Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 5 сар 

Тэд Бурхны амласан зүйлсийг «харсан»

Тэд Бурхны амласан зүйлсийг «харсан»

«Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй, харин холоос тэдгээрийг харсан» (ЕВР. 11:13).

1. Үзээгүй юмаа төсөөлж чаддаг маань ямар ач тустай вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

ЕХОВА хүнд гайхамшигтай бэлэг өгсөн билээ. Энэ бол үзээгүй юмаа төсөөлөн бодох чадвар юм. Ийм чадвартай учраас хүн аливааг төлөвлөж, сайхан зүйлийг хүсэн хүлээдэг. Ирээдүйд болох үйл явдлыг Ехова урьдчилан харж чаддаг. Мөн болох гэж буй зүйлийг Судраар дамжуулан бидэнд хэлж өгдөг. Тэр үйл явдлыг бид хараагүй хэрнээ төсөөлөн бодоод итгэдэг (2 Кор. 4:18).

2, 3. а) Бурхны амласан зүйлийг төсөөлөх нь яагаад чухал бэ? б) Энэ өгүүллээр ямар асуултад хариулах вэ?

2 Хүн заримдаа хэзээ ч биелэхгүй юмыг ургуулан бодох нь бий. Жишээ нь, жаахан охин өөрийгөө эрвээхий хөлөглөөд нисэж яваагаар төсөөлж болох юм. Гэвч энэ нь бүтэшгүй мөрөөдөл. Харин Самуелын ээж Ханна бодитой зүйлийг төсөөлж байсан. Тэрбээр хүүгээ Еховагийн асарт үйлчлүүлэхээр дагуулж яваагаар төсөөлөн боддог байжээ. Энэ нь зүгээр нэг хоосон мөрөөдөл биш, өөрийнх нь гаргасан шийдвэр байсан. Үндэстэй юмыг төсөөлөн боддог байсан учраас Ханна зорилгоосоо няцаагүй (1 Сам. 1:22). Бурхны амлалт заавал биелдэг.  Тиймд бид Бурхны амласан зүйлийг төсөөлөн боддог бол итгэл бэхэжнэ (2 Петр 1:19–21).

3 Библи бичигдэж байх үед амьдарч байсан үнэнч хүмүүс Бурхны амласан зүйлийг төсөөлөн боддог байсан нь эргэлзээгүй. Энэ нь тэдэнд ямар ач тустай байсан бол? Дуулгавартай хүмүүсийг сайхан амьдруулах тухай Бурхны амлалтыг бодох нь бидэнд ямар ач тустай вэ?

ИРЭЭДҮЙГЭЭ ТӨСӨӨЛӨӨД ИТГЭЛ НЬ БЭХЭЖСЭН

4. Абел юуны үндсэн дээр ирээдүйгээ төсөөлөн бодсон бэ?

4 Анхны үнэнч хүн Абел Еховагийн амлалтыг «хардаг» байсан болов уу? Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэний дараа Ехова могойд «Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» гэж хэлснийг Абел мэддэг байсан (Эх. 3:14, 15). Чухам юу болохыг мэдэхгүй ч Бурхны хэлсэн энэ үгийг нухацтай бодсон нь лавтай. Хэн өсгийгөө няцлуулж хүн төрөлхтнийг төгс болгох юм бол гэж бодсон биз ээ. Ирээдүйн талаар юу ч гэж төсөөлсөн бай, Бурхны амлалтад бат итгэдэг байжээ. Тийм учраас, өргөсөн тахилыг нь Ехова хүлээж авсан (Эхлэл 4:3–5; Еврей 11:4-ийг уншина уу).

5. Ирээдүйгээ төсөөлдөг байсан нь Енохт яагаад сайн байсан бэ?

5 Бурханд бат итгэлтэй байсан бас нэг хүн нь Енох юм. Бурхны эсрэг «хатуу үг» ярьдаг муу хүмүүсийн дунд амьдарч байсан ч Еховаг «мянга мянган ариун нэгэнтэйгээ ирэхийг» зөгнөдөг байв. «Энэ нь бүгдийн дээр шүүх ажиллагаа явуулж, бүх бурханлаг бусчуудыг бурханлаг бус замаар үйлдсэн бүх бурханлаг бус үйлээр нь болон бурханлаг бус нүгэлтнүүдийн Түүний эсрэг ярьсан бүх хатуу үгээр нь буруутгахын тулд юм» хэмээн зоригтой тайлбарладаг байжээ (Иуда 14, 15). Енох бат итгэлтэй байсан учир дэлхий ертөнц бузар муу хүмүүсгүй болох цагийг төсөөлөн боддог байсан биз ээ (Еврей 11:5, 6-г уншина уу).

