Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 4 сар 

Хэзээд Еховад итгэ!

Хэзээд Еховад итгэ!

«Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ» (ДУУ. 62:8).

1-3. Паул ямар учраас Еховад улам их итгэдэг болсон бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

РОМЫН христиануудын амь нас дээсэн дөрөөн дээр байлаа. Христийн дагалдагчдыг МЭ 64 онд хотод түймэр тавьсан хэмээн буруутгаж, хүмүүсийг үзэн яддаг гэж гүтгэн харгисаар хавчих болжээ. Та тэр үед байсан бол баригдаж, тамлагдах аюултай өдөр бүр тулгарах байсан биз ээ. Зарим христианыг махчин амьтанд өгч хэдэн хэсэг тастчуулах юм уу шонд хадан амьдаар нь шатааж шөнийн гэрэлтүүлэг болгодог байв.

2 Элч Паулыг хоёр дахь удаагаа Ромд хоригдох үед ийм цөвүүн цаг байсан бололтой. Итгэл нэгтнүүдээ туслахаар ирж чадахгүй байх гэж Паул бодсон ч байж мэднэ. Яагаад гэвэл өмнө нь хэн ч туслаагүй ажээ. Тэрбээр Тимотод бичсэн захидалдаа «Миний анхны өмгөөлөл дээр хэн ч намайг дэмжсэнгүй. Харин бүгд намайг орхисон. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцох болтугай» гэсэн байдаг. Гэхдээ тусламж огт аваагүй гэсэн үг биш юм. «Эзэн надтай хамт зогссон бөгөөд ... намайг тэнхрүүлэв» гэж бичсэнээс нь үзэхэд Есүс Паулд тусалж  сэтгэлийн дэм өгч байжээ. Тийм ч учраас, «Би арслангийн амнаас аврагдлаа» * гэж бичсэн байдаг (2 Тим. 4:16, 17).

3 Ехова өмнө нь хэрхэн тусалж байсныг Паул бодоод зоригжсон биз ээ. Одоо амсаж буй зовлон, ирээдүйд тулгарах бэрхшээлийг давахад Бурхан гарцаагүй тусална гэдэгт итгэсэн нь лавтай. Тийм учраас, «Эзэн намайг алив бузар муу үйлээс гэтэлгэнэ» хэмээн итгэлтэй хэлжээ (2 Тим. 4:18). Христиан ах дүүс нь туслах аргагүй байлаа ч Ехова Есүс хоёр заавал тусална гэдгийг Паул ойлгосон.

ЕХОВАД ИТГЭХ БОЛОМЖ ГЭЖ ҮЗЭЭРЭЙ

4, 5. а) Хэн танд үргэлж тусалж чадах вэ? б) Яавал Еховатай илүү дотно болох вэ?

4 Бэрхшээлээ давах хүч хүрэхгүй ганцаардаж байсан үе танд бий юү? Ажилгүй болох, сургуулийнхны дарамтад орох, өвчин тусах юм уу өөр ямар нэгэн зовлон амсахад тэгж санагддаг. Та бусдаас тусламж гуйсан ч таны хүссэнээр туслаагүйд урам хугарсан байж болох юм. Заримдаа хүчин мөхөсдөж зовлонгийн өмнө сөхрөх нь бий. Тийм үед Еховад итгэ гэсэн Библийн зөвлөгөө ямар ч ашиггүй юү? (Сур. 3:5, 6). Огтхон ч үгүй! Ехова үнэхээр тусалдгийг харуулах Библийн жишээ олон бий.

5 Хүмүүс танд тусалж чадахгүй бол бүү бухимдаарай. Паулыг дууриан тухайн нөхцөл байдлыг Еховад бүрэн итгэж найдах боломж гэж үзээрэй. Бурхан хэрхэн туслахыг биеэрээ амсах завшаан гэж ойлгоорой. Ингэвэл Еховад улам бүр итгэж найдан, илүү дотно болно.

ЕХОВАД ИТГЭЖ НАЙДАХ НЬ АМИН ЧУХАЛ

6. Хүнд бэрх үед Еховад итгэж найдах нь амархан биш байдгийн учир юу вэ?

