Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 5 сар 

 Намтар

Еховад яаж хайртай болсноо санаад бэрхийг давдаг

Еховад яаж хайртай болсноо санаад бэрхийг давдаг

1970 оны зуны эхэн сар. АНУ-ын Пеннсилвани мужийн Финиксвилийн Валли Форж ерөнхий эмнэлэг. Хорин настай цэрэг би эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа. Эрэгтэй сувилагч хагас цаг болоод л даралт үзнэ. Халдварт өвчин туссан миний даралт улам унаж байлаа. Надаас хэд ах тэр сувилагч их л сандарсан харагдана. «Та хүн үхэхийг ерөөсөө харж байгаагүй юү?» гэж би асуулаа. Сувилагчийн царай цонхийж «Хараагүй» гэв.

Тэр үед ирээдүй минь баргар байлаа. Эмнэлэгт яагаад хэвтэх болсон гэж үү? Одоо ярьж өгье.

ДАЙНТАЙ ТАНИЛЦСАН НЬ

Би Вьетнамын дайны үед мэс заслын туслах ажилтан байхдаа хүндээр өвдсөн юм. Мэс заслын эмч болох хүсэл зорилготой миний хувьд өвчтэй, шархадсан хүмүүст туслах нь сайхан ажил байв. 1969 оны 7 дугаар сард Вьетнамд анх хөл тавиад шинээр ирсэн бусад хүний адилаар долоо хоногийн сургалтад сууж энэ оронтой танилцлаа. Тэр хугацаанд цагийн зөрүү ч арилж, аагим халуунд нь ч дассан.

Намайг мэс заслын эмнэлэгт хуваарилав. Тэр эмнэлэг Мекон Делта нутгийн Дон Там дахь цэргийн баазад байрлаж байлаа. Томилолтоо аваад удаагүй байтал шархадсан цэрэг ачсан нисдэг тэрэг олноороо ирэх болов. Би ажил хөдөлмөрт дуртай, эх оронч сэтгэлгээтэй хүн байсан болохоор ажилдаа шууд л ханцуй шамлан орсон. Шархадсан цэргүүдийг хагалгаанд оруулахад бэлтгэсний дараа жижигхэн агааржуулагчтай төмөр чингэлгүүдэд яаралтай аваачна. Тэр чингэлгүүдийг мэс заслын өрөө болгосон хэрэг л дээ. Мэс заслын эмч, мэдээгүйжүүлгийн эмч, хагалгааны сувилагч, мэдээгүйжүүлгийн сувилагч нар умгар давчуухан өрөөнд шахцалдан зогсоод хүний амь аврахын төлөө чадах бүхнээ хийдэг байв. Том хар ууттай ачаануудыг нисдэг тэрэгнээс буулгахгүй байгааг би анзаарсан юм. Тэгтэл тэр нь дайны талбарт дэлбэрэлтэд өртсөн цэргүүдийн биеийн тасархайнууд байсан юм билээ. Ингэж л би дайн гээч юмыг мэддэг болсон доо.

БУРХНЫГ ХАЙСАН МИНЬ

Би Библийн үнэний зах зухаас нэлээн эрт мэдсэн

Би бүр залуу байхдаа Еховагийн Гэрчүүдийн заадаг сургаалыг зах зухаас нь мэддэг болсон. Ээжийг Гэрчүүдтэй Библийн хичээл хийхэд дэргэд нь суух дуртай байв. Харин ээж минь Гэрч болоогүй юм. Тэр үед би нэг удаа хойд аавтайгаа хамт явж байгаад Хаанчлалын танхимын дэргэдүүр өнгөрөхдөө «Энэ юу вэ?» гэж асуув. Аав: «Тэр хүмүүсээс холуур явж бай!» гэлээ. Аавд хайртай байсан болохоор үгэнд нь шууд л орж билээ. Тэр үеэс хойш Еховагийн Гэрчүүдтэй уулзахаа больсон.

