Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 9 сар 

Таны мөс чанар найдвартай удирдлага болдог уу?

Таны мөс чанар найдвартай удирдлага болдог уу?

«Бидний тушаалын зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд чин үнэнч итгэлээс гарах хайр юм» (1 ТИМ. 1:5).

ДУУ: 22, 48

1, 2. Хүн яагаад мөс чанартай вэ? Мөс чанартайдаа яагаад баярлах хэрэгтэй вэ?

ЕХОВА БУРХАН хүнийг бүтээхдээ сонгох эрх чөлөө өгсөн. Энэ эрх чөлөөгөө зөв эдлэхэд тусалж зүг чиг заадаг гайхамшигтай чадвар хайрлажээ. Үүнийг мөс чанар гэдэг. Зөв бурууг ялгаж таних энэ мэдрэмж хүн бүрд байдаг. Мөс чанараа зөв сургавал сайныг үйлдэж, муугаас зайлсхийнэ. Бурхан бидэнд мөс чанар өгсөн нь хүн төрөлхтнийг хайрлаж, сайн үйлс бүтээгээсэй, эв нэгдэлтэй амьдраасай гэж хүсдэгийн илрэл юм.

2 Өнөө үед Библийн хэм хэмжээг мэддэггүй хүн олон болжээ. Гэсэн хэдий ч сайн үйлс бүтээж, муу муухайг үзэн яддаг хүн байсаар байна (Ром 2:14, 15-ыг уншина уу). Яагаад? Мөс чанартай учраас тэр юм. Жигшүүртэй зүйл хийхийг мөс чанар нь тэдэнд зөвшөөрдөггүй. Хэрэв хүнд мөс чанар байгаагүй бол дэлхий ертөнц өдийд ямар аймшигтай байх бол оо! Бид одоо сонсдогоосоо ч илүү бузар булай  юм сонсох байсан биз ээ. Тиймээс хүн төрөлхтөнд мөс чанар хайрласан Еховадаа талархах учиртай.

3. Зөв сургасан мөс чанартай хүн хуралдаа сайнаар нөлөөлдөг гэхийн учир юу вэ?

3 Еховагийн Гэрчүүд мөс чанараа сургадгаараа бусдаас ялгаатай. Бурхны Үгэнд байдаг сайн муу, зөв буруугийн хэм хэмжээнд нийцдэг мөс чанартай болохыг тэд хүсдэг. Зөв сургасан мөс чанартай хүн хуралдаа сайнаар нөлөөлдөг. Гэхдээ мөс чанараа сургаж, түүгээр удирдуулдаг байхын тулд Библид юу гэж байдгийг зүгээр нэг мэдэх нь учир дутагдалтай. Бурхны тогтоосон хэм хэмжээг эрхэмлэн хайрлаж, надад ач тустай гэж итгэх хэрэгтэй. Элч Паул: «Бидний тушаалын зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд чин үнэнч итгэлээс гарах хайр юм» гэжээ (1 Тим. 1:5). Бид мөс чанараа сургаж, түүнийгээ удирдлага болгодог бол Еховаг гэсэн хайр ч лавширна, итгэл маань ч бэхэжнэ. Христиан хүн мөс чанараараа хэрхэн удирдуулдгаас Еховатай тогтоосон харьцаа, зүрх сэтгэл нь ямар вэ гэдэг нь харагддаг. Бас ямар хүн бэ гэдэг нь илэрхий болдог.

4. Мөс чанараа яаж сургах вэ?

4 Мөс чанараа яаж сургах вэ? Залбирч байгаад Библийг тогтмол уншиж, уншсанаа эргэцүүлэн бодож, сурснаа ажил хэрэг болгох хэрэгтэй. Гэхдээ баримт мэдээлэл цуглуулж, хууль дүрэм мэдэж аваад л сэтгэл ханаж болохгүй. Библи судлахдаа Еховаг улам сайн мэдэх зорилго тавиарай. Бурхны зан чанар, үзэл бодол, юунд дуртай, юунд дургүйг нь мэдэж аваарай. Тэгвэл мөс чанар маань Еховагийн тогтоосон хэм хэмжээнд нийцдэг болно. Мөс чанараа хэдийчинээ сургана, үзэл бодол маань төдийчинээ Еховагийнхтай адилхан болно.

5. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

5 Танд дараах асуултууд төрж мэдэх юм. «Зөв шийдвэр гаргахад сайн сургасан мөс чанар ямар үүрэгтэй вэ? Мөс чанараараа удирдуулан шийдвэр гаргасан итгэл нэгтнүүдээ хүндэлж байгаагаа хэрхэн харуулах вэ? Мөс чанар маань биднийг сайн үйлст хэрхэн уриалан дууддаг вэ?». Эдгээр асуултыг бодонгоо 1) эрүүл мэндээ анхаарах, 2) чөлөөт цагаа өнгөрүүлэх, 3) дэлгэрүүлэх ажилд оролцоход сайн сургасан мөс чанар ямар ач тустайг авч үзье.

УХААЛАГ БАЙ

6. Бид эрүүл мэндтэй холбоотой ямар шийдвэр гаргах хэрэгтэй болдог вэ?

6 Хор уршигтай аливаа зүйлээс хол байж, идэж уух зэрэг зуршлаа анхаарахыг Библи бидэнд сануулдаг (Сур. 23:20; 2 Кор. 7:1). Хүн өтөлж хөгширч, өвчин тусдаг ч гэлээ Библийн зарчмыг дагадаг бол эрүүл мэндээ тодорхой хэмжээгээр хамгаалж чаддаг. Зарим улсад уламжлалт болон орчин үеийн анагаах ухаан хөгжсөн байдаг. Христиан хүн ямар эмчилгээ хийлгэж, ямрыг нь хийлгэж болохгүйг асуусан захидал салбаруудад их ирдэг. «Еховагийн Гэрч ийм эмчилгээ хийлгэж болох уу?» гэж асуудаг хүн олон байдаг.

7. Эмчилгээтэй холбоотой ямар шийдвэр гаргах хэрэгтэй болдог вэ?

7 Тухайн христиан ямар эмчилгээ хийлгэхийг хурлын ахлагч ч, салбар ч шийдэх эрхгүй (Гал. 6:5). Гэхдээ зөв шийдвэр гаргахад нь туслах зорилгоор Библид ямар зарчим байдгийг хэлж өгөх нь зүйн хэрэг. Жишээлбэл, христиан хүний санах ёстой нэг зүйл бол цусыг цээрлэ гэсэн тушаал юм (Үйлс 15:29). Тэгэхлээр бүхэл цус болон цусны үндсэн дөрвөн хэсэг орсон эм тариа хэрэглэж болохгүй нь тодорхой  байна. Үүнээс үүдээд цусны үндсэн дөрвөн хэсгээс гаргаж авсан жижиг хэсгүүдээр эмчилгээ хийлгэх эсэхээ мөс чанараараа шийдэх хэрэгтэй болно. * Эмчилгээ сонгоход тус болох өөр ямар зарчим Библид байдаг вэ?

8. Эрүүл мэндтэй холбоотой зөв шийдвэр гаргахад Филиппой 4:5 хэрхэн тусалдаг вэ?

8 «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» гэж Сургаалт үгс 14:15-д байдаг. Зарим өвчнийг эмчлэх арга одоо ч олдоогүй байна. Тийм өвчин туссан хүмүүс ам дамжсан яриагаар, ямар ч баталгаагүй эмчилгээ шууд хийлгэдэг. Бид ингэхээс болгоомжлох хэрэгтэй. Элч Паул ариун сүнсээр удирдуулан «Та нарын тэвчээр [«ухаалаг байдал», ШЕ] бүх хүнд мэдэгдэг» хэмээн бичжээ (Флп. 4:5). Ухаалаг христиан эрүүл мэнддээ хамаг цаг заваа зориулдаггүй. Харин сүнслэг зүйлийг анхаардаг. Эрүүл мэндээ хэт анхаарвал өөрийгөө л боддог болно (Флп. 2:4). Тодорхой хэмжээгээр анхаарах хэрэгтэй боловч бидний хувьд хамгийн чухал нь сүнслэг зүйл юм (Филиппой 1:10-ыг уншина уу).

Та үзэл бодлоо бусдад тулгадаг уу? (9-р догол мөрийг үзнэ үү)

9. Эрүүл мэндтэй холбоотой шийдвэр гаргахад Ром 14:13, 19-т байдаг зарчим хэрхэн туслах вэ? Итгэл нэгтнүүд яавал эв эвдрэлцэх аюултай вэ?

