Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 4 сар 

 НАМТАР

Тайван цагт ч, хэцүү үед ч Ехова ивээсэн

Тайван цагт ч, хэцүү үед ч Ехова ивээсэн

БИ 1930 оны 3 дугаар сард төрсөн. Эцэг эх, хамаатан садан маань Еховагийн үнэнч үйлчлэгчид байсан. Одоогийн Малави улсын Лилонвэ хотын ойролцоох Намкумба тосгон бол миний төрсөн нутаг. Би 1942 онд Бурханд өөрийгөө зориулж, хамгийн үзэсгэлэнтэй хоёр мөрний нэгэнд баптисм хүртсэн. Элч Паул Тимотод «Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун» гэж зөвлөсөн байдаг. Би энэ зөвлөгөөг 70 гаруй жил дагаж байна (2 Тим. 4:2).

Нью-Йоркийн Брүүклин дэх манай байгууллагын төвөөс Нейтан Норр, Милтон Хеншел нар Малавид анх 1948 оны эхээр ирсэн юм. Тэр үеэс Еховад бүрэн цагаар үйлчлэх хүсэл минь бадарсан. Төвөөс ирсэн төлөөлөгчдийн тавьсан илтгэлд урамшиж байснаа санахлаар одоо ч сайхан байдаг юм. Норр ах «Бүх үндэстний мөнхийн Удирдагч» гэсэн илтгэл тавьсныг санаж байна. Бидний 6 000 хүн шавар шалбааг болсон газар зогсоод чих тавин сонсож билээ.

Би Лидаси гэдэг аятайхан охинтой танилцав. Надтай адилхан Еховагийн Гэрч айлд өсжээ. Бүрэн цагаар үйлчлэх хүсэлтэйг нь ч мэдэв. Бид хоёр 1950 онд гэрлэсэн. Манайх 1953 он гэхэд хүү охин хоёртой болсон байлаа. Хүүхэд өсгөж хүмүүжүүлэх том үүрэг нэмэгдсэн ч эхнэртэйгээ ярилцаж байгаад байнгын эхлэгч болсон. Хоёр жилийн дараа тусгай эхлэгчээр томилогдсон.

Удалгүй дүүргийн харгалзагч болж хурлуудыг эргэж тойрох хүндтэй үүрэг оногдов. Сайн эхнэрийн ачаар гэр бүлээ тэжээж, Бурхантай дотно болоход нь тэдэндээ туслахын зэрэгцээ энэ ажлаа амжуулдаг байлаа. * Гэхдээ эхнэр бид хоёр хамтдаа бүрэн цагаар үйлчлэхийг хүсдэг байв. Тийм болохоор сайтар төлөвлөсний эцэст, мөн таван хүүхдийнхээ тусламжтайгаар Лидаси 1960 онд бүрэн цагаар үйлчилж эхэлсэн.

Чуулганд суугаад ирээдүйн хавчлагыг давах тэнхээтэй болсон

Янз бүрийн хурлын ах дүүстээ үйлчлэх сайхан байлаа. Бидний хариуцдаг дүүрэгт үзэсгэлэнт Муланье уулын бэлээс нутгийн зүүн хэсгээр сунаж тогтсон Малави нуурын эрэг хүртэлх газар орно. Тэнд дэлгэрүүлэгчдийн болон хурлын тоо жигд өсөж байсан.

1962 онд «Зоригт үйлчлэгчид» гэсэн сэдэвтэй дүүргийн чуулган болсон юм. Эргээд бодоход, ийм арга хэмжээнүүд Малавийн Гэрчүүдийг  хүнд хэцүү он жилүүдэд бэлдэж байж дээ. Хойтон жил нь Хеншел ах Малавид дахин ирж Блантайр хотын захад тусгай чуулган зохиоход 10 000 гаруй хүн ирж оролцсон. Урам зориг нэмсэн энэ чуулган удахгүй болох сорилтод биднийг бэлдсэн юм.

ХҮНД БЭРХ ҮЕ

Засгийн газар манай үйл ажиллагааг хорьж, салбарын өмч хөрөнгийг хураасан

Гэрчүүд улс төрийн үйл хэрэгт оролцохгүй гэснээсээ болоод 1964 онд харгис ширүүн хавчлагад өртсөн юм. Тэр үеэр Гэрчүүдийн 1 000 гаруй байшин болон 100 гаруй Хаанчлалын танхим сүйдсэн. Гэсэн ч эхнэр бид хоёр явуулын ажлаа 1967 он хүртэл хийсэн. Тэр онд Малавийн засгийн газар Гэрчүүдийн үйл ажиллагааг хориглолоо. Блантайр дахь манай байгууллагын салбарын өмч хөрөнгийг хурааж, миссионерүүдийг улсаас албадан гаргаж, нутгийн Гэрчүүдийг, түүний дотор эхнэр бид хоёрыг шоронд хорив. Бид хоёр суллагдаад явуулын ажлаа үргэлжлүүлсэн. Ингэхдээ их болгоомжтой байдаг байв.

