Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 7 сар 

Тэд сайн дураараа үйлчилдэг—Оросод

Тэд сайн дураараа үйлчилдэг—Оросод

ОЛОН жил хориотой байсан Орос дахь Еховагийн Гэрчүүд 1991 онд албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах болсондоо хязгааргүй их баярласан. Гэрчүүдийн тоо арав дахин өсөж өнөөдрийн хэмжээнд хүрнэ гэж тэр үед хэн ч төсөөлөөгүй. Өнөөдөр тус улсад 170 мянга гаруй дэлгэрүүлэгч бий. Сүнслэг ургацын ажилд зүтгэлтэй оролцдог энэ хүмүүсийн дунд хилийн чанадаас нүүж ирсэн Гэрч олон байдаг (Мат. 9:37, 38). Заримтай нь танилцъя.

ИТГЭЛ НЭГТНҮҮДЭЭ ГЭСЭН ХАЛУУН СЭТГЭЛТЭЙ ЭРЧҮҮД

Их Британиас ирсэн Маатью Оросод хорио тавигддаг жил 28 настай байжээ. Тэр жилийн чуулган дээр тавьсан нэг илтгэлд Зүүн Европ дахь хурлуудад тусламж хэрэгтэйг онцлоод ОХУ-ын Санкт Петербург хотод байдаг нэг хурлыг жишээ болгон татжээ. Тэр хурал ганцхан туслах үйлчлэгчтэй, нэг ч ахлагчгүй атлаа дэлгэрүүлэгчид нь хэдэн зуун Библийн хичээлтэй байв! Маатью: «Энэ илтгэлээс хойш Оросын тухай бодол толгойноос гарахаа больсон. Тэгээд тийшээ нүүх хүсэлтэй байгаагаа Еховад тодорхой хэлж залбирсан» хэмээн ярьсан юм. Мөнгө хуримтлуулж, ихэнх юмаа зараад 1992 онд Орос руу нүүжээ. Тэгээд яасан бол?

Маатью

Маатью: «Орос хэл сурах амаргүй байсан болохоор Библийн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж чаддаггүй байлаа» гэв. Бас нэг хэцүү юм нь байр олох байжээ. «Би нэг байрнаас нөгөө байранд гэнэт нүүх хэрэгтэй болдог байв. Хэдэн ч удаа нүүсэн юм бүү мэд. Тоогоо алдсан» гэлээ. Иймэрхүү жижиг сажиг асуудал гардаг ч Орос руу нүүснийгээ Маатью хамгийн зөв шийдвэр гаргасан гэж боддог ажээ. Тэрбээр: «Би энд ирээд Еховад найдаж сурсан. Ехова намайг янз бүрээр удирдаж байгааг мэдэрсэн» гэв. Маатью дараа нь ахлагч, тусгай эхлэгчээр томилогдсон бөгөөд одоо Санкт Петербург дэх манай байгууллагын салбарт үйлчилж байна.

Хироо 1999 онд 25-тайдаа Үйлчлэл дээшлүүлэх сургуулийг Японд дүүргэжээ. Нэг багш нь  гадаадад үйлчлэхийг зөвлөсөн байна. Оросод дэлгэрүүлэгч хэрэгтэйг дуулаад Хироо орос хэл үзэх болов. Бас тодорхой бэлтгэл хангаж эхлэв. «Би Орос руу 6 сарын хугацаатай явсан. Өвөл нь их хүйтэн болохоор тэсэх нь үү, үгүй юү гэдгээ мэдэх гэж 11 дүгээр сард очсон» гэж ярилаа. Өвлийг өнтэй даваад нутагтаа буцаж очин энгийн амьдрах болов. Хангалттай мөнгөтэй болмогцоо Орос руу нүүжээ.

