Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 5 сар 

Та Сатаныг ялж чадна!

Та Сатаныг ялж чадна!

«Та нар бат итгэлээрээ [Сатаныг] эсэргүүц» (1 ПЕТР 5:9).

1. а) Одоо Сатантай тэмцэх нь юу юунаас илүү чухал гэхийн учир юу вэ? б) Сатаныг ялах боломжтойг хаанаас мэдэж болох вэ?

САТАН тослогдсон христианууд болон «өөр хонинуудтай» дайтдаг (Иох. 10:16, ШГ). Диавол үлдсэн богинохон хугацаандаа Еховагийн үйлчлэгчдээс аль болох олон хүнийг залгих зорилготой (Илчлэлт 12:9, 12-ыг уншина уу). Бид Сатаныг ялж чадах болов уу? Тийм ээ, чадна! Библид «Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» гэж байдаг (Иак. 4:7).

2, 3. а) Сүнс чөтгөр байхгүй гэж боддог хүмүүсийг Сатан яагаад амархан урхиддаг вэ? б) Сатан үнэхээр байдгийг та хаанаас мэдсэн бэ?

2 Сатан бодитоор оршдог гэдэгт итгэх нь битгий хэл шоолдог хүн олон бий. Сатан болон чөтгөрүүдийг ном зохиол, аймшгийн кино, видео тоглоомын баатрууд гэж тэд ойлгодог. Тэднийхээр бол тэнэг хүн л буг чөтгөрт итгэдэг ажээ. Үүнээс болоод Сатан уурладаг болов уу? Үгүй, уурладаггүй. Харин ч тийм хүмүүсийг амархан урхиддаг (2 Кор. 4:4). Сүнс чөтгөр байхгүй гэсэн үзэл санааг дэлгэрүүлэх нь хүмүүсийг хууран мэхлэхдээ хэрэглэдэг олон аргынх нь нэг юм.

 3 Бид Еховагийн үйлчлэгчид учраас тэр хүмүүс шиг хууртдаггүй. Диавол үнэхээр байдгийг бид мэддэг. Яагаад? Сатан Еватай могойн цаанаас ярьсныг Библид бичсэн байдаг (Эх. 3:1–5). Иовыг Еховад муулж ярьсан этгээд нь Сатан байсан (Иов 1:9–12). Есүсийг сорьсон нэгэн ч Сатан (Мат. 4:1–10). Бурхны Хаанчлал 1914 онд байгуулагдсаны дараа тослогдсон хүмүүстэй «дайтах» болсон этгээд нь бас л Сатан байсан (Илч. 12:17). Диавол дэлхийд байгаа тослогдсон үнэнч христианууд болон өөр хонинуудыг устгахыг хүсдэг учраас энэ дайн одоо ч үргэлжилж байна. Энэ дайнд ялалт байгуулахын тулд Сатаныг эсэргүүцэж, цаг ямагт бат итгэлтэй байх учиртай. Чухам яаж? Гурван аргыг ярилцъя.

БАРДАМ ЗАНГ ЖИГШ

4. Сатан хамгийн бардам этгээд гэдэг нь юунаас харагддаг вэ?

4 Сатан бол хамгийн бардам этгээд мөн. Еховагийн хэмжээгүй эрх мэдэлд аймшиггүйгээр халдаж өөрийгөө тахин шүтүүлэх гэж увайгүй загнасан нь бардам, сагсуугийн тод илрэл. Тиймээс Сатаныг эсэргүүцэх нэг арга нь бардам занг жигшиж, даруу болохыг хичээх явдал юм (1 Петр 5:5-ыг уншина уу). Бардамнах гэж яахыг хэлдэг вэ? Бахархахаас ялгаатай юу?

5, 6. а) Бахархах нь буруу юу? Тайлбарлана уу. б) Бардамнах нь ямар аюултай вэ? Үүнийг харуулах жишээ хэлнэ үү.

5 Элч Паул: «Та нарын тэсвэрлэдэг бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр болон итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархан ярьдаг» хэмээн Тесалоникийн христиануудад бичжээ (2 Тес. 1:4). «Бахархах» гэдгийг нэг тольд «сайн тал, давуу чанараа үнэлж, өөрийгөө хүндэтгэх», «өөрийгөө юм уу ойр дотныхоо хүнийг сайн юм хийсэн гэж эсвэл сайн юмтай гэж баясах, сэтгэл хангалуун байх» гэж тайлбарлажээ. Тэгэхлээр ямар нэг юмаараа бахархах нь буруу биш юм. Бусдынхаа ажил төрлөөр, тэр байтугай өөрөөрөө тодорхой хэмжээгээр бахархах нь сайн. Гэр бүл, хэл соёл, нутаг уснаасаа ичих хэрэггүй (Үйлс 21:39).

