Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 9 сар 

 НАМТАР

Миний амьдрал Еховагийн ивээлээр баян

Миний амьдрал Еховагийн ивээлээр баян

БИ 1927 онд Канадын Саскачеваны Уоко тосгонд төрсөн. Аав ээж хоёр маань дөрвөн хүү, гурван охин төрүүлж өсгөсөн. Тийм болохоор би багаасаа л олон хүнтэй амьдарч сурсан.

1930-аад оны Их хямрал гэгддэг эдийн засгийн хүнд үе манайхыг тойроогүй. Гэхдээ хоёр идэхгүй ч хоосон хонодоггүй байлаа. Хэдэн тахиа, ганц үнээтэй болохоор өндөг, сүү, цөцгий, цөцгийн тос, бяслагаар дутна гэж үгүй. Ийм байхын тулд хүүхэд бүр үүрэг даалгавартай байсан нь ойлгомжтой.

Хүүхэд насны олон сайхан дурсамж үлджээ. Өрөөгөөр нэг ханхлах алимны сайхан үнэрийг санаж байна. Намар аав маань хот руу явж сүү, цагаан идээгээ зараад хайрцаг дүүрэн шинэхэн алимтай буцаж ирдэг байв. Өдөр бүр шүүслэг алим идэх нь хүүхдүүд бидэнд хэчнээн гоё байсан гэж санана!

МАНАЙ ГЭРИЙНХЭН ҮНЭНИЙГ МЭДСЭН НЬ

Намайг 6-тай байхад аав ээж хоёр маань Библийн үнэнтэй танилцсан юм. Анхны хүүхэд Жонни нь төрөөд удалгүй эндсэн гэдэг. Гуньж цөхөрсөн аав ээж хоёр нутгийн санваартнаас «Жонни хаана байгаа вэ?» гэж асууж л дээ. Жонни баптисм хүртээгүй учраас тэнгэрт гарч амжаагүй байгаа, мөнгө өгвөл залбираад тэнгэр лүү явуулж өгье гэж тэр санваартан хариулжээ. Ийм хариу сонсвол танд ямар санагдах вэ? Аав ээж хоёр маань сэтгэлээр унаад тэр санваартнаас дахиж юм асуугаагүй гэсэн. Гэхдээ Жоннигоо яасан бол гэж бодсоор байсан юм билээ.

Нэг өдөр ээж Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Нас барагсад хаана байдаг вэ?» гэдэг товхимол олоод шимтэн уншсан юм. Тэгээд аавыг ирэхлээр нь «Жонни хаана байгааг мэдлээ! Одоо унтаж байгаа юм байна, гэхдээ нэг л өдөр сэрнэ гэнэ ээ» гэж сэтгэл догдлон хэлэв. Тэр орой нь аав нөгөө товхимлыг бүгдийг нь уншсан. Нас барагсад нойрсож байгаа, ирээдүйд амилна гэж Библид байдгийг аав ээж хоёр мэдээд их тайвширсан (Ном. 9:5, 10; Үйлс 24:15).

Шинээр сурч мэдсэн зүйл нь манайх гэдэг айлд гэрэл гэгээ авчирлаа. Эцэг эх хоёр маань Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж, Уокод байдаг жижигхэн хурлын цуглаанд очдог болов. Тэнд очдог хүмүүсийн ихэнх нь украин гаралтай байсан. Удалгүй аав ээж хоёр дэлгэрүүлэх ажилд оролцдог болсон юм.

Тэгж байтал манайх Британийн Колумб муж руу нүүв. Тэндхийн хурлынхан биднийг халуун дотноор угтан авсан. Манай гэрийнхэн ням гаргийн цуглаанд бэлдэж «Харуулын цамхаг» сэтгүүлээ судалдаг байсан нь санаанд тодхон байна. Тэгэхэд бид бүгдээрээ Еховаг хайрладаг, Библийн үнэнийг эрхэмлэдэг болж байлаа. Ехова биднийг хэрхэн ивээж, манай гэр бүлийн амьдралыг яаж баяжуулж байгаа нь бэлхнээ харагдаж байсан.

