Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 5 сар 

Сонор сэрэмжтэй бай! Сатан таныг залгихыг хүсдэг

Сонор сэрэмжтэй бай! Сатан таныг залгихыг хүсдэг

«Сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг» (1 ПЕТР 5:8).

1. Нэг сүнсэн бүтээл хэрхэн Сатан болсныг ярина уу.

ЦАГТАА энэ сүнсэн бүтээл Еховатай сайн харьцаатай байжээ. Гэвч хожим нь хүмүүсээр өөрийгөө шүтүүлэхийг хүсжээ. Хүслээ дарахын оронд улам дэвэргэж бодсоор эцэст нь нүгэл үйлдсэн (Иак. 1:14, 15). Тэр бол «үнэн дотор зогсдоггүй» Сатан гэдгийг бид мэднэ. Сатан Еховагийн эсрэг тэрслэн босож «худал хуурмагийн эцэг» болжээ (Иох. 8:44).

2, 3. Еховагийн хамгийн гол дайсны талаар «Сатан», «Диавол», «могой», «луу» гэдэг нэр хочноос нь юу мэдэж болох вэ?

2 Сатан тэрслэн боссон цагаасаа эхлэн Еховагийн болон хүн төрөлхтний заналт дайсан болсон. Хэр их завхран гажуудсан нь түүнд өгсөн нэр хочноос харагддаг. Сатан гэдэг нь «Эсэргүүцэгч» гэсэн утгатай. Хэмжээгүй эрх мэдэлтэй Бурхныг үзэн ядаж, хамаг чадлаараа эсэргүүцдэг учраас ийн нэрлэсэн. Еховаг хэмжээгүй эрх мэдэлгүй болгохыг Сатан маш их хүсдэг.

3 Илчлэлт 12:9-т түүнийг Диавол гэжээ. Энэ нь «Гүтгэгч» гэсэн утгатай. Еховаг гутаан доромжилж худалч хэмээн гүтгэсэн учраас ийм нэртэй болсон. «Эртний могой»  гэснийг бодож үзвэл Еден цэцэрлэгт могойгоор Еваг хуурсан гайтай явдал санаанд буудаг. «Агуу том луу» хэмээн нэрлэсэн нь ч оножээ. Луу гэхлээр уур хилэн бадарсан, атгаг санаат мангас бодогддог. Харгис хэрцгий, хорон муу энэ этгээд Еховагийн санаа зорилгод саад хийж, ард түмнийг нь устгахыг оролддог.

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Биднийг Еховад үнэнч биш болгохыг Сатан гол зорилгоо болгодог. Тиймээс «Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг» хэмээсэн сэрэмжлүүлэг Библид бий (1 Петр 5:8). Ехова болон ард түмнийх нь гол дайсан болсон Сатаны гурван онцлогийг одоо ярилцъя. Энэ нь сонор сэрэмжтэй байхад тус болно.

САТАН ХҮЧТЭЙ

5, 6. а) Тэнгэрийн элчүүд хүч чадалтайг батлах жишээ хэлнэ үү. б) Сатан «хүнийг үхүүлэх хүчтэй» гэснийг юу гэж ойлгох вэ?

5 Тэнгэрийн элчүүдийг «хүч чадалтай» хэмээн Библид бичсэн байдаг (Дуу. 103:20). Тэд хүнтэй харьцуулахын аргагүй хүч чадал, оюун ухаантай. Үнэнч тэнгэрийн элчүүд хүчээ сайн юманд зарцуулдаг нь мэдээжийн хэрэг. Жишээлбэл, Израиль руу довтолсон Ассирийн 185 000 цэргийг ганцхан тэнгэрийн элч хүйс тэмтэрсэн байдаг. Энэ бол нэг хүний хүч яавч хүрэхгүй ажил юм. Тэр байтугай бүхэл бүтэн армид ч хүндхэн даваа (Х.дэд 19:35). Бас нэг тэнгэрийн элч ер бусын хүч ухаанаараа Есүсийн элч нарыг шоронгоос суллажээ. Шоронгийн хаалгыг онгойлгож элч нарыг гаргасны дараа буцаагаад цоожлохыг нь харуулууд анзаараагүй (Үйлс 5:18–23).

