Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 9 сар 

«Итгэл дотроо бат зогс»

«Итгэл дотроо бат зогс»

«Итгэл дотроо бат зогс. ... Хүчтэй байгтун» (1 КОР. 16:13).

ДУУ: 23, 34

1. а) Галил нууранд догшин шуурга дэгдэх үед ямар үйл явдал болсон бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Петр яагаад живж эхэлсэн бэ?

ШӨНӨ дундын алдад догшин шуурга дэгдэж Галил нуур хүчтэй давалгаалав. Элч Петрийг нөхдийнхөө хамт завиа сэлүүрдэх гэж чадлаа барж байтал Есүс «нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явах» нь тэр. Петр Есүсээс «Усан дээгүүр алхаж Өөр уруу тань ирэхийг надад тушаагаач» гэхэд «Ир» гэлээ. Тэрбээр завинаасаа буугаад усан дээгүүр алхан Есүс рүү явж байснаа салхи хараад айсандаа живж эхлэв. Тэгээд тусламж гуйн хашхирахад «Есүс тэр даруй гараа сунган, түүнийг зууран “Бага итгэлт минь, чи юунд эргэлзэв?” гэжээ» (Мат. 14:24–32).

2. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

2 Петрт тохиолдсон явдлаас итгэлтэй холбоотой гурван зүйлийг ярилцъя. 1) Эхлээд Петр Еховаг тусална гэж итгэж байсан нь юунаас харагддаг вэ? 2) Итгэл нь яагаад суларсан бэ? 3) Дахин итгэлтэй болоход нь юу тусалсан бэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авбал «итгэл дотроо бат  зогсохын» тулд яах хэрэгтэйг ойлгоно (1 Кор. 16:13).

БУРХАН ТУСАЛНА ГЭДЭГТ ИТГЭЭРЭЙ

3. Петр яагаад завинаас буусан бэ? Бид Петртэй юугаараа адилхан бэ?

3 Бурхан тусална гэдэгт Петр итгэж байсан учраас «Ир» хэмээн Есүсийг хэлэхэд завинаасаа буусан. Ехова Есүсийг усны мандал дээгүүр алхуулсан шигээ өөрийг нь тийм чадвартай болгоно гэдэгт Петр эргэлзээгүй. Бид ч бас адилхан. «Ир» гэж Есүсийг хэлэхэд Еховад амь амьдралаа зориулж, баптисм хүртсэн. Яагаад? Ехова Есүс хоёрт итгэж, тусалж дэмжинэ гэж найдсан учраас тэр юм (Иох. 14:1; 1 Петр 2:21-ийг уншина уу).

4, 5. Итгэлийг үнэлж баршгүй эд хөрөнгө гэхийн учир юу вэ?

4 Итгэл бол үнэлж баршгүй эд хөрөнгө юм. Петр бат итгэлтэй байсныхаа ачаар усан дээгүүр алхсан шиг бид итгэлтэй учраас хүний хүч хүрэхээргүй зүйлийг хийж чаддаг (Мат. 21:21, 22). Тухайлбал, сэдэл хандлага, ааш араншингаа эрс өөрчилсөн хүн бидний дунд цөөнгүй бий. Еховад хайртай учраас ийнхүү танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Ехова ч дэмжиж тусалсан (Колоссай 3:5–10-ыг уншина уу). Бид Бурханд итгэсэн болохоор амь амьдралаа зориулж, анд найз нь болсон билээ. Ехова туслаагүй бол хэзээ ч ингэж чадахгүй байх байсан (Еф. 2:8).

5 Бид итгэлтэй учраас хүчээр давуу Диавол хэмээх дайсны довтолгоог сөрөн зогсож чаддаг (Еф. 6:16). Еховад найддагийнхаа ачаар бэрхшээл тулгарахад тэгтлээ их санаа зовдоггүй. Хаанчлалыг эн тэргүүнд тавивал хэрэгтэй «бүхнийг нэмж өгнө» гэсэн Еховагийн амлалтад огтхон ч эргэлздэггүй (Мат. 6:30–34). Түүнээс гадна, хэчнээн хичээгээд ч өөрийнхөө хүчээр олж авч чадахгүй зүйлийг бэлэг болгон авсан. Энэ бол мөнх амьдрах найдвар юм (Иох. 3:16).

АНХААРАЛ САРНИВАЛ ИТГЭЛ СУЛАРНА

6, 7. а) Салхи, давалгааг юутай адилтгаж болох вэ? б) Бурханд итгэхээ болих аюул байдгийг яагаад онцгой анхаарах ёстой вэ?

