Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 7 сар 

«Хүнд өдрүүдэд» Еховад үйлчлэх нь

«Хүнд өдрүүдэд» Еховад үйлчлэх нь

«ӨДӨР өнгөрөх тусам бие дордоод байх юм» хэмээн 70 гарч яваа Эрнст * шүүрс алдан хэлэв. Танд бас тэгж санагддаг уу? Хэрэв та өтөлж хөгшрөөд тамир тэнхээ муудаж, бие лагшин чилээрхэж байгаа бол «Номлогчийн үгс» номын 12 дугаар бүлэгт бичсэнийг сайн ойлгох байх. Нэгдүгээр зүйлд өтөл насыг «хүнд өдрүүд» гэжээ. Тэглээ гээд таны амьдрал ямар ч утгагүй болсон гэсэн үг биш юм. Одоо ч Еховадаа баяр хөөртэй үйлчлэн утга учиртай амьдарч чадна.

ҮРГЭЛЖ БАТ ИТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ

Хайрт буурлууд аа, та нар шиг өтөл насны зовлон туулсан хүмүүс эрт үед ч байсныг санаарай. Жишээ нь, Исаак Иаков Ахиа нарын хараа муудсан (Эх. 27:1; 48:10; Х.дээд 14:4). Сара «хөгширсөн» (Эх. 18:11, 12). Давид хаан «дулаацахаа больжээ» (Х.дээд 1:1). Баян Барзиллаи хоолны тансаг амтыг мэдэрч, хөгжмийн уянгалаг эгшгийг сонсохоо байсан (2 Сам. 19:32–35). Абрахам Наоми хоёрын хэн хэн нь хань ижлээсээ хагацахын гашуун зовлон үзжээ (Эх. 23:1, 2; Рут 1:3, 12).

Тэд юуны ачаар Ехова Бурхандаа баяр хөөртэй, чин үнэнч үйлчилсэн бэ? Абрахам өндөр настай байхдаа Бурхны амлалтад итгэж, «хүчирхэгжжээ» (Ром 4:19, 20). Бид бас бат итгэлтэй байх ёстой. Тийм итгэл нас хүйс, авьяас чадвар, аж байдлаас шалтгаалахгүй. Тухайлбал, Иаков тамир тэнхээ нь муудаж, юм харахаа больж, хэвтэрт орсон хэр нь Бурхны амлалтад эргэлзэлгүй итгэдэг байсан (Эх. 48:1–4, 10; Евр. 11:21). 93 настай Ийнес булчингийн сулрал гэдэг өвчтэй ч Еховагийн ивээлийг өдөр бүр арвин ихээр хүртдэг гэж боддог ажээ. Тэрбээр: «Би өдөр болгон диваажингийн тухай боддог. Тэгэхлээр ирээдүйгээ итгэлтэй хардаг» гэжээ. Үнэхээр өөдрөг байгаа биз?

Итгэлээ батжуулахын тулд залбирч, Бурхны Үгийг судалж, цуглаанд очиж байх хэрэгтэй. Нас дээр гарсан зөнч Даниел өдөрт гурван удаа залбирдаг, Бурхны Үгийг тогтмол судалдаг байжээ (Дан. 6:10; 9:2). Өндөр настай Анна гэдэг бэлэвсэн эмэгтэйн тухай Библид «Сүмийг хэзээ ч орхисонгүй» гэж бичжээ (Лук 2:36, 37). Та чадлынхаа хэрээр цуглаанд очоод хариулдаг бол өөрөө урамшаад зогсохгүй цуглаанд очсон бүх хүнийг баярлуулна. Бас хэчнээн хэцүү байлаа ч залбирдаг бол Ехова баярлана (Сур. 15:8).