Би Вьетнамаас ирээд Бурхныг хайж эхлэв. Сэтгэл шаналгасан гашуун дурсамж сэргэх бүрд бүх юм утгагүй санагддаг байлаа. Вьетнамд юу болж байсныг хэн ч ойлгоогүй юм шиг байгаа юм. Гэмгүй хүүхдүүд дайнд амь үрэгдэж байна гэсэн мэдээнээс болоод эсэргүүцлийн жагсаал болж байсныг санаж байна. Эсэргүүцэгчид америк цэргүүдийг хүүхдийн алуурчид гэж нэрлэж байсан юм даа.

Би Бурхныг хайж янз янзын сүмд очдог болов. Бурхныг үргэлж хайрладаг байсан ч тэр сүмүүдэд очоод сэтгэл хөдөлдөггүй байлаа. Эцэст нь Флорида мужийн Делрей Бийч гэдэг газар байдаг Еховагийн Гэрчүүдийн Хаанчлалын танхимд очив. 1971 оны 2 дугаар сарын нэг ням гариг байлаа.

Намайг очиход илтгэл дуусаж байв. Үргэлжлээд «Харуулын цамхаг» судлалын цуглаан боллоо. Ямар сэдэв үзсэнийг санадаггүй юм. Харин илтгэгчийн хэлсэн Библийн зүйлийг жаахан хүүхдүүд өөрийнхөө Библиэс олоод уншиж байсныг тод санаж байна. Үүнийг хараад үнэхээр сэтгэл хөдөлж билээ! Би зүгээр сонсоод ажиглаж байв. Цуглаан тараад Хаанчлалын танхимаас гарах гэж байтал 80 орчим настай нэг өвөө над дээр хүрч ирэв. Нэрийг нь Жим Гарднер гэнэ. «Мөнхийн амь руу хөтлөх үнэн» гэдэг ном үзүүлээд «Чи энэ номыг авах уу?» гэж асуулаа. Ингээд пүрэв гаригийн өглөө цаг товлож, Библийн хичээл хийхээр болов.

Тэр орой нь би шөнийн ээлжид гарах ёстой байлаа. Флорида мужийн Бока Ратонд нэгэн хувийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ажилладаг байв. Шөнийн 11-ээс өглөөний 7 хүртэл жижүүртэй. Тэр шөнө ажил багатай байсан болохоор «Үнэн» номоо уншиж байлаа. Тэгтэл ахлах сувилагч ирээд номыг маань шүүрэн авч гарчгийг нь харснаа «Чи чинь арай тэдний нэг болох гэж байгаа юм биш биз дээ?» гэж хашгичив. Би ч номоо булааж аваад, «Би дөнгөж талд нь ортол уншсан ч Еховагийн Гэрч болох юм шиг байна!» гэж хариулав. Нөгөө сувилагч явчихав. Би тэр шөнөдөө номоо дуустал нь уншсан.

Надад хичээл заадаг байсан Жим Гарднер гэдэг тослогдсон ах Чарлз Расселлыг сайн мэддэг байсан

Гарднер ахтай уулзаад анхны хичээлээ хийхийн өмнө «Ингэхэд хоёулаа ямар номоор хичээл хийх юм бэ?» гэж асуулаа. «Нөгөө, чамд  өгсөн номоороо» гэж хариулахад нь «Уншаад дуусчихсан шүү дээ» гэв. Гарднер ах: «Тэгвэл хоёулаа эхний бүлгийг зүгээр ярилцъя» хэмээн эвтэйхэн хэллээ. Үнэндээ би их олон юм ойлгоогүй өнгөрчихсөн юм билээ. Гарднер ах Иаков хааны, улаан үсэгтэй Библиэс маань олон зүйл үзүүлсэн. Ингээд би жинхэнэ Бурхан Еховатай танилцав. Жим ах (Гарднер ахыгаа Жим гэж дотночлон дууддаг байлаа) бид хоёр «Үнэн» номын гурван бүлгийг тэр өглөө үзэв. Түүнээс хойш пүрэв гариг болгоны өглөө 3 бүлэг судалдаг боллоо. Хичээлдээ би их дуртай. Чарлз Расселлыг сайн таньдаг тослогдсон ахаар хичээл заалгасныгаа завшаанд тооцдог!