 Багачууд бидний хувьд итгэл үнэмшлийнхээ талаар хүмүүст ярих тийм ч амархан байгаагүй нь мэдээж. Гэхдээ миний дүү Ива бид хоёр тухайн сарын оршил үгийг бэлдэж Үйлчлэх цуглаан дээр үзүүлбэр үзүүлдэг байлаа. Бид хоёр ичимхий ч гэсэн Библийн тухай хүмүүстэй ярьж сурахад энэ арга тус болсон юм. Дэлгэрүүлэх ажилд биднийг ингэж сургаж байсанд би маш их талархаж явдаг!

Бүрэн цагийн үйлчлэгчид манайд хонодог байсан нь хүүхэд насанд маань үлдсэн нэг сайхан дурсамж юм. Жишээ нь, дүүргийн харгалзагч Жек Нейтан гэдэг ахыг эргэлт хийхээр ирэхдээ манай гэрт хоноход нь бид их дуртай байж билээ. Гоё юм их ярьж өгдөгсөн. Хүүхэд биднийг чин сэтгэлээсээ магтдаг байсан нь Еховад үнэнч үйлчлэх хүслийг минь бадраасан юм.

«Том болохлоороо Нейтан ах шиг болно доо» гэж бодож байснаа санаж байна. Үлдээсэн жишээ нь намайг бүрэн цагийн үйлчлэгч болоход бэлтгэж байсныг тэр үед яаж мэдэх билээ. Би 15 хүрээд Еховад үйлчлэхээр шийдсэн. 1942 онд Ива бид хоёр баптисм хүртсэн.

ИТГЭЛ СОРИГДСОН НЬ

Эх оронч үзэл дээд цэгтээ тулсан дэлхийн ІІ дайны үед Скот гэдэг багш гурван дүүг маань сургуулиас хөөчихөв. Дүү нар маань төрийн далбаанд мэхийн ёслоогүй болохоор тэр л дээ. Дараа нь Скот багш манай сургуулийн багштай яриад намайг бас хөөхийг ятгажээ. Гэтэл багш: «Бид эрх чөлөөт оронд амьдарч байна. Төрийн далбаанд ёслох эсэхээ хүн болгон өөрөө шийдэх эрхтэй» гэж хариулсан гэсэн. Хатагтай Скот маш их дарамталсан ч багш маань: «Энэ бол миний гаргасан шийдвэр» гэж хатуу хэлжээ.

Тэгэхэд нь Скот: «Үгүй, энэ чиний шийдвэр биш. Хэрэв чи Мелитаг хөөхгүй бол чамайг матна шүү» гэсэн байна. Манай багш намайг хөөх нь буруу гэдгийг мэдэж байсан ч ажлаасаа халагдахгүйн тулд өөр яах ч аргагүй болсноо ээж аав хоёрт хэлжээ. Бид үзэх материалаа аваад гэрээрээ судлах болов. Удалгүй манайх 32 километрийн зайтай байдаг газарт нүүж очсон. Тэндхийн сургууль биднийг хүлээж авсан юм.

Дайны жилүүдэд ном хэвлэл тараах хориотой байсан болохоор зөвхөн Библиэ бариад айлаар дэлгэрүүлдэг байв. Үүний ачаар Хаанчлалын тухай сайн мэдээг шууд Библиэс үзүүлж чаддаг болсон. Бас сүнслэгээр өссөн. Ехова тусалж байгааг ч мэдэрсэн.

БҮРЭН ЦАГИЙН ҮЙЛЧЛЭГЧ БОЛСОН НЬ

Би үс сайн засдаг байсан болохоор хэд хэдэн удаа шагнуулсан

Ива бид хоёр сургуулиа төгсөнгүүтээ эхлэгч болов. Эхлээд их дэлгүүрт ажилд орлоо. Би гэрийнхнийхээ үсийг засах дуртай байсан болохоор яваандаа үсчний 6 сарын курст суув. Үсчний газарт 7 хоногт хоёр удаа ажиллахын хажуугаар сард хоёр удаа үс засах хичээл заадаг байсан. Ийм маягаар өөрийгөө тэжээгээд бүрэн цагаар үйлчилдэг байлаа.

