Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 9 сар 

Та төлөвшсөн христиан болж байна уу?

Та төлөвшсөн христиан болж байна уу?

«Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүр» (ЕФ. 4:13).

ДУУ: 11, 42

1, 2. Христиан хүн ямар зорилго тавьдаг вэ? Жишээ хэлнэ үү.

ТА ДЭЛГҮҮРЭЭС жимс авахдаа яадаг вэ? Хамгийн томыг нь эсвэл хамгийн хямдыг нь шууд авдаг уу? Үгүй л болов уу. Болсон эсэхийг нь эхлээд үздэг биз дээ? Болсон жимс гоё амттай, сайхан үнэртэй, чанар сайтай байдаг. Тийм жимс авахыг хүн болгон хүсдэг шүү дээ.

2 Христиан хүний гол зорилго нь боловсорч гүйцсэн жимс шиг болох буюу сүнслэгээр төлөвших явдал юм. Бид анх Еховагийн тухай сурч мэдээд өөрийгөө зориулан залбирсныхаа дараа баптисм хүртсэн. Ингээд л болчихоогүй. Цаашдаа ч өссөөр байх хэрэгтэй. Элч Паул Ефесийн христиануудад захидал бичихдээ сүнслэгээр өсөх шаардлагатайг нь сануулаад, «итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл» өсөхийг уриалжээ (Еф. 4:13).

3. Ефесийн христиануудыг орчин үеийн христиануудтай харьцуулбал юугаараа адилхан бэ?

3 Паулыг захидал бичиж байх үед Ефес дэх хурал  байгуулагдаад хэдэн жил өнгөрсөн байлаа. Олон христиан сүнслэгээр төлөвшжээ. Төлөвших шаардлагатай хүн ч цөөнгүй байв. Еховагийн орчин үеийн ард түмний тухайд мөн ялгаагүй. Бурханд он удаан жил үйлчилж байгаа төлөвшсөн христианууд өч төчнөөн бий. Үүний зэрэгцээ сүнслэгээр өсөж яваа хүмүүс ч бий. Жил бүр мянга мянган хүн баптисм хүртдэг. Тиймд сүнслэгээр төлөвшихийн тулд хичээж мэрийх шаардлагатай хүн олон байна. Та тэдний нэг үү? (Кол. 2:6, 7).

СҮНСЛЭГЭЭР ӨСӨХ НЬ

4, 5. Төлөвшсөн христиануудын хооронд ялгаатай ба төстэй ямар талууд байдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

4 Та жимс худалдаж авах гээд шинжиж байна гэж бодъё. Болсон жимс болгон адилхан биш ч нийтлэг шинж чанартай байдаг. Үүнтэй адилаар төлөвшсөн христианууд яс үндэс, аж амьдрал, эрүүл мэнд, нас хүйс, мэдлэг туршлагаараа ялгаатай. Тэр байтугай, зан чанар, ахуй соёл нь ч харилцан адилгүй. Гэхдээ төлөвшсөнийг нь илтгэх нийтлэг шинж чанар тэдэнд бий. Заримыг нь авч үзье.

5 Төлөвшсөн христиан «үлгэр дууриаллыг үлдээсэн» Есүсийн мөрөөр алдалгүй дагахыг ямар ч үед хичээдэг (1 Петр 2:21). Еховаг «бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа» хайрлахаас гадна хөршөө өөрийн адил хайрлах нь хамгийн чухал гэдгийг Есүс онцолсон (Мат. 22:37–39). Төлөвшсөн хүн энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээдэг. Яаж? Хамгийн түрүүнд Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийг боддог. Мөн бусдын сайн сайхны төлөө өөрийн эрх ашгийг хойш тавьдаг.