6. Ноа Усан галавын дараа юуны тухай бодсоор байсан бэ?

6 Ноа итгэлтэй байсан учраас Усан галаваар эсэн мэнд үлдсэн (Евр. 11:7). Дараа нь амьтнаар тахил өргөсөн нь мөн л итгэлтэйнх байлаа (Эх. 8:20). Усан галаваас хойш нийгэм дахин завхран гажуудаж, Нимрод гэгч этгээд хүмүүсийг удирдан Еховагийн эсрэг турхирчээ. Тийм үед ч Ноа ирээдүй сайхан болно гэж итгэж найдсан хэвээрээ байсан (Эх. 10:8–12). Бурхан хүн төрөлхтнийг нэг л өдөр нүгэл үхлийн боолчлолоос чөлөөлнө гэдэгт Абелын адилаар итгэдэг байсан нь эргэлзээгүй. Дарангуйлагчид байхгүй болох цагийг ч төсөөлж байсан байх. Бид бас энэ сайхан цагийг төсөөлөх хэрэгтэй. Энэ цаг тун ойрхон байна! (Ром 6:23).

БУРХНЫ АМЛАЛТ БИЕЛЖ БАЙГААГААР ТӨСӨӨЛСӨН

7. Абрахам Исаак Иаков нар ямар ирээдүйг төсөөлсөн бэ?

7 Абрахам Исаак Иаков нар сайхан ирээдүйг төсөөлдөг байсан биз ээ. Бурхан бүх үндэстнийг тэдний үр хүүхдээр дамжуулан ивээхээ амлажээ (Эх. 22:18; 26:4; 28:14). Үр удам нь тоолж баршгүй олон болж, үзэсгэлэнт Амласан газар амьдрах учиртай байлаа (Эх. 15:5–7). Бурхнаас сүсэглэн  эмээдэг энэ хүмүүс бат итгэлтэй учир үр удмаа тэр сайхан газар амьдарч байгаагаар төсөөлдөг байсан нь лавтай. Тэгээд ч Ехова анхны хүмүүсийг нүгэл үйлдсэн цагаас эхлэн үнэнч үйлчлэгчдэдээ сайхан ирээдүй бэлэглэхээ амласаар ирсэн билээ.

8. Абрахам яагаад бат итгэлтэй байсан бэ?

8 Абрахам Еховагийн амлалтуудыг төсөөлөн боддог байсан учраас итгэлээ үйл хэргээрээ харуулжээ. Абрахам болон бусад үнэнч үйлчлэгч амьд ахуйдаа «амлалтуудыг хүлээж аваагүй» ч биелсэн юм шиг төсөөлдөг байв. Энэ тухай Библид бичихдээ «Холоос тэдгээрийг харж, мэндчилж» байсан гэжээ (Еврей 11:8–13-ыг уншина уу). Ехова амласан бүхнээ хэзээ ямагт биелүүлж байсныг Абрахам мэддэг учир ирээдүйн талаарх амлалт нь нэг бүрчлэн биелнэ гэдэгт огт эргэлзээгүй.

9. Бурхны амлалтад итгэдэг байсан нь Абрахамд ямар ач тустай байсан бэ?

9 Абрахам бат итгэлтэй байсан учраас Бурхны хий гэсэн болгоныг үг дуугүй биелүүлдэг байв. Жишээ нь, Ур хотоос явсан. Канааны аль ч хотод бүрмөсөн суурьшаагүй. Эдгээр хот Еховаг шүтдэггүй захирагчидтай учраас сүйрч мөхнө гэдгийг мэддэг байжээ (Иош. 24:2). Абрахам бүх насаараа «суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Тэр хотын уран барилгачин ба барилгачин нь Бурхан мөн» (Евр. 11:10). «Суурь бүхий хот» буюу Бурхны засгийн газрын удирдлага дор дэлхий дээр амьдрах цагаа Абел Енох Ноа нарын адилаар тэсэн ядан хүлээдэг байв. Нас барагсад амилна гэдэгт ч итгэдэг байсан. Энэ бүхнийг эргэцүүлэн боддог байсан учраас Еховад улам итгэдэг болжээ (Еврей 11:15, 16-г уншина уу).

10. Сара ирээдүйгээ итгэлтэй харж байснаараа ямар ивээл хүртсэн бэ?