6 Үнэнч тэнгэрийн элчүүд хүч чадлаа сайн юманд зарцуулдаг байхад Сатан хорон муу зүйлд ашигладаг. Сатан бусдад муугаар нөлөөлөхдөө гаргууд, их хүчтэй нэгэн. Библид Сатаныг «энэ ертөнцийн захирагч», «энэ үеийн бурхан» гэсэн байдаг (Иох. 12:31; 2 Кор. 4:4). Бас «хүнийг үхүүлэх хүчтэй» гэжээ (Евр. 2:14, ШГ). Энэ нь бүх хүнийг шууд алдаг гэсэн үг биш. Харин Сатан шиг харгис үзэлтэй, алж талах хүсэлтэй хүн хаа сайгүй байгааг хэлж байна. Түүнээс гадна Сатан Еваг мэхэлж, Адамыг дуулгаваргүй болгон нүгэл, үхлийг хүн төрөлхтөнд тараасан гэсэн үг (Ром 5:12). «Хүнийг үхүүлэх хүчтэй» гэсэн нь ийм учиртай. Сатан бол Есүсийн хэлснээр «алуурчин» мөн (Иох. 8:44). Бид ийм л хүчтэй дайсантай!

7. Чөтгөрүүд ер бусын хүчтэйгээ хэрхэн харуулдаг вэ?

7 Сатаныг эсэргүүцнэ гэдэг нь түүний хамсаатнуудыг буюу Бурхны хэмжээгүй эрх мэдлийн эсрэг тэрслэн боссон бүхнийг эсэргүүцнэ гэсэн үг. Тэрслүү тэнгэрийн элчүүд буюу тоолж баршгүй олон чөтгөр тэдний тоонд ордог (Илч. 12:3, 4). Хүмүүсийг олон удаа тарчилган зовоосноос нь чөтгөрүүдийн ер бусын хүчтэйг мэдэж болно (Мат. 8:28–32; Марк 5:1–5). Тиймээс чөтгөрүүд болон «чөтгөрүүдийн захирагчийн» хүчийг дутуу үнэлж хэрхэвч болохгүй (Мат. 9:34). Бид Еховагийн тусламжгүйгээр Сатаныг ялж чадахгүй.

САТАН ХАРГИС

8. а) Сатаны зорилго юу вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Таны ажигласнаар, хүмүүс яаж Сатан шиг хэрцгий авирладаг вэ?

8 Элч Петр Сатаныг «архирах арслантай» зүйрлэжээ. «Архирах» гэж орчуулсан  грек үг нь «өлссөн араатны хүрхрэхийг» хэлдэг гэж нэгэн тайлбар тольд бичсэн байдаг. Сатаны харгис хэрцгий, хорон муу санааг оновчтой дүрсэлжээ! Ертөнц тэр чигээрээ эрхшээлд нь байдаг ч гэсэн Сатан илүү олзонд шунадаг (1 Иох. 5:19). Сатаны хувьд ертөнц бол зүгээр нэг «хөнгөн зууш» юм. Харин тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгч «өөр хонинууд» «гол хоол» нь гэсэн үг (Иох. 10:16, ШГ; Илч. 12:17). Еховагийн ард түмнийг залгих нь Сатаны зорилго мөн. Нэгдүгээр зуунаас өнөөг хүртэл Есүсийн дагалдагчдын эсрэг хавчлага өрнүүлж байгаа нь хэчнээн харгис хэрцгий этгээд болохыг нь баталдаг.