6 Петрийг усан дээгүүр алхаж явахад салхи салхилж, нуур давалгаалсан. Үүнийг сорилт тулгарч, хорхой хүргэм зүйл тохиолддогтой адилтгаж болно. Хэчнээн тэсэшгүй мэт санагдсан ч христианууд ийм бэрхшээлийг Еховагийн тусламжаар давж чаддаг. Петр яагаад живэх шахсан бэ? Салхинд хийсэж, давалгаанд цохиулсан учраас биш, харин «салхи хараад, айсан» (Мат. 14:30). Есүсээс харцаа салгасны гайгаар итгэл нь суларсан. Бид бас «салхи харах» буюу бэрхшээлээ бодоод байвал Еховаг тусалж дэмжинэ гэдэгт эргэлзэж мэднэ.

7 Бурханд итгэхээ болих аюул биднийг отож байдаг. Үүнийг тоохгүй өнгөрч болохгүй. Яагаад гэвэл итгэл сулрах юм уу итгэлгүй болохыг Библид нүгэл хэмээгээд энэ нь «биднийг тун амархан урхиддаг» гэсэн байдаг (Евр. 12:1). Анхаарах ёсгүй юмыг анхаарч эхэлбэл итгэл амархан сулардгийг Петрт тохиолдсон явдал харуулдаг. Ийм аюул ойрхон байгаа эсэхийг яаж мэдэх вэ? Дараах асуултаар өөрийгөө шалгаарай.

8. Юунаас болоод Бурхны амлалтад өмнөх шигээ итгэхээ больж мэдэх вэ?

8 Би Бурхны амлалтад өмнөх шигээ бат итгэж байгаа юу? Жишээлбэл, Сатаны ертөнцийг устгана гэсэн амлалт бий. Өнөө үед зугаа гаргаж, сэтгэлийн  цэнгэл эдлүүлэх зүйл бишгүй болжээ. Та тийм зүйлд татагдаагүй биз дээ? Хэрэв татагдвал төгсгөл ойрхон байгаад эргэлзэж эхэлнэ (Хаб. 2:3). Өөр нэг амлалтыг бодож үзье. Бурхан биднийг золиосны үндсэн дээр уучлахаа амласан. Хэрэв өмнөх алдаагаа бодоод шаналаад байвал Ехова үнэхээр уучилсан эсэхэд эргэлздэг болж мэднэ (Үйлс 3:19). Улмаар Бурхандаа баяр баясгалантай, идэвх зүтгэлтэй үйлчлэхээ болино.

9. Хувийн эрх ашгаа боддог болбол ямар аюултай вэ?

9 Би Бурхандаа өмнөх шигээ идэвхтэй үйлчилж байгаа юу? Еховад үйлчлэхийн төлөө бүхнээ дайчилдаг бол ирээдүйгээ тод харна. Харин хувийн хүслээ биелүүлэхийг гол болгож эхэлбэл юу болох вэ? Жишээлбэл, их цалинтай ч Еховад үйлчлэхэд саад болдог ажилд орвол яах вэ? Итгэл суларч, Бурхныхаа ажилд оролцохоос хойш суудаг болно (Евр. 6:10–12).

10. Бусдыг уучилдаг бол Еховад итгэдэг гэхийн учир юу вэ?

10 Би бусдыг уучилдаг уу? Та гомдохлоороо яадаг вэ? Тэр хүнд уурлаад юу ч яримааргүй санагддаг уу? Тэгдэг бол өөрийгөө хэтэрхий их боддог болно. Харин уучилдаг бол Еховад итгэдгийн шинж юм. Яагаад тэгж хэлж болох вэ? Бид нүгэл үйлдэхлээрээ Бурханд өртэй болдог шиг, биднийг гомдоосон хүн бидэнд өртэй болдог (Лук 11:4). Хэрэв бид тэр хүнийг уучилбал Бурхны сайшаалыг олно. Энэ бол хүнээс авлагаа авахаас илүү чухал зүйл юм. Ийм итгэлтэй байж гэмээнэ бусдыг уучилж чадна. Есүсийн шавь нар үүнийг ойлгодог байсан. Дахин дахин гомдоосон хүнийг уучилдаг байхыг Есүс захихад шавь нар нь: «Итгэлийг маань өсгөөч» гэжээ (Лук 17:1–5).

11. Яавал зөвлөгөөг дагахгүй байх аюултай вэ?

 11 Хүн зөвлөгөө өгөхөд би дургүйцдэг үү? Надад тохирохгүй гэж үзэх юм уу зөвлөгөө өгч буй хүнээс өө сэв хайхын оронд ямар ач тустайг нь бодоорой (Сур. 19:20). Ингэдэг бол Еховатай адилхан бодож сурна.