9 Ухаалаг христиан өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгадаггүй. Европт амьдардаг гэр бүлийн хоёр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг идэвхтэй сурталчилж, хоолны дэглэм сахихыг итгэл нэгтнүүддээ уриалдаг байв. Зарим нь тэдний ятгалгад автаж бүтээгдэхүүнийг нь хэрэглэжээ. Гэвч үр дүн гарсангүй. Энэ явдал уур бухимдал, ширүүн маргаанаар төгсжээ. Ямар нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх, ямар хоолны дэглэм барих нь тэдний л хэрэг. Гэхдээ үүнээс болоод хурлынхаа эв нэгдлийг эвдэн бусниулах ёсгүй. Эртний Ромын христианууд нэгэн үе хоол хүнс, баяр ёслолын талаар санал зөрөлдөж байжээ. Паул тэдэнд «Нэг хүн нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, өөр нэг хүн өдөр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй байг» гэсэн зөвлөгөө өгчээ. Хамгийн гол нь ах дүүгийнхээ өмнө «бүдрүүлэх чулуу» тавих ёсгүй байв (Ром 14:5, 13, 15, 19, 20-ийг уншина уу).

10. Мөс чанараараа удирдуулан шийдвэр гаргасан итгэл нэгтнүүдээ яагаад хүндэтгэх ёстой вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

10 Мөс чанараараа удирдуулан шийдвэр гаргасан итгэл нэгтнүүдээ ойлгохгүй үед яах нь зүйтэй вэ? Шууд шүүмжлэх юм уу үзэл бодлыг нь өөрчлөх гэж хүчилж болохгүй. Тэр хүний мөс чанар «мөхөс» учраас илүү сайн  сургах хэрэгтэй байж болох юм. Эсвэл аливаа асуудалд хэт мэдрэг байж мэднэ (1 Кор. 8:11, 12). Нөгөө талаас бид бас мөс чанараа шалгаад Библийн зарчимд нийцүүлж сургах хэрэгтэй ч юм бил үү. Хүн бүр эрүүл мэндтэй холбоотой асуудлаа өөрөө шийдэж, үүнийхээ хариуцлагыг хүлээж чаддаг байх хэрэгтэй.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ЗӨВ ЗОХИСТОЙ ӨНГӨРҮҮЛ

11, 12. Чөлөөт цагаа өнгөрүүлэх талаар Библид ямар зөвлөгөө байдаг вэ?

11 Ехова хүнийг баясаж цэнгэх хэрэгцээтэй бүтээсэн. «Инээх цаг», «бүжиглэх цаг» гэж байдгийг Соломон бичжээ (Ном. 3:4). Гэхдээ тоглоом болгон ач тустай, алжаал тайлдаг, сэтгэл сэргээдэг гэсэн үг биш ээ. Хэтэрхий олон цагаар эсвэл хэтэрхий олон удаа зугаацаж цэнгэх нь ч сайн биш. Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд мөс чанар ямар үүрэгтэй вэ?

12 Библи биднийг «махан биеийн үйлсээс» сэрэмжлүүлдэг. Үүнд «завхайрал, бузар байдал, тачаангуй байдал, шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх гэх зэрэг нь» ордог. Паул цааш нь бичихдээ «Ийм зүйлсийг үйлдэгчид нь Бурханы хаанчлалыг өвлөхгүй» гэжээ (Гал. 5:19–21). Тиймээс бид өөрсдөөсөө «Цөс хөөргөсөн, өрсөлдөх сэтгэл төрүүлсэн, үндсэрхэх үзлийг дэвэргэсэн, хүчирхийллийн шинжтэй тэмцээн үзэхлээрээ сэтгэл минь өвддөг үү? Бэлгийн харьцааг ил тод харуулсан хэсэгтэй эсвэл ёс журамгүй явдал, архидалт, ид шидийг өөгшүүлсэн кино үзмээр санагдахад дотор хүн маань намайг хорьдог уу?» гэж асуугаарай.

13. 1 Тимот 4:8; Сургаалт үгс 13:20-д байдаг зарчим чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд хэрхэн туслах вэ?

13 Библи бас мөс чанараа сургахад тус болох зарчмуудыг хэлж өгдөг. Жишээлбэл «Биеийн дасгал нь өчүүхэн тус болох юм» гэж байдаг (1 Тим. 4:8). Тогтмол дасгал хийх нь эрүүл мэндэд сайн, сэтгэл сэргээж, алжаал тайлдаг гэж үздэг хүн олон. Хүмүүстэй хамт спортоор хичээллэе гэвэл хэнтэй ч хамаагүй нийлж болох уу? Сургаалт үгс 13:20-д «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» гэжээ. Тэгэхлээр чөлөөт цагаа яаж өнгөрүүлэхээ шийдэхдээ Библиэр сургасан мөс чанараараа удирдуулах нь чухал байх нь ээ.

14. Эцэг эх нь охиндоо Ром 14:2–4-т байдаг зарчмыг хэрхэн ойлгуулсан бэ?