6 Хэцүү асуудал тулгарвал өөрийнхөө зүгээс чадах бүхнээ хийгээд, чадахгүйгээ Еховад даатгаарай. Заавал тусална гэж найдаад тайван байгаарай (Дуулал 62:8; 1 Петр 5:7-г уншина уу). Ингэж сурах нь Еховатай дотно болоход зайлшгүй чухал. Гэхдээ хэрэгтэй бүхнийг өгнө гэж итгэх нь дандаа амархан байдаггүй. Яагаад? Нэг шалтгаан нь Ехова таныг залбирсан даруйд хариулахгүй байж магадгүй (Дуу. 13:1, 2; 74:10; 89:46; 90:13; Хаб. 1:2).

7. Ехова заримдаа бидний залбиралд шууд хариулдаггүйн учир юу вэ?

7 Ехова яагаад гуйсан болгоныг маань тэр дор нь өгдөггүй вэ? Библид Ехова болон бидний хоорондох харьцааг аав хүүхдийн хоорондох харьцаатай зүйрлэсэн байдаг (Дуу. 103:13). Аав нь хүүхдийнхээ хүссэн болгоныг авч өгдөггүй, бас гуйсан даруйд нь өгдөггүй. Яагаад гэвэл зарим хүүхдийн сонирхол амархан буурчихдаг. Бас хүссэн юмыг нь авч өгтлөө жаахан хүлээх хэрэгтэй үе бий. Зарим хүүхэд өөртөө юм уу бусдад хэрэг болохгүй юм нэхдэг. Хүүхдэд нь юу сайн, хэзээ авч өгөх нь зүйтэйг аав нь мэднэ. Хэрэв гуйсан даруйд нь өгөөд байвал хүүхэд нь эзэн шиг, аав нь боол шиг болно. Ехова бас бидэнд юу, хэзээ хэрэгтэйг мэддэг болохоор гуйсан юмыг маань хамгийн тохиромжтой үед өгдөг. Ухаант Бүтээгч, халамжтай Эзэн, тэнгэрийн Эцэг учраас ингэх ч эрхтэй. Гуйсан болгоныг маань тэр дор нь өгөөд байвал бид эзэн шиг, Ехова боол шиг болно (Исаиа 29:16; 45:9-тэй харьцуулна уу).

8. Ехова юу гэж амладаг вэ?

8 Бас нэг шалтгаан нь Ехова хүн бүрийн чадал чадварыг сайн мэддэгтэй  холбоотой (Дуу. 103:14). Тийм учраас, өөрийнхөө хүчээр бэрхшээлийг дав гээд орхилгүй, эцгийн сэтгэлээр тусалдаг. Буугаад өгчихмөөр, хэзээ ч хүч хүрэхээргүй санагдах үе бидэнд байдаг нь үнэн. Гэхдээ дааж давшгүй мэт зовлон тохиолдвол Ехова «гарах замыг» өгөхөө амладаг (1 Коринт 10:13-ыг уншина уу). Тиймээс хэр зэргийн зовлон дааж чадахыг маань Ехова мэддэгийг битгий мартаарай.

9. Еховагаас тусламж гуйсан даруйд хариу ирэхгүй бол яах хэрэгтэй вэ?

9 Еховагаас тусламж гуйсан даруйд хариу ирэхгүй бол тэвчээртэй хүлээгээрэй. Хэзээ тусалбал хамгийн сайн болохыг Ехова мэднэ. Үнэндээ Ехова ч бидэнд туслахыг маш их хүсдэг. Гэхдээ тохиромжтой цагийг тэвчээртэй хүлээдгийг бүү мартаарай. «ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!» гэж Библид байдаг (Ис. 30:18).

«АРСЛАНГИЙН АМ»

10-12. а) Өвчтэй хүн асардаг христианд ямар үед бүр хэцүү санагдаж мэдэх вэ? б) Зовлонгийн үед Еховад найдах нь ямар ач тустай вэ? Жишээ хэлнэ үү.

10 Элч Паул дааж давшгүй мэт зовлон амсаад өөрийгөө «арслангийн аманд» орсон хэмээн санаж явсан. Бидэнд бас тэгж санагдаж магадгүй. Ийм үед Еховад найдах нь онцгой чухал. Жишээ нь та өвчтэй хүн асарч байна гэж бодъё. Мэргэн ухаан, хүч тэнхээ гуйж залбирах байх. * Ийнхүү чадах бүхнээ хийсэн бол Ехова таныг харж, ойлгож байгаа гэдгийг санаад тайван байгаарай. Зовлонгоо тэвчиж үнэнч байхад тань Ехова зайлшгүй тусална (Дуу. 32:8).

