Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 5 сар 

Мөнхийн амь амласан Нэгнийг дууриацгаая

Мөнхийн амь амласан Нэгнийг дууриацгаая

«Хайрлагдсан хүүхдүүд адил Бурханыг дуурайгчид болцгоо» (ЕФ. 5:1).

1. Еховаг дууриахын тулд ямар чадвараа ашиглах хэрэгтэй вэ?

ЕХОВА хүнийг бүтээхдээ төсөөлөн бодох чадвар хайрласан билээ. Тийм учраас хүн өөрийгөө бусдын оронд тавьж чаддаг. Тэр байтугай, өөрөө амсаж үзээгүй атлаа бусдын зовлонг ойлгодог (Ефес 5:1, 2-ыг уншина уу). Энэ чадвараа хэрхэн зөв ашиглах вэ? Яавал буруу ашиглаж мэдэх вэ?

2. Биднийг зовж шаналахад Еховад ямар санагддаг вэ?

2 Ехова биднийг ирээдүйд ямар ч зовлонгүй амьдруулахаа амласан. Тослогдсон христианууд тэнгэрт, «өөр хонинууд» дэлхий дээр мөнх амьдрах цагаа тэсэн ядан хүлээдэг (Иох. 10:16, ШГ; 17:3; 1 Кор. 15:53). Гэхдээ бид хаана ч амьдрах бай, энэ ертөнцөд зовлон эдлэх нь зайлшгүй. Ехова бидний зовлонг ойлгодог. Эртний израильчуудыг Египетэд дарлагдан зовж байхад нь ч ойлгож өрөвддөг байсан. Үнэндээ «тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон» (Ис. 63:9). Олон зууны дараа иудейчүүдийг дайснуудаасаа айгаад сүмийг сэргээн босгох  ажилдаа орж чадахгүй байхад нь Ехова: «Та нарт хүрэгч нь [миний] мэлмийн цэцгийд хүрдэг» гэжээ (Зех. 2:8). Эх нь нялх үрээ энэрэн хайрладаг шиг Ехова ард түмнээ энэрэн хайрласандаа тусалж дэмжихийг хүсжээ (Ис. 49:15). Нэг үгээр хэлбэл Ехова өөрийгөө бусдын оронд тавьж чаддаг. Бидэнд бас ийм чадвар хайрласан (Дуу. 103:13, 14).

ЕСҮС ЕХОВАГ ДУУРИАН ХАЙРАА ИЛЭРХИЙЛДЭГ БАЙСАН

3. Есүс хүмүүсийг өрөвддөг байсан нь юунаас харагддаг вэ?

3 Есүс бусдын зовлонг ойлгодог байв. Бүр өөрийн биеэр мэдрээгүй атлаа хүмүүсийг ойлгож өрөвддөг байсан. Жишээлбэл, шашны удирдагчид энгийн ард олныг айлган сүрдүүлж, хүний зохиосон хууль дүрэм сахихыг тулган шаардаж, хуурч мэхэлдэг байв (Мат. 23:4; Марк 7:1–5; Иох. 7:13). Харин Есүс тэднээс айж эмээх юм уу худал үгэнд нь хууртаж байгаагүй. Гэлээ ч ард олны сэтгэлийг ойлгодог байсан. Тийм учраас, «хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа» (Мат. 9:36). Тэрбээр Эцэг шигээ хайр халамжтай, өрөвч сэтгэлтэй хүн байсан (Дуу. 103:8).

4. Есүс зовсон хүмүүсийг хараад яадаг байсан бэ?

4 Есүс зовсон олныг хараад хайрын сэтгэлээр тусалдаг байв. Ийнхүү Эцгийгээ төгс дууриасан. Нэг удаа элч нартайгаа хамт дэлгэрүүлэх аялал хийжээ. Замдаа хүнгүй газар амрах гэтэл асар олон хүн хүлээж байв. Есүс тэднийг хараад өрөвдөж «олон зүйлийг зааж эхлэв» (Марк 6:30, 31, 34).