10 Абрахамын эхнэр Сара бат итгэлтэй хүн байв. Үрийн зулай үнэрлэлгүй 90 нас хүрсэн ч хүүхэдтэй болох цагаа итгэл төгс хүлээж байлаа. Үр удмаа Еховагийн амласны дагуу өнөр өтгөн, хүчирхэг үндэстэн болж байгаагаар төсөөлдөг байжээ (Евр. 11:11, 12). Сара бат итгэлтэй байсны учир юу вэ? Ехова нөхөрт нь «Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, үндэстнүүдийн эх болгон, улсын хаад түүнээс гарна» хэмээн айлдсан (Эх. 17:16). Еховагийн амлалт биелж Сара Исаакийг төрүүлэв. Тэр цагаас хойш Абрахамд өгсөн бусад амлалтаа Ехова заавал биелүүлнэ гэдэгт бүр ч итгэдэг болжээ. Бид бас Еховагийн амласан гайхалтай зүйлүүдийг биелж байгаагаар төсөөлдөг бол итгэл маань бэхэжнэ.

ШАГНАЛАА ҮРГЭЛЖ БОДДОГ БАЙСАН

11, 12. Мосе юуны ачаар Еховаг улам хайрладаг болсон бэ?

11 Еховад бат итгэдэг байсан бас нэг хүн бол Мосе юм. Тэрбээр Еховаг маш их хайрладаг байв. Египетийн хааны ордонд өссөн түүний хувьд эд хөрөнгө, эрх ямбанд дурлах амархан байлаа. Гэхдээ төрсөн эцэг эхээрээ Еховагийн тухай заалгаж, санаа зорилгыг нь мэдэж авчээ. Ехова ард түмнээ Египетийн дарлал мөлжлөгөөс чөлөөлж, Амласан газар луу оруулах санаа зорилготой байв (Эх. 13:14, 15; Ег. 2:5–10). Мосе энэ амлалтыг төсөөлөн бодох тусам Еховаг улам их хайрладаг болжээ.

12 «Итгэлээр, Мосе эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг  зуурын жаргалыг эдэлснээс Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагнал уруу харж байлаа» гэж Библид бичсэн байдаг (Евр. 11:24–26).

13. Мосе Еховагийн амлалтыг нухацтай боддог байсан нь ямар үр дүнд хүрсэн бэ?

13 Ехова израильчуудын төлөө юу хийх гэж байгааг Мосе нухацтай боддог байсныхаа ачаар бат итгэлтэй болжээ. Бурхан бүх хүнийг үхлээс чөлөөлөхийг бусад үйлчлэгчийн адилаар төсөөлөн боддог байсан нь эргэлзээгүй (Иов 14:14, 15; Евр. 11:17–19). Тийм учраас, хүн төрөлхтнийг ямар их өрөвдөн хайрладгийг нь ойлгоод Бурхныг өөрийн эрхгүй хайрладаг болжээ. Үүнийхээ ачаар насан туршдаа Еховад үйлчилсэн (Д.хууль 6:4, 5). Мосе бат итгэлтэй, Бурханд хайртай, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлдөг байсан учраас фараоны сүрдүүлгээс айгаагүй (Ег. 10:28, 29).

БУРХНЫ ЗАСГИЙН ГАЗАР ЮУ ХИЙХИЙГ ТӨСӨӨЛӨӨРЭЙ

14. Юу гэж бодох нь бүтэшгүй мөрөөдөл болох вэ?

14 Өнөөдөр олон хүн ирээдүйн талаар бүтэшгүй юм мөрөөддөг. Жишээ нь, ядуу хүмүүс баян болж санаа зовох юмгүй амьдарч байгаагаар төсөөлдөг. Гэтэл хүний амьдрал «зүдүүр, уй гашуугаар» дүүрэн байдаг (Дуу. 90:10). Засгийн газрууд дэлхий дахины тулгамдсан асуудлыг шийднэ гэж боддог хүн олон. Гэвч зөвхөн Бурхны засгийн газар үүнийг хийж чадна гэж Библид бичжээ (Дан. 2:44). Энэ ертөнц хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж боддог хүн цөөнгүй. Гэтэл Бурхан өнөөгийн бузар муу тогтолцоог устгана гэж Библид зөгнөжээ (Зеф. 1:18; 1 Иох. 2:15–17). Ирээдүйнхээ талаар Еховагийн санаа зорилгоос өөрөөр төсөөлдөг бол хэзээ ч бүтэхгүй юм мөрөөдөж байна гэсэн үг.

Та өөрийгөө шинэ ертөнцөд байгаагаар төсөөлдөг үү? (15-р догол мөрийг үзнэ үү)

15. а) Христианууд ирээдүйнхээ тухай төсөөлөх нь ямар ач холбогдолтой вэ? б) Та юуг тэсэн ядан хүлээдэг вэ?