Хэдхэн 7 хоногийн дараа би сайн мэдээ дэлгэрүүлэх эрхтэй болов. Айлаар дэлгэрүүлэхээс өгсүүлээд санаа зовоож байсан олон асуудлаа шийдэхэд Жим ах тусалсан даа (Үйлс 20:20). Жим ахтай хамт явах тусам дэлгэрүүлэх ажлын амтанд оров. Энэ ажлыг одоо ч эрхэм чухал гэж боддог. Бурхны хамтран зүтгэгч байна гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ! (1 Кор. 3:9).

ЕХОВАД ХАЙРТАЙ БОЛСОН МИНЬ

Миний хувьд хамгийн чухал зүйл бол Еховад анх хайртай болсон минь юм (Илч. 2:4). Тэр хайраа санахлаар дайны гашуун дурсамжаа мартаж, хэцүү бэрх олон давааг давах тэнхээтэй болдог (Ис. 65:17).

Еховаг гэсэн анхны хайраа санахлаар дайны гашуун дурсамжаа мартаж, хэцүү бэрх олон давааг давдаг

1971 оны 7-р сард Янки цэнгэлдэх хүрээлэнд болсон «Бурхны нэр» гэсэн сэдэвтэй дүүргийн чуулганаар баптисм хүртсэн

1971 оны хаврын нэг онцгой өдрийг одоо ч мартдаггүй. Байрнаасаа хөөгдчихөөд байсан цаг. Эцэг эхийн минь байр л даа. Еховагийн Гэрчийг гэр орондоо байлгахгүй гээд хойд эцэг маань намайг хөөчихсөн юм! Би тэр үед мөнгө муутай байлаа. Ажиллаж байсан эмнэлэг маань хоёр 7 хоногт нэг удаа цалин өгнө. Би дэлгэрүүлэх ажилд оролцож, Еховагийн нэрийг алдаршуулах гэсэндээ хувцас хунарт  ихэнх мөнгөө үрчихээд байлаа. Банкинд хадгалуулсан жаахан мөнгө маань миний өссөн нутаг Мичиганд байв. Тийм болохоор хэд хоног машиндаа амьдрахаас өөр аргагүй боллоо. Шатахуун түгээх станцын нойлд орж сахлаа хусаж, нүүр гараа угаана.

Нэг өдөр жижүүрээсээ буучихаад дэлгэрүүлэх ажлын цуглаан эхлэхээс хэдэн цагийн өмнө Хаанчлалын танхим руу явав. Тэгээд танхимын ард хүнд харагдахгүй газар сууж байтал Вьетнамын тухай дурсамж сэргэж хүний махны түлэнхий үнэр үнэртэх шиг болж, цус нөж нүдэнд харагдав. «Би зүгээр болох уу? Зүгээр болно биз дээ?» гэж шархадсан цэргүүдийн шавдуулан асууж байсан нь чихэнд сонсогдож, зовлонт төрх нь нүдэнд үзэгдэв. Үхнэ гэдгийг нь мэдсээр байсан хэр нь үүнийгээ нүүр царайгаараа мэдэгдүүлэхгүйг хичээн хамаг л чадлаараа тэднийг тайвшруулахыг оролдож байснаа санав. Сэтгэл минь үймэрч орхилоо.

Еховаг гэсэн хайраа хөргөхгүйг хамаг чадлаараа хичээх болсон. Ялангуяа хүнд хэцүү үед анхны хайраа ямагт санадаг

Залбирах зуур нулимс хацар даган урсаж байлаа (Дуу. 56:8). Нас барагсад амилах тухай лавшруулан бодож эхлэв. Над шиг олон хүн алаан хядаан үзэж, сэтгэлийн зовлон амссан. Тэр бүхнийг Ехова Бурхан ул мөргүй арилгана. Нөгөө залуусыг амилуулахад тэд Еховагийн тухай судалж мэднэ. Ингэж бодоод тайвшрав (Үйлс 24:15). Яг энэ мөчид Еховаг хайрлах хайр өөрийн эрхгүй намайг эзэмдэн авч зүрх сэтгэлийн минь нандин утсыг хөндсөн юм даа. Тэр өдөр одоо ч надад онцгой санагддаг. Түүнээс хойш Еховаг гэсэн хайраа хөргөхгүйг хамаг чадлаараа хичээх болсон. Ялангуяа хүнд хэцүү үед анхны хайраа ямагт санадаг.