Ахмад христианууд Есүс шиг даруу байж, удирдах үүрэгтэй итгэл нэгтнүүддээ түшиг тулгуур болдог (6-р догол мөрийг үзнэ үү)

6, 7. а) Ямар хүнийг төлөвшсөн христиан гэх вэ? б) Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

6 Гэхдээ хайр бол төлөвшсөн хүний илэрхийлдэг сүнсний үр жимсний нэг л тал юм (Гал. 5:22, 23). Өөр олон сайхан зан чанар илэрхийлдэг байх нь чухал. Төлөвшсөн христиан дөлгөөн зантай, биеэ барьдаг, юманд тэвчээртэй ханддаг учраас ярвигтай асуудлыг уурлаж бухимдалгүйгээр эвтэйхэн шийддэг. Сэтгэл шархлуулам явдал тохиолдоход итгэл найдвараа алдалгүй тэвчдэг. Түүнээс гадна Библийг бие даан нямбай судалж, зөв бурууг ялгахад тус болох зарчмуудыг байнга эрж хайдаг. Бас зөв шийдвэр гаргадаг нь төлөвшсөний шинж юм. Жишээ нь, тийм хүн Библиэр сургасан мөс чанараа даган аливаа асуудлыг шийддэг. Даруу учраас Еховагийн хүслийг өөрийнхөөсөө дээгүүр тавьж, удирдлага зааврыг нь ягштал баримталдаг. * Түүнчлэн сайн мэдээг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлж, хурлаа эв нэгдэлтэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

7 Бидний дунд Еховад олон жил үйлчилж буй хүн ч бий, Гэрч болоод удаагүй хүн ч бий. Аль нь ч байлаа гэсэн дараах асуултыг өөртөө тавьцгаая. «Есүсийг илүү сайн дуурайхын тулд би юугаа өөрчлөх хэрэгтэй вэ? Яавал сүнслэгээр ахиж дэвшсээр байх вэ?».

«БОР ХООЛ НЬ ТӨЛӨВШСӨН ХҮМҮҮСТ ЗОРИУЛАГДДАГ»

8. Есүс Библийг хэр сайн ойлгодог байсан бэ?

8 Есүс Христ Бурхны Үгийг маш  сайн ойлгодог байсан. Бүр арван хоёрхон настай байхдаа сүмд багш нартай Библиэс ярилцаж байсан гээд бод доо. «Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв» (Лук 2:46, 47). Есүс дэлхий дэх үйлчлэлийнхээ үед Бурхны Үгийг чадварлаг ашиглаж дайснуудынхаа амыг тагладаг байжээ (Мат. 22:41–46).

9. а) Сүнслэгээр төлөвшихийг хүсдэг хүн ямар хэвшилтэй байх хэрэгтэй вэ? б) Библи судлахын гол зорилго юу вэ?

9 Хэрэв хүн сүнслэгээр өсөхийг хүсдэг, Есүсийг дуурайхыг хичээдэг бол Библийг өнгөцхөн мэдээд болчихдоггүй. «Бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддагийг» ойлгодог учраас Бурхны Үгийг тогтмол нямбай судалдаг (Евр. 5:14). «Бурханы Хүүгийн» талаар үнэн зөв мэдлэгтэй байх нь төлөвшсөн христианы нэг зорилго юм (Еф. 4:13). Та Библиэ өдөр бүр уншдаг уу? Долоо хоног бүр бие даан судлах эсвэл Гэр бүлийн хичээл хийх хэвшилтэй юү? Библи судлахдаа Еховагийн үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг ойлгохыг хичээж, үүнтэй холбоотой ямар зарчмууд байгааг эрж хайгаарай. Олж мэдсэн зарчимдаа үндэслэн шийдвэр гаргаж байгаарай. Ингэдэг бол Ехова Бурхантайгаа улам дотносно.

10. Бурхны хууль тушаалуудыг эрхэмлэдэг христиан яадаг вэ?

10 Төлөвшсөн христиан Библид юу гэж байдгийг мэдээд зогсохгүй Бурхны өгдөг заавар зөвлөгөө, хууль тушаалыг эрхэмлэн дээдэлдэг. Тийм учраас Бурхны хүслийг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг. Бас буруу хандлагаа засаж, биеэ авч явах байдал,  амьдралын хэв маягаа өөрчилдөг. Ийнхүү өөрчлөгдсөн хүн Христтэй адилхан болж, «зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн» шинэ зан чанарыг төлөвшүүлдэг (Ефес 4:22–24-ийг уншина уу). Библи ариун сүнсний удирдлагаар бичигдсэн ном учир хууль зарчмыг нь сайтар судалж мэдэн, үнэлж эрхэмлэдэг болох тусам зүрх сэтгэл, оюун ухаанд нь ариун сүнс хүчтэй нөлөөлнө. Энэ хэрээр хүн сүнслэгээр өсдөг.

ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙХ НЬ

11. Есүсийн эргэн тойронд ямар хүмүүс байсан бэ?

11 Есүс төгс хүн байсан. Харин эцэг эх, дүү нар гээд эргэн тойрных нь бүх хүн төгс бус байв. Хамгийн дотны найзууд нь хүртэл бусдын л адил нэр төрд дуртай хүмүүс байлаа. Жишээлбэл, Есүсийг цаазлуулахын өмнөх орой «тэдний дунд хэн нь хамгийн агуу нь байх талаар ... маргаан дэгджээ» (Лук 22:24). Гэсэн ч Есүс тэднийг төгс бус, буруу хандлагатай гэж бодолгүй, сүнслэгээр өсөж эв нэгдэлтэй болно гэдэгт нь итгэж байсан. Тийм болохоор тэр орой элч нарынхаа төлөө залбирч «Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг бай[гаасай] ... тэд Бидний дотор бай[гаасай], ... Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгаач» хэмээн Эцгээсээ гуйжээ (Иох. 17:21, 22).

12, 13. а) Бурхны ард түмэн юуг зорилго болгодог вэ? б) Гэрч эрэгтэй итгэл нэгтнүүдтэйгээ яаж эв нэгдэлтэй байж сурсан бэ?

12 Хурлын гишүүд эв нэгдэлтэй байхад төлөвшсөн христиан чухал үүрэгтэй (Ефес 4:1–6, 15, 16-г уншина уу). Бурхны ард түмэн «хамтдаа холбогдон нийлэх» буюу эв нэгдэлтэй байхыг зорилгоо болгодог. Энэ зорилгодоо хүрэхийн тулд, Еховагийн Үгэнд бичсэнээр, хүн бүр даруу байх хэрэгтэй. Төлөвшсөн христиан даруу учраас итгэл нэгтнийхээ алдаа дутагдлыг анзаарсан ч эгдүүцдэггүй. Харин эв эеэ сахидаг. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Хурлынхаа гишүүний алдаа дутагдлыг анзаарахлаараа би яадаг вэ? Итгэл нэгтэн маань намайг гомдооход би яадаг вэ? Тэр хүнтэй ярихаа больж, холдож хөндийрдөг үү? Эсвэл эвлэрэхийг хичээдэг үү?». Хэрэв та төлөвшсөн бол холдож хөндийрөхийг бус, эвлэрэхийг л бодно.

13 Үвэ гэдэг Гэрч өөрийг нь гомдоосон итгэл нэгтэндээ уужим сэтгэлээр хандахдаа маруухан нэгэн байв. Нэг удаа Библи болон «Судрыг ойлгох нь» ном ашиглаад Давидын тухай судлахаар шийджээ. Яагаад Давид гэж? Үвэ: «Зарим хүн Давидтай харьцахдаа Бурхны үйлчлэгчид байх ёсгүй авир гаргадаг байсан. Жишээлбэл, Израилийн хаан Саул амийг нь хөнөөхийг оролдсон. Чулуугаар цохиж алахыг хүссэн хүмүүс ч байсан. Эхнэр нь хүртэл шоолдог шүү дээ (1 Сам. 19:9–11; 30:1–6; 2 Сам. 6:14–22). Гэхдээ Давид энэ бүхнээс болоод Еховаг хайрлахаа болиогүй. Бас угийн өршөөнгүй сэтгэлтэй хүн байсан. Харин миний хувьд энэ бол өөртөө бий болгох ёстой зан чанар байсан. Би ингэж судалсныхаа ачаар үзэл бодлоо өөрчилж, итгэл нэгтнүүддээ яаж хандах ёстойгоо ойлгосон. Дахиж хар данс хөтлөхөө больсон. Харин ч хурлынхантайгаа эв нэгдэлтэй  байдаг болсон» гэжээ. Та бас Үвэгийн адилаар итгэл нэгтнүүдтэйгээ эв нэгдэлтэй байхыг зорилгоо болгодог уу?

