Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 6 сар 

Та цэвэр ариун амьдарч чадна!

Та цэвэр ариун амьдарч чадна!

«Гараа цэвэрлэ. ... зүрхээ ариусга» (ИАК. 4:8).

1. Хүмүүс цэвэр ариун байдлын талаар ямар үзэл бодолтой болсон бэ?

ЦЭВЭР ариун байдлыг уландаа гишгэсэн нийгэмд бид амьдарч байна. Садар самуун явдлыг хаа сайгүй сурталчилдаг болжээ. Ижил хүйстэнтэйгээ явалдах, ханиасаа өөр хүнтэй бэлгийн харьцаанд орох нь байх ёстой зүйл гэж үздэг хүн бидний эргэн тойронд байна (Дуу. 12:8). Гэхдээ ийм нийгэмд ч жинхэнэ христианууд Ехова Бурхныхаа ачаар цэвэр ариун амьдарч чадна (1 Тесалоник 4:3–5-ыг уншина уу).

2, 3. а) Зохисгүй юм хүсэхээ болих хэрэгтэйн учир юу вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Цэвэр ариун амьдрахын тулд ёс журамгүй юм хүсэж болохгүйгээ юуны түрүүнд ухамсарлах хэрэгтэй. Загас өгөөшинд дурладаг шиг бид төгс бус болохоороо ёс журамгүй юманд татагдах хандлагатай. Зохисгүй юм бодож эхэлбэл нэн даруй таслан зогсоогоорой. Эс тэгвэл садар самуун үйлдэх хүсэл хүчтэй оргилно. Улмаар боломж нь бүрдвэл Еховад үйлчилдэг хүн ч нүгэл  үйлдэх аюултай. «Хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг» гэдэг нь няцаахын аргагүй үнэн (Иаков 1:14, 15-ыг уншина уу).

3 Газар унасан үр үндэслэсэн бол өсөж ургадгийн адил эгшин зуур толгойд орж ирсэн бодол ноцтой нүгэл үйлдэхэд хүргэх аюултай. Тиймээс хүсэл тачаалаа тэр дор нь таягдан хаявал садар самуун явдлын гашуун үр дагавар амсахгүй (Гал. 5:16). Ёс журамгүй юмыг хүсэхээ болиход туслах гурван зүйлийг энэ өгүүллээр үзнэ. Эдгээр нь Еховатай тогтоосон харьцаа, Библийн зөвлөгөө, төлөвшсөн итгэл нэгтнүүдийн тусламж юм.

«БУРХАНД ОЙРТОГТУН»

4. Еховатай дотносох нь яагаад чухал бэ?

4 Бурхантай дотносохыг хүсдэг хүмүүст зориулж Библид «Гараа цэвэрлэ. ... Зүрхээ ариусга» гэсэн зөвлөгөө байдаг (Иак. 4:8). Хэрэв бид Еховатай тогтоосон харьцаагаа нандигнадаг бол бүх талаараа, түүний дотор бодол санаагаараа ч Еховад таалагдах гэж хичээж мэрийнэ. Цэвэр ариун, сайн, магтууштай зүйлийг боддог бол зүрх маань «ариун» байна (Дуу. 24:3, 4; 51:6; Флп. 4:8). Ехова биднийг төгс бусаасаа болоод зохисгүй юм бодчих гээд байдгийг ойлгодог. Бид тийм бодлыг таягдан хаях гэж хамаг чадлаараа хичээх ёстой. Улам өөгшүүлээд байвал Ехова «сэтгэл зүрхэндээ гашууддаг» (Эх. 6:5, 6). Үүнийг эргэцүүлэн бодвол үргэлж цэвэр ариун юм бодохыг бүр ч их хичээнэ.

5, 6. Ёс журамгүй юм бодохгүй байхад залбирал хэрхэн туслах вэ?

