Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 10 сар 

 НАМТАР

Залуудаа ингэж шийдсэндээ ах минь хэзээ ч харамсаж байгаагүй

Залуудаа ингэж шийдсэндээ ах минь хэзээ ч харамсаж байгаагүй

ЭМЭЭГИЙН ах Николай Дубовинский амьдралынхаа сүүлийн жилүүдэд түүх намтраа эмхтгэн бичсэн юм. Еховагийн төлөө зориулсан ахын маань амьдралд баяр хөөр, айдас түгшүүрийн аль аль нь байжээ. Еховад зориулсан амьдралынх нь ихэнх хэсэг Хуучин Зөвлөлт Холбоот Улсад манай үйл ажиллагаа хориотой байхад өнгөрчээ. Саад тотгор, бэрхшээл зовлон их үзсэн ч хэзээд үнэнч, баяр баясгалантай, эрч хүчтэй хүн байсан юм. Николай ах залуучуудад түүх намтраа ярьж өгөх юм сан гэж дандаа ярьдаг сан. Тийм болохоор би зарим нэг хэсгийг түүвэрлэн хуваалцъя. Ах маань 1926 онд Украины Черновцы мужийн Подвиривка тосгонд ядуу тариачныд төрсөн гэдэг.

НИКОЛАЙ ҮНЭНИЙГ ОЛСОН НЬ

Николай ах ярьсан нь: «1941 он юм сан. Нэг өдөр миний ах Иван “Бурхны ятга”, “Бурхны эрин зууны төлөвлөгөө” гэдэг ном, хэдэн “Харуулын цамхаг” сэтгүүл, бас хэдэн товхимол барьсаар гэртээ ирэв. Би ч бүгдийг нь уншлаа. Бүх зовлонг Бурхан биш, Диавол тарьсныг мэдээд их гайхсан. Тэдгээр хэвлэлийг Шинэ Гэрээний эхний дөрвөн номтой тулгаж уншаад үнэнийг олсноо ойлгов. Ингээд мэдсэн зүйлээ улс амьтанд идэвхтэй ярьдаг боллоо. Нөгөө хэвлэлүүдээ судлах тусам үнэнийг илүү сайн ойлгодог болж, Еховад үйлчлэх хүсэл оргилсон.

Итгэл үнэмшлээсээ болоод зовно гэдгээ ойлгож байлаа. Тэр үед ид дайн болж байсан юм. Харин би хүн алахыг хүсээгүй болохоор сорилтод бэлдэж Матай 10:28; 26:52 гэх зэрэг Библийн зүйлүүдийг чээжилж эхлэв. Амиа алдах болсон ч Еховад үнэнч байхаар бат шийдсэн!

Намайг 1944 онд 18 хүрэхэд цэрэгт татав. Цэргийн насны Гэрч залуус бас цугларсан байлаа. Тэгэхэд анх удаа итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж билээ. Бид дайнд оролцохгүйгээ цэргийн дарга нарт зоригтой хэлсэн. Тэд маш их уурлаж бидэнд хоол өгөхгүй, нуувч ухуулна, шууд буудаж ална гэж сүрдүүлэв. «Бид та нарын гарт байна. Гэхдээ та нарыг юу ч хийсэн бид “Хүн бүү ал” гэсэн Бурхны тушаалыг зөрчихгүй» гэж шийдэмгий хэлэв (Ег. 20:13).

Намайг хоёр Гэрч залуутай хамт Беларусь руу явуулж талбайд ажиллуулан, эвдэрч сүйдсэн байшингуудыг засуулдаг боллоо. Минск хотын захаар дайны аймшигт ул мөр олныг үзсэнээ одоо ч санадаг. Шатсан моднууд зам дагуу эгнэж, оршуулаагүй орхисон цогцсууд, тэнтийтлээ хөөсөн адууны хүүрүүд гуу жалга, ой шугуйд хэвтэнэ. Машины чиргүүл, их буу, тэр байтугай онгоцны сэг ч харагдана.  Бурхны хуулийг зөрчих ямар их хор уршигтайг би бэлхнээ харж байлаа.

