Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 3 сар 

 Намтар

Жинхэнэ амжилтад хүрэх замыг бид олсон

Жинхэнэ амжилтад хүрэх замыг бид олсон

ГҮЭН бид хоёр 5 настайгаасаа бүжиг заалгасан. Тэр үед бие биеэ мэддэггүй байлаа. Том болоод хэн хэн маань балетын урлагт хүч сорихоор шийдсэн юм. Харин алдрын оргилд хүрч байхдаа бүхнийг орхисон. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?

Дэйвид: Би 1945 онд Английн Шропшайр гэдэг газар төрсөн. Аав маань хувийн аж ахуйтай байв. Би хичээлээ тарж ирээд тахиагаа хооллоно, өндөг цуглуулна, үхэр, хонь хариулна. Сургуулийнхаа амралтаар ургац хураах ажилд тусална, заримдаа трактор барина.

Гэхдээ би өөр зүйлийг сонирхох болсон. Бүр бага байхын л хөгжим сонсохлоороо бүжиглэх дуртайг аав маань анзаарч л дээ. Ингээд ээж намайг 5-тай байхад аавын зөвлөснөөр товшуур бүжиг сургахаар бүжгийн сургуульд оруулсан юм. Багш намайг балетчин болох ирээдүйтэй гэж үзээд энэ чиглэлээр сургасан. Би 15-тайдаа Лондон дахь Эзэн Хааны Балетын Сургууль гэдэг маш алдартай сургуульд тэтгэлэгтэй суралцах эрх авав. Тэнд Гүэнтэй танилцаж хослон бүжиглэдэг болсон.

Гүэн: Олон хүн бужигнасан Лондон хотод би 1944 онд төрсөн. Бүр жаахан байхаасаа Бурханд сүсэгтэй охин байлаа. Библиэ уншдаг ч ойлгохгүй. Таван настай байхдаа бүжгийн сургуульд орсон. Зургаан жилийн дараа би Британийн бүх мужийн бүжигчид оролцдог тэмцээнд тэргүүн байрт шалгарч Эзэн Хааны Балетын Дунд Сургуульд суралцах эрх авсан. Энэ сургууль Лондонгийн захад, Ричмонд цэцэрлэгт хүрээлэн дэх Вайт Лоож гэдэг үзэсгэлэнт харшид байдаг. Тэнд ерөнхий эрдмийн болон балетын хичээлийг алдартай багш нараар заалгасан. Арван зургаатайдаа Лондонгийн төвд байдаг Эзэн Хааны Балетын Ахлах Сургуульд ороод Дэйвидтэй танилцав. Хэдхэн сарын дараа бид хоёр Лондон дахь Ковент Гарденд байдаг Эзэн Хааны Дуурийн Ордонд бүжиглэдэг болсон.

Бид хоёр мэргэжлийн балетчин байсан болохоор дэлхийг тойрон аялдаг байлаа

Дэйвид: Тийм ээ, Гүэний хэлсэн шиг, бид хоёр Эзэн Хааны алдарт Дуурийн Ордонд бүжиглэж, Лондон Фестивал Балет (одоогийн Английн Үндэсний Балет)-тай хамтран ажиллах болтлоо өсөж дэвшсэн. Эзэн Хааны Балетын Сургуулийн нэг багш Германы Вүүпертааль хотод олон улсын компани байгуулж, бид хоёрыг гоцлол бүжигчнээр авсан юм. Бид дэлхийн театруудад очиж Дама Марго Фонтейн, Рудольф Нуреев нарын алдартнуудтай бүжиглэдэг байлаа. Нэгнийхээ дээр гарах гэж өрсөлдсөн ийм амьдралаас болж хүн алдар нэрд дуртай болдог.  Бид хоёр ч энэ л жишгээр явж ажил мэргэжлийнхээ төлөө бүхнээ зориулсан.