5 Ёс журамгүй юм бодохгүй байхад туслахыг цаг ямагт гуйж залбирдаг бол Ехова заавал тусална. Залбирах тусам Еховатай ойр дотно болдог. Ехова ч ариун сүнсээ харамгүй өгч цэвэр ариун байхад маань тусална. Тиймээс таалалд нь нийцдэг зүйлийг үргэлж бодохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаагаа Бурханд мэдүүлцгээе (Дуу. 19:14). Нүгэл үйлдэхэд хүргэх ямар нэг муу юм бодож, хүсэж байгаа эсэхийг шалгаж өгөөч хэмээн Еховагаас гуйж болохгүй нь юу билээ? (Дуу. 139:23, 24). Зохисгүй юм бодохоо больж, ямар ч үед зөв зүйл хийхэд туслахыг байнга гуйж залбирч байгаарай (Мат. 6:13).

6 Еховаг мэдэхээсээ өмнө дургүй зүйлийг нь дурлаж хийдэг байсан хүн бидний дунд олон байдаг биз ээ. Тэр дутагдлаасаа одоо ч бүрэн салаагүй байж мэднэ. Гэлээ ч засарч өөрчлөгдөөд зөв зохистой юм хийдэг болоход Ехова тусална. Үүнийг биеэрээ амссан хүмүүсийн нэг бол Давид хаан юм. Тэрбээр Батшебатай завхайрсандаа гэмшиж «Миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч» хэмээн залбирчээ (Дуу. 51:10, 12). Хүн төгс бусынхаа гайгаар хүсэл тачаалдаа дийлдэх гээд байж мэднэ. Гэхдээ Ехова «зөв сүнсийг шинэчлэх» буюу дуулгавартай байх хүчтэй хүсэлтэй болгоно. Зохисгүй юм ургуулан бодохыг зуршил болгосон байлаа ч Ехова биднийг зөв тийш нь чиглүүлэх чадалтай. Үүний ачаар бид Бурхны хууль тушаалыг сахиж «ямар ч гэм буруу» юманд эзэмдүүлэхгүй (Дуу. 119:133).

Зохисгүй юм хүсдэг болсон бол хүслээ таягдан хаяарай (6-р догол мөрийг үзнэ үү)

«ҮГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД БОЛОГТУН»

7. Бузар муу юм бодохгүй байхад Библи хэрхэн туслах вэ?

7 Залбирлынхаа хариуг авъя гэвэл  Библи унших хэрэгтэй. Тэндээс Бурхны мэргэн ухааныг олж авна. Библид «Мэргэн ухаан нь нэгд ариун» гэсэн байдаг (Иак. 3:17). Бурхны Үгийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн боддог бол ухаан санаагаа зөв зүг рүү чиглүүлнэ (Дуу. 19:7, 11; 119:9, 11). Ёс журамгүй юм бодож хүсэхгүй байхад тустай заавар зөвлөгөө, жишээ Библид олон бий.

8, 9. а) Нэг залуу юунаас болоод садар самуун явдалтай орооцолдсон бэ? б) «Сургаалт үгс» номын 7-р бүлэгтэй төстэй ямар явдал бидэнд тохиолдож болзошгүй вэ?

8 Садар самуун явдлаас хол бай гэсэн анхааруулга Сургаалт үгс 5:8-д байдаг. Энэ анхааруулгыг үл тоомсорловол ямар гашуун үр дагаварт хүрдгийг «Сургаалт үгс» номын 7 дугаар бүлэгт тод томруун дүрсэлсэн. Тэнд садар эмийн гэрийн ойролцоо явж байсан нэгэн залуугийн тухай гардаг. Харанхуй шөнө гудамжны буланд «янхан мэт хувцасласан» тэр эм өнөөх залууг тосож уулзаад тэврэн авч үнсдэг. Балын амтат үгэнд нь согтсон залууд хүслээ хорьж дийлэх сөхөө байсангүй. Ингээд янаг амрагийн явдалтай орооцолдох нь тэр. Гэнэн туршлагагүй сайх залуу ийм юм хийнэ гэж бодоогүй нь лавтай. Даан ч сэрэмж алджээ. Үүний харгайгаар,  хийсэн хэргийнхээ горыг насан туршдаа амсах болов. Тэр эмээс хол явсан бол яалаа гэж ингэж зовох вэ дээ! (Сур. 7:6–27).

