Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 4 сар 

Хурлаас хасах нь яагаад хайрын арга хэмжээ вэ?

Хурлаас хасах нь яагаад хайрын арга хэмжээ вэ?

«ТОМ хүүг маань хурлаас хассан гэдэг зарлалыг сонсоод амьдрал дуусчих шиг л санагдсан. Би хүүтэйгээ их дотно байв. Бид хоёр олон зүйлийг хамт хийдэг байсан. Миний хүү их сайн, үлгэр жишээч хүү байсан. Гэтэл гэнэт зохисгүй юм хийдэг болов. Эхнэр минь дахин дахин уйлж би тайвшруулах аргаа олдоггүй байв. Бид хоёр хүүгээ хүмүүжүүлэхдээ юун дээр алдсан юм бол гэж боддог байсан» гэж Хулиан гэдэг Гэрч ярьжээ.

Хэн нэгэн нь хурлаас хасагдахад хүмүүс ингэж их шаналдаг юм бол хурлаас хасахыг яагаад хайрын арга хэмжээ гэж хэлж болох вэ? Ийм хатуу арга хэмжээ авах нь Библийн үндэстэй юү? Яагаад хурлаас хасдаг вэ?

ЯАГААД ХУРЛААС ХАСДАГ ВЭ?

Ноцтой нүгэл үйлдээд түүндээ гэмшдэггүй Гэрчийг хурлаас хасдаг.

Ехова биднээс төгс байхыг шаарддаггүй ч цэвэр ариун байгаасай гэж хүсдэг. Жишээлбэл завхайрах, хиймэл шүтээн шүтэх, хулгай дээрэм хийх, хүн алах, мэргэ төлгө ид шидээр хөөцөлдөхийг хориглодог (1 Кор. 6:9, 10; Илч. 21:8).

Ехова үйлчлэгчдээсээ цэвэр ариун байхыг хүсдэг нь бидний сайн сайхны төлөө гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Тайван амгалан, зөв шударга хүмүүсээр хүрээлүүлж амьдрахыг хүсдэггүй хэн байх билээ? Ийм сайхан хүмүүс бол итгэл нэгт ах дүүс маань шүү дээ. Учир нь бид бүгдээрээ Бурханд өөрийгөө зориулахдаа Библийн зарчмын дагуу амьдарна гэж амласан хүмүүс.

Хэрэв баптисм хүртсэн Гэрч төгс бусаасаа болоод ноцтой нүгэл үйлдвэл яах вэ? Эртний үнэнч үйлчлэгчид ийм алдаа гаргаж байсан ч Ехова тэднээс нүүр буруулаагүй. Үүний нэг тод жишээ нь Давид хаанд тохиолдсон явдал юм. Тэрбээр завхайрч, хүний амь хөнөөсөн. Гэхдээ зөнч Натан Давидад «ЭЗЭН ... чиний нүглийг зайлуулсан» гэж хэлсэн байдаг (2 Сам. 12:13).

Давид чин сэтгэлээсээ гэмшсэн учраас Бурхны өршөөлийг хүртсэн (Дуу. 32:1–5). Өнөөдөр мөн ялгаагүй. Ноцтой нүгэл үйлдсэн ч чин сэтгэлээсээ гэмшиж алдаагаа дахин давтдаггүй хүнийг хурлаас хасдаггүй (Үйлс 3:19; 26:20). Харин чин сэтгэлээсээ гэмшсэн нь харагдахгүй бол эрхзүйн хорооны ахлагч нар тэр хүнийг хурлаас хасна.

Нүгэл үйлдсэн хүнийг хурлаас хасахад ямар хатуу, энэрэх сэтгэлгүй юм бэ гэж бодогдож магадгүй. Ялангуяа, ойр дотны маань хүн байвал бүр ч тэгж бодогдох биз ээ. Гэхдээ хурлаас хасах нь хайрын арга хэмжээ гэдгийг батлах олон шалтгааныг Ехова Библиэр хэлж өгдөг.

 ХУРЛААС ХАСАХ НЬ ХҮН БОЛГОНД АЧ ТУСТАЙ

Есүс: «Мэргэн ухаан нь үйлсээрээ [буюу үр дүнгээрээ] зөвтгөгддөг» гэжээ (Мат. 11:19). Хурлаас хасах арга хэмжээ нь сайн үр дүнтэй байдаг. Нүгэл үйлдээд гэмшдэггүй хүнийг хурлаас хасвал:

Еховагийн нэрийг цэвэр байлгана. Нэгэнт бид Еховагаар овоглосон хүмүүс учраас нэрийг нь гутаахгүйн тулд биеэ зөв авч явах ёстой (Ис. 43:10). Хүүхэд нь ямар байгаагаас эцэг эхийн нэр нэг бол сайнаар, нэг бол муугаар хэлэгддэг. Үүнтэй адилаар, хүмүүс үйлчлэгчдийг нь ажиглаад Ехова Бурхныг дүгнэнэ. Еховагаар овоглодог хүмүүс ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримталдаг бол нэрийг нь алдаршуулна. Езекиелийн үед амьдарч байсан олон үндэстнүүд иудейчүүдийн үйл хэргийг хараад Еховаг дүгнэдэг байжээ (Езе. 36:19–23).