12. Бурхны хоньдыг хариулахаар томилогдсон хүнийг муулах нь юуны шинж вэ?

12 Удирдах үүрэг хүлээдэг хүмүүсийг би муулдаг уу? Итгэл багатай арван туршуулын авчирсан муу мэдээг израильчууд сонсоод Мосе Аарон хоёрт дургүйцжээ. Тэгэхэд нь Ехова Мосегоос «Тэд хэр удаан Надад итгэхгүй байх юм бэ?» хэмээн асуудаг (Тоол. 14:2–4, 11). Израильчууд Мосе Аарон хоёрт дургүйцсэн нь, үнэн хэрэгтээ, тэднийг томилсон Бурханд итгэж найдаагүй хэрэг юм. Хэрэв бид Бурхны хоньдыг хариулахаар томилогдсон хүмүүсийг муулдаг бол итгэл дутуу гэсэн үг.

13. Итгэл дутуугаа анзаарсан бол яагаад сэтгэлээр унах хэрэггүй вэ?

13 Та эдгээр асуултаар өөрийгөө шалгаж үзээд итгэл дутуугаа анзаарсан бол сэтгэлээр бүү унаарай. Элч Петр хүртэл айдаст автаж, эргэлзэж эхэлсэн шүү дээ. Есүс заримдаа элч нараа «итгэл багатай» гэж зэмлэж байсныг санаарай (Мат. 16:8). Петр итгэл нь суларч усанд живэх шахсаныхаа дараа нэг чухал зүйлийг хийсэн. Тэр нь бидэнд их сургамжтай.

ИТГЭЛЭЭ БЭХЖҮҮЛЭХИЙН ТУЛД ЕСҮС РҮҮ ХАРААРАЙ

14, 15. а) Петр живж эхэлмэгцээ яасан бэ? б) Есүс рүү «хараагаа чиглүүлнэ» гэж яахыг хэлдэг вэ?

14 Петр салхи хараад живж эхэлмэгцээ завь руугаа сэлээд очиж болох л байсан. Сайн сэлдэг болохоор ядах юмгүй байв (Иох. 21:7). Гэхдээ тэрбээр өөртөө эрдэхийн оронд Есүс рүү дахин харж тусламж гуйсан. Итгэл маань суларч байгааг анзаарвал бид Петрийг дуурайх учиртай. Чухам яаж?

15 Петр Есүс рүү дахин хараад тусламж гуйсны адил бид бас «итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлэх» учиртай (Еврей 12:2, 3-ыг уншина уу). Петр Есүсийг бодитоор харсан. Харин бид тэгж чадахгүй ч үг сургаал, үйл хэргийг нь судалж, мөрөөр нь алдалгүй дагадаг бол Есүс рүү «хараагаа чиглүүлж» байна гэсэн үг. Есүсийн үлдээсэн жишээнд үндэслэн юу хийж болохыг ярилцъя. Тэгээд ажил хэрэг болгоцгооё. Ингэвэл итгэл бэхэжнэ.

Есүсийн үлдээсэн жишээг судалж, мөрөөр нь алдалгүй дагадаг бол бат итгэлтэй байна (15-р догол мөрийг үзнэ үү)

16. Итгэлээ бэхжүүлэхийн тулд Библийг хэрхэн судлах вэ?

16 Библийг Бурхны Үг гэдэгт итгэх. Есүс Судрыг Бурхны Үг гэж итгэн, заавар зөвлөгөө нь хамгийн зөв гэдгийг мэддэг байсан (Иох. 17:17). Есүсийн жишээгээр Библийг өдөр бүр уншиж судлан, сурч мэдсэнээ эргэцүүлэн бодоорой. Бас эргэлзээд байгаа асуултынхаа хариуг эрж олоорой. Жишээлбэл, та энэ тогтолцооны төгсгөл хаяанд ирчихээд байгаад эргэлздэг үү? Тийм бол, одоо эцсийн өдрүүд гэдгийн баталгааг Библиэс нэг бүрчлэн судлаарай. Ирээдүйн тухай зөгнөлүүд биелнэ гэдэгт бүрэн итгэж чаддаггүй бол өнөөг хүртэл биелсэн зөгнөлүүдийг судлаарай. Библи одоо ч ач тустай гэдэгт эргэлзэлгүй итгэхийн тулд энэ ном хүмүүсийг хэрхэн өөрчилснийг харуулах түүх намтар уншаарай * (1 Тес. 2:13).

17. Есүс хамгийн хэцүү сорилтыг юуны ачаар давсан бэ? Есүсийг хэрхэн дуурайх вэ?