ЕХОВА НАМАЙГ ОРХИОГҮЙ

Дайны үед хүмүүс аймшигтай юм хийдэг. Би тэдний л нэг гэж бодохлоор сэтгэл өвддөг байлаа. Харин өөрийнхөө дуртай Библийн хоёр зүйлийг эргэцүүлэн бодсон минь их тус болсон юм. Нэг нь Илчлэлт 12:10, 11. Тэнд, бидний гэрчлэлийн үгээр төдийгүй Хурганы цусаар Диавол ялагдсан гэж байдаг. Хоёр дахь нь Галат 2:20. Христ Есүс «миний төлөө» амиа алдсаныг би энэ зүйлээс мэдсэн юм. Есүсийн асгаруулсан цусны үндсэн дээр Ехова намайг хүлээн авч, хийсэн хэргийг маань хэрэгсэхгүй болгосон. Ингэж бодоод сэтгэл уужирч энэрэнгүй Бурхан Еховагийн тухай хүмүүст чадлынхаа хэрээр мэдүүлэхээр шийдэж билээ! (Евр. 9:14).

Туулж өнгөрүүлсэн амьдралаа эргээд бодохлоор Ехова надад дандаа санаа тавьж байжээ. Талархахгүй байхын аргагүй. Жишээ нь, яг тэр өдөр Жим ах намайг машиндаа амьдарч байгааг мэдээд тавилгатай байшинтай нэг эгчтэй уулзуулсан юм. Ехова л Жим ах, тэр эгч хоёроор надад тийм сайхан байр өгүүлсэн гэж боддог. Ехова үнэнч үйлчлэгчдэдээ үргэлж санаа тавьдаг ийм л сайхан сэтгэлтэй Бурхан даа!

ИДЭВХТЭЙ Ч ЭВИЙГ НЬ ОЛОХ ХЭРЭГТЭЙ

1971 оны 5 дугаар сард Мичиганд очих хэрэг гарав. Флоридагийн Делрей Бийч хурлаас явахдаа машинаараа дүүрэн ном хэвлэл ачиж аваад Интерстэйт-75 гэдэг хурдны замаар хойд зүгийг чиглэн давхилаа. Жоржиа муж хүрээд тэндээс явахад хамаг ном хэвлэл дуусчихсан байв. Очсон газар бүрдээ Хаанчлалын тухай сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлж билээ. Шоронгуудын дэргэд зогсохдоо, нойлд орохдоо хүртэл танилцуулга тараагаад амжсан. Хаа сайгүй цацсан үр маань ургасан болов уу гэж хааяа бодогддог юм (1 Кор. 3:6, 7).

Гэхдээ ний нуугүй хэлэхэд, анх үнэнийг мэдээд удаагүй байхдаа хүмүүст, ялангуяа гэрийнхэндээ эв хавгүй дэлгэрүүлдэг байлаа. Еховаг гэсэн анхны хайр миний дотор буцалж байсан болохоор үнэний талаар их зоригтой, гэхдээ түс тас ярьчихдаг байв. Жон Рон гэдэг  хоёр ахдаа хүчээр дэлгэрүүлдэг байлаа. Бүдүүлэг загнасандаа хожим нь уучлалт гуйсан. Гэхдээ үнэнийг хүлээж аваасай гэж тэднийхээ төлөө одоо ч залбирсаар байгаа. Тэр цагаас хойш Ехова намайг сургасан. Одоо би дэлгэрүүлэхдээ, зааж сургахдаа хүмүүсийн арга эвийг олохыг илүү их хичээдэг болсон (Кол. 4:6).