6 Харин бардамнаж сайрхах нь бусадтай, ялангуяа Еховатай харьцах харьцаанд сэв суух аюултай. Зөвлөгөө өгөхөд даруу хүн хүлээж авдаг бол бардам хүн уурлаад хүлээж авдаггүй (Дуу. 141:5). Бардам занг «биеэ бусдаас илүүд үзэн эрдэх» гэж тайлбарласан байдаг. Ехова бардам занг үзэн яддаг (Езе. 33:28; Ам. 6:8). Харин Сатан хүмүүсийг онгирч сагсуурахад баярладаг. Өөрийг нь дууриаж байгаа учраас тэр юм. Нимрод, фараон, Абсаломыг биеэ тоон өөрсдийгөө дөвийлгөхөд Сатан ямар их баярласан бол оо! (Эх. 10:8, 9; Ег. 5:1, 2; 2 Сам. 15:4–6). Каин бардам зангаасаа болоод Бурхантай сайн харьцаатай байхаа больсон. Бурхныг зөвлөгөө өгөхөд хэтэрхий бардам байсан болохоор өөрийгөө засъя гэж бодоогүй. Харин ч зөрүүдэлж Еховагийн сануулгыг үл тоомсорлосноосоо болоод аймшигтай нүгэл үйлдсэн (Эх. 4:6–8).

7, 8. а) Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэж юу вэ? Бардам зантай ямар холбоотой вэ? б) Бардам зан хурлын эв нэгдлийг хэрхэн бусниулдаг вэ?

7 Өнөөдөр бардам зангийн балгаар олон хүн хохирч байна. Бусдыг арьс өнгөөр ялгаварлан үзэх нь бардам зантайн шинж юм. Нэгэн тольд ялгаварлах үзлийг тайлбарлахдаа «өөр үндэстнийг гадуурхах, үзэн ядах» гэжээ. Бас «үндэстэн бүр өөрийн гэсэн онцлог шинж, авьяас чадвартай, зарим үндэстэн дээд  заяатай, зарим нь доод заяатай гэсэн үзэл» хэмээн тайлбарлажээ. Ялгаварлан гадуурхах үзлээс болж тэмцэл мөргөлдөөн, дайн дажин, тэр байтугай, хоморголон устгах явдал гардаг.

8 Христиануудын дунд ийм юм байх ёсгүй. Гэхдээ л бардам зангаас болоод итгэл нэгтнүүдийн хооронд маргаан гарч тэр нь даамжрах аюул бий. Нэгдүгээр зууны зарим христиан хэрүүл маргаан хийж байсан удаатай. Тиймээс Иаков: «Та нарын дундах хэрүүл болон зөрчлийн үндэс юу вэ?» хэмээн асууж нэгийг бодуулжээ (Иак. 4:1). Бусдыг үзэн ядаж, өөрийгөө дөвийлгөдөг бол нэгнийхээ зүрхийг шархлуулах үг хэлэх юм уу ямар нэг юм хийж болзошгүй (Сур. 12:18). Тэгэхлээр бардам зан хурлын эв нэгдлийг эвдэн бусниулдаг байх нь ээ.

9. Арьс өнгөөр ялгаварлах үзэл, бардам зангаа ялахад туслах ямар зүйлүүд Библид байдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

9 Өөрийгөө бусдаас илүү гэж үзчих гээд байдаг бол «бардам зүрхтэй хүнийг» Ехова жигшдэгийг санах хэрэгтэй (Сур. 16:5). Өөр арьсны өнгөтэй, яс үндэстэй, хэл соёлтой хүнийг юу гэж үздэгээ шалгах нь зүйтэй. Арьсны өнгө, яс үндсээрээ бардамнах үзэлтэй бол Бурхан «нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээснийг» умартаж байна гэсэн үг (Үйлс 17:26). Үнэн хэрэгтээ, хүн төрөлхтөн бол Адамаас гарсан нэг л үндэстэн юм. Тиймээс нэг үндэстнийг нөгөөгөөс нь дээр эсвэл доор гэж үзэх нь үнэхээр утгагүй. Сатан л Христийн дагалдагчдын бие биеэ хайрлах хайр, эв нэгдлийг эвдэн бусниулах гэсэндээ ингэж бодуулдаг (Иох. 13:35). Сатаныг ялахын тулд бардам болохоос болгоомжлох хэрэгтэй (Сур. 16:18).

ЭД ХӨРӨНГӨ, ЭНЭ ЕРТӨНЦИЙГ БҮҮ ХАЙРЛА

10, 11. а) Христиан хүн ч энэ ертөнцийг хайрлаж болзошгүй байдгийн учир юу вэ? б) Дем яаж ертөнцийг хайрласан бэ?