 17 Ирээдүйд хүртэх ивээлээ бодох. Есүс «Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалан» руу хараагаа чиглүүлдэг байсан болохоор Еховад үнэнч байж, хамгийн хэцүү сорилтуудыг давсан (Евр. 12:2). Сатаны ертөнц юу ч амласан сэтгэл нь татагдаагүй (Мат. 4:8–10). Есүсийг хэрхэн дуурайх вэ? Еховагийн амласан сайхан ирээдүйн талаар эргэцүүлэн бодоорой. Та өөрийгөө шинэ ертөнцөд байгаагаар төсөөлөөрэй. Тэнд юу хийе гэж бодож байгаагаа бичих юм уу зураарай. Нас барсан хүмүүсээс хэнтэй уулзахыг хүсэж байгаагаа жагсааж бичээрэй. Тэдэнтэй юуны тухай ярилцахаа бодоорой. Бурхны өгсөн амлалтыг хүн төрөлхтөнд бүхэлд нь зориулсан гэж бодохоосоо илүү, өөртөө хамааруулж төсөөлөөрэй.

18. Итгэлээ бэхжүүлэхэд залбирал хэрхэн туслах вэ?

18 Илүү их итгэлтэй болгож өгөөч гэж залбирах. Еховагаас ариун сүнс гуйж байхыг Есүс шавь нартаа захисан (Лук 11:9, 13). Бат итгэлтэй байхын тулд та бас ариун сүнс гуйж байгаарай. Ариун сүнсний үр жимсний нэг хэсэг нь итгэл юм. Итгэлтэй байхад саад болдог ямар нэг дутагдал илэрвэл, жишээ нь бусдыг уучилж чадахгүй байвал Еховагаас тусламж гуйн тодорхой залбираарай.

19. Ямар хүнийг найзаа болгох вэ?

19 Бат итгэлтэй хүмүүстэй анд бололцох. Есүс найз нөхрөө зөв сонгодог байсан. Дотно нөхөрлөж байсан элч нар нь үнэнч, итгэлтэй, дуулгавартай хүмүүс байв (Иохан 15:14, 15-ыг уншина уу). Бид найз нөхрөө сонгохдоо Есүсийг дуурайх учиртай. Есүсийг дуулгавартай дагадаг, үнэнч хүмүүстэй нөхөрлөөрэй. Жинхэнэ найзууд бие биетэйгээ илэн далангүй ярилцаж, шаардлагатай үед нэг нэгэндээ зааж зөвлөдөг, зөвлөгөөг нь сонсдог (Сур. 27:9).

20. Бусдын итгэлийг бэхжүүлэх нь бидэнд ямар ач тустай вэ?

20 Итгэлээ бэхжүүлэхэд нь бусдад туслах. Есүс үг яриа, үйл хэргээрээ шавь нарынхаа итгэлийг бэхжүүлдэг байсан (Марк 11:20–24). Есүсийг дуурайвал бусдад ч тусална, итгэл маань ч бэхэжнэ (Сур. 11:25). Дэлгэрүүлэх болон Библийн хичээл заахдаа Бурхан бодитой оршин байдгийг, бидэнд санаа тавьдгийг, Библийг Бурхны Үг гэдгийг батлаарай. Бас ах дүүсийнхээ итгэлийг бэхжүүлээрэй. Хэрэв тэд хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийг муулж яривал тэднээс хөндийрөхийг бүү урьтал болгоорой. Эвийг нь олоод тусалж дэмжээрэй (Иуда 22, 23). Охид хөвгүүд ээ, эволюцийн онолын тухай хичээл орвол итгэл үнэмшлээ зоригтой хамгаалаарай. Та нарын яриа ангийнханд чинь хүчтэй нөлөөлөх ч юм бил үү.

21. Еховагийн тусламжаар бид юу хийж чадах вэ?

21 Элч Петр нэгэн цагт айж, эргэлзэж явсан ч Ехова Есүс хоёрын ачаар ялан дийлж, тухайн үеийнхээ христиануудад итгэлийн жишээ болсон билээ. Бид бас Еховагийн тусламжаар «итгэл дотроо бат зогсож» чадна (1 Петр 5:9, 10-ыг уншина уу). Бат итгэлтэй байхын тулд их зүтгэл гаргах хэрэгтэй. Эцэст нь юутай ч харьцуулшгүй ивээл хүртэнэ.

^ д/м 16 Жишээлбэл, нийтэд зориулсан «Харуулын цамхаг» сэтгүүлд «Библи хүнийг өөрчилдөг» гэдэг булан бий.