МИНИЙ ХАЙРТАЙ ХҮМҮҮС

Миний хувьд бас нэг чухал зүйл бий. Энэ бол миний хайртай хүмүүс. Тэдний нэг нь эхнэр Сюзан минь юм. Хаанчлалын ажлыг хийхэд намайг дэмжих хүн хэрэгтэй байлаа. Сюзан бол эрч хүчтэй, Еховад хайртай эмэгтэй. Сюзантай үерхэж байхдаа би нэг удаа Кранстон Род-Айлендад байдаг гэрт нь очив. Сюзан байшингийнхаа довжоон дээр суугаад хажуудаа Библиэ тавьчихсан, «Харуулын цамхаг» сэтгүүлээ уншиж байв. Туслах өгүүлэл уншиж байсан хэрнээ дурдсан зүйлийг Библиэс уншиж байхыг хараад би их биширч билээ. «Үнэнийг эрхэмлэдэг эмэгтэй байна!» гэж бодов. Бид хоёр 1971 оны 12 дугаар сард гэр бүл болсон. Тэр цагаас хойш Сюзан надад үргэлж үнэнч байж, намайг дэмжиж ирсэн. Еховаг надаас илүү хайрладгийг нь би их үнэлдэг юм.

Эхнэр Сюзан, хоёр хүү Пол Жеситэй хамт

Манайх Жеси Пол гэдэг хоёр хүүтэй болов. Хөвгүүд маань өсөж торниход Ехова тэдэнтэй  хамт байсан (1 Сам. 3:19). Үнэнийг өөрийн болгосон тэднийг хараад хүмүүс Сюзан бид хоёрыг магтдаг. Хоёр хүү маань Еховад анх яаж хайртай болсноо үргэлж санадаг болохоор одоо ч үнэнч үйлчилж байна. Хэн хэн нь бүрэн цагаар үйлчлээд 20 гаруй жил болжээ. Бас би хоёр сайхан бэрээрээ бахархдаг. Стефани Ракел хоёрыг төрсөн охид шигээ хайрладаг. Миний хоёр хүү Ехова Бурхныг бүх зүрх сэтгэлээсээ хайрладаг эмэгтэйчүүдтэй гэрлэсэн (Еф. 6:6).

Гэрчүүд бараг очдоггүй газар бид гэр бүлээрээ дэлгэрүүлдэг байсан

Би баптисм хүртсэнийхээ дараа Род-Айлендад 16 жил үйлчлэхдээ олон сайхан найз нөхөдтэй болсон. Хамт үйлчилж байсан ахлагчдын тухай гэгээн дурсамж олон бий. Явуулын ажил хийж байхад надад үлгэр дууриал болсон хүмүүсийг тоочвол барагдахгүй. Еховаг гэсэн анхны хайраа бадрааж явдаг эрчүүдтэй хамт ажиллаж байсныгаа завшаан гэж боддог. 1987 онд манайх гэр бүлээрээ дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэхээр Хойд Каролина руу нүүсэн юм. Тэнд ч бас олон найз нөхөдтэй болсон.

Явуулын ажил хийж байхдаа дэлгэрүүлэх ажлын цуглаан удирдаж байгаа нь

2002 оны 8 дугаар сард Сюзан бид хоёр АНУ-ын Паттерсоны Бетелд уригдсан. Би Үйлчлэлийн хэлтэст ажиллах болов. Эхнэр маань угаалгын газар хуваарилагдлаа. Ажилдаа хэчнээн дуртай гэж санана! Намайг 2005 оны 8 дугаар сард Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилов. Энэ даалгавраа биелүүлж чадахгүй байх гэж айсан. Хариуцлага өндөртэй, ачаалал ихтэй, ийш тийш их явдаг ажил болохоор Сюзаны санаа их зовж байлаа. Эхнэр минь онгоцоор нисэх дургүй ч бид хоёр олон ч удаа ниссэн дээ! Удирдах Зөвлөлийн гишүүдийн эхнэрүүдийн зөвлөгөөг сонсоод Сюзан намайг чадлынхаа хэрээр дэмжихээр шийдсэн гэсэн. Үнэхээр ч намайг их дэмждэг, үүнийг нь харахлаар би эхнэрээ улам их хайрладаг.

Хайртай хүмүүсийн маань зураг миний ажлын өрөөгөөр дүүрэн байдаг юм. Хэчнээн жаргалтай амьдарч байгааг тэр зурагнууд сануулдаг. Би Еховад яаж хайртай болсноо мартахгүйн төлөө чадах бүхнээ хийдэг болохоор их ивээл хүртэж байна!

Гэр бүлээрээ хамт байх үнэхээр сайхан шүү