Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 8 сар 

Иоаннагаас суралцъя

Иоаннагаас суралцъя

ЕСҮС 12 элчтэй байсныг хүмүүс мэддэг. Харин өөр олон шавьтай байсныг нь, түүний дотор өөртэй нь дотносон нөхөрлөж явсан Иоанна нарын эмэгтэйчүүд байсныг мэддэггүй байж магад (Мат. 27:55; Лук 8:3).

Иоанна Есүсийг хэрхэн дэмжиж байсан бэ? Иоаннагаас юу сурч болох вэ?

ИОАННА ГЭЖ ХЭН БЭ?

Иоаннаг «Херодын нярав болох Кузагийн эхнэр» гэсэн байдаг. Куза нь Херод Антипын эд хөрөнгийг хариуцдаг байсан бололтой. Есүсийн эдгээсэн эмэгтэйчүүдийн нэг нь Иоанна юм. Иоанна бусад эмэгтэйтэй хамт Есүс болон элч нарыг даган, дэлгэрүүлэх аяллаар явдаг байжээ (Лук 8:1–3).

Бүсгүйчүүд эрчүүдтэй төрөл садан л биш бол нийлж нөхөрлөж болохгүй гэж шашны удирдагчид номлодог байв. Аяллаар хамт явах нь бүр ч хориотой. Ер нь иудей эрчүүд эмэгтэй хүнтэй их ярих ёсгүй байжээ. Харин Есүс энэ ёс заншлыг дагалгүй Иоанна болон бусад эмэгтэйг аяллын багтаа оруулсан.

Иоанна олны шүүмжлэлд өртөнө гэж айлгүй Есүс болон элч нартай нь нөхөрлөсөн. Есүстэй хамт дэлгэрүүлэх аяллаар явах бүх хүн амьдралын хэвшлээ шууд өөрчилдөг байлаа. Есүс тийм дагалдагчдынхаа талаар «Бурханы үгийг сонсоод, түүнийг биелүүлэгчид нь Миний эх, Миний дүү нар мөн» гэжээ (Лук 8:19–21; 18:28–30). Өөрийг нь дагахын тулд эрх ашгаа хойш нь тавьдаг хүмүүсийг Есүс дотночлон үздэгийг мэдэхлээр танд сайхан санагддаг биз дээ?

ЭД ХӨРӨНГӨӨ ЗОРИУЛСАН НЬ

Иоанна нарын эмэгтэйчүүд Есүс болон 12 элчид «өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа» (Лук 8:3). Нэг зохиолч үүнийг тайлбарлахдаа «Эмэгтэйчүүд хоол хийж, аяга таваг угааж, хувцасны уранхай цоорхойг нөхөж байсан ч байж магадгүй. ... Гэхдээ Лук яг энэ тухай хэлээгүй» гэж бичжээ. Тэгэхлээр эмэгтэйчүүд мөнгө зоос, эд хөрөнгөөр нөхдийгөө дэмждэг байсан гэж дүгнэж болно.

Есүс элч нартайгаа дэлгэрүүлэх аялал хийж явахдаа ажил хийдэггүй байжээ. Тиймээс 20-оод хүний хоол хүнс гээд хэрэгтэй бүхнийг худалдаж авах хөрөнгө мөнгөгүй байсан биз ээ. Айлууд тэднийг дайлж зочилдог байв. Гэхдээ Христ болон элч нар үүнд хамаг найдвараа тавьдаггүй байсныг  мөнгөний хүүдий авч явдгаас нь мэдэж болно (Иох. 12:6; 13:28, 29). Иоанна болон бусад эмэгтэйчүүд ч өөрсдөөсөө мөнгө гаргадаг байсан бололтой.

Иудей эмэгтэй өөрийн гэсэн өв хөрөнгөгүй байсан гэж зарим хүн маргадаг. Гэхдээ тэр үеийн бичиг зохиолоос харвал эмэгтэйчүүд янз бүрийн байдлаар хөрөнгө өвлөдөг байжээ. Тухайлбал: 1) хүүгүй хүн нас барвал хөрөнгийг нь охинд нь өвлүүлнэ; 2) эмэгтэй хүн хөрөнгө өмчилнө; 3) гэрлэлтээ цуцлуулбал нөхөр нь эхнэртээ мөнгө өгнө; 4) нөхөр нь нас барвал эхнэрт хөрөнгө нь түр шилжинэ; 5) ажил хийж мөнгө олно.

Есүсийн дагалдагчид чадлынхаа хэрээр хандив өгдөг байсан нь лавтай. Тэдний дунд бийлэгжүү эмэгтэйчүүд байсан. Нөхөр нь Херодын нярав болохоор Иоанна чинээлэг байсан байж болох юм. Есүсийн өмсдөг байсан ямар ч оёдолгүй дотуур хувцсыг Иоанна шиг баян эмэгтэй л өгсөн байж таарна. Ийм үнэтэй хувцсыг «загасчны эхнэр өгч чадахгүй» гэж нэг зохиолч бичжээ (Иох. 19:23, 24).

Иоаннаг мөнгө хандивладаг байсан гэж Библид тодорхой бичээгүй. Ямар ч байсан, чадах бүхнээ хийдэг байсан. Бид түүнийг дууриах учиртай. Хаанчлалын үйл хэргийг дэмжиж хандив өгөх эсэх нь хувь хүний хэрэг. Гэхдээ Бурхан биднийг юу чадахыгаа баяр хөөртэй хийгээсэй гэж хүсдэг (Мат. 6:33; Марк 14:8; 2 Кор. 9:7).

ЕСҮСИЙГ НАС БАРАХАД, БАС АМИЛАХАД

Есүсийг «Галилд байхад нь дагаж, ... үйлчилдэг байсан» эмэгтэйчүүд болон «Иерусалим уруу ... хамт ирсэн өөр олон эмэгтэйчүүд» түүнийг цаазлуулах үед дэргэд нь байсан (Марк 15:41). Иоанна бас байсан бололтой. «Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав. Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн болон үнэрт тос бэлджээ». Лук тэднийг «Магдалын Мариа, Иоханна [буюу Иоанна], Иаковын эх Мариа» гэж бичжээ. Тэднийг амралтын өдрийн маргааш нь булшин дээр очиход тэнгэр элчүүд Есүсийн амилсныг мэдэгддэг (Лук 23:55—24:10).

Иоанна нарын эмэгтэйчүүд Есүсийн төлөө чадах бүхнээ хийсэн

МЭ 33 оны Пентекостын өдөр Есүсийн ээж, дүү нар, шавь нар нь Иерусалимд цугларахад Иоанна бас байсан бололтой (Үйлс 1:12–14). Иоанна ордныхонтой холбоотой байсан болохоор Лук түүнээс Херод Антипын тухай нарийн ширийн зүйлийг сонсоод бичсэн байх. Тэгээд ч Евангелийн номд Иоаннагийн нэрийг бичсэн ганц хүн нь Лук юм (Лук 8:3; 9:7–9; 23:8–12; 24:10).

Иоаннагаас сурах юм их бий. Тэрбээр Есүсийн төлөө юу чадахыгаа хийсэн. Есүс, арван хоёр элч, бусад шавьтай хамт дэлгэрүүлэх аяллаар явахдаа хөрөнгө мөнгөөрөө тус нэмэр болж байсандаа баярласан нь лавтай. Иоанна Есүсийг дэмжиж, сорилт тулгарсан ч Багшдаа үнэнч байсан. Христиан эмэгтэйчүүд Иоаннаг дууриах хэрэгтэй.