Зочломтгой байгаарай

Ном хэвлэлээ унших юмсан, цуглаандаа очих юмсан гэж хүсэвч чадал хүрдэггүй хүн та нарын дунд олон байгаа. Тэгвэл яах вэ? Одоо хийж чаддаг юмаа сайн хийгээрэй. Цуглаанд очиж чаддаггүй ч утсаар хөтөлбөр сонсдог хүн олон бий. 79 настай Ийнге хараа муутай ч цуглаандаа бэлддэг гэнэ. Хурлынх нь Гэрч эрэгтэй тухайн цуглаанаар үзэх материалыг том үсгээр хэвлэж өгдөг ажээ.

Хүмүүст тэр болгон олдоод байдаггүй зүйл танд бий. Энэ нь зав чөлөө юм. Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл, илтгэл, жүжгийн бичлэгийг сонсож болохгүй нь юу билээ? Бас итгэл нэгтнүүдтэйгээ «хамтдаа зоригжихын» тулд утсаар ярьж мэдлэгээ хуваалцаж болно шүү дээ (Ром 1:11, 12).

БУРХАНДАА ХЭЗЭЭД ИДЭВХТЭЙ ҮЙЛЧЛЭЭРЭЙ

Дэлгэрүүлээрэй

80 гаруй настай Криста: «Чаддаг юмаа чадахаа болих мөн ч горьгүй шүү» хэмээн халаглажээ. Тэгвэл настай христианууд үргэлж баяр баясгалантай байхын тулд яах хэрэгтэй вэ? «Өмнө хийж чаддаг байсан юмаа чадахаа  больсондоо харамсахын оронд одоо юу хийж чадаж байгаагаа бод. Тэгвэл баяр хөөртэй байна» гэж 75 настай Петр хэлж байна.

Таны хувьд дэлгэрүүлэх өөр ямар боломж байна вэ? Хайди гэдэг 80 настай эмэгтэй өмнөх шигээ айлаар дэлгэрүүлж чадахаа больжээ. Тийм болохоор захиа бичихийн тулд компьютер хэрэглэж сурчээ. Өндөр настай зарим Гэрч гадаа нарлаж байхдаа эсвэл автобусны буудал дээр суугаад дэлгэрүүлдэг байна. Хэрэв та эмнэлэгт байнга очдог бол тэр эмнэлгийг «дэлгэрүүлэх хэсгээ» гэж бодоод эмч, сувилагч нартаа дэлгэрүүлбэл ямар вэ?

Бусдыгаа зоригжуулаарай

Давид хаан нас дээр гарсан хойноо ч цэвэр шүтлэгийг идэвхтэй дэмждэг байсан. Сүм барих ажлыг зохион байгуулж, хувиасаа хандив өргөсөн (Ш.дээд 28:11—29:5). Та ч бас дэлхий дахинд Хаанчлалын төлөө ямар ажил өрнөж буйг сонирхож, яаж хувь нэмэр оруулахаа бодоорой. Эхлэгчид болон хурлынхаа идэвхтэй дэлгэрүүлэгчдэд урмын үг хэлж, гар цайлгах юм өгч, хамт цай ууж болохгүй нь юу билээ? Хүүхэд залуучууд, гэр бүлүүд, бүрэн цагийн үйлчлэгчид, хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс болон өвдсөн нэгнийхээ төлөө залбирч болно шүү дээ.

Та бол маш эрхэм хүн. Еховагийн төлөө таны хийсэн бүхэн ч үнэ цэнэтэй. Тэнгэрийн Эцэг маань настан буурлуудыг хэзээ ч орхидоггүй (Дуу. 71:9). Ехова таныг эрхэмлэн хайрлаж, үнэлж хүндэлдэг. Удахгүй бүх хүн ямар ч зовлонгүйгээр урт насалдаг болно. Тэгээд эрч хүчээр дүүрэн, эв эрүүл сав саруул болчихоод хайр халамжтай Ехова Бурхандаа үүрд мөнх үйлчилнэ!

^ д/м 2 Зарим нэрийг өөрчлөв.