бэхжүүлдэг (1 Кор. 15:33). «Хамтран цуглахаа болилгүй», харин «бие биеэ зоригжуул» гэж зөвлөдгийн нэг шалтгаан нь энэ юм (Еврей 10:24, 25-ыг уншина уу). Түүнээс гадна, цуглаанаар өгч буй заавар зөвлөгөө итгэлийг маань бэхжүүлдэг. «Итгэл нь сонсохоос» гэж бичсэн байдаг нь ч ийм учиртай (Ром 10:17). Та өөрөөсөө «Цуглаан миний амьдралын салшгүй хэсэг мөн үү?» гэж асуугаарай.

10 Дэлгэрүүлэх ажилд оролцохлоор бусдад итгэл үнэмшил төрүүлээд зогсохгүй, өөрсдийн маань итгэл бат болдог. Эртний христиануудын адилаар Еховад бүрэн дүүрэн итгэж, ямар ч үед зоригтой ярьж сурдаг (Үйлс 4:17–20; 13:46).

11. Калеб Иошуа хоёр яагаад бат итгэлтэй байсан бэ? Яавал тэдэн шиг болох вэ?

11 Ехова хэрхэн тусалж, залбирлын хариуг хэрхэн өгч байгааг мэдэрдэг бол итгэл бэхэжнэ. Калеб Иошуа хоёрт ийм явдал тохиолджээ. Тэд Еховад бат итгэдэг байсан нь Амласан газрыг тагнаж ирснийх нь дараа тодорхой харагддаг. Түүнээс хойш ч Ехова хэрхэн тусалж байгааг харах бүрд итгэл нь батажсаар байсан. Тийм ч учраас Иошуа израильчуудад «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй» гэж итгэл төгс хэлжээ. Хожим нь тэрбээр: «Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, Түүнд чин сэтгэл болон үнэнээр үйлчлэгтүн. ... Би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ» гэжээ (Иош. 23:14; 24:14, 15). Ехова «сайн гэдгийг амсаж үзвэл» бид ч бас тийм их итгэлтэй болно (Дуу. 34:8).

БАТ ИТГЭЛТЭЙГЭЭ ХАРУУЛАХ НЬ

12. Бат итгэлтэйгээ хэрхэн харуулах вэ?

12 Бат итгэлтэйгээ хэрхэн харуулах вэ? Есүсийн шавь Иаков энэ асуултад хариулж «Би чамд өөрийн итгэлийг үйлсээрээ харуулъя» гэж хэлсэн (Иак. 2:18). Бидэнд жинхэнэ итгэл байгаа эсэхийг үйлс маань илчилнэ. Хэдэн жишээ авъя.

Бат итгэлтэй хүн Еховагийн төлөө илүү ихийг хийдэг (13-р догол мөрийг үзнэ үү)

13. Дэлгэрүүлэх нь итгэлтэйгээ харуулах нэг арга гэхийн учир юу вэ?

13 Дэлгэрүүлэх ажилд оролцох нь бат итгэлтэйгээ харуулах нэг сайн арга юм. Яагаад? Ертөнцийн төгсгөл ойрхон байгаа бөгөөд Бурхны товлосон цаг «хоцролгүй заавал ирнэ» гэдэгт итгэж байж л энэ ажлыг хийж чадна (Хаб. 2:3). Хэр зэрэг итгэлтэйгээ мэдье гэвэл дараах асуултад хариулаарай.  «Миний хувьд дэлгэрүүлэх ажил хэр чухал бэ? Бурхны тухай бусдад ярихын төлөө чадах бүхнээ хийдэг үү? Еховагийн төлөө илүү ихийг хийх арга зам хайдаг уу?» (2 Кор. 13:5). Сайн мэдээг бүх нийтэд тунхаглан бат итгэлтэйгээ харуулцгаая (Ром 10:10-ыг уншина уу).

14, 15. а) Бат итгэлтэй гэдгээ өөр яаж харуулах вэ? б) Итгэлээ үйлсээрээ харуулсан жишээ хэлнэ үү.

14 Бас амьдралд тулгардаг бэрхшээлийн өмнө сөхөрдөггүй бол итгэлтэйн шинж юм. Тийм хүн өвчин эмгэг, гуниг цөхрөл, сэтгэл санааны хямрал, ядуу зүдүү байдал гэх мэтийн төвөгтэй асуудал тулгарсан үед Ехова Есүс хоёр «хэрэгцээтэй цагт тусална» гэж итгэдэг (Евр. 4:16). Тийм учраас тусламж гуйн залбирдаг. Амьдралын хэрэгцээт зүйлс, түүний дотор өдөр тутмынхаа талхыг гуйж байхыг Есүс зөвлөсөн (Лук 11:3). Ехова хэрэгтэй бүхнийг маань өгөхийг Библид бичсэн үйл явдлууд хэлж өгдөг. Жишээ нь Израильд ган болж байхад Ехова Елиад хоол, ус өгдөг байсан. «Хэрээнүүд түүнд өглөө, орой болгон талх болон мах авчирдаг байсан бөгөөд тэрбээр горхины уснаас ундаалдаг байв» гэж Библид бичжээ (Х.дээд 17:3–6). Ехова бидэнд ч бас хэрэгтэй бүхнийг маань өгнө гэдэгт бид итгэдэг.