Хэрэв Гэрч хүн садар самуун явдалтай орооцолдвол Бурхныхаа ариун нэрийг бузарлана. Элч Петр христиануудад «Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл. Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун. Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм» хэмээн зөвлөжээ (1 Петр 1:14–16). Цэвэр ариун, ёс журамтай байдаг бол Бурхныхаа нэрийг алдаршуулна.

Харин муу юм хийдэг бол найз нөхөд, танилууд нь яваандаа мэднэ. Еховагийн ард түмэн үргэлж цэвэр ариун байхын тулд Библийн заавар зөвлөгөөг дагаж амьдардаг. Тэд бузар мууг үл тэвчдэг учраас хурлаас хасах арга хэмжээ авдаг. Швейцарьт ийм явдал болжээ. Нэг хүн Хаанчлалын танхимд ирж цуглаанд суугаад хурлын гишүүн болохыг хүсэж байгаагаа хэлжээ. Эгч нь садар самуун явдалтай орооцолдоод хурлаас хасагдсан гэнэ. Тэрбээр «муу муухай явдлыг хүлцэн тэвчдэггүй» байгууллагад элсэх хүсэлтээ илэрхийлсэн байна.

Хурлыг цэвэр ариун байлгана. Санаатайгаар нүгэл үйлддэг хүмүүсийг хурлаас хасахгүй байх нь ямар аюултайг элч Паул Коринтын христиануудад сануулсан. Тийм хүмүүс хуралд муугаар нөлөөлдгийг хөрөнгө гурилыг бүхэлд нь исгэдэгтэй зүйрлээд «Хилэнцэт хүнийг өөрсдийнхөө дундаас зайлуул» хэмээн хэлжээ (1 Кор. 5:6, 11–13).

Жигшүүртэй бузар хэрэг хийсэн хүнийг Паул «хилэнцэт хүн» гэсэн бололтой. Зарим христиан тэр хүнийг өмөөрдөг болжээ (1 Кор. 5:1, 2). Коринт хотод ёс журамгүй, бузар булай явдал газар авсан учир ийм ноцтой нүглийг нүдээ аниад өнгөрөөвөл хурлын бусад гишүүн дууриаж мэдэхээр байлаа. Бас Бурхны тогтоосон хэм хэмжээг уландаа гишгэхийг хөхүүлэн дэмжсэн хэрэг болно (Ном. 8:11). Далайд аялж буй усан онгоц «далдлагдсан бул чулууг» мөргөөд сүйрдэг шиг, хурлын гишүүд тийм хүмүүсээс болж Бурханд итгэхээ болих аюултай байсан (Иуда 4, 12).

Нүгэл үйлдсэн хүнд гэмээ ухаарахад нь тусална. Есүс замаа алдсан хүүгийн тухай ярьжээ. Тэр хүү эцгийнхээ гэрээс яваад дур зоргоороо амьдарч эд хөрөнгөө үрэн таран хийдэг. Тэгээд эцгээсээ холдвол амьдрал ямар хатуу хүтүү, утга учиргүй болохыг ойлгожээ. Эцэст нь хийсэн хэргээ ухаарч гэмшээд, аав руугаа буцаж очихоор шийддэг (Лук 15:11–24). Хүүгээ өөрчлөгдсөнд баярласан халамжтай эцгийн тухай энэ ёгт үлгэр Еховагийн сэтгэлийг ойлгоход тус болдог. Ехова: «Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно» гэж бидэнд хэлдэг (Езе. 33:11).

Хурлаас хасагдаж итгэл нэгтнүүдээсээ харьцаагаа тасалсан хүмүүс, замаа алдсан хүүгийн адилаар, хэчнээн үнэтэй юмаа алдсанаа ойлгож мэдэх юм. Үйлдсэн нүглийнхээ гашуун үр дагаврыг амсахын зэрэгцээ Ехова болон ард түмэнтэй нь сайхан харьцаатай байсан дурсамжтай үеэ санаад гэмээ ухаарч магадгүй.

