Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 2 сар 

Еховагийн сургаалыг бүх үндэстэнд дэлгэрүүлж эхэлсэн нь

Еховагийн сургаалыг бүх үндэстэнд дэлгэрүүлж эхэлсэн нь

«Мөнөөх захирагч [Еховагийн] сургаалд гайхшран итгэжээ» (ҮЙЛС 13:12).

1-3. І зуунд «бүх үндэстэнд» сайн мэдээ дэлгэрүүлэхэд ямар саад тулгарч байсан бэ?

ЕСҮС ХРИСТ шавь нартаа амаргүй даалгавар өгчээ. Тэрбээр: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун» хэмээн тушаасан. Шавь нар нь даалгавраа биелүүлбэл Хаанчлалын тухай сайн мэдээ «бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдах» ажээ (Мат. 24:14; 28:19).

2 Есүсийн шавь нар Багшдаа ч хайртай, сайн мэдээ дэлгэрүүлэх ч дуртай байв. Гэхдээ даалгавраа биелүүлж чадах эсэхдээ эргэлзэж байсан биз ээ. Учир нь тэд цөөхүүлээ байлаа. Бас Бурхны Хүү гэж тунхагладаг Есүс нь хэдийнээ цаазлуулсан байсан. Тэднийг хүмүүс «эрдэм номгүй, боловсролгүй» гэж дорд үзнэ (Үйлс 4:13). Дэлгэрүүлдэг мэдээ нь эртний уламжлалт ёсыг заалгасан өндөр боловсролтой шашны удирдагчдын сургаалтай зөрчилдөнө. Нутагтаа хүндлэгддэггүй тэднийг Ромын хүчирхэг эзэнт гүрний иргэд сонсох юм болов уу?

 3 Хүмүүс та нарыг үзэн ядна, хавчина, заримыг чинь ална гэж Есүс шавь нартаа анхааруулж байсан билээ (Лук 21:16, 17). Дотны хүмүүс нь урваж, хуурамч христианууд бий болж, гэмт хэрэг хүчирхийлэл гаарах бөгөөд дагалдагчид тийм нөхцөлд дэлгэрүүлэх ажээ (Мат. 24:10–12). Нааштай хүлээж авах хүмүүс байлаа ч «энэ дэлхийн хязгаар хүртэл» дэлгэрүүлж барах болов уу? (Үйлс 1:8). Энэ мэтээр бодоод айж түгшсэн байх.

4. І зууны христианууд ямар амжилтад хүрсэн бэ?

4 Есүсийн шавь нарт санаа зовох юм их байсан ч тушаалыг нь сахин биелүүлж Иерусалим, Самари, тэр байтугай бусад улс оронд сайн мэдээ түгээсэн. Хүнд хэцүү юм их үзсэн ч сайн мэдээг 30 жилийн дотор «тэнгэрийн доорх бүх бүтээлд» тунхаглаж, «бүх дэлхийд ... үр жимс ургуулжээ» (Кол. 1:6, 23). Жишээ нь, Паулыг Кипр арал дээр сайн мэдээ дэлгэрүүлэхэд нутгийн захирагч Сергио Паул гэдэг хүн Еховагийн «сургаалд гайхшран итгэжээ» (Үйлс 13:6–12-ыг уншина уу).

5. а) Есүс шавь нартаа юу гэж амласан бэ? б) Түүхийн нэг номд І зууны талаар юу гэж бичсэн байдаг вэ?

5 Дэлгэрүүлэх ажлаа өөрийн хүчээр амжилттай хийж чадахгүйгээ шавь нар мэдэж байлаа. Есүс тэдэнтэй хамт байхаа амлаж, Бурхан үйлдэх хүчээрээ тусална гэдгийг хэлсэн (Мат. 28:20). Тэр үеийн нийгмийн байдлыг авч үзвэл, Хаанчлалын тухай мэдээ тунхаглахад таатай нөхцөл бүрдсэн байв. Нэг номд «Шинэхэн гарч ирсэн христийн шашныг түгээн дэлгэрүүлэхэд нэгдүгээр зуун хамгийн тохиромжтой үе байсан бололтой» гэж бичжээ. Тэр үед Бурхан удирдаж байсныг христианууд хожим нь ойлгосон гэж цааш нь тайлбарласан байна («Evangelism in the Early Church»).