1955 онд «Яруу алдарт Хаанчлал» гэсэн сэдэвтэй чуулган болсон юм. Би тэр чуулганд суухаар АНУ-ын Нью-Йорк, Германы Нюрнбергт очъё гэж бодож байлаа. Би Нью-Йорк руу явахаасаа өмнө Норр ахын эхнэрийн үсийг засах даалгавар авав. Тэр хоёр Канадын Ванкуверт болсон мужийн чуулганд ирсэн байсан юм. Эхнэрийнх нь үсний засалт  таалагдсан болохоор Норр ах надтай уулзахыг хүсэж л дээ. Бид уулзаж сайхан ярилцсан. Би эхлээд Нью-Йорк, дараа нь Герман руу явъя гэж бодож байгаагаа хэллээ. Норр ах намайг Брүүклиний Бетелд 9 өдөр ажиллуулахаар болов.

Энэ аялал миний амьдралыг өөрчилсөн юм. Нью-Йоркт байхдаа Теодор (Тед) Яарач гэдэг залуутай танилцав. Тэр надаас «Чи эхлэгч үү?» гэж асуухад нь би маш их гайхаж «Үгүй» гэж хариулав. Лавон гэдэг найз маань үүнийг сонсоод «Тийм, эхлэгч» гэлээ. Тед жаахан гайхаж, «Та хоёрын хэн нь үнэн яриад байна вэ?» гэж Лавоноос асуув. Тэгэхлээр нь би: «Уг нь эхлэгч л дээ, чуулганы дараагаас дахиад эхлэгчээр үйлчилнэ» гэлээ.

СҮНСЛЭГ ЗАЛУУТАЙ ГЭРЛЭСЭН МИНЬ

Тед 1925 онд АНУ-ын Кентаки мужид төрсөн. Гэрийнхнээсээ ганцаараа үнэнийг хүлээж аваад 15 настайдаа баптисм хүртэж, хоёр жилийн дараа байнгын эхлэгч болсон. Түүнээс хойш 67 жил бүрэн цагаар үйлчилсэн.

1946 оны 7 дугаар сард 20-тойдоо Харуулын Цамхаг Нийгэмлэгийн «Гилеад» Библийн сургуулийн 7 дахь ангийг төгсөөд Охайо мужийн Кливлендэд дүүргийн харгалзагчаар томилогдсон. Дөрвөн жилийн дараа Австралийн салбарын харгалзагчаар үйлчлэх томилолт авсан.

Тед бас Германы Нюрнбергт болсон чуулганд очсон юм. Энэ хугацаанд бид хоёр уулзаж, ярьж хөөрч байлаа. Ингээд хайрын цэцэг дэлбээлж эхэлсэн юм. Еховад бүх л зүрх сэтгэлээсээ үйлчлэх нь хамгийн гол зорилго гэхэд нь би их баярлаж билээ. Чин үнэнч, сайхан сэтгэлтэй, нөхөрсөг зантай, бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө түрүүлж боддог хүн байна гэж дүгнэсэн. Чуулганы дараа Тед Австрали руу, би Ванкувер луу буцсан ч байнга захидлаар харилцдаг байв.

Тед Австралид нийт 5 жил үйлчлээд Америкт буцаж ирсэн. Дараа нь Ванкуверт эхлэгч болоод очсон. Манай гэрийнхэн Тедэд их сайн байгааг хараад би баяртай байлаа. Майкл гэдэг ах маань намайг залуучуудаас их хамгаалдаг байсан юм. Хэрэв хэн нэг Гэрч залуу намайг сонирхоод байвал ах маань санаа зовж байгаагаа хэлдэг байв. Харин Тед сэтгэлд нь их нийцсэн. Ах надад «Мелита, чи сайн хүнтэй учирчээ. Аятайхан хандаж байгаарай. Алдчихав аа» гэж билээ.

Бид 1956 онд гэрлээд бүрэн цагаар олон жил жаргалтай үйлчилсэн

Тед надад ч бас таалагддаг байсан. Бид хоёр 1956 оны 12 дугаар сарын 10-нд гэрлээд, эхлээд Ванкувер, дараа нь Калифорнид эхлэгчээр үйлчилсэн. Тэгээд Миссури, Арканзас мужид явуулын ажилд томилогдсон. АНУ-ын том мужуудад 18 жил явуулын ажил хийхдээ 7 хоног бүр өөр өөр гэрт байдаг байв. Энэ хугацаанд баялаг туршлага хуримтлуулж, олон сайхан найз нөхөдтэй болсон. Тийм учраас чемодантай амьдралаа тухгүй, хэцүү гэж боддоггүй байлаа.