9, 10. а) Сатан Израиль үндэстэн рүү хэрхэн довтолсон бэ? (Жишээ хэлнэ үү). б) Сатан яагаад эртний Израилийг онилсон бэ? в) Еховагийн нэг л үйлчлэгч ноцтой нүгэл үйлдэхэд Диавол яадаг вэ?

9 Бурхны санаа зорилгод саад хийхийн тулд Сатан бас нэг харгис арга хэрэглэдэг. Өлссөн арслан барьсан олзоо өрөвддөггүй. Амийг нь таслахаасаа өмнө ч, дараа нь ч өр зүрх нь өвдөнө гэж байдаггүй. Үүнтэй адил, Сатан залгих гэж байгаа хүмүүсээ өчүүхэн төдий ч өрөвддөггүй. Жишээ нь, израильчуудыг садар самуун явдалтай орооцолдох, сувдаг шунахай зан гаргах зэргээр нүгэл үйлдэхэд Сатан ямар их баярлаж байсан бол? Зимриг садарлаж, Гехазиг эд мөнгөнд шунаад гашуун үр дагавар амссаныг уншихлаар ялалт байгуулсандаа баярлан архирч буй арслан таны санаанд буух уу? (Тоол. 25:6–8, 14, 15; Х.дэд 5:20–27).

Еховагийн нэг л үйлчлэгч нүгэл үйлдэхэд Сатан баярладаг (10-р догол мөрийг үзнэ үү)

10 Эртний Израилийг онилох онцгой шалтгаан Сатанд байсан. Энэ үндэстнээс Мессиа гарах учиртай байлаа. Мессиа бол Сатаныг няцлан, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөх нэгэн юм (Эх. 3:15). Сатан израильчуудыг сайн сайхан явуулахыг хүсээгүй. Харин ч нүгэл үйлдүүлж Бурхны сайшаалыг алдуулахыг хамаг чадлаараа оролдсон. Давидыг завхайрахад, Мосег Амласан газар амьдрах эрхгүй болоход Сатан  тэднийг өрөвдсөн болов уу? Огтхон ч үгүй. Бурхны нэг л үйлчлэгч ноцтой нүгэл үйлдэхэд Сатан магнайгаа хагартал баярладаг. Диавол Еховаг буруутгахдаа иймэрхүү баримтыг дэлгэж тавьдаг (Сур. 27:11).

11. Сатан яагаад Сараг бай болгосон бэ?

11 Мессиаг төрүүлэх овгийг Сатан бүр ч үзэн яддаг байсан. Ехова Абрахамыг «аугаа их үндэстэн болгохоо» амласны дараахан юу болсныг авч үзье (Эх. 12:1–3). Абрахам Сара хоёрыг Египетэд байхад фараон Сараг ордондоо авчруулж эхнэрээ болгохыг хүсжээ. Гэвч Ехова Сараг энэ хүнд байдлаас аварсан (Эхлэл 12:14–20-ийг уншина уу). Исаакийг төрөхөөс өмнө Герар нутагт бас үүнтэй төстэй явдал болдог (Эх. 20:1–7). Эдгээр хэргийн цаана Сатан байсан уу? Сара өндөр хөгжилтэй Ур хотоос явж майханд хоног төөрүүлж байсныг саная. Тиймд фараон болон Абимелехийн тохилог орд харшийг хараад сэтгэл нь татагдана гэж Диавол бодсон юм болов уу? Сараг нөхрөөсөө, Еховагаас урваж, тэдгээр хаадтай гэрлэнэ гэж бодсон уу? Библид энэ тухай тодорхой бичээгүй ч Сара амласан үрийг төрүүлэх боломжоо алдсан бол Диавол баярлах байсан нь гарцаагүй. Ямар ч атугай, нэр хүндтэй, нөхөртөө үнэнч, Еховатай сайн харьцаатай энэ эмэгтэйг алдаа гаргасан бол Сатан хэзээ ч өрөвдөхгүй байх байсан. Ямар өөдгүй, харгис этгээд вэ!