1945 онд дайн дууслаа. Гэсэн хэдий ч дайтахгүй гэснээс маань болж бидэнд 10 жилийн хорих ял оноов. Эхний гурван жил нь хэнтэй ч уулзах боломжгүй, сүнслэг хоолоо ч авах аргагүй байлаа. Хэдэн эгчтэй захиагаар харилцдаг байсан ч тэд бас баригдаад 25 жилийн ял авч хөдөлмөрийн лагерьт очсон.

Би 1950 оны эхээр суллагдаж гэртээ харив. Намайг шоронд байхад ээж болон дүү Мария маань Еховагийн Гэрч болчихсон байв! Ах нар маань Библи судалж байлаа. Би их идэвхтэй дэлгэрүүлж байсан болохоор Зөвлөлтийн Аюулаас Хамгаалах Газар намайг дахин шоронд суулгах зорилготой байлаа. Тэгтэл хариуцлагатай үүрэг хүлээдэг ах нар намайг газар доор сэтгүүл хэвлэх ажилд туслуулахаар болов. Би тэр үед 24-тэй байсан.

ХЭВЛЭХ АЖИЛ ХИЙСЭН НЬ

Гэрчүүд: «Хаанчлалын ажлыг газар дээр хийхийг хориглож байгаа бол газар доор үргэлжлүүлнэ дээ» гэж хэлэх дуртай байлаа (Сур. 28:28). Бид хэвлэх ажлынхаа ихэнхийг газар доор хийдэг байв. Би Дмитрий гэдэг ахынхаа гэрийн зоорийг анхны «ажлын өрөө» болгож билээ. Заримдаа хоёр 7 хоногоор зоориноосоо гарахгүй. Хэрэв хүчилтөрөгч багассанаас болоод керосин дэнлүү маань унтарчихвал хэвтээд өрөөгөө цэвэр агаараар дүүрэхийг хүлээнэ.

Байшингийн зоорины зураг. Николай ийм газар хэвлэх ажлаа хийдэг байжээ

Хамт ажилладаг ах маань нэг өдөр надаас «Николай, чи баптисм хүртсэн үү?»  гэж асуулаа. Би Еховад 11 жил үйлчилсэн мөртлөө баптисм хүртээгүй байсан юм. Тэр ах надтай баптисмын тухай ярилцаж байгаад орой нь нууранд баптисм хүртээв. Би 26-тай байлаа. Гурван жилийн дараа үүрэг маань нэмэгдэж, Орон нутгийн хорооны гишүүн боллоо. Тэр үед эрх чөлөөтэй байгаа ах нарыг баригдсан ах нарын оронд томилдог байсан юм. Ингэж Хаанчлалын ажил тасралтгүй үргэлжилдэг байв.

ГАЗАР ДООР АЖИЛЛАХ АМАРГҮЙ

Газар доор ажиллана гэдэг шоронд байхаас илүү хэцүү! Би КГБ буюу Улсыг Аюулаас Хамгаалах Хорооны хараанд өртөхгүйн тулд 7 жил цуглаанд явж чадаагүй. Өөрөө өөрийгөө сүнслэгээр тэжээнэ. Гэрийнхэн дээрээ хааяа нэг очно. Тэд маань миний байдлыг ойлгодог болохоор надад их урамтай байдаг байв. Сэтгэлдээ байнга дарамттай, үргэлж хянуур ажиллах хэрэгтэй болохоор хамаг хүч тэнхээ маань шавхагдаж байлаа. Бид юунд ч бэлэн байх хэрэгтэй. Жишээ нь, миний байрлаж байсан байшинд нэг орой хоёр цагдаа ирсэн юм. Би цонхоор үсэрч гараад ой руу зугтлаа. Тэгтэл исгэрэх хачин дуу гарав. Буун дууг сонсоод сумны исгэрэх дуу байсныг ойлголоо. Гар минь суманд оногдчихов. Таван километр хэртэй хөөгдсөний эцэст ойд нуугдаад мултарч чадсан юм. Над руу 32 удаа гал нээснийг би хожим нь шүүх хурал дээр мэдсэн.