15 Харин бид тэнгэр газрын алинд ч амьдрах найдвартай бай, ирээдүйнхээ талаар ургуулан бодох хэрэгтэй. Тэр сайхан цагийн тухай боддог бол зүрх сэтгэл маань баяр баяслаар цалгиж, урам зориг бадарна. Та өөрийгөө дэлхий дээр мөнх амьдарч байгаагаар төсөөл дөө. Дэлхийг диваажин болгох ажилд бусадтайгаа гар нийлэн ажиллаж байна. Еховаг тан шиг хайрладаг хүмүүс эргэн тойронд тань байна. Та эрүүл чийрэг, эрч хүчтэй, юунд ч үл санаа зовно. Диваажинг сэргээх ажлыг удирдаж буй хүмүүс танд чин сэтгэлээсээ санаа тавих учир хэчнээн тааламжтай гэж санана! Авьяас чадвараа зориулаад хийж байгаа бүхэн тань бусдыг баярлуулж, Еховаг алдаршуулах учир үнэхээр урамтай. Та амилсан хүмүүст Еховагийн тухай зааж өгнө (Иох. 17:3; Үйлс 24:15). Энэ бүхэн бүтэшгүй мөрөөдөл биш ээ. Учир нь Библид ингэж бичсэн болохоор заавал биелнэ (Ис. 11:9; 25:8; 33:24; 35:5–7; 65:22).

ГАЙХАЛТАЙ ИРЭЭДҮЙНХЭЭ ТУХАЙ ЯРИАРАЙ

16, 17. Ирээдүйнхээ тухай бусдад ярих нь ямар ач холбогдолтой вэ?

16 Шинэ ертөнцөд юу хийхээ итгэл нэгтнүүддээ ярьдаг бол ирээдүйн тухай төсөөлөл маань улам тод болно. Мэдээж яг юу хийхээ хэн ч мэдэхгүй. Гэхдээ юу хүсэж мөрөөдөж явдгаа  ярьдаг бол Еховагийн амлалтад итгэдгийн шинж юм. Ийм маягаар нэг нэгнийгээ зоригжуулж, хэцүү цагт ч Еховад тасралтгүй үйлчлэх урам өгдөг. Элч Паул болон Ромын христианууд харилцан бие биеэ зоригжуулсан тухай Библид байдаг шүү дээ (Ром 1:11, 12).

17 Ирээдүйгээ төсөөлөн бодох нь одоогийн зовлонгоо мартахад тустай. Нэг удаа элч Петр сэтгэл санаа нь тавгүй байхдаа Есүсээс «Хараач, бид бүх зүйлийг орхиод Таныг дагасан. Тэгвэл бид юу хүртэх вэ?» гэж асуудаг. Хариуд нь Есүс шавь нартаа ирээдүйнхээ талаар төсөөлөхөд нь тусалж дараах үгийг хэлжээ. «Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүү Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах үед Намайг дагасан та нар ч мөн Израилийн арван хоёр овгийг шүүж, арван хоёр сэнтий дээр залрах болно. Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно» (Мат. 19:27–29). Тэгэхэд Петр болон бусад шавь өөрсдийгөө Есүстэй хамт тэнгэрийн хаад болж дэлхийг захиран дуулгавартай хүмүүсийг төгс болгож байгаагаар төсөөлсөн биз ээ.

18. Бурхны амлалт биелж байгаагаар төсөөлж бодох нь бидэнд ямар ач тустай вэ?

18 Бат итгэлтэй байхад нь Еховагийн үйлчлэгчдэд юу тус болж байсныг үзлээ. Абел Еховагийн амласан сайхан ирээдүйг төсөөлөн бодож, биелнэ гэж итгэдэг байсны ачаар Еховагийн тааллыг олжээ. Абрахам, амласан үрийн тухай зөгнөлийг биелж байгаагаар төсөөлдөг байсан учир хамгийн хэцүү үед ч Еховагийн үгийг дуулгавартай дагасан (Эх. 3:15). Мосе «шагнал уруу харж байсан» болохоор Еховад улам их хайртай, бат итгэлтэй болсон (Евр. 11:26). Бид бас Еховагийн амласан зүйлийг төсөөлөн боддог бол итгэл маань батжиж, хайр маань гүнзгийрнэ. Бурхны өгсөн төсөөлөн бодох чадварыг хэрхэн зөв ашиглахыг дараагийн өгүүллээр үзнэ.