1972 оны 10 дугаар сарын нэг өдөр Малавийн Залуучуудын Холбоо гэдэг улс төрийн байгууллагын 100 гаруй гишүүн манайх руу ирж явав. Тэгтэл тэдний нэг нь түрүүлж ирээд, тэд чамайг алах гэж байна, нуугдаарай гэлээ. Би эхнэр хүүхдүүдээ ойролцоох гадилын модон дунд нуугаад, дараа нь өөрөө гүйж явсаар мангоны томоо гэгчийн модонд авирав. Манай байшин, эд хогшлыг цөмийг нь устгаж байгааг тэндээс харж суулаа.

Улс төрд оролцдоггүйн улмаас Гэрчүүдийн гэр орныг шатаадаг байсан

Малавид хавчлага улам ширүүсэхэд Гэрчүүд олон мянгаараа дүрвэн гарч байлаа. Манайх Мозамбикийн баруун хэсэгт байсан дүрвэгсдийн хуаранд 1974 оны 6 дугаар сар хүртэл хоргодсон. Тэр үед Лидаси бид хоёрыг Малавийн хилийн ойролцоох Мозамбикийн Дүүмүэ гэдэг тосгонд тусгай эхлэгчээр томилсон. Тэгтэл 1975 онд Мозамбик улс Португалаас тусгаар тогтносон тул бид бусад Гэрчүүдтэй хамт Малави руугаа, хавчигчид руугаа буцахаас өөр аргагүй болов.

Малавид ирээд нийслэл Лилонвэд байдаг хурлуудыг эргэх даалгавар авлаа. Эсэргүүцэл хавчлага өрнөж, хүнд хэцүү юм болж байсан ч бидний хариуцдаг дүүргүүд дэх хурлын тоо нэмэгдэж байсан.

ЕХОВА ТУСАЛДАГ

Нэг тосгонд очсон чинь улс төрийн хурал цуглаан болж байв. Намыг дэмжигч зарим хүн биднийг Еховагийн Гэрч гэж мэдээд Малавийн Залуу Пионерүүдийн хөдөлгөөний гишүүдийн дунд суулгачихав. Бид ч Еховагаас тусламж, удирдлага гуйж шаргуу залбирлаа. Тэд хурлаа дуусгангуутаа биднийг зодож гарав. Тэгтэл настай эмэгтэй гүйж ирээд «Тэднийг битгий зод! Энэ хүн чинь миний дүүгийн хүү байгаа юм. Зүгээр явуулчих л даа!»  гэж хашгирлаа. Дарга нарынх нь нэг нь: «Эднийг явуул!» гэлээ. Тэр эмэгтэй манай хамаатан биш мөртлөө яагаад тэгж хэлснийг бүү мэд. Ехова л залбиралд маань хариулж дээ гэж боддог юм.

Намын батлах

Малавийн Залуу Пионерүүдийн зарим гишүүнтэй 1981 онд дахиад тааралдаж билээ. Унадаг дугуй, ачаа бараа, хайрцагтай ном, дүүргийн бичиг баримтаа тэдэнд алдчихав. Зугтаж явсаар нэг ахлагчийнд очлоо. Ямар байдалтай байгаагаа Еховад хэлж залбирав. Хавтастай бичиг баримтдаа их санаа зовж байлаа. Залуу Пионерүүд хавтас доторхыг үзэж байхдаа Малавийн бүх нутгаас надад хаягласан захидлуудыг хараад намайг төрийн албан тушаалтан байна гэж бодож л дээ. Тэгээд айсандаа бичиг баримтыг нутгийн ахлагчдад тоо ёсоор нь буцааж өгчээ.

Бас нэг удаа бид завиар гол гаталж байв. Завины эзэн нь тэр нутгийн албан тушаалтан юм байжээ. Тэгээд зорчигчдын намын батлахыг шалгахаар болов. Бидэн рүү дөхөж ирж байхдаа эрх баригчдын хайж байсан нэг хулгайчийг барих нь тэр. Ингээд бөөн үймээн бужигнаан болж, намын батлах шалгахтай манатай болж билээ. Ехова л тусалсан нь ойлгомжтой байлаа.