ЕХОВАГ ДУУРИАН ХАЙРАА ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ

5, 6. Хайр халамжтай Еховаг дууриая гэвэл яах хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү. (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

5 Хайр халамжтай Еховаг хэрхэн дууриах вэ? Жишээ нь Ананд гэдэг христиан залуу хурлынхаа настай ахын тухай бодож байна. Тэр ах хараа муутай болохоор юм уншиж чадахгүй. Хөл муутай учир айлаар дэлгэрүүлэхэд төвөгтэй. «Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд» хэмээсэн Есүсийн үгийг Ананд санана (Лук 6:31). Тэгээд, «Хүмүүс миний төлөө юу хийгээсэй гэж би хүсэж байна вэ?» гэж өөрөөсөө асуувал, «Надтай хамт хөл бөмбөг тоглоосой» гэж шууд хариулна. Гэвч ийм өндөр настай хүн хөл бөмбөг тоглож чадахгүй шүү дээ. Тийм болохоор Ананд өөрөөсөө «Хэрэв би энэ ахын оронд байсан бол бусад хүн миний төлөө юу хийгээсэй гэж хүсэх байсан бол?» гэж асууна.

6 Хэдийгээр Ананд залуу боловч настай ахын оронд өөрийгөө тавиад төсөөлөхийг оролдоно. Тэр ахтай хамт байж, яриаг нь анхааралтай сонсоно. Тэгээд Библиэ унших юм уу алхаж яваад айлаар дэлгэрүүлэх хэцүү байдгийг нь мэдэж авна. Эцэст нь яаж туслахаа ойлгоод, тусалъя гэсэн хүсэлтэй болно. Бурхныг дууриан хайраа илэрхийлье гэвэл бид бас өөрийгөө бусдын оронд тавиад бодож үзэх хэрэгтэй (1 Кор. 12:26).

Еховаг дууриан бусдыг хайрлаарай (7-р догол мөрийг үзнэ үү)

7. Яавал бусдынхаа зовлонг ойлгох вэ?

7 Бусдын зовлонг ойлгох амархан биш. Нэг хүний эдэлдэг зовлонг нөгөө нь амсаж үзээгүй байдаг. Зарим нь гэмтэж бэртэх, өвчин тусах,  нас хөгшрөх зэргээр бие махбодоороо зовдог. Нэг хэсэг нь сэтгэл гутрах, айж сандрах, хүчирхийлэлд өртсөн зэргээс болоод сэтгэлийн зовлон эдэлдэг. Өөр нэг хэсэг нь шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлтэй эсвэл үр хүүхдээ ганцаараа өсгөх гэж зүдэрдэг. Хүн болгон өөрийн гэсэн зовлонтой. Бүгд адилхан зовлон амсдаггүй. Еховаг дууриан бусдадаа хайраа илэрхийлэхийн тулд юу хийж болох вэ? Тэр хүний яриаг анхааралтай сонсож сэтгэл санаа нь ямар байгааг тодорхой хэмжээгээр ойлгож авах хэрэгтэй. Ингэвэл яаж туслахаа мэднэ. Хүн болгонд туслах арга ондоо боловч бодит болон сүнслэг тусламж үзүүлэх боломжтой. Ийнхүү Еховаг дууриана (Ром 12:15; 1 Петр 3:8-ыг уншина уу).

ЕХОВА ШИГ НИГҮҮЛСЭНГҮЙ БАЙГААРАЙ

8. Есүс ямар учраас бусдад эелдэг зөөлөн ханддаг байсан бэ?

8 «Хамгийн Дээд Нэгэн ... үл талархагсдад болоод бузар хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг» хэмээн Бурхны Хүү хэлжээ (Лук 6:35). Есүс өөрөө Эцэгтэйгээ адилхан. Тэрбээр хэлэх үг, хийх үйлдлээ бусдад яаж нөлөөлөхийг боддог байсан учраас эелдэг зөөлөн ханддаг байв. Жишээлбэл, нүгэлтэй гэдгээрээ зартай нэгэн эмэгтэй Есүс дээр ирээд ихэд уйлж хөлийг нь нулимсаараа норгожээ. Хэчнээн их гэмшиж байгааг нь Есүс ойлгосон учраас тэр эмэгтэйд хүйтэн хөндий хандвал сэтгэл нь бүр ч их шаналахыг мэдэж байлаа. Тэгээд хатуу үг хэлэхийн оронд харин ч магтаж урамшуулан уучилж өршөөдөг. Үүнийг хараад дургүйцсэн фарисайд Есүс мөн л эелдгээр хариулдаг (Лук 7:36–48).

9. Яавал Ехова шиг эелдэг зөөлөн байх вэ? Жишээ хэлнэ үү.