6. а) Энэ өгүүллээр юу үзэх вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

6 Ехова І зууны христиануудад дэлгэрүүлэх ажлаа сайн хийхэд нь тусалж тэр үеийн нийгмийг өөрчилсөн юм болов уу? Библид энэ тухай бичээгүй. Харин нэг юм тодорхой. Сайн мэдээ түгэн дэлгэрээсэй гэж Ехова хүссэн, Сатан хүсээгүй. Энэ өгүүллээр дэлгэрүүлэх ажлаа амжилттай хийхэд нь І зууны христиануудад тус болж байсан зарим хүчин зүйлийг ярилцана. Дараагийн өгүүллээр, орчин үед сайн мэдээг дэлхийн хязгаарт хүртэл тунхаглахад ямар хүчин зүйл тус болж байгааг авч үзнэ.

«ПАКС РОМАНА»

7. «Пакс Романа» гэж юу вэ? Юугаараа онцгой байсан бэ?

7 Ромын нийгмийн байдал І зууны христиануудад тодорхой хэмжээгээр ашигтай байв. Тухайлбал тэр үед «Пакс Романа» буюу Ромын Энх тайван ноёлж байлаа. Эзэнт гүрний газар нутаг дээр нийгэм улс төрийн байдал харьцангуй тогтвортой байсан. Есүсийн зөгнөсөн ёсоор жижиг дайнууд гарч байсан нь үнэн (Мат. 24:6). Жишээ нь, МЭ 70 онд ромчууд Иерусалимыг устгасан. Хилийн ойролцоо мөргөлдөөнүүд гарч байсан. Гэхдээ Ромын эзэнт гүрний захиргаанд байсан Газрын дундад тэнгис орчмын газар нутаг бүхэлдээ 200-гаад жилийн турш харьцангуй  тайван амгалан байсан. Ийм удаан үргэлжилсэн, ийм олон хүнийг амар амгалан амьдруулсан үе түүхэнд байгаагүй гэж нэг номд бичжээ.

8. Ромын Энх тайван эртний христиануудад ямар ашигтай байсан бэ?

8 МЭ III зуунд амьдарч байсан шашны номлогч Оригений бичсэнээр, ромчууд маш олон улс оронд ноёрхлоо тогтоосон болохоор шавь нар тэдгээр улсад чөлөөтэй очиж дэлгэрүүлэх боломжтой байсан. Оршин суугчид нь газар нутгаа хамгаална гэж тулалдах шаардлагагүй, тосгон тосгоноороо амар тайван аж төрдөг учир шавь нарыг хайрын тухай, амар тайван байх тухай ярихад олон хүн сонсдог байсан гэж тэрбээр бичжээ. Христианууд Ромын нийгэмд хавчигдаж байсан хэдий ч тухайн үеийнхээ таатай боломжийг сайн ашигласан юм (Ром 12:18–21-ийг уншина уу).

ЗАМ ТЭЭВЭР

9, 10. Ромын эзэнт гүрний газар нутгаар аялахад Христийн шавь нарт яагаад хялбар байсан бэ?

9 Ромчууд эзэнт гүрнийхээ бараг бүх мужийг холбосон 80 мянган километр зам барьжээ. Ромын хүчирхэг армийн цэргүүд газар нутаг, ард иргэдээ хамгаалахын тулд энэ замаар явж цаг хождог байв. Ой мод, говь цөл, уул толгодыг дайран өнгөрсөн энэ замаар христианууд бас явж олон газраар дэлгэрүүлдэг байсан.