9 Бид бас энэ залуугийн адилаар сонор сэрэмж алдан аюултай байдалд орж мэдэх юм. Телевизийн сувгууд шөнийн цагаар ёс суртахуунгүй кино, нэвтрүүлэг цацах нь элбэг. Мөн порно үзэхийг зөвлөсөн юм уу садар самуун явдлын сурталчилгаа бүхий интернет сайтууд байдаг. Тиймээс сувгаа байн байн солих юм уу ямар ч зорилгогүйгээр интернетээр хэсэх, чаатлах нь аюултай. Ийм аюулд орвол зохисгүй юмыг хүсэн тачаадаж яваандаа цэвэр ариун байя гэсэн шийдвэрээсээ няцахад хүрнэ.

10. Сээтгэнэх нь яагаад аюултай вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

10 Эсрэг хүйсийн хүнтэй хэрхэн харьцах талаар тустай зөвлөгөө Библид бий (1 Тимот 5:2-ыг уншина уу). Сээтгэнэж болохгүйг энэ зарчмаас тодорхой ойлгож болно. Биед нь хүрэхгүй л бол үйл хөдлөл, дохио зангаа, харцаараа өдөх нь хал балгүй гэж зарим хүн боддог. Гэвч сээтгэнэх юм уу хариу сээтгэнэвэл зохисгүй юм бодоход хүрч эцэстээ ноцтой нүгэл үйлдэнэ. Ийм явдал гарсаар ирсэн, цаашдаа ч гарахгүй гэх баталгаа байхгүй.

11. Иосеф ямар сайн жишээ үлдээсэн бэ?

11 Иосеф бол бидний хувьд дууриавал зохих сайхан жишээ юм. Потифарын эхнэр байнга өддөг ч Иосеф нүүр өгдөггүй байжээ. Гэвч тэр эмэгтэй бууж өгөлгүй өдөр бүр хоргоодог байлаа (Эх. 39:7, 8, 10). Нэгэн Библи судлаачийн тайлбарласнаар, Потифарын эхнэр: «Хоёулхнаа хамт хэсэг байя л даа» гэж хэлсэнтэй адилхан юм. Иосефыг өөртэй нь унтах анхны алхам хийх байх гэж найдсан бололтой. Гэхдээ Иосеф сэтгэл гижигдсэн тэр саналыг өөгшүүлэх нь битгий хэл сонсохыг ч хүсээгүй. Ийнхүү буруу юм бодож зүрхээ бузарлаагүй. Улайран тачаадсан Потифарын эхнэр эцэст нь Иосефыг өөртэй нь энгэр зөрүүлэхийг шаардав. Харин Иосеф шууд л «түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав» (Эх. 39:12).

12. Харах ёсгүй юмыг харах нь аюултайг хаанаас мэдэж болох вэ?

12 Харах ёсгүй юмыг хараад байвал буруу юм хүсэх аюултайг Библид бас сэрэмжлүүлжээ. Жишээлбэл, ханиасаа өөр хүнийг шохоорхдог бол шалиг завхай юм боддог болно. Есүс: «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг» хэмээн анхааруулсан байдаг (Мат. 5:28). Давид хаанд яг ийм явдал тохиолджээ. Тэрбээр «угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав» (2 Сам. 11:2). Уг нь харц буруулан өөр юм бодох ёстой байлаа. Гэвч тэгж чадсангүй. Хүний эхнэрийг тачаадан хүссэний улмаас завхайрчээ.

13. «Нүдтэйгээ гэрээ хийнэ» гэж яахыг хэлдэг вэ? Бид яагаад «нүдтэйгээ гэрээ хийх» ёстой вэ?

13 Зохисгүй юм бодохгүйн тулд Иовыг дууриан «нүдтэйгээ гэрээ хийх» хэрэгтэй (Иов 31:1, 7, 9). Өөр хүнийг тачаадан харж, ёс журамгүй юм бодохгүй байхаар хатуу шийдэх ёстой. Компьютерийн дэлгэц, зар сурталчилгааны самбар, сонин сэтгүүл гэх зэргээс садар самууныг сурталчилсан зураг харвал шууд харц буруулах учиртай.

14. Цэвэр ариун байхын тулд яах ёстой вэ?

 14 Энэ өгүүллийг уншаад дутагдалтайгаа идэвхтэй тэмцье, шийдэмгий алхам хийе гэсэн бодол танд төрсөн байж болох юм. Библид байдаг зөвлөгөөг дуртайяа дагадаг бол садар самуун явдалтай орооцолдохгүй. Ийнхүү цэвэр ариун байна (Иаков 1:21–25-ыг уншина уу).