Тед Еховатай тогтоосон харьцаагаа маш их нандигнаж, орчлонт ертөнцийн хамгийн агуу Нэгэнд үйлчлэхийг онцгой завшаан гэж үзнэ. Тийм болохоор би нөхрийгөө их хүндэтгэдэг байсан. Бид хоёр хамт Библи уншиж, судлах дуртай байлаа. Орой унтахаасаа өмнө орныхоо дэргэд өвдөглөж суугаад Тед төлөөлж залбирна. Дараа нь тус тусдаа залбирдаг байлаа. Санаа зовоосон асуудал байвал Тед орноосоо босоод ахин сөхөрч суугаад аман дотроо удаан гэгч нь залбирдаг байв. Том, жижиг ямар ч асуудлаа Еховад хэлэх дуртайг нь би их үнэлдэг байсан.

 Гэрлэснээс хойш хэдэн жилийн дараа Тед надад Оройн зоогийн бэлгэдлийн идээнээс хүртэх гэж байгаагаа хэлж билээ. «Би Еховад шаргуу залбирсан. Тослогдсон гэдэгтээ одоо эргэлзэхгүй байна» гэв. Бурхны сүнсээр тослогдоод тэнгэрт үйлчлэхээр болсон гэхэд нь би тэгтлээ гайхаагүй. Христийн ах дүүг дэмжих завшаан надад тохиож байна гэж бодсон юм (Мат. 25:35–40).

ШИНЭ ТОМИЛОЛТ

1974 онд Тедийг Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилсныг мэдэгдэхэд Тед бид хоёр ямар их гайхсан гэж санана! Удалгүй биднийг Брүүклиний Бетелд дуудав. Тед Удирдах Зөвлөлийн хариуцлагатай ажилд томилогдлоо. Би цэвэрлэгээ хийж, үс засдаг болсон.

Тед олон чухал ажил хийж байсны дотор салбаруудыг эргэж очдог байв. Социалист гэгддэг зүүн европын орнуудад дэлгэрүүлэх ажил ямар байгааг их сонирхоно. Нэг удаа зайлшгүй шаардлагаар Шведэд амарч байхдаа Тед надад «Мелита, дэлгэрүүлэх ажил Польшид хориотой байгаа. Би тэндхийн ах дүүд тусалмаар байна» гэлээ. Ингээд бид виз авч Польш руу явав. Тед байгууллагын ажлыг хариуцдаг ах нартай уулзаж, хүмүүст яриагаа сонсгохгүйн тулд гудамжаар удаан алхаж билээ. Ах нар дөрвөн өдөр эрчимтэй хуралдсан. Тед сүнслэг гэр бүлдээ тусалсандаа сэтгэл хангалуун байгааг нь хараад би баярласан.

Бид 1977 оны 11 дүгээр сард Польшид дахин очив. Ф. В. Фрэнц, Дэниел Сидлик, Тед нар Удирдах Зөвлөлийн гишүүдийн хувьд анхны албан ёсны айлчлалаа хийсэн юм. Манай үйл ажиллагаа хориотой хэвээрээ байсан ч тэд янз бүрийн хотод очиж ахлагч, эхлэгч, мөн олон жилийн туршлагатай Гэрчүүдтэй ярилцаж чадсан.

Зөвшөөрөл авсны дараа Москва дахь Хууль зүйн яамны өмнө Тед нөхөдтэйгөө

Хойтон жил нь нөхөр маань Милтон Хеншелтэй хамт Польшид очиж албаны хүмүүстэй уулзсан. Тэр хүмүүс Гэрчүүдэд арай илүү нааштай ханддаг болсон байлаа. 1982 онд Польшийн засгийн газар нэг өдрийн чуулган хийхийг манайханд зөвшөөрсөн. Дараагийн жил нь илүү том чуулганууд зохиосон бөгөөд ихэнхийг нь танхим түрээслээд хийсэн. 1985 онд хориотой байсан ч дөрвөн том цэнгэлдэх хүрээлэнд чуулган явуулах зөвшөөрөл авсан. Дараа нь илүү том чуулган зохиохоор төлөвлөж байтал 1989 оны 5 дугаар сард Польшийн засгийн газар Еховагийн Гэрчүүдэд албан ёсоор зөвшөөрөл олгосон. Тедийг маш их баярлуулсан үйл явдлын нэг нь энэ юм.