БАРИВЧЛАГДАЖ, ШОРОНД ОРСОН НЬ

1984 оны 2 дугаар сард Замби дахь салбарт тайлан өгөхөөр Лилонвэ орж явтал цагдаа зогсоож цүнхийг маань нэгжив. Библид үндэслэсэн хэвлэл олмогцоо намайг цагдаагийн газарт аваачаад зодож гарлаа. Дараа нь олсоор хүлээд хоригдлуудын байгаа өрөөнд оруулав. Тэр хоригдлууд хулгай хийж байгаад баригдсан хүмүүс юм байжээ.

Маргааш нь цагдаагийн дарга намайг өөр өрөөнд оруулаад «Трофим Нсомба миний бие нь суллагдахын тулд Еховагийн Гэрч байхаа болилоо» гэсэн бичиг өгөв. Би хариуд нь «Би хүлэгдэх нь байтугай үхэхэд ч бэлэн байна. Гэхдээ Еховагийн Гэрч байхаа болихгүй» гэж хэлээд гарын үсэг зурсангүй. Нөгөө дарга ихэд уурлан ширээ шаалаа. Тэгтэл хажуугийн өрөөнд байсан цагдаа сандран орж ирэв. Дарга түүнд «Энэ хүн Гэрч байхаа болино гэсэн бичигт гарын үсэг зурахгүй гэж байна. Еховагийн Гэрч гэсэн бичиг дээр гарын үсэг зуруулаад хүлээтэй нь Лилонвэ рүү явуулъя» гэв. Энэ үеэр эхнэр маань намайг яасан юм бол гэж санаа нь зовж байлаа. Миний хаана байгааг дөрвөн хоногийн дараа ах нар хэлсэн гэсэн.

Лилонвэгийн цагдаагийн газрынхан надад зөөлөн хандав. Дарга нь: «Энэ тавагтай будааг идчих. Та Бурхны Үгнээс болоод хүлэгдсэн хүн. Гэтэл бусад нь хулгай хийгээд энд ирсэн» гэлээ. Дараа нь намайг Качерегийн шорон руу явуулав. Тэнд би 5 сар хоригдсон.

 Тэндхийн шоронгийн дарга нь намайг ирсэнд баяртай байлаа. Шоронгийнхоо «пастор» болгох гэсэн хэрэг л дээ. Өмнөх пасторт «Би чамаар Бурхны Үгийг дахин заалгамааргүй байна. Чи сүмээсээ хулгай хийгээд энд ирсэн шүү дээ!» гэж хэлээд огцруулсан юм. Ингээд хоригдлуудын төлөө долоо хоног бүр зохион байгуулдаг цуглаан дээр Библи заах үүрэг надад оногдов.

Дараа нь байдал дордлоо. Шоронгийн албан хаагчид Малавид хэдэн Гэрч байдгийг мэдэх гэж намайг байцаав. Сэтгэлд нь нийцэх хариу өгөхгүй болохоор ухаан баларттал зодлоо. Бас нэг удаа манай байгууллагын төв хаана байдгийг асуухад нь «Та нар их амархан юм асуулаа. Би хариулъя» гэлээ. Цагдаа нар ч баярлаж дуу хураагуураа асаав. Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төв хаана байдгийг Библид бичсэн байдаг гэж хэлэхэд минь тэд ихэд гайхаж «Библийн хаана байдаг юм бэ?» гэв.

«Исаиа 43:12-т» гэж би хариуллаа. Тэд хайж олоод «“Та нар Миний гэрч мөн“ гэж ЭЗЭН айлдаж байна. “Би бол Бурхан”» гэж их л хянамгай уншив. Гурван удаа уншсаныхаа дараа «Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төв яаж Библид байдаг байна аа? Америкт биш үү?» гэж асуув. Тэгэхлээр нь би: «Америкт байгаа Еховагийн Гэрчүүд бас байгууллагын төвийг энэ зүйлд бичсэн гэж бодож байгаа» гэлээ. Хүссэн юмыг нь хэлээгүй болохоор намайг Лилонвэгийн хойно байдаг Залекагийн шорон руу шилжүүлэв.

ХҮНД ХЭЦҮҮ ЦАГТ Ч ЕХОВА ИВЭЭЖ БАЙСАН

Намайг 1984 оны 7 дугаар сард Залекагийн шоронд очиход 81 Гэрч хоригдож байлаа. Нийт 300 хоригдол шалан дээр шил шилээ харан унтдаг байв. Яваандаа бидний хэдэн Гэрч жижиг жижиг бүлэг болж хуваагдаад өдөр бүр Библийн өөр өөр зүйлийг ярилцдаг болсон. Үүний ачаар бид урамшин зоригждог байв.