Гүэн: Бие сэтгэл маань тэр чигээрээ бүжигт зориулагдсан байв. Дэйвид бид хоёр хамгийн алдартай балетчин болохын төлөө явдаг байлаа. Тийм болохоор гарын үсгээ өгөхдөө, цэцэг авахдаа, үзэгчид алга ташихад их баярладаг байж билээ. Театрынхны нэгэн адилаар азын сахиустай явдаг байлаа. Садар самуун явдалтай, архи тамхи хэрэглэдэг хүмүүс миний эргэн тойронд зөндөө байв.

АМЬДРАЛАА БҮРМӨСӨН ӨӨРЧИЛСӨН НЬ

Хуримын өдөр

Дэйвид: Олон жил бүжиглэсний эцэст явуулын амьдралаасаа залхав. Фермд өссөн болохоор хөдөөний амьдралаа хүсэх боллоо. Ингээд би 1967 онд театраа орхин нутагтаа очоод эцэг эхийнхээ гэрийн ойролцоох том фермд ажилд оров. Фермийн эзэн жижигхэн байшингаа надад түрээслүүлэв. Дараа нь би Гүэн рүү утасдаж надтай гэрлээч гэлээ. Гүэн гоцлол бүжигчин болж, нэлээд ахиж дэвшиж явсан болохоор яахаа мэдэхгүй хэцүү байсан байх. Гэхдээ л миний саналыг хүлээж аваад хөдөөний амьдралын талаар юу ч мэдэхгүй хүн, над дээр ирж билээ.

Гүэн: Хөдөөний амьдралд дасах амаргүй байсан шүү. Цаг агаарын ямар ч нөхцөлд үнээгээ саана, гахай, тахиагаа хооллоно. Тэс өөр ертөнцөд ороод ирчихсэн юм шиг л санагдсан. Дэйвид хамгийн сүүлийн үеийн арга барил эзэмшихээр хөдөө аж ахуйн 9 сарын курст сурав. Нөхөр маань гэртээ орой ирдэг болохоор би ганцаарддаг байлаа. Тэр үед том охин Гилли маань төрсөн. Би Дэйвидийн зөвлөснөөр, машин барьж сурлаа. Нэг өдөр ойролцоох хотоор явж байгаад Гэйлтэй тааралдав. Дэлгүүрт ажилладаг байхад нь би тэр эмэгтэйтэй танилцсан юм.

Гэрлээд удаагүй байхдаа ферм дээрээ

Гэйл намайг гэртээ урьж, хамт цай ууя гэв. Тэгэхлээр нь нэг өдөр тэднийд очиж ярьж суунгаа бие биеийнхээ хуримын зургийг үзлээ. Хаанчлалын Танхим гэж нэрлэдэг байшингийн гадаа олуулаа авахуулсан зургийг үзээд ямар сүмд явдгийг нь асуулаа. Гэйл нөхөртэйгөө Еховагийн Гэрч гэнэ. Үүнийг сонсоод би их баярлав. Нэг авга эгч маань Гэрч гэдгийг санасан хэрэг л дээ. Аав маань тэр эгчийг нэг нүдээрээ ч үзэхгүй. Аймаар уурлаж, ном хэвлэлийг нь хогийн сав руу хаядаг байж билээ. Ер нь миний аав их нөхөрсөг хүн хэрнээ яагаад ийм хүмүүст тэгтлээ их уурладаг юм бол гэж би гайхдаг байсан юм.

Эгчийн маань итгэж үнэмшдэг зүйл сүмийнхний заадаг сургаалаас ямар ялгаатайг мэдэх боломж ингэж л нэг гарсан юм даа. Библид чухам  юу гэж байдгийг Гэйл надад үзүүлэв. Гурвал, үхэшгүй мөнхийн сүнс гэх зэргийн сургаал Библийн сургаалтай зөрчилддөгийг мэдээд гайхсан (Ном. 9:5, 10; Иох. 14:28; 17:3). Бас Бурхны нэр Ехова гэдгийг Библиэс анх удаа уншсан (Ег. 6:3).

Дэйвид: Гүэн сурч мэдсэнээ надад ярив. Хүүхэд байхад аав надад Библи уншаарай гэж хэлж байсныг саналаа. Тэгээд Гүэн бид хоёр Гэйл болон түүний нөхөр Деррикээр Библийн хичээл заалгахаар болов. Зургаан сарын дараа жижигхэн фермээ түрээслүүлээд Шропшайр мужийн Освестри гэдэг газар луу нүүлээ. Тэнд амьдардаг Дийрдри гэдэг Гэрч эмэгтэйгээр хичээлээ үргэлжлүүлэн заалгав. Эхэндээ бид мал ахуйтайгаа зууралдаад ажил ихтэй болохоор ахиж дэвшихдээ удаан байлаа. Дийрдри ч тэвчээртэй заана. Харин яваандаа Библийн үнэний үр бидний зүрхэнд соёолсон юм.

Гүэн: Мухар сүсгээсээ сална гэдэг миний хувьд хамгийн хэцүү байсан. Азын тэнгэрт итгэдэг хүмүүс Еховад ямар санагддагийг Исаиа 65:11-ээс ойлгосон. Азын сахиус, зүүлт гээд хамаг юмаа хаяхад хугацаа хэрэгтэй байсан, их ч залбирсан. Бас «өөрийгөө өргөмжлөгч нь дорд болгогдох бөгөөд өөрийгөө дорд болгогч нь өргөмжлөгдөх болно» гэдгийг уншаад Ехова ямар хүнийг үйлчлэгчээ болгодгийг ухаарсан (Мат. 23:12). Би, хамгийн үнэ цэнэтэй юмаа буюу хайртай Хүүгээ золиосолсон халамжтай Бурханд үйлчлэхийг хүссэн. Тэр үед хоёр дахь охин маань гарсан байлаа. Манайх гэр бүлээрээ диваажин дэлхийд үүрд мөнх амьдрах боломжтойг мэдээд маш их баярлаж билээ.

Дэйвид: Библийн зөгнөлүүд, ялангуяа «Матай» номын 24 дүгээр бүлэг болон «Даниел» номд байдаг зөгнөл яг таг биелж байгааг ойлгоод үнэн гэдэгт итгэсэн. Еховатай тогтоосон харьцаа бол энэ ертөнцийн ямар ч юмтай харьцуулшгүй чухал гэдгийг ухамсарласан. Тэгээд яваандаа хүсэл сонирхлынхоо хойноос үхэн хатан явахаа болив. Надад эхнэр хүүхдүүд маань хамгийн үнэтэйг ойлгосон. Зөвхөн өөрийгөө анхаарч, илүү том фермтэй болох хүслээ дагах ёсгүйг Филиппой 2:4-өөс мэдэж авсан. Еховад үйлчлэх нь миний амьдралын хамгийн гол зүйл байх ёстойг ойлгов. Тамхиа ч хаялаа. Харин хагас сайны орой бүр 10 километр зам туулж цуглаанд очихын тулд ажил амьдралаа зохицуулах л хэцүү байлаа. Үнээ саадаг цаг яг тэр үеэр таарчихдаг байсан юм. Гэхдээ Гүэнийхээ ачаар цуглаанаа хэзээ ч тасалж байсангүй. Бүтэн сайны өглөө бүр үнээгээ саачихаад охидтойгоо хамт дэлгэрүүлж гарна.

Биднийг амьдралаа өөрчлөхөд аав ээж нар маань дургүйцсэн. Гүэний аав зургаан жил охинтойгоо үг дуугараагүй. Миний аав ээж хоёр ч бас манайхыг Гэрчүүдээс холдуулахыг оролдож байсан.

Гүэн: Иймэрхүү бэрхшээлийг давахад Ехова бидэнд тусалсан. Освестри хурлын итгэл нэгтнүүд тусалж дэмжсээр, яваандаа бид нэгэн  гэр бүл шиг болцгоолоо (Лук 18:29, 30). Бид хоёр 1972 онд Еховад өөрсдийгөө зориулсан. Тэгээд баптисм хүртсэн дээ. Би аль болох олон хүнд үнэнийг мэдүүлэхийг хүсдэг байсан болохоор эхлэгчээр үйлчилж эхэлсэн.

ЖИНХЭНЭ АМЖИЛТАД ХҮРСЭН НЬ

Дэйвид: Ферм дээр ажилласан он жилүүд амаргүй байсан ч Еховад үйлчлэх талаар бид хүүхдүүддээ сайн жишээ үзүүлэхийг хичээдэг байсан. Хожим нь засгийн газраас фермерүүдийг дэмжих нь багассан болохоор аж ахуйн ажлаа зогсооход хүрэв. Гэр орон ч байхгүй, ажил ч байхгүй, гурав дахь охин маань нэг ойтой. Хэдүүлээ Еховагаас тусламж, удирдамж гуйж залбирав. Тэгээд гэр бүлээ тэжээхийн тулд авьяасаа ашиглаад бүжгийн сургалтын төв нээж ажиллуулахаар шийдлээ. Еховаг шүтэх асуудлыг нэгдүгээрт тавьсан маань ч үр дүнгээ өгсөн. Гурван охин маань сургуулиа төгсөөд л эхлэгч болоход бид их баярласан. Гүэн эхлэгч байсан болохоор охиддоо өдөр бүр тусалдаг байв.

Гилли Денис хоёрыг гэрлээд тусдаа гарахлаар нь манайх сургалтын төвөө хаалаа. Салбар луу захиа бичиж хаана тусламж хэрэгтэй байгааг асуув. Английн баруун өмнө зүгт байдаг жижиг хотуудад дэлгэрүүлэгч хэрэгтэй гэлээ. Бага охин Деббитэйгээ гурвуулаа үлдсэн болохоор би бас эхлэгч болов. Таван жилийн дараа биднийг хойд зүгийн хурлуудад очиж туслаарай гэлээ. Деббиг хүнтэй суусны дараа эхнэр бид хоёр Зимбабве, Молдав, Унгар, Кот-Дивуарт олон улсын барилгын ажлыг 10 жил хийсэн. Дараа нь Лондонгийн Бетелийн барилгын ажилд туслахаар Англид буцаж ирлээ. Намайг ферм дээр ажиллах туршлагатай гээд Бетелийн фермд ажиллуулах болов. Тэр үед Бетел фермтэй байлаа. Одоо бид хоёр Английн зүүн хойд хэсэгт эхлэгчээр үйлчилж байна.

Олон улсын барилгын ажилд оролцохын сайхныг үгээр хэлэхийн аргагүй

Гүэн: Балетад амь амьдралаа зориулах нь сайхан ч зуурдынх байсан. Харин Еховад амь амьдралаа зориулах нь үүрдийнх бөгөөд жинхэнэ жаргал авчирдаг. Бид хоёр одоо ч хослон бүжиглэж байна. Гэхдээ балетын театрт биш, дэлгэрүүлэх талбарт хөл нийлүүлэн эхлэгчээр үйлчилдэг. Хамгийн үнэтэй, амь аврах үнэнийг хүмүүст ойлгуулахлаараа хэмжээлшгүй их аз жаргалыг мэдэрдэг. «Итгэмжлэлийн захиа» болсон энэ хүмүүст туслахыг ертөнцөд нэр алдартай болохтой харьцуулахын аргагүй (2 Кор. 3:1, 2). Бид үнэнийг олоогүй байсан бол өнгөрснөө дурсаад, зургийн цомгоо эргүүлж, тэр үеийн тоглолтын хөтөлбөрүүдээ хараад л сууж байх байсан даа.

Дэйвид: Еховагийн үйл хэргийн төлөө зүтгэх болсны ачаар амьдралд маань асар том өөрчлөлт гарсан. Сайн нөхөр, сайн аав болоход энэ зам тусалсан. Библид Мириам, Давид зэрэг хүмүүс баярласандаа бүжиглэж байсныг бичсэн байдаг. Еховагийн байгуулах шинэ ертөнцийг үзээд бид хоёр, бас бидэн шиг өөр олон хүн баярлан бүжиглэхийг тэсэн ядан хүлээж байна (Ег. 15:20; 2 Сам. 6:14).