10 Сатан «энэ ертөнцийг» захирч, хүссэнээрээ хөдөлгөж байдаг (Иох. 12:31; 1 Иох. 5:19). Тийм учраас, энэ ертөнцөд байдаг олон зүйл Библийн зарчимд харшилдаг. Мэдээж бүгд муу гэсэн үг биш ээ. Гэхдээ л Сатан хүслээр маань далимдуулан биднээр нүгэл үйлдүүлэхийг оролдож мэднэ. Сатанд урхидуулбал энэ ертөнцийг хайрлаж, Еховаг шүтэх асуудалд хайнга ханддаг болно (1 Иохан 2:15, 16-г уншина уу).

11 Ертөнцийг хайрладаг болсон христианууд нэгдүгээр зууны үед байсан. Жишээлбэл «Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхисон» гэж Паул бичжээ (2 Тим. 4:10). Дем энэ ертөнцийн чухам юунд нь татагдаад Паулыг орхиж явсныг Библид тодорхой бичээгүй. Эд хөрөнгийг сүнслэг зүйлээс илүүд үзсэн байж болох юм. Хэрэв тийм бол Бурханд үйлчлэх гайхалтай завшаанаа үнэлэхээ больсон гэсэн үг. Уг нь Ехова Демийг ивээж Паулын туслах болгосон шүү дээ. Энэ ертөнц Еховагийн өгдгөөс илүү зүйлийг өгч чадна гэж үү? (Сур. 10:22).

12. Сатан биднийг хүслээр маань далимдуулан хэрхэн хуурахыг оролддог вэ?

12 Демд тохиолдсон явдал бидэнд ч тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Бид Христийн дагалдагч учраас өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ материаллаг хэрэгцээг хангах ёстой нь зүйн хэрэг (1 Тим. 5:8). Ехова ч биднийг тав тухтай амьдруулахыг хүсдэг. Учир нь Адам Ева хоёрт үзэсгэлэнт диваажинг орон гэр болгон өгсөн шүү дээ (Эх. 2:9). Харин Сатан хүслээр маань далимдуулан эд баялгаар биднийг  хуурахыг оролддог (Мат. 13:22). Мөнгө хүнийг аз жаргалтай болгодог гэх юм уу эд баялаг бол амжилтын үндэс гэж боддог хүн олон. Ингэж бодвол өөрийгөө хуурч байгаа хэрэг бөгөөд хамгийн үнэтэй юмаа алдах буюу Еховагийн найз байхаа болино. Есүс дагалдагчдадаа анхааруулж «Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй» гэжээ (Мат. 6:24). Хэрэв эд баялгийн боол болбол Еховад үйлчлэхээ болино. Сатан үүнийг л хүсдэг! Мөнгө болон мөнгөөр худалдаж авдаг ямар нэгэн зүйлийг Еховагаас илүүд үзэхгүй байцгаая. Сатаныг ялахын тулд эд хөрөнгөний талаар зөв үзэлтэй байх ёстой (1 Тимот 6:6–10-ыг уншина уу).

САДАР САМУУН ЯВДАЛТАЙ БҮҮ ОРООЦОЛД

13. Гэрлэлт, бэлгийн харьцааны талаар энэ ертөнц ямар гажууд үзэл бодлыг дэвэргэдэг вэ?

13 Сатаны хэрэглэдэг бас нэг урхи нь садар самуун явдал юм. Ханьдаа үнэнч байх, тэр байтугай албан ёсоор гэрлэхийг эрх чөлөө хааж боосон, үеэ өнгөрөөсөн зүйл гэж үздэг хүн олон. Нэг алдартай жүжигчин: «Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, нэг хүнтэй насыг барна гэж юу байх вэ. Ханьдаа үнэнч байдаг эсвэл үнэнч байхыг хүсдэг хүнийг би л лав мэдэхгүй юм байна» гэжээ. Бас нэг жүжигчин: «Хүн гэдэг амьтан насан туршдаа нэг л хүнтэй амьдарч чадахгүй байх аа» гэсэн байна. Нэр алдартай хүмүүс гэрлэлт хэмээх Бурхны бэлгийг эрхэмлэхгүй байхад Сатаны бах тав ханадаг нь лавтай. Эр эм хоёр хууль ёсоор гэрлэж насан туршдаа жаргалтай амьдраасай гэж Диавол огтхон ч хүсдэггүй. Тиймээс бид Сатаныг ялахын тулд гэрлэлтийн талаар Бурхныхтай адилхан үзэл бодолтой байх ёстой.

14, 15. Садар самуун явдалтай орооцолдохгүйн тулд яах хэрэгтэй вэ?