12, 13. а) Есүсийг нялх байхад Сатан хэрхэн харгис хэрцгий загнасан бэ? б) Еховаг хайрлаж, түүнд үйлчилдэг хүүхдүүдийг харахлаар Сатанд ямар санагддаг бол?

12 Абрахамаас хойш олон зууны дараа Есүс мэндэлсэн билээ. Дөнгөж төрчихөөд байхад нь Сатан түүнийг өхөөрдөм хөөрхөн, хайр татам хүү гэж бодсон уу? Хэзээ ч үгүй. Энэ хүүхдийг өсөж томроод, амласан Мессиа болно гэдгийг Сатан мэдэж байсан. Үнэхээр ч Есүс Абрахамын үрийн гол хэсэг бөгөөд хожим нь «диаволын үйлсийг устгах» нэгэн байлаа (1 Иох. 3:8). Нялх хүүхэд алахыг хэтэрхий харгис гэж Сатан бодсон уу? Үгүй. Сатан зөв буруугийн талаарх хэм хэмжээг уландаа гишгэсэн увайгүй этгээд учир нялх балчир Есүсийг алахыг оролдсон. Чухам яаж?

13 «Иудейчүүдийн Хаан» мэндэлсэн тухай мэдээг Херод хаан зурхайчдаас сонсоод уурлан хилэгнэж, хүүхдийг алахыг хүсжээ (Мат. 2:1–3, 13). Ингээд Бетлехем болон түүний ойр орчимд буй хоёр ба түүнээс доош насны бүх хөвгүүнийг устгах зарлиг буулгасан (Матай 2:13–18-ыг уншина уу). Есүс тэр аймшигт алуурчны гарт өртөлгүй, амь аврагдсан билээ. Энэ түүх бидний дайсан Сатаны талаар юу өгүүлдэг вэ? Диавол хүний амийг юман чинээ боддоггүй. Жаахан хүүхдийг өчүүхэн ч өрөвддөггүй. Үнэхээр «архирах арслан» гэлтэй. Сатаныг харгис гэдгийг хэзээ ч бүү мартаарай!

САТАН МЭХЛЭГЧ

14, 15. Сатан «үл итгэгчдийн бодол санааг» хэрхэн сохолсон бэ?

14 Хайр халамжаар дүүрэн Ехова Бурхнаас хүмүүсийг урвуулах Сатаны цорын ганц арга нь хууран мэхлэх юм (1 Иох. 4:8). Сатанд хууртсан хүмүүс Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарлахаа больдог (Мат. 5:3). Ийнхүү Диавол «үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ» (2 Кор. 4:4).

15 Сатан хүмүүсийг хуурахдаа хуурамч шашныг гол хэрэгслээ болгодог. Хүмүүс өөрөөс нь өөр хэнийг ч,  юуг ч бүү шүтээсэй гэж Ехова хүсдэг (Ег. 20:5). Хэрэв хүмүүс өвөг дээдэс, хангай дэлхийдээ сүсэглэн мөргөж, ан амьтан гэх зэргийг бишрэн шүтвэл Сатан баярладаг. Бурхныг зөв зохистой шүтэж байна гэж боддог хүмүүс хүртэл худал хуурмаг юманд итгэж, ямар ч хэрэггүй зан үйл үйлддэг. Тэд үнэхээр хөөрхийлөлтэй байдалд байна. Ехова тийм хүмүүст «Та нар яагаад талх биш юманд мөнгө зарцуулдаг вэ? Мөн та нар цатгахгүй юманд юунд хөлсөө зарцуулдаг вэ? Намайг анхааралтай сонсож, сайныг нь ид, элбэг хангалуунд өөрийгөө жаргаа» хэмээн Исаиагаар хэлүүлжээ (Ис. 55:2).