Би газар доор удаан байсан болохоор их цонхигор царайтай байлаа. Хаана, юу хийдгээ мэдэгдэхгүйн тулд гадаа л гарвал наранд аль болох удаан байхыг хичээнэ. Газар доорх амьдрал миний эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн. Нэг удаа ах нартай маш чухал уулзалттай байсан ч ам, хамраас цус гараад тэнд очиж чадаагүй.

НИКОЛАЙ БАРИГДСАН НЬ

Мордов дахь хорих анги, 1963 он

1957 оны 1 дүгээр сарын 26-нд баригдав. Зургаан сарын дараа Украины Дээд Шүүх ялын тогтоол уншлаа. Буудан хороох ял оноосон ч Украинд гэмт хэрэгтнийг цаазлахаа больсон тул 25 жил хорих ял болгож өөрчлөв. Бидний найман Гэрчийг хөдөлмөрийн лагерьт хорихоор болсон. Хүн бүрийн авсан жилийг нэмбэл  130 жил болно. Биднийг Мордов дахь хорих ангид аваачлаа. Тэнд 500 орчим Гэрч байв. Бид «Харуулын цамхаг» сэтгүүл судлахаар жижиг жижиг бүлэг болж нууцаар уулздаг боллоо. Хэдэн сэтгүүлийг маань хурааж аваад уншиж үзсэнийхээ дараа нэг харгалзагч: «Та нар энэ сэтгүүлүүдээ уншаад байвал хэнд ч дийлдэшгүй болох нь!» гэж хашхирав. Бид оногдсон ажлаа чин үнэнчээр хийдэг байлаа. Бүр илүү ихийг ч хийнэ. Гэсэн ч хорихын дарга: «Та нарын яаж ажиллаж байгаа нь бидэнд хамаагүй. Бидний үгэнд ороод, бидэнд л үнэнч байх хэрэгтэй!» гэдэг байв.

Бид оногдсон ажлаа чин үнэнчээр хийдэг байсан. Бүр илүү ихийг ч хийнэ

ХЭЗЭЭД ҮНЭНЧ

Великие Луки дахь Хаанчлалын танхим

Николай ах 1967 онд хорихоос суллагдаад Эстони, Оросын Санкт Петербург дэх хурлуудыг үүсгэн байгуулалцсан. 1957 оны шүүхийн тогтоол 1991 оны эхээр хүчингүй болов. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх баримт хангалтгүй байсан болохоор тэр л дээ. Тэр үед эрх баригчдын харгис ширүүн нударгад өртөж зовсон олон Гэрч цагаатгагдсан. Николай ах 1996 онд Псков мужийн Великие Луки хот руу нүүсэн юм. Санкт Петербургээс 500 километр зайтай. Тэнд нэг жижиг байшин худалдаж авсан. 2003 онд Николай ахын эзэмшил газар дээр Хаанчлалын танхим барьсан. Өнөөдөр хоёр хурал цуглаанаа явуулж байна.

Би нөхөртэйгөө Еховагийн Гэрчүүдийн байгууллагын Орос дахь салбарт үйлчилдэг. Николай ах нас барахаасаа хэдхэн сарын өмнө, 2011 оны 3 дугаар сард сүүлчийн удаа бидэн дээр ирсэн юм. Ах маань нүд нь гялалзаж ирээд л, «Хараад байхад, Иерихо хотыг 7 дахь өдрөө тойроод эхэлчихсэн юм шиг санагдаж байна шүү» гэхэд нь сэтгэл их хөдөлж билээ (Иош. 6:15). Николай ах 85 настай байсан юм. Амьдралын зам нь дардан байгаагүй ч тэрбээр: «Би залуу байхдаа л Еховад үйлчилье гэж шийдсэндээ их баярладаг. Хэзээ ч харамсаж байгаагүй!» гэж билээ.