9 Яавал Ехова шиг эелдэг зөөлөн байх вэ? Элч Паул: «Эзэний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүнд эелдэг зөөлөн ханд» гэж бичжээ (2 Тим. 2:24). Энэ зөвлөгөөг дагадаг хүн эгзэгтэй үед гал дээр тос нэмчихгүйг хичээдэг. Дараах тохиолдолд яаж аядуу зөөлөн байхыг бодож үзье. Захирал тань ажлаа сайн хийдэггүй бол та яах вэ? Цуглаандаа хэдэн сар ирээгүй Гэрч гэнэт ирвэл та юу гэж хэлэх вэ? Дэлгэрүүлж явтал гэрийн эзэн: «Надад ярих зав алга» гэвэл яаж эелдэг хариулах вэ? Эхнэр тань: «Хагас сайнд юу хийхээ яагаад надад хэлээгүй юм бэ?» гэж асуувал аятайхан хариулж чадах уу? Бусдын оронд өөрийгөө тавьж, хэлэх үг маань яаж нөлөөлөхийг төсөөлж бодох хэрэгтэй. Тэгвэл үгээ оновчтой сонгож Ехова шиг эелдэг зөөлөн байж чадна (Сургаалт үгс 15:28-ыг уншина уу).

ЕХОВА ШИГ МЭРГЭН УХААНТАЙ БАЙГААРАЙ

10, 11. Бурхан шиг мэргэн ухаантай болъё гэвэл яах хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.

10 Ехова гайхалтай мэргэн ухаантай. Тийм учраас хүсвэл ямар нэг үйл явдлын үр дагаврыг урьдчилан харж чадна. Харин хүнд тийм чадвар байхгүй. Гэсэн хэдий ч огт болоогүй үйл явдлыг ургуулан бодох чадвартай учраас хийх үйлдлийнхээ үр дагаврыг урьдчилан тооцож чадна. Тиймээс бид ямар нэг юм хийхээсээ өмнө үр дагаврыг нь бодох хэрэгтэй. Эртний израильчууд шиг байж болохгүй. Тэд дуулгаваргүй байхын хор уршгийг бодоогүй. Өөрсдийнх нь төлөө Ехова ямар их юм хийснийг үнэлээгүй. Мосе үүнийг урьдаас мэдэж байсан учраас Израилийн бүх овогт дараах  дууны үгийг сонсгожээ. «Тэд бол зөвлөдөггүй үндэстэн. Тэдэнд мэдлэг байхгүй. Хэрвээ тэд ухаантай байгаад үүнийг ойлгож, өөрсдөө эцэст нь юу болохыг бодсон бол!» (Д.хууль 31:29, 30; 32:28, 29).

11 Тэгэхлээр Ехова Бурхан шигээ мэргэн ухаантай болъё гэвэл хийх гэж байгаа зүйлийнхээ үр дагаврыг төсөөлөн боддог байх нь чухал. Жишээлбэл, хүнтэй үерхэж байна гэж бодъё. Ийм үед бие сэтгэлээ хянах амаргүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Еховатай тогтоосон нандин харьцаандаа сэв суулгах юу ч битгий хийгээрэй! Бурхны ариун сүнсний удирдлагаар бичигдсэн дараах үгийг байнга санаж яваарай. «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг» (Сур. 22:3).

БУРУУ ЮМ БОДОХГҮЙ БАЙГААРАЙ

12. Юуг ургуулан бодох нь аюултай вэ?

12 Хэрсүү хүн бодлоо хянадаг. Ургуулан бодох чадварыг галтай зүйрлэж болно. Зөв харьцвал гал ашигтай. Хоол хүнсээ болгоод идчихнэ. Харин буруу харьцвал хөнөөлтэй. Болгоомжтой байхгүй бол гэр орноо түймэрдэж улмаар өөрөө ч шатаж үхэх аюултай. Үүнтэй адилаар Еховагаар заалгасан зүйлээ төсөөлөн бодох нь ашигтай. Харин зохисгүй юмыг ургуулан боддог бол аюултай. Жишээлбэл, садар самуун явдлыг байнга төсөөлөн боддог бол яваандаа хүслээ хорьж дийлэлгүй ноцтой нүгэл үйлдэнэ. Ийнхүү садар самуун явдалтай орооцолдвол Еховагийн найз байхаа болино! (Иаков 1:14, 15-ыг уншина уу).

13. Ева юуг төсөөлөн бодсон бэ?