 Хасагдсан хүнийг гэмшээд буцаж ирээсэй гэж хүсэж байгаа бол Еховагийн авсан энэ арга хэмжээг тууштай дэмжиж хайраа илэрхийлэх хэрэгтэй. Давид: «Зөв шударга хүн намайг энэрэн цохиж, намайг зэмлэг. Энэ нь толгойн тос мэт билээ» хэмээн дуулсан байдаг (Дуу. 141:5). Өвлийн хүйтэн өдөр ууланд аялж яваад эцэж туйлдсан хүнийг төсөөлөөрэй. Бие нь хөрснөөс болж нойрмоглож эхлэв. Хэрэв унтчихвал хөлдөж үхнэ. Хамт яваа найз нь аврах багийнхныг иртэл тэр хүнийг унтуулахгүйн тулд хацрыг нь үе үе алгадна. Хэчнээн хорсож байсан ч энэ нь амьд үлдэхэд тустай. Үүн шиг, зөв шударга хүнээс зэмлэл хүртэх нь тухайн үедээ хэцүү ч өөрт хэрэгтэйг Давид ойлгожээ.

Хурлаас хасах нь олон хүнд үнэхээр ач тустай байдаг. Өгүүллийн эхэнд дурдсан Хулианы хүү арав гаруй жилийн дараа буруу замаасаа гараад хуралдаа эргэн иржээ. Одоо ахлагчаар үйлчилж байна. «Би хурлаас хасагдсаныхаа дараа сонгосон замаараа явсан. Горыг нь ч амссан. Энэ арга хэмжээ надад үнэхээр хэрэгтэй байсан» хэмээн ярьжээ (Евр. 12:7–11).

ХАСАГДСАН ХҮМҮҮСТ ХАЙРЫН СЭТГЭЛЭЭР ХАНДАХ НЬ

Хэн нэг нь хурлаас хасагдахад бид бүгдээрээ шаналж гашууддаг. Гэхдээ хурлаас хасах арга хэмжээний зорилгыг мартах ёсгүй. Энэ зорилгод хүрэхэд хүн бүр чухал үүрэгтэй.

Гэмшсэн хүмүүсийг Ехова руу буцаж ирүүлэх талаар ахлагчид ихээхэн анхаардаг

Ахлагчид хурлаас хасах шийдвэр гаргаснаа тэр хүнд хэлэхдээ Еховагийн хайрыг илэрхийлэх хэрэгтэй. Аядуу зөөлөн ярьж, хуралдаа буцаж ирэхийн тулд яах хэрэгтэйг нь тодорхой тайлбарлаж өгнө. Хасагдсан хүн гэмшиж, амьдралаа тодорхой хэмжээгээр өөрчилж байгаа нь илт байвал үе үе гэрт нь очиж Ехова руу буцаж ирэхийн тулд яах ёстойг хэлж өгнө. *

Гэрийнхэн нь ахлагчдын гаргасан шийдвэрийг дэмждэг бол хурлынхандаа болон хасагдсан хүнд хайраа илэрхийлж байна гэсэн үг. «Хүү маань хасагдсан ч миний хүү хэвээрээ л байсан. Даанч сонгосон замаас нь болж бидний хооронд ангал үүссэн юм» гэж Хулиан дурсжээ.

Хурлынхан нь хасагдсан хүнтэй ярихгүй, харьцаа холбоо тогтоохгүй байвал Еховагийн хайрыг илэрхийлж байна гэсэн үг (1 Кор. 5:11; 2 Иох. 10, 11). Ийнхүү ахлагчдаар дамжуулан авсан Еховагийн арга хэмжээг дэмжих учиртай. Бас ар гэрийнхнийг нь онцгой анхаарч хайрлан халамжлах хэрэгтэй. Сэтгэлийн зовлон амсаж байгаа учраас байнга тусалж дэмжвэл тэд хурлынхнаасаа хөндийрөхгүй (Ром 12:13, 15).

«Гэмшээгүй хүнийг хурлаас хасах нь бидэнд үнэхээр тустай арга хэмжээ. Еховагийн тогтоосон хэм хэмжээг сахихад тусалдаг. Хэцүү нь ч хэцүү шүү. Гэхдээ эцэст нь сайн юманд хүргэнэ. Хэрвээ би хүүгийнхээ толгойг илж, буруу явдлыг нь өөгшүүлсэн бол миний хүү хэзээ ч буцаж ирэхгүй байх байсан» гэж Хулиан ярьсан юм.

^ д/м 24 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1991 оны 4-р сарын 15-ны дугаарын 21–23-р хуудсыг үзнэ үү (англи).