14 Та гэр бүлтэй ч бай, ганц бие ч бай, садар самуун явдалтай ямар ч байдлаар бүү орооцолдоорой. Ингэх нь амархан уу? Хэцүү! Жишээ нь, ангийн тань хүүхэд хүссэн хүн болгонтойгоо бэлгийн харьцаанд ордог тухайгаа сайрхан ярьж магадгүй. Эсвэл тэд утсаараа сексийн утгатай мессеж болон зураг илгээдгээ сонин болгон ярьж мэднэ. Зарим улсад үүнийг хүүхдийн порно материал тарааснаас өөрцгүй гэж үздэг байна. «Садарлагч эр өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг» гэж Библид байдаг (1 Кор. 6:18). Бэлгийн замын халдварт өвчнөөс болоод хүн зовж шаналдаг, үхдэг. Гэрлэхээсээ өмнө онгон насаа үдсэн залуучуудын ихэнх нь хийсэн зүйлдээ харамсаж явдаг ажээ. Зугаа цэнгэлийн ертөнц садар самуун явдлыг гэм хоргүй мэтээр харуулдаг. Ийм юмыг үзээд байвал Бурхны хуулийг зөрчлөө гээд муу юм болохгүй гэж боддог болно. Ийнхүү өөрийгөө мэхэлж нүглийн зам руу орно (Евр. 3:13).

15 Садар самуун явдалтай орооцолдох гээд байвал яах вэ? Өөрийн хүчээр давж чадахгүй гэдгээ ухаараарай (Ром 7:22, 23). Тэвчих хүч өгөөч гэж Бурхнаас гуйгаарай (Флп. 4:6, 7, 13). Садар самуун үйлдэж болзошгүй нөхцөл байдалд орохоос зайлсхийгээрэй (Сур. 22:3). Хорхой хүргэм зүйлтэй нүүр туллаа гэхэд хурдан зугтаарай (Эх. 39:12).

16. Сатан хорхойг нь хүргэх гэж оролдоход Есүс яасан бэ? Бид Есүсийг хэрхэн дууриах вэ?

16 Есүс бидэнд гайхалтай сайхан жишээ үзүүлсэн. Сатаны амлалтад хууртаагүй. Бас яах вэ гэж бодож цаг  алдаагүй. Шууд л «Гэж бичигдсэн байдаг» хэмээн хариулж байсан (Матай 4:4–10-ыг уншина уу). Бурхны Үгийг мэддэг байсан болохоор Сатан хорхойг нь хүргэх гэж оролдох болгонд Судраас иш татаж байв. Сатантай тэмцэж ялалт байгуулъя гэвэл садар самуун явдалтай орооцолдуулж мэдэх аливаа зүйлээс хол байх ёстой (1 Кор. 6:9, 10).

ТЭВЧЭЭРТЭЙ БАЙВАЛ ЯЛНА

17, 18. а) Сатан өөр ямар урхи хэрэглэдэг вэ? Үүнд нь бид яагаад гайхдаггүй вэ? б) Сатанд юу тохиолдох вэ? Та яахаар шийдсэн бэ?

17 Бардам зан, эд хөрөнгө, садар самуун явдал бол Сатаны хэрэглэдэг гурван урхи юм. Өөр олон урхи бий. Жишээ нь, христиануудыг гэрийнхэн нь эсэргүүцдэг, ангийнхан нь шоолдог, эрх баригчид дэлгэрүүлэх ажилд хориг тавьдаг. Иймэрхүү юм тохиолдвол бид гайхдаггүй. Учир нь Есүс: «Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна» гэж анхааруулаад «Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно» гэжээ (Мат. 10:22).

Сатан бүрмөсөн устгагдана

18 Сатаныг ялахын тулд яах хэрэгтэй вэ? Есүс шавь нартаа «Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна» гэжээ (Лук 21:19). Биднийг үүрд хохироож чадах хүн нэг ч байхгүй. Бурхантай тогтоосон нандин харьцааг өөрсдөөс маань өөр хэн ч тасалж чадахгүй (Ром 8:38, 39). Еховагийн үнэнч үйлчлэгч үхлээ гэхэд Сатан ялж байна гэсэн үг биш юм. Учир нь Ехова тэднийг амилуулна (Иох. 5:28, 29). Харин Сатанд ирээдүй байхгүй. Эрхшээлд нь байдаг бузар тогтолцоо устгагдсаны дараа Сатан ёроолгүй гүнд 1 000 жил хоригдоно (Илч. 20:1–3). Есүсийн Мянган жилийн засаглалын эцэст Сатан түр хугацаагаар «шоронгоосоо суллагдан» төгс хүн төрөлхтнийг хууран мэхлэхийг эцсийн удаа оролдоно. Үүний дараа устгагдана (Илч. 20:7–10). Диавол ямар ч ирээдүйгүй. Харин танд сайхан ирээдүй бий! Сатаныг эсэргүүцэж, бат итгэлтэй байгаарай. Та Сатаныг ялж чадна!