«АХЛАГЧДЫГ ДУУД»

15. Хүсэл тачаалаа дийлж чадахгүй байгаа бол итгэл нэгтнээсээ тусламж авах нь яагаад чухал бэ?

15 Хэрэв хүсэл тачаалаа дийлж чадахгүй байгаа бол аливаад Еховагийн үзэл бодлоор ханддаг, Библийн зарчмыг баримталдаг, туршлагатай итгэл нэгтнээсээ тусламж аваарай. Хувийн, эмзэг асуудлаа бусдад ярих нь амаргүй л дээ. Гэхдээ зориг гарган ярилцах нь их чухал (Сур. 12:15; Евр. 3:12, 13). Юугаа өөрчлөх хэрэгтэйг таны бодож үзээгүй талаас тэд хэлж өгнө. Зааж зөвлөснийх нь дагуу хичээж мэрийвэл цэвэр ариун байж Еховагийн сайшаалыг олно.

16, 17. а) Буруу юм боддог зуршлаасаа салж чаддаггүй хүмүүст ахлагчид хэрхэн тусалдаг вэ? Жишээ хэлнэ үү. б) Порно үзэх зуршилтай бол нэн даруй тусламж хүсэх нь яагаад чухал бэ?

16 Ялангуяа, ахлагчдаас тусламж аваарай (Иаков 5:13–15-ыг уншина уу). Бразилд амьдардаг нэг залуу зохисгүй юм боддог зуршлаасаа салах гэж олон жил хичээжээ. Тэрбээр: «Би Еховад таалагдахгүй юм боддогоо мэддэг байсан. Гэхдээ ичээд бусдаас зөвлөгөө авч чаддаггүй байв» гэжээ. Сайхан сэтгэлтэй нэг ахлагч тэр залууг анзаарч, ахлагчдаас тусламж авахыг зөвлөсөн байна. Өнөөх залуу: «Ахлагчид надад тийм зөөлөн хандана гэж би ерөөсөө бодоогүй. Миний бодож байснаас ч илүү, намайг ойлгож өрөвдсөн. Зовлонгоо ярихад анхааралтай сонсож байсан. Ехова намайг ямар их хайрладгийг Библиэс үзүүлж, миний төлөө залбирсан. Тийм болохоор тэдний зөвлөгөөг дагах амар байсан» гэж ярьсан юм. Яваандаа муу зуршлаасаа салж, Еховатай дахин дотно болсон тэрбээр: «Ганцаараа ачаагаа үүрээд явахын оронд тусламж авах нь хэчнээн чухал болохыг би ойлгосон» гэжээ.

17 Хэрэв та порно үзэх зуршилтай бол нэн даруй тусламж аваарай. Хойшлуулаад байвал хүсэл тачаал нь «үр тогтоон нүглийг төрүүлэх» эрсдэл нэмэгдэнэ. Ноцтой нүгэл үйлдвэл бусдыг зовоогоод зогсохгүй Еховагийн нэр хүндийг гутаана. Бурхны тааллыг олохыг үнэхээр хүсээд, хуралдаа байхын үнэ цэнийг ойлгоод ахлагчдаас зөвлөгөө авдаг хүн олон байдаг (Иак. 1:15; Дуу. 141:5; Евр. 12:5, 6).

ШИЙДЭМГИЙ БАЙГААРАЙ

18. Та яахаар шийдсэн бэ?

18 Сатаны ертөнц завхран гажуудаж, ёс журамгүй явдал газар авч байна. Гэхдээ жинхэнэ христианууд цэвэр ариун амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг. Ийн хичээж мэрийдэг үйлчлэгчдээрээ Ехова бахархдаг. Бурхантайгаа дотно байж, Библийн зарчмыг баримталж, итгэл нэгтнүүдийнхээ зөвлөгөөг дагацгаая. Үргэлж цэвэр ариун байдаг бол одоо ч сэтгэл хангалуун, тайван амгалан амьдарна (Дуу. 119:5, 6). Ирээдүйд дэлхий ертөнц Сатаны бузар муу нөлөөнөөс ангижрахад бид үүрд жаргалтай амьдарна.