Хироо Светлана хоёр

Хироо Оросод очоод 12 жил болж байгаа бөгөөд нэлээд хэдэн хуралд үйлчилжээ. 100 гаруй дэлгэрүүлэгчтэй хуралд ганцаархнаа ахлагчаар үйлчлэх ч үе байжээ. Нэг хуралд байхдаа 7 хоног бүр Үйлчлэх цуглааны ихэнх хэсгийг хөтөлж, Дэлгэрүүлэгчийн сургууль, «Харуулын цамхаг» судлалын цуглаан удирдахаас гадна Ном судлалын цуглааныг таван газар очиж хөтөлдөг байсан гэнэ. Бас хоньчны эргэлт их хийдэг байв. Хироо тэр үеэ дурсаж «Ах дүүгээ Бурхантай дотно болоход нь тусалж байгаадаа маш их баярладаг байсан» гэлээ. Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлээд ямар ивээл хүртсэн бол? «Би Орос руу явахаасаа өмнө ахлагч, бас эхлэгч байсан. Гэхдээ энд ирснийхээ дараа Еховатай өмнөхөөсөө бүр ч илүү дотно болсон. Ямар ч үед Еховад найдаж сурсан» гэж Хироо ярьсан юм. Тэрбээр 2005 онд Светланатай гэрлэжээ. Одоо ч эхнэртэйгээ хамт эхлэгчээр үйлчилж байна.

Майкл, Ольга, Марина, Маатью

Канадаас ирсэн Маатью 34-тэй, дүү Майкл нь 28-тай. Хоёулаа Оросод ирээд нэг зүйлийг их гайхжээ. Цуглаанд ирдэг хүн олон ч, цуглаан удирдах эрчүүд цөөхөн байлаа. Маатью: «Миний очсон хурал 200 хүнтэй. Бүх цуглааныг настай ганц ахлагч, ганц туслах үйлчлэгч залуу л удирдаж байлаа. Би тэр ах нарт тусалъя гэж бодоод энд нүүж ирэхээр шийдсэн» гэж ярьсан юм. Ингээд 2002 онд Оросод нүүж иржээ.

Дөрвөн жилийн дараа Майкл бас ирэв. Ирсэн даруйдаа Оросод Гэрч эрэгтэйчүүд маш их хэрэгтэй байгааг мэдэв. Туслах үйлчлэгч учраас тайлан тооцоо, ном хэвлэл, дэлгэрүүлэх ажлын хэсэг хариуцах болжээ. Бас хурлын нарийн бичгийн даргын хийдэг ажилд томилогдож, илтгэл тавьж, чуулган зохион байгуулж, Хаанчлалын танхим барих ажлыг удирдах даалгавар авчээ. Хурлуудад одоо ч тусламж их хэрэгтэй байна. Тийм олон даалгавар биелүүлнэ гэдэг амаргүй ч ах дүүстээ туслаад маш их сэтгэл хангалуун байдаг тухайгаа Майкл ярьж байна. Одоо ахлагчаар үйлчилж буй тэрбээр: «Үүнээс илүү сайхан амьдрал гэж байхгүй» гэсэн юм.

Маатью Маринатай, Майкл Ольгатай гэрлэжээ. Тэд итгэл нэгтнүүдээ гэсэн халуун сэтгэлтэй бусад ах дүүстэйгээ мөр зэрэгцэн идэвх зүтгэлтэй үйлчилж байна.

УРГАЦЫН АЖИЛД ЗҮТГЭЛТЭЙ ОРОЛЦДОГ БҮСГҮЙЧҮҮД

Тетяна

Тетянаг 1994 онд 16-тай байхад нь Чех, Польш, Словакаас зургаан тусгай эхлэгч Украинд ирж хуралд нь үйлчилжээ. Тэдний тухай сайхан дурсамж Тетянад үлдсэн аж. «Нөхөрсөг, сайхан сэтгэлтэй, Библийг үнэхээр сайн мэддэг дайчин эхлэгчид байсан» гэж тэрбээр ярьж байна. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй тэднийг Ехова хэрхэн ивээхийг харсан болохоор тэдэн шиг болохыг хүсжээ.