14 Кристиан Даниела хоёр өсвөр насны хүүхдүүдтэй ажээ. Кристиан: «Манайх нэг удаа Гэр бүлийн Библийн хичээлээрээ чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх талаар ярилцсан юм. Зарим зугаа цэнгэл христиан хүний хувьд зохистой байхад, зарим нь зохисгүй гэдэгтэй бид дөрвийн санал нийлэв. Хэнийг сайн найз гэх вэ гэж би асуулаа. Нэг охин маань зарим Гэрч хүүхдийг завсарлагаанаар биеэ зөв авч явдаггүй гэж боддог гэлээ. Тэгсэн мөртлөө тэдэнтэй адилхан байхаас өөр аргагүй юм шиг санагддаг гэсэн. Хүн бүр өөр өөр мөс чанартай байдгийг эхнэр бид хоёр охиндоо тайлбарлаж, юу хийх, хэнтэй нийлэхээ мөс чанараараа удирдуулж шийдэх хэрэгтэйг хэлсэн» гэжээ (Ром 14:2–4-ийг уншина уу).

Мөс чанараа Библиэр сургасан хүн муу юм хийхгүй (14-р догол мөрийг үзнэ үү)

15. Хэзээ зугаацаж цэнгэхээ шийдэхэд Матай 6:33-т байдаг зарчим хэрхэн туслах вэ?

15 Хэзээ зугаацаж цэнгэх вэ? Та цуглаан, дэлгэрүүлэх ажил, бие даан судлах  зэрэг сүнслэг зүйлийг эхлээд хийдэг үү? Эсвэл зугаацаж цэнгэхээ урьтал болгодог уу? Таны хувьд аль нь илүү чухал бэ? Есүс: «Эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» гэжээ (Мат. 6:33). Сүнслэг зүйл зугаа цэнгэл хоёрын аль нэгийг сонгох болоход мөс чанар тань Есүсийн энэ зөвлөгөөг сануулдаг уу?

ИДЭВХТЭЙ ДЭЛГЭРҮҮЛ

16. Идэвхтэй дэлгэрүүлэхэд сайн мөс чанар ямар үүрэгтэй вэ?

16 Сайн мөс чанар буруу хэрэг хийхээс сэрэмжлүүлэхийн зэрэгцээ зөв үйлст уриалан дууддаг. Хамгийн зөв үйлс бол Хаанчлалын тухай сайн мэдээг айлаар дэлгэрүүлэх, бас боломж бүрийг ашиглан албан бусаар гэрчлэх явдал юм. Ийм үйлст хувь нэмрээ оруулдаг байсан Паул: «Би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог» гэжээ (1 Кор. 9:16). Паулыг дуурайн сайн мэдээ тунхаглахын хэрээр зөв юм хийж байгаагаа мэдээд мөс чанар маань тайван байна. Бас бусдын мөс чанарыг «сэрээж», тэдэнд нэгийг бодуулдаг. Паулын хэлснээр бид ийнхүү үнэнийг тунхаглаж Бурхны өмнө бүх хүнд сайн жишээ үзүүлдэг (2 Кор. 4:2)

17. Нэг охин Библиэр сургасан мөс чанараараа хэрхэн удирдуулсан бэ?

17 Жаклиныг 16-тай байхад биологийн хичээл дээр багш нь эволюцийн онол заажээ. «Би эволюцийн онолд итгэдэггүй учраас мөс чанар минь өвдөөд тэр хичээлд урьдынх шигээ идэвхтэй оролцож чадаагүй. Багш дээрээ очоод учраа хэллээ. Тэгтэл багш уурлах нь битгий хэл, харин ч ангийнхандаа бүтээлийн тухай сэдвээр яриач гэсэн санал тавьсан» хэмээн Жаклин ярьсан юм. Тэрбээр Библиэр сургасан мөс чанараа сонсож, түүгээр удирдуулсандаа маш их сэтгэл хангалуун байжээ. Та бас мөс чанартаа захирагддаг уу?

18. Мөс чанараа сайн сургах нь яагаад чухал бэ?

18 Еховагийн тогтоосон хэм хэмжээ, хууль зарчмын дагуу амьдрах нь бидний зорилго юм. Энэ зорилгодоо хүрэхэд сайн сургасан мөс чанар чухал үүрэгтэй! Бурхны Үгийг тогтмол судалж, сурч мэдсэнээ эргэцүүлэн бодож, ажил хэрэг болгодог бол мөс чанараа сургаж байна гэсэн үг. Ийм мөс чанар бидний амьдралын зүг чигийг зөв заадаг найдвартай багаж болно!

^ д/м 7 «Бурхны хайр» номын 215–218-р хуудсыг үзнэ үү.