11 Ехова тусалж байгаа нь танд анзаарагдахгүй байж болох юм. Эмч нар өөр өөр зөвлөгөө өгч магадгүй. Эсвэл дотны хүмүүс маань намайг тайвшруулна гэж бодож байтал харин ч байдлыг бүр хүндрүүлж мэднэ. Ехова хүч тэнхээ өгнө гэдэгт найдсаар байгаарай. Бурхантай дотно болох гэж улам их хичээгээрэй (1 Самуел 30:3, 6-г уншина уу). Ехова тусалж байгааг мэдэхлээрээ та бүр ч илүү дотно болно.

12 Линда * үүнийг биеэрээ амсжээ. Тэрбээр өвчтэй эцэг эхээ насан эцэслэтэл нь асарчээ. «Юу хийхээ мэдэхгүй үе нөхөр дүү бид гуравт олон удаа гарсан. Заримдаа хэн ч туслахгүй байгаа юм шиг санагддаг байлаа. Гэхдээ эргээд бодохлоор Ехова бидэнтэй хамт байсныг илүү сайн ойлгож байна. Ямар ч гарцгүй болсон мэт санагдсан үед ч бид хэдийг зоригжуулж, хэрэгтэй юмыг маань өгч байсан юм билээ» гэж Линда дурссан юм.

13. Еховад найддаг байсны ачаар Ронда хүнд хэцүү үеийг хэрхэн давсан бэ?

13 Еховад бүрэн дүүрэн итгэж найддаг бол золгүй явдлыг ч даван туулна. Рондагийн нөхөр нь Гэрч биш бөгөөд салах өргөдлөө өгчихөөд байлаа. Яг тэр үеэр дүү нь амь насанд аюултай чонон яр гэдэг өвчтэй нь тогтоогдов. Хэдхэн сарын дараа дүүгийнх нь эхнэр нас барах нь тэр. Ронда сэтгэлийн зовлонгоосоо ангижирсан даруйдаа эхлэгчээр үйлчлэх болов. Гэтэл удалгүй ээж нь нас барлаа. Ронда  энэ бүх зовлонг юуны хүчээр давсан бол? «Би өдөр бүр Еховатай ярилцдаг байлаа. Ялихгүй юмыг ч Еховагаас асууж зөвлөгөө авдаг байв. Тэгэх тусам Ехова миний хувьд улам бодитой болсон. Үүний ачаар өөртөө юм уу бусдад биш, Еховад найдаж сурсан. Ехова надад бодит тусламж үзүүлж, хэрэгтэй бүхнийг минь өгдөг байсан. Би Еховатай мөр зэрэгцэн ажиллаж байгаагаа мэдэрдэг байсан» хэмээн ярьсан юм.

Еховатай хэр дотно эсэхийг шалгасан сорилт гэр бүл дотор ч гарч мэднэ (14–16-р догол мөрийг үзнэ үү)

14. Ойр дотны хүн нь хурлаас хасагдвал Еховад найддаг христиан яах вэ?

14 Өөр жишээ авъя. Гэрийнхний тань хэн нэг нь хурлаас хасагджээ гэж бодъё. Хасагдсан хүнтэй харьцах талаар Библид юу гэж байдгийг та мэднэ (1 Кор. 5:11; 2 Иох. 10). Гэсэн хэдий ч таны хамгийн хайртай хүмүүсийн нэг учраас Библийн тушаалыг дагах үнэхээр хэцүү, тэр байтугай боломжгүй мэт санагдах байх. * Та тэнгэрийн Эцэгтээ найдах уу? Шийдэмгий, үнэнч байхад тусална гэдэгт итгэх үү? Үүсээд буй энэ нөхцөл байдлыг Еховатай дотносох боломж гэж үзэх үү?

15. Адам яагаад Еховагийн үгэнд ороогүй вэ?

15 Анхны хүн Адамд тохиолдсон явдлыг харьцуулж үзье. Еховагийн үгэнд орохгүй байлаа ч амьд үлдэж чадна гэж Адам бодсон уу? «Адам мэхлэгдээгүй» гэж Сударт бичсэнийг үзэхэд тэгж бодоогүй (1 Тим. 2:14). Тэгвэл яагаад дуулгаваргүй загнаж эхнэрийнхээ өгсөн жимсийг идсэн бэ? Еховаг бус, Еваг илүү хайрласан  болохоор тэр ажээ. Тийм учраас, Еховагийн тушаалыг дагахын оронд эхнэрийнхээ үгэнд орсон (Эх. 3:6, 17).