БУРХНЫ ХҮСЭЛ ТААЛЛЫГ БИЕЛҮҮЛДЭГ ХҮМҮҮСТЭЙ НӨХӨРЛӨХ НЬ

14. Есүс ямар хүмүүстэй нөхөрлөдөг байсан бэ?

14 Есүс Христ хүмүүст нөхөрсөг ханддаг байсан. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд багачууд гээд янз бүрийн хүмүүс Есүстэй хамт байх дуртай байв. Гэсэн ч Есүс хүнээ сонгож нөхөрлөдөг байжээ. «Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн» хэмээн үнэнч элч нартаа хэлжээ (Иох. 15:14). Өөрийг нь үнэнчээр дагаж, Еховад чин зүрхнээсээ үйлчилдэг хүмүүсийг л дотны найзаа болгосон. Та Еховаг сэтгэл зүрхнийхээ угаас хайрладаг хүмүүстэй нөхөрлөдөг үү? Ингэх нь яагаад чухал бэ?

15. Төлөвшсөн христиануудтай найзлах нь охид хөвгүүдэд ямар ач тустай вэ?

15 Ер нь, ихэнх жимс нарны илчинд сайн боловсордог. Үүнтэй адилаар христиан хүн итгэл нэгт ах дүүсийнхээ халуун сэтгэлийн илчинд сүнслэгээр төлөвшдөг. Охид хөвгүүд та нар амьдралын ямар замаар замнахаа бодож байж болох юм. Тийм бол хурлынхантайгаа ямагт эв нэгдэлтэй байдаг, туршлагатай хүмүүстэй найз болоорой. Еховад олон жил үйлчилсэн тэд жаргал зовлон үзэж, янз бүрийн бэрхшээлийг даван туулсан болохоор амьдралын хамгийн сайн замыг сонгоход тань тусална. Сайхан сэтгэлтэй, түшиг тулгуур болсон тийм хүмүүстэй найзалбал та нар зөв шийдвэр гаргаж, сүнслэгээр өснө (Еврей 5:14-ийг уншина уу).

16. Нэг Гэрч охинд туршлагатай итгэл нэгтнүүд нь хэрхэн тусалсан бэ?

16 Хелгаг төгсөх ангид байхад ангийнхан нь ямар зорилго тавьснаа хоорондоо ярилцсан гэнэ. Цалин сайтай ажилд орохын тулд их сургуульд сурахыг хүсдэг хүүхэд олон байжээ. Хелга энэ талаар хурлынхаа төлөвшсөн найзуудтайгаа ярилцжээ. Тэрбээр: «Найзуудын маань дунд надаас ахмад хүмүүс зөндөө бий. Тэд надад их тусалсан. Намайг бүрэн цагаар үйлчлэх хүсэлтэй болгосон. Би эхлэгчээр үйлчлээд таван жил болж байна. Залуу насаа Еховагийн төлөө зориулж байгаадаа баярладаг. Ийм замыг сонгосондоо огтхон ч харамсдаггүй» гэж ярьсан юм.

17, 18. Еховад хамгийн сайныгаа өгөхийн тулд яах хэрэгтэй вэ?

17 Есүсийг дуурайхыг хичээдэг бол сүнслэгээр төлөвшинө. Бас Еховатай улам дотносож, түүний төлөө чадах бүхнээ хийх хүсэлтэй болно. Хүн сүнслэгээр төлөвшсөн цагтаа л Ехова Бурханд хамгийн сайныгаа өгч чаддаг. «Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг» гэж Есүс дагалдагчдадаа хэлсэн байдаг (Мат. 5:16).

18 Төлөвшсөн христианууд хуралдаа хэр нөлөөтэй байдгийг үзлээ. Тийм хүн бас Библиэр сургасан мөс чанараа удирдлага болгодог. Зөв шийдвэр гаргахад мөс чанар ямар үүрэгтэй вэ? Итгэл нэгтнүүдийнхээ мөс чанарыг хүндэтгэдгээ хэрхэн харуулах вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээр үзье.

^ д/м 6 Настай, туршлагатай эрчүүд одоо хүлээж буй ажил үүргээ залуу эрчүүдэд шилжүүлж, тусалж дэмжээрэй гэсэн заавар авч болох юм.