Дараа нь шоронгийн дарга Гэрчүүдийг бусад хоригдлоос тусгаарлав. Нэг харгалзагч: «Засгийн газар та нарыг үзэн ядаж байгаа юм биш ээ. Харин хоёр шалтгаанаар шоронд хорьж байгаа юм. Нэгд, Залуу Пионерүүдээс та нарын амийг хамгаалж байна. Хоёрт, та нар удахгүй болох дайны тухай дэлгэрүүлдэг болохоор тэр дайны үеэр цэргүүдээ зугтчих вий гэж болгоомжилж байна» хэмээн бидэнд сэмхэн хэлсэн.

Шүүх хурлын дараа ах нарыг авч явж байна

1984 оны 10 дугаар сард шүүх хурал болж бид тус бүр 2 жилийн ял авав. Урьдын адил Гэрч биш хүмүүстэй цуг хоригдлоо. Гэхдээ шоронгийн дарга бүх хүнд хандан «Еховагийн Гэрчүүд тамхи татдаггүй. Тиймээс харгалзагчид аа, тэднээс битгий тамхи нэхэж зовоогоорой. Тамхиа асаах гэж цог авчруулах  хэрэггүй. Тэд бол Бурхны хүмүүс! Гэмт хэрэг хийгээд энд ирээгүй, Библид итгэж үнэмшдэгээсээ болоод хоригдож байгаа. Тийм болохоор Еховагийн Гэрчүүдэд өдөрт хоёр удаа хоол өгч бай» гэж зарлав.

Биеэ зөв авч явдаг биднийг их харж үздэг байлаа. Харанхуй болоход эсвэл бороотой өдөр хоригдлуудыг байрнаас нь гаргадаггүй ч биднийг чөлөөтэй явуулна. Шоронгийн удирдлагууд биднийг зугтахгүй, найдвартай хүмүүс гэж мэддэг учраас тэр л дээ. Нэг удаа талбай дээр ажиллаж байтал биднийг харж байсан харгалзагчийн бие муудсан юм. Бид ч тэр харгалзагчийг эмчлүүлэхээр шорон руу авч очсон. Биднийг биеэ зөв авч явдаг байсан болохоор «харь үндэстнүүд» Еховагийн нэрийг алдаршуулдаг байж билээ (1 Петр 2:12). *

ТАЙВАН ЦАГТАЙ ЗОЛГОСОН НЬ

Намайг 1985 оны 5 дугаар сард Залекагийн шоронгоос суллав. Эхнэр хүүхэдтэйгээ дахин хамт амьдрах болсондоо хэчнээн их баярласан гээч! Тэр хүнд хэцүү үед үнэнч байхад тусалсан Еховадаа бид талархаж явдаг. Тэр цагийг дурсахлаар элч Паулын бичсэн үг санаанд ордог юм. «Ах дүү нар аа, ... бидэнд учирсан зовлонг, ... амьд үлдэх горьдлого маань ч тасарсныг та нар мэдээгүй байхыг бид хүсэхгүй байна. Бид өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд бид дотроо үхлийн ялтай байсан. Тэр биднийг тийм аймшигт үхлээс аварсан» (2 Кор. 1:8–10).

Нсомба ба түүний эхнэр Лидаси Хаанчлалын танхимын урд, 2004 он

Тэсэж чадахгүй юм шиг санагдах үе байсан. Тэр болгонд өөрсдийгөө бодохын оронд Еховагийн агуу нэрийг алдаршуулахын тулд эр зориг, мэргэн ухаан гуйн залбирдаг байсан.

Ехова тайван цагт ч, хүнд бэрх үед ч биднийг ивээсээр ирсэн. 2000 онд Лилонвед салбарын барилга ашиглалтад орж, Малави даяар 1 000 гаруй Хаанчлалын танхимтай болоход хэчнээн их сэтгэл хөдөлсөн гэж санана! Энэ бүх ивээлийг харахлаар зүүдэлж байгаа юм шиг санагддаг. Лидаси бид хоёр Еховадаа дандаа талархдаг. *

^ д/м 7 Бага насны хүүхэдтэй эрчүүдийг дүүргийн харгалзагчаар томилохоо больсон.

^ д/м 30 Малавид болсон хавчлагын талаар 1999 оны «Жил тутмын ном»-ын 171–223-р хуудсанд дэлгэрэнгүй бичсэн (англи).

^ д/м 34 Энэ өгүүллийг хэвлэлтэд бэлтгэж байхад Нсомба ах 83 насандаа таалал төгссөн.