Эхлэгчдийн сайхан жишээнд сэтгэл нь хөдөлсөн Тетяна сургуулийнхаа амралтаар итгэл нэгтнүүдтэйгээ Украин, Беларусийн алс бөглүү нутгуудад Гэрчүүдийн хөл хүрээгүй газар очиж дэлгэрүүлдэг байв. Ийм аялал хийх дуртай байсан болохоор Хаанчлалын төлөө илүү ихийг хийхийн тулд Орос руу нүүхээр төлөвлөжээ. Эхний ээлжид, эхлэгчээр үйлчлэхэд саад болохгүй ажил олохоор тэнд очжээ. Гадаадаас ирж үйлчилж буй нэг эгчийнд хэд хоносон байна. Тэгээд  2000 онд бүр нүүж ирэв. Бэрхшээл тулгарсан болов уу?

Тетяна: «Байр түрээсэлж чадахгүй болохоор айлын хажуу өрөө хөлсөлдөг байв. Тийм ч амархан биш байсан. Гэртээ харимаар санагдах үе бишгүй байлаа. Гэхдээ эндээ үйлчлээд байвал ямар ивээл хүртэхийг Ехова надад дандаа ойлгуулдаг байсан» гэлээ. Одоо Тетяна Оросод миссионероор үйлчилж байна. «Олон жил нутгаасаа хол амьдарч байгаа ч үнэлж баршгүй туршлага хуримтлуулсан. Найз нөхөд олонтой болсон. Хамгийн гол нь итгэл бэхэжсэн» хэмээн дүгнэсэн юм.

Масако

Японоос ирсэн Масако одоо 50 гарч явна. Миссионероор үйлчлэхийг бүр эртнээс хүсэж мөрөөддөг байсан ч эрүүл мэндээсээ болоод чаддаггүй байжээ. Гэхдээ бие нь сайжирмагц Оросод очиж ургац хураах ажилд туслахаар шийджээ. Аятайхан байр, тогтвортой ажил олох амаргүй байлаа. Гэхдээ асуудлыг шийдэж чаджээ. Тэрбээр япон хэл зааж, цэвэрлэгээ хийгээд эхлэгчээрээ үйлчилж байна. Одоо болтол идэвхтэй үйлчилж байгаагийн нууц нь юу юм бол?

Масако Оросод өнгөрүүлсэн 14 жилээ эргэн хараад «Зовох шаналах, гачигдах дутагдах юм гаралгүй яах вэ. Гэхдээ энд үйлчлэхийн баяр баясгалан тэр бүхнийг мартуулдаг. Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэхлээр амьдрал сонирхолтой, эрч хүчээр дүүрэн болдог» гэсэн юм. Тэрбээр цааш нь «Ехова энэ олон жилийн хугацаанд намайг хоол унд, хувцас хунар, орон байраар хангаж ирсэн нь миний хувьд орчин үеийн гайхамшиг шиг санагддаг» гэв. Масако Оросоос гадна Киргизэд ургац хураах ажилд оролцож байжээ. Бас англи, хятад, уйгур хэлний бүлгүүдэд тусалж явсан нэгэн. Одоо Санкт Петербургт эхлэгчээр үйлчилж байна.

ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГААД ИВЭЭЛ ХҮРТСЭН ГЭР БҮЛҮҮД

Инга Михайло хоёр

Эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас хүмүүс амьдралаа дээшлүүлэхийн тулд гэр бүлээрээ гадаад улс руу явдаг. Харин Бурхны эртний  үйлчлэгч Абрахам Сара нарын адилаар Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийн төлөө хилийн дээс алхдаг гэр бүлүүд бий (Эх. 12:1–9). Михайло Инга хоёр 2003 онд Украинаас Оросод иржээ. Удалгүй Библийн үнэнийг хайж явсан хүмүүсийг олсон байна.