16. Бид хэнийг хамгаас илүү хайрлах ёстой вэ? Яагаад?

16 Адамд тохиолдсон явдлаас харвал бид дотны хүмүүсээ хайрлах ёсгүй болж байна уу? Яалаа гэж дээ! Гэхдээ Еховаг тэднээс илүү хайрлах ёстой (Матай 22:37, 38-ыг уншина уу). Еховад маш их хайртай бол дотны хүмүүс тань Еховад үйлчилдэг ч бай, үгүй ч бай, тэдэндээ хамгийн сайн тусалж чадна. Тиймд Еховаг хайрлах хайраа лавшруулаарай. Итгэл найдвараа бүү бөхөөгөөрэй. Хэрэв та хурлаас хасагдсан хүнийхээ төлөө санаа зовоод байвал сэтгэлээ уудлан залбираарай * (Ром 12:12; Флп. 4:6, 7). Хэчнээн их шаналж байлаа ч энэ боломжийг ашиглаад Еховатай улам дотносоорой. Тэгвэл Еховад илүү их найддаг болно. Бас дуулгавартай байсан цагт хамгийн сайн үр дүнд хүрнэ.

ХҮЛЭЭНГЭЭ

Еховад итгэж найддагаа баталж дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцоорой (17-р догол мөрийг үзнэ үү)

17. Биднийг дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог бол Ехова яах вэ?

17 Ехова Паулыг яагаад «арслангийн амнаас» аварсан бэ? «Тунхаглалыг надаар дамжуулан дэлгэрүүлж бүх харь үндэстэнд сонсгохын тулд» гэж Паул бичжээ (2 Тим. 4:17). Ехова Хаанчлалыг тунхаглагч биднийг бас хамтран зүтгэгчээ гэж үзээд «сайн мэдээ» даалгасан (1 Кор. 3:9; 1 Тес. 2:4). Хэрэв бид дэлгэрүүлэх ажилд Паул шиг идэвхтэй оролцдог бол хэрэгтэй бүхнийг маань Ехова «нэмж өгнө» гэдэгт итгэж болно (Мат. 6:33). Бурхны ажлыг чадлынхаа хэрээр хийх тусам залбиралд маань хариулна гэж итгэхэд илүү хялбар болно.

18. Еховад улам их итгэж найдан, урьдынхаасаа илүү дотно болохын тулд яах хэрэгтэй вэ?

18 Тиймээс Бурхантай тогтоосон харьцаагаа бат бэх болгохыг өдөр бүр хичээцгээе. Ямар нэг зүйлээс болоод санаа зовоод байвал Еховатай дотносох боломж олдлоо гэж үзэцгээе. Бурхны Үгийг нямбай судалж, тасралтгүй залбирч, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцоцгооё. Ингэдэг бол ямар ч бэрхшээлийг Еховагийн тусламжтайгаар даван туулна гэдэгт бат итгэдэг болно.

^ д/м 2 Паул үнэхээр арслангаас аврагдсан ч байж мэднэ. Эсвэл өөр аюулыг «арслангийн ам» гэж хэлсэн байж болох юм.

^ д/м 10 Өвчтэй хүн асардаг болон хүнд өвчтэй христиануудад тус болох өгүүллүүд бий. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 3-р сарын 1-ний 9-р хуудасны 11–14-р догол мөр; 2011 оны 12-р сарын 15-ны 27–30-р хуудас; 2006 оны 10-р сарын 1-ний 10-р хуудасны 17, 18-р догол мөр; 2003 оны 9-р сарын 1-ний 8, 9-р хуудасны 10–14-р догол мөрийг тус тус үзнэ үү.

^ д/м 12 Нэрсийг өөрчлөв.

^ д/м 14 «Хурлаас хасах нь яагаад хайрын арга хэмжээ вэ?» гэсэн гарчигтай өгүүллийг энэ дугаараас үзнэ үү.

^ д/м 16 Хайртай хүн нь Еховаг орхивол тэр хэцүү үеийг бусад нь хэрхэн даван туулах тухай өгүүллүүд бий. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2011 оны 7-р сарын 15-ны дугаарын 30–32-р хуудас; «Бурхны хайр» номын 207-р хуудасыг үзнэ үү.