16, 17. а) Есүс Петрт яагаад «Миний араас зайл, Сатан аа!» гэж хэлсэн бэ? б) Сатан биднийг сонор сэрэмжгүй болгохын тулд хэрхэн хуурч мэдэх вэ?

16 Еховад идэвхтэй үйлчилдэг хүмүүсийг ч Сатан мунхруулах чадалтай. Жишээ нь, Есүс удахгүй алуулах гэж байгаагаа шавь нартаа хэлэхэд юу болсныг аваад үзье. Элч Петр түүнийг хажуу тийш нь авч гараад «Та өөрийгөө бодооч. Танд ийм юм яасан ч тохиолдохгүй» (ШЕ) гэж хэлэхдээ муу санаа өвөрлөөгүй нь ойлгомжтой. Харин Есүс хариуд нь «Миний араас зайл, Сатан аа!» хэмээн эрс шийдэмгий хэлдэг (Мат. 16:22, 23). Петрийг яагаад «Сатан» гэсэн бэ? Яагаад гэвэл удахгүй юу болох гэж байгааг Есүс мэдэж байсан. Амиа тахил болгон өргөж, Диаволын худалчийг батлах цаг дөхөж байв. Ийм эгзэгтэй үед Есүс «өөрийгөө бодох» учиргүй байлаа. Хэрэв сонор сэрэмжээ алдсан бол Сатан ямар их баярлах байсан бол оо!

17 Бид бас өнөөгийн ертөнцийн төгсгөл ойртсон эгзэгтэй үед амьдарч байна. Сатан биднийг энэ ертөнцөд амжилт олохын төлөө үхэн хатан яваасай, «өөрийгөө бодож» сонор сэрэмжээ алдаасай гэж хүсдэг. Та тийм урхинд битгий ороорой! Харин ч «сонор сэргэг байгаарай» (Мат. 24:42). Төгсгөл болох хаа байсан юм бэ гэх юм уу хэзээ ч болохгүй гэсэн Сатаны худал суртал ухуулгад бүү итгээрэй.

18, 19. а) Сатан бидэнд ямар бодол төрүүлэхийг оролддог вэ? б) Үргэлж сонор сэрэмжтэй байхад Ехова хэрхэн тусалдаг вэ?

18 Сатан бас нэг аргаар биднийг хууран мэхлэхийг оролддог. Еховагаар хайрлуулах эрхгүй, Ехова намайг хэзээ ч уучлахгүй гэж бодуулахыг Сатан хүсдэг. Энэ нь бүгд Сатаны худал суртал ухуулга юм. Үнэн хэрэгтээ хэн Еховагаар хайрлуулах эрхгүй билээ? Сатан. Үнэн хэрэгтээ хэн Бурхны өршөөлийг хүртэх эрхгүй билээ? Бас л Сатан. Харин бидний тухайд, «Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэж Библид байдаг (Евр. 6:10). Тааллыг нь олох гэж хичээж байгаа биднийг Ехова эрхэмлэн хайрладаг бөгөөд бидний нөр их хөдөлмөрийг хэзээд өндөр үнэлдэг (1 Коринт 15:58-ыг уншина уу). Тиймээс Сатаны худал суртал ухуулгад бүү автаарай.

19 Сатаныг хүчтэй, харгис, мэхлэгч этгээд болохыг үзлээ. Ийм дайсныг яаж ялах вэ? Ехова тусална. Бурхны Үгэнд Сатаны хөнөөх санааг тодорхой бичсэн байдаг (2 Кор. 2:11). Тиймээс Сатаны мэхийг мэдчихвэл сонор сэрэмжтэй байж чадна. Гэхдээ зүгээр нэг мэдэх нь хангалтгүй. Библид «Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» гэж байдаг (Иак. 4:7). Сатантай тэмцэж, ялалт байгуулахын тулд ямар гурван урхинаас зайлсхийхийг дараагийн өгүүллээр үзнэ.