Өдөр тутмын амьдралдаа түүртдэггүй бол итгэлтэйн шинж (14-р догол мөрийг үзнэ үү)

15 Библийн зарчмыг ажил хэрэг болгодог бол гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж чадна. Азид амьдардаг Ребека гэдэг эмэгтэй үүнийг биеэрээ үзжээ. Тэдний гэрийнхэн Матай 6:33-ын дагуу Хаанчлалыг эн тэргүүнд тавьж, Сургаалт үгс 10:4-ийн дагуу шаргуу ажилладаг байв. Нөхөр нь сүнслэг байдалд аюултай ажил хийж байгаагаа ойлгоод ажлаасаа гарчээ. Гэтэл дөрвөн хүүхдээ тэжээх хэрэгтэй байлаа. Тэгээд яасан бол? Ребека: «Манайх амттан хийж зардаг болов. Ийм маягаар олон жил амьдралаа залгуулахдаа Ехова манай гэрийнхнийг орхиогүйг ойлгосон. Бид хэзээ ч хоосон хонож байгаагүй» гэж ярьсан юм. Итгэлийг тань бэхжүүлсэн төстэй явдал таны амьдралд тохиолдож байсан уу?

16. Бурханд найдвал үр дүн нь ямар байх вэ?

 16 Удирдамж зааврыг нь дагавал Бурхан тусална гэдэгт эргэлзэх хэрэггүй. Паул Хабаккукийн үгийг иш татаж «Зөвт хүн итгэлээр амьдарна» хэмээн бичжээ (Гал. 3:11; Хаб. 2:4). Тийм учраас үнэхээр тусалж чадах Нэгэнд итгэх нь маш чухал. Бидний бодсоноос ч илүү агуу зүйлийг Бурхан хийж чадна гэж элч Паул хэлсэн (Еф. 3:20). Христианууд Ехова Бурхныхаа хүсэл тааллыг биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийдэг. Гэхдээ хэр чадлаа мэддэг учраас Еховаг тусална гэж найддаг. Бурхан бидэнтэй хамт байж, хичээл зүтгэлийг маань өндөр үнэлдэгт талархаад баршгүй!

ИТГЭЛ ГУЙСАН ЗАЛБИРЛЫН ХАРИУ ИРДЭГ

17. а) Есүс элч нарынхаа хүсэлтийг хэрхэн биелүүлсэн бэ? б) Итгэл гуйж залбирвал хариу нь ирнэ гэхийн учир юу вэ?

17 Та энэ өгүүллийг уншаад Есүсийн элч нарын адилаар «Итгэлийг маань өсгөөч» гэж гуймаар санагдсан биз ээ (Лук 17:5). Есүс элч нарынхаа гуйлтыг биелүүлсэн. Ялангуяа МЭ 33 оны Пентекостын өдөр тэдэн дээр ариун сүнс асгаж, Бурхны санаа зорилгыг гүн гүнзгий ойлгуулж, итгэлийг нь бэхжүүлсэн. Үүний үрээр тэд дэлгэрүүлэх аян зохион байгуулжээ (Кол. 1:23). Хэрэв бид «Итгэлийг маань өсгөөч» гэж залбирвал хариу нь ирэх болов уу? Ирнэ. Яагаад гэвэл Бурхны «хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог» гэж Библид байдаг (1 Иох. 5:14).

18. Итгэлээ бэхжүүлдэг хүмүүсийг Ехова хэрхэн ивээдэг вэ?

18 Еховад бүрэн итгэж найддаг хүмүүс таалалд нь нийцдэг. Илүү их итгэлтэй байхад туслаач гэж гуйвал Ехова заавал хариулна. Итгэл маань бат болохын хэрээр бид «Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдоно» (2 Тес. 1:3, 5).

^ д/м 4 Жишээлбэл Трофим Нсомбагийн намтар («Харуулын цамхаг» сэтгүүлийн 2015 оны 4-р сарын 15) болон «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 4-р сарын 15-ны дугаарын 9-р хуудасны 7-р догол мөрийг үзнэ үү.