Михайло: «Нэг удаа бид Гэрчүүд очоогүй газар дэлгэрүүлсэн юм. Настай эрэгтэй хаалгаа онгойлгоод “Та нар номлогчид уу?” гэж асуулаа. Тийм ээ гэсэн чинь “Та нарыг нэг л өдөр ирнэ гэж мэдээд байсан юм. Есүсийн үг биелэхгүй байна гэж байхгүй шүү дээ” гэж хэлээд Матай 24:14-ийг иш татсан» гэж ярив. Михайло цааш нь «Тэнд бас үнэнийг чин сэтгэлээсээ хайдаг, Баптист сүмийн 10-аад эмэгтэйтэй дайралдав. Тэдэнд манай байгууллагын “Мөнх амьдрагтун” гэдэг ном байсан бөгөөд 7 хоног бүр Библи судлахдаа тэр номыг ашигладаг байсан юм билээ. Бид их олон цаг ярилцаж, асуултад нь хариулан, хамт Хаанчлалын дуу дуулаад дараа нь хоол идсэн. Энэ бол мартагдашгүй сайхан дурсамжийн маань нэг дээ» гэлээ. Дэлгэрүүлэгч шаардлагатай нутагт очиж үйлчлэхлээр Еховатай улам дотносож, хүмүүсийг бүр ч их хайрладаг болж, сэтгэл хангалуун амьдардаг гэдэгтэй Михайло Инга хоёрын санал нэг байдаг ажээ. Одоо тэд явуулын ажил хийж байна.

Оксана Олекси Юүри гурав

Эдүгээ гуч гаруй настай Юүри Оксана хоёр хүү Олексигоо дагуулаад 2007 онд Орос дахь салбарт очиж үзжээ. Оросын газрын зураг дээр хурлуудад харьяалагдаагүй газар нутаг маш их байгааг харав. Оксана: «Тэр газрын зургийг хараад дэлгэрүүлэгч хэрэгтэй нутаг руу явах хэрэгтэйгээ бүр ч сайн ойлгосон. Тэгээд Орос руу явахаар сэтгэл шулуудсан» гэж ярив. Тэд ямар бэлтгэл хийсэн бол? Юүри: «Байгууллагын хэвлэлээс “Та гадаадад үйлчлэх боломжтой юу?” гэх зэргийн өгүүллүүдийг уншсан нь их тус болсон. Бид салбарын санал болгосон газар очоод байр, ажил хайсан» гэлээ. Тэднийх 2008 онд Украинаас Орос руу нүүжээ.

Эхэндээ, ажил олох амаргүй байлаа. Нэлээд хэдэн удаа нүүв. Юүри: «Цөхрөхгүй байхад туслаач гэж олон удаа залбирсан. Тэгээд Еховаг тусална гэж найдаад дэлгэрүүлэх ажилдаа гардаг байв. Хаанчлалыг нэгдүгээрт тавихад Ехова яаж ивээдгийг бид биеэрээ үзсэн. Энд ирж үйлчилж байгаагийн ачаар манай гэр бүл бат бэх болсон» хэмээн ярьж байна (Мат. 6:22, 33). Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчилж байгаа нь 13 настай Олекси хүүд яаж нөлөөлсөн бол? «Үнэхээр тустай байгаа. Хүү маань Еховад өөрийгөө зориулж, 9 настайдаа баптисм хүртсэн. Дэлгэрүүлэгч их хэрэгтэй байгааг ойлгоод амралтаараа туслах эхлэгчээр үйлчилдэг болсон. Дэлгэрүүлэх ажилдаа дуртай, идэвхтэй оролцож байгааг нь хараад бид маш их баярладаг» гэж Оксана ярьж байна. Одоо Юүри Оксана хоёр тусгай эхлэгчээр үйлчилж байна.

«ЭРТХЭН ШИЙДЭХ МИНЬ ЯАВ ДАА»

Хаанчлалын төлөө илүү ихийг хийхээр өөр газар нүүж очихын тулд Еховад бүрэн дүүрэн найдах хэрэгтэйг дээрх хүмүүсийн хэлсэн үг харуулж байна. Нутгаа орхиод дэлгэрүүлэгч хэрэгтэй газар очиход янз бүрийн бэрхшээл тулгардаг нь үнэн. Гэхдээ Хаанчлалын тухай мэдээг нааштай хүлээж авдаг хүмүүстэй уулзахын баяр баясгаланг харьцуулшгүй. Та дэлгэрүүлэгч асар их хэрэгтэй байгаа газар очиж ургац хураах ажилд оролцох боломжтой юу? Хэрэв тийм газар очихоор сэтгэл шулуудсан бол хэзээ ч харамсахгүй. Юүри: «Эртхэн шийдэх минь яав даа л гэж харамсдаг юм» хэмээн хэлжээ.