10 Түүнээс гадна, ромчууд 27 мянган километр усан замтай. Усан онгоцнууд хэдэн зуун боомтыг холбосон 900 гаруй замаар явах ажээ. Тийм учраас, христианууд Ромын эзэнт гүрний нутгийг хөндлөн гулд туулах боломжтой байв. Элч Паул болон түүний нөхдөд саад бэрхшээл их тулгардаг ч паспорт, виз авах хэрэггүй. Хил гааль дээр бичиг баримтаа шалгуулах, бүртгүүлэх шаардлагагүй. Дээрэмчид Ромын хууль цаазаас айна. Тийм болохоор хээрийн зам харьцангуй аюул багатай. Тэнгисээр аялахад ч айх хэрэггүй. Учир нь тэнгисийн цэргүүд далайн дээрэмчдээс усан онгоцыг хамгаалдаг байв. Библид Паулыг хэд хэдэн удаа усан онгоцны сүйрэлд өртөж, «тэнгис дээрх аюулд» орж явсан гэдэг ч далайн дээрэмчдэд дээрэмдүүлсэн тухай тодорхой бичээгүй (2 Кор. 11:25, 26).

ГРЕК ХЭЛ

Кодекс гарснаар Библийн зүйлийг олоход хялбар болсон (12-р догол мөрийг үзнэ үү)

11. Шавь нар грекээр ярьж бичиж байсны учир юу вэ?

11 Ромын харьяанд байдаг олон газрыг өмнө нь Грекийн удирдагч Их Александр эзэлж байсан учир тэндхийн оршин суугчид энгийн ардын буюу кини грек хэлээр ярьдаг болсон ажээ. Тийм болохоор шавь нар энэ хэлээр дэлгэрүүлдэг төдийгүй Еврей Судрын грек орчуулгаас иш татдаг байв. Египетэд амьдардаг иудейчүүдийн орчуулсан «Септуагинт» гэдэг энэ орчуулга олны дунд алдаршжээ. Библи бичигчид бас номуудаа грек хэлээр бичсэн. Грек хэл арвин баялаг үгийн сантай учир Библийн гүн утгатай сургаалыг тайлбарлахад тохиромжтой хэл ажээ. Христианууд энэ хэлээр хоорондоо ярилцаж санаа бодлоо солилцон, Бурхандаа эв нэгдэлтэй үйлчилдэг байв.

12. а) Кодекс гэж юу вэ? Хуйлмал номоос юугаараа давуу вэ? б) Христианууд кодексийг хэзээнээс өргөн хэрэглэх болсон бэ?

 12 Эртний христиануудын хэрэглэдэг Судар ямар байсан бэ? Энэ нь хуйлмал ном юм. Илэгний нэг талд голдуу бичсэн байдаг энэхүү судраас унших бүрдээ хуйлаасыг нь задлах бөгөөд уншиж дуусахлаараа буцаагаад хуйлна. Овор ихтэй тул авч явахад төвөгтэй. «Матай» ном л гэхэд нэг бүтэн хуйлмал ном болно. Харин дараа нь кодекс гарчээ. Хуудас цааснуудыг нийлүүлж үдсэн энэ номыг нээхэд хялбар, хүссэн Библийн зүйлээ олоход амар болсон. Христианууд кодексийг хэзээнээс хэрэглэж эхэлсэн нь тодорхойгүй ч бүр хоёрдугаар зуунд кодекс хэрэглэдэг христиан олон байсныг бодвол МЭ 100 оноос өмнө хэрэглэж эхэлсэн байж таарна гэж нэг номд бичжээ.

РОМЫН ХУУЛЬ

13, 14. а) Паул Ромын иргэнийхээ хувьд яадаг байсан бэ? б) Ромын хууль христиануудад ямар ашигтай байсан бэ?

13 Ромын хууль эзэнт гүрэн даяар хүчин төгөлдөр бөгөөд иргэд нь янз бүрийн эрх эдэлдэг байв. Жишээ нь, Паул Ромын иргэн учраас хуулиар хамгаалагддаг байжээ. Нэг удаа Иерусалимд байхдаа баривчлагдан ташуурдуулах дээрээ тулдаг. Паул Ромын цэргийн даргаас «Ромын иргэнийг шүүхгүйгээр ташуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү?» гэж асуудаг. Төрөхдөө л Ромын иргэн байсан гэж хэлэхэд нь «түүнийг байцаах гэж байсан хүмүүс тэр даруй зайлан явав. Паулыг Ромын иргэн гэдгийг мэдээд түүнийг гинжилсэндээ мянгатын дарга айв» (Үйлс 22:25–29).

