Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 10 сар 

Бурханд ойр байх нь надад үнэхээр сайн байдаг

Бурханд ойр байх нь надад үнэхээр сайн байдаг

НАМАЙГ есөн настай байхад өсөлт зогссон юм. Одоо 43-тай хэр нь ганцхан метрийн өндөртэй. Цаашаа өсөхгүйг ээж аав хоёр маань анзаараад «Өөрийгөө завгүй байлга, тэгвэл гадаад байдлаа байнга бодоод байхгүй» гэж зөвлөж билээ. Би байшингийнхаа өмнө жимс тавиад зардаг байв. Их гоё өрдөг болохоор худалдан авагчид олноороо ирж үйлчлүүлнэ.

Даанч, шаргуу ажиллаа гээд бүх юм бахь байдгаараа. Би жижигхэн хэвээрээ, хамгийн энгийн юм ч бэрхшээлтэй санагдана. Дэлгүүрт орохлоор лангууных нь өндрийг яана. Бүх л юм надаас бараг хоёр дахин өндөр хүмүүст зориулагдсан гэлтэй. Би 14 хүртлээ өөрийгөө өрөвдөж гутардаг байлаа.

Тэгтэл нэг өдөр Еховагийн Гэрч гээд хоёр эмэгтэй манайхаас жимс худалдаж авсан юм. Дараа нь надад Библийн хичээл заадаг болов. Удалгүй би бие хаадаа санаа зовохоос илүү, Еховаг болон санаа зорилгыг нь мэдэх нь чухал юм байна гэдгийг ойлгоод тайвширсан. Дуулал 73:28 хамгийн дуртай зүйл минь болсон. Эхний хэсэг нь: «Бурханд ойр байх нь надад сайн» гэж байдаг юм.

Манайх Буркина Фасо руу гэнэт нүүж, миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөв. Кот Дивуарт жимс зарж зогсдог байхад намайг мэддэг хүн олон байсан. Харин шинэ газарт би гадны хүн, бас хачин хүн. Хүмүүс намайг гөлрөөд зогсчихдог болохоор хэдэн 7 хоногоор гэрээсээ гарахгүй байх нь энүүхэнд. Еховатай ойр байх нь надад хэчнээн сайхан байсныг саналаа. Еховагийн Гэрчүүдийн байгууллагын салбар луу захиа бичсэнд яг зөв хүнээ явуулав. Нани гэдэг миссионер моторт дугуй унасаар над дээр ирж билээ.

Манай тэр хавийн зам нь элсэрхэг болохоор шигдээд, явахад бэрх. Борооны улирлаар шавар шалбааг ихтэй. Нани надтай хичээл хийхээр ирж явахдаа хэдэн ч удаа унасан юм, бүү мэд. Гэхдээ хэзээ ч шантраагүй. Нэг удаа намайг цуглаанд авч явъя гэлээ. «Гэрээс гарвал гөлөрсөн харцтай тулгарна. Бас дээр нь, моторт дугуйн дээр сундлахад даац нь хэтрээд жолоодоход түвэгтэй болно» гэж бодсон ч би  зөвшөөрлөө. Миний дуртай Библийн зүйлийн сүүлийн хэсэгт «Би БУРХАН Эзэнийг өөрийн хоргодох газар болгосон» гэж байдаг шүү дээ.

Нани бид хоёр үе үе шаварт суусан ч тоолгүй явсаар цуглаанд очив. Хаанчлалын танхимд ороход хүмүүс инээмсэглээд хайр шингэсэн харцаар угтаж билээ. Хачирхаж гөлөрсөн хүмүүсээс ямар өөр байсан гэж санана! Би 9 сарын дараа баптисм хүртсэн.

Дуртай зүйлийн минь дунд «Таны бүх үйлсийг тунхаглахын тулд» гэж байдаг. Дэлгэрүүлэх нь миний хувьд хамгийн хүнд байна гэдгийг мэдэж байлаа. Анх удаа айлаар дэлгэрүүлснээ одоо ч санадаг. Хүүхэд томчуудгүй намайг харж, араас минь дагаж, алхаа гишгээг минь дуурайж байв. Гомдмоор байсан ч диваажин эдэнд ч бас хэрэгтэй шүү дээ гэж өөртөө сануулж явсны хүчинд тэвчээд өнгөрсөн.

Амрыг бодоод гар тоормостой гурван дугуйт авлаа. Хамт дэлгэрүүлж яваа хүн маань өгсүүр газар араас түлхэж, уруудах үед үсрээд суучихна. Ингээд уруу газар луу эрчээрээ явчихна. Дэлгэрүүлэхэд эхлээд хэцүү санагддаг байснаа яваандаа дуртай болсон. Ялангуяа 1998 онд байнгын эхлэгч болсноос хойш амтанд нь орсон.

Би олон хүнд Библийн хичээл заасан. Дөрөв нь баптисм хүртсэн. Нэг дүү маань бас үнэнийг хүлээж авсан. Хүмүүс сүнслэгээр өсөж байгааг сонсохлоор сэтгэл тэнийдэг. Ялангуяа өвдөж зовсон үед тийм мэдээ сонсох сайхан шүү. Нэг удаа хумхаа тусчихаад байтал Кот Дивуараас захиа ирэв. Би Буркина Фасод их сургуулийн оюутантай гэрийнх нь үүдэнд Библийн хичээл эхэлж, дараа нь нэг ахад шилжүүлсэн юм. Тэр оюутан Кот Дивуарт амьдрахаар явж л дээ. Тэгтэл баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болчихож! Үүнийг уншаад үнэхээр баярлаж билээ.

Өөрийгөө яаж тэжээдэг вэ гэж үү? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг нэг байгууллага надад юм оёхыг зааж өгсөн юм. Эв дүйгүйг минь нэг багш ажиглаад «Саван хийхийг заавал зүгээр юм байна» гэлээ. Ингээд би угаалгын газарт, бас гэрийн нөхцөлд зориулсан саван хийж сурав. Хүмүүс миний саванд их дуртай. Түүгээр зогсохгүй тэд найзууддаа сурталчилдаг юм. Би гурван дугуйтаараа савангаа хүргэж өгдөг.

2004 онд нурууны өвчин сэдэрч, аргагүйн эрхэнд эхлэгчээр үйлчлэхээ больсон. Гэлээ ч дэлгэрүүлэх ажилд хамаг чадлаараа оролцож байгаа.

Хүмүүс намайг дандаа инээмсэглэдэг гэдэг юм. «Бурханд ойр байх нь надад сайн» байдаг болохоор баяр баясгалантай байлгүй яах вэ! (Сара Маигагийн яриа).