Мужийн чуулган, Польш

СААДЫГ ДАВСАН НЬ

2007 онд бид хоёр Өмнөд Африк дахь салбарыг зориулах ёслолд оролцохоор явж байлаа.  Англид очиход Тедийн даралт ихсэв. Аяллаа хойшлуулахыг эмч зөвлөсөн юм. Тедийг гайгүй болмогц бид АНУ руу буцав. Гэтэл хэдхэн 7 хоногийн дараа цус харваснаас болоод Тедийн баруун тал саажсан.

Эдгэрэх явц нь удаан болохоор эхний үед ажлын өрөөндөө очиж чаддаггүй байлаа. Гэхдээ хэл яриа нь зүгээр байсанд бид их баяртай байж билээ. Ямар ч байсан нөхөр маань тогтсон хэвшлээ алдахгүйг хичээж, тэр байтугай Удирдах Зөвлөлийн хуралд 7 хоног бүр өрөөнөөсөө утсаар оролцдог байлаа.

Бетелийн эмнэлгийнхэн физик эмчилгээ хийж өгдөгт Тед маань их талархдаг байсан. Аажимдаа овоо хөдөлдөг болов. Зарим нэг ажлаа хийж чаддаг болоод зогсохгүй, дандаа баяр хөөртэй хийхийг хичээж байв.

Гурван жилийн дараа хоёр дахь удаагаа цус харваж 2010 оны 6 дугаар сарын 9-ний лхагва гарагт нас барсан. Нөхөр маань хэзээ нэгэн цагт дэлхий дээр амьдрахаа болино гэдгийг би мэддэг байсан ч нөхрийгөө алдахад надад ямар хэцүү байсан гэж санана! Тедийгээ хэчнээн их үгүйлдэг гээч! Гэхдээ би нөхрийгөө дэмжиж байсан гэж бодоод Еховадаа өдөр бүр талархдаг. Бид хоёр хамт 53 жил бүрэн цагаар үйлчилжээ. Тед маань намайг тэнгэрийн Эцэгтэй минь улам дотно болгож өгсөн. Үүний төлөө би Еховад талархдаг. Одоо Тед шинэ үүрэг даалгавраа хүлээж аваад баяр хөөртэй, сэтгэл хангалуун байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

ОДОО

Би Бетелийн гоо сайхны салонд ажиллаж, мэдлэг туршлагаа хуваалцах их дуртай

Нөхөртэйгөө хамт олон жил чөлөө завгүй, гэхдээ баяр хөөртэй үйлчилсний эцэст шинэ өөрчлөлтөд дасах тийм ч амархан биш байна. Тед бид хоёр Бетел болон Хаанчлалын танхимд зочилж ирсэн хүмүүстэй уулзах дуртай байлаа. Одоо хайртай хань минь байхгүй, би ч өмнөх шигээ хүч тэнхээтэй байхаа больсон болохоор олон хүнтэй уулзаж чадахгүй л байна. Гэхдээ л Бетелийн болон хурлын ах дүүтэйгээ хамт байгаадаа баярладаг. Бетелийн ажил, амьдрал амархан биш ч Бурхандаа бүрэн цагаар үйлчлэхийн баяр жаргалыг амсдаг. Үүний зэрэгцээ дэлгэрүүлэх ажилдаа ч дуртай хэвээрээ байна. Олон цагаар явж чадахгүй, амархан ядардаг болсон ч гудамжаар дэлгэрүүлж, хүмүүст Библийн хичээл заадагтаа маш их сэтгэл хангалуун байдаг.

Энэ ертөнцөд болж буй янз бүрийн аймшигтай зүйлээс болж зовдог хүн олон. Харин би сайхан ханьтайгаа Еховад үйлчилж байсандаа үнэхээр баярладаг. Миний амьдрал Еховагийн ивээлээр баян болсон (Сур. 10:22).