13 Анхны эмэгтэй Евагийн түүх бидэнд сургамжтай. Ехова Адам Ева хоёрт «сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй» хэмээн айлджээ (Эх. 2:16, 17). Гэтэл Сатан Евад «Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ» гэв. Сайн мууг өөрөө шийддэг болбол амьдрал нь хэчнээн сайхан болохыг Ева төсөөлөн боджээ. Тэгээд «тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдлаа». Дараа нь яасан бэ? «Тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ» (Эх. 3:1–6). Үүний харгайгаар хүн төрөлхтөнд нүгэл, үхэл тархсан (Ром 5:12). Бодох ёсгүй юмыг төсөөлөн бодох нь ийм хор уршигтай ажээ!

14. Садар самуун явдлын талаар Библид ямар сануулга байдаг вэ?

 14 Ева садар самуун явдалтай орооцолдоогүй ч зохисгүй юмыг ургуулан бодсоноосоо болоод нүгэл үйлдсэн. Садар самуун явдлыг төсөөлөн бодох нь маш аюултайг Библид тодорхой хэлсэн байдаг. Есүс: «Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм» гэжээ (Мат. 5:28). Түүнээс гадна, элч Паул: «Хүсэл тачаалынх нь талаар махан биеийг юугаар ч бүү ханга» хэмээн христиануудад анхааруулсан (Ром 13:14).

15. Бидний хураах ёстой эд баялаг юу вэ?

15 Бурханд таалагдахыг бодохын оронд баян чинээлэг болж байгаагаар өөрийгөө төсөөлдөг бол ургуулан бодох чадвараа буруу ашиглаж байна гэсэн үг. Баян хүний эд хөрөнгө нь «өөрийнх нь төсөөлдгөөр өндөр хана мэт ажээ» (Сур. 18:11). Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаггүй, өөртөө эд хөрөнгө хураадаг хүнийг Есүс мунхаг гэсэн байдаг (Лук 12:16–21). Хэрэв бид «тэнгэрт эд баялгийг өөрсөддөө хурааж», Бурхныхаа хүсэл таалалд нийцүүлдэг бол Бурхнаа ч баярлуулна, өөрсдөө ч жаргалтай байна (Мат. 6:20; Сур. 27:11). Еховатай тогтоосон харьцаа бидний хувьд юунаас ч үнэтэй.

САНАА ЗОВОХОО БОЛИОРОЙ

16. Яавал санаа зовохоо болих вэ?

16 «Газар дээр эд баялаг» хураахын төлөө хамаг хүч чадлаа зориулбал эцэстээ санаа зовох юмаар дүүрэн болно (Мат. 6:19). Мөнгө төгрөгний талаар байнга санаа зовдог хүн Бурхны Хаанчлалыг эн тэргүүнд тавьж чаддаггүйг Есүс хэлсэн (Мат. 13:18, 19, 22). Зарим хүн болзошгүй аюулыг ургуулан бодоод сэтгэл нь үргэлж тавгүй явдаг. Байнга санаа зовдог бол өвчин тусах юм уу Еховад итгэхээ больж мэднэ. Санаа зовохын оронд Еховад найдацгаая. «Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг» гэдэг үгийг мартахгүй байцгаая (Сур. 12:25). Хэрэв ямар нэгэн юманд санаа зовоод байвал Еховад үйлчилдэг эцэг эх, хань ижил юм уу үнэнч найздаа хэлээрэй. Тэд урмын үгээр таныг тайвшруулах биз ээ.

17. Санаа зовсон үед Ехова хэрхэн тусалдаг вэ?

17 Ехова биднийг юунд санаа зовдгийг хамгийн сайн мэддэг. Элч Паул: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална» хэмээн бичжээ (Флп. 4:6, 7). Санаа зовох юм гарвал Ехова өөрөө төдийгүй итгэл нэгтнүүд, ахлагчид, итгэмжит ухаалаг боол, тэнгэр элчүүд, Есүс Христээр туслуулдгийг эргэцүүлэн бодоорой.

18. Бидний хувьд төсөөлөн бодох чадвар хэр чухал бэ?

18 Бурхнаа дууриан бусдыг хайрлахад төсөөлөн бодох чадвар тустайг энэ өгүүллээр үзлээ (1 Иох. 4:8). Бид бусдадаа хайраа илэрхийлж, эелдэг зөөлөн хандаж, хийх гэж буй үйлдлийнхээ үр дагаврыг урьдчилан тооцож, янз бүрийн юманд санаа зовохгүй байдаг бол аз жаргалтай амьдарна. Төсөөлөн бодох чадвараа сайн ашиглан ирээдүйд ямар ивээл хүртэхээ ургуулан бодож, хайр халамжтай, мэргэн ухаантай, эелдэг зөөлөн Ехова Бурхнаа дууриацгаая (Ром 12:12).