14 Филиппойн хүмүүс Паулыг Ромын иргэн гэж мэдээд зүй бусаар хандсандаа хүлцэл өчдөг (Үйлс 16:35–40). Ефес хотын захирагч уурлаж хилэгнэсэн олныг намжаагаад Ромын хуулийг зөрчиж байгааг нь сануулсан (Үйлс 19:35–41). Хожим нь Паул Кайсарид байхдаа Ромын иргэний хувьд Цезарьт давж заалдах хүсэлт тавьснаар итгэл үнэмшлээ хамгаалах боломж нээгдсэн (Үйлс 25:8–12). Христианууд ийм маягаар Ромын хуулийг ашиглан «сайн мэдээг батлан хамгаалж» байжээ (Флп. 1:7).

 ИУДЕЙЧҮҮД ТАРХАН СУУРЬШСАН НЬ

15. Нэгдүгээр зууны иудейчүүд хаагуур тархан суурьшсан байсан бэ?

15 Христиануудыг даалгавраа биелүүлэхэд бас нэг хүчин зүйл тус болжээ. Иудейчүүд Ромын эзэнт гүрний өнцөг булан бүрд тархан суурьшсан байв. Яагаад? Тэд олон зууны өмнө ассиричуудад, дараа нь вавилончуудад олзлогдож тэдгээр улсуудад хүргэгдсэн ажээ. Вавилон Персэд эзлэгдсэний дараа иудейчүүд Персийн эзэнт гүрний 127 мужид амьдарч байжээ (Ест. 9:30). Есүсийн үед Египет, Хойд Африкийн нутгууд, Грек, Бага Ази, Месопотамид тархсан байлаа. Ромын эзэнт гүрэн 60 сая хүн амтай бөгөөд 14 хүн тутмын нэг нь иудей үндэстэн байсан гэж үздэг. Иудейчүүд хаана ч очсон шашнаа хаядаггүй байсан (Мат. 23:15).

16, 17. а) Иудейчүүд олон газраар тархан суурьшсан нь иудей биш хүмүүст ямар ач тустай байсан бэ? б) Христианууд иудейчүүдийн ямар заншлыг дагадаг байсан бэ?

16 Иудейчүүд ийм олон оронд тархан суурьшсаны дүнд бусад үндэстнүүд Еврей Судрыг мэддэг болжээ. Цорын ганц жинхэнэ Бурхан байдаг бөгөөд шүтэгчид нь ёс суртахууны өндөр хэм хэмжээ баримтлах ёстойг ойлгосон. Бас Еврей Судрын Зохиогч нь Бурхан бөгөөд тэнд Мессиагийн тухай зөгнөл олон байдгийг мэдсэн (Лук 24:44). Тиймээс христиануудыг сайн мэдээ дэлгэрүүлэхэд иудейчүүд болон бусад үндэстний хүмүүс тодорхой хэмжээний мэдлэгтэй байв. Паул сайн мэдээ сонсох хүмүүсийг эрж хайдаг байсан тул иудейчүүдийн шүтлэгийн газар болох синагогуудад очиж Судраас тайлбарлан, итгэж үнэмшүүлэхийг хичээдэг байсан (Үйлс 17:1, 2-ыг уншина уу).

17 Иудейчүүд Бурхнаа шүтэхээр синагогууд юм уу талбайд тогтмол цуглан дуу дуулж, залбирч, Судраас ярилцдаг байжээ. Христианууд тэдний жишээг дагасан. Орчин үед ч хурлууд тэр жишгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

ЕХОВА ТУСАЛСАН НЬ

18, 19. а) І зуунд ямар нөхцөл бүрдсэн бэ? б) Та энэ өгүүллийг судлаад Еховагийн талаар юу мэдэж авсан бэ?

18 Нэгдүгээр зуун түүхэн дэх онцгой үе байв. Ромын эзэнт гүрний үед энх тайван ноёлсон, зам тээвэр сайтай, олон хүн кини грек хэлээр ярьдаг, хууль нь иргэдээ сайн хамгаалдаг байжээ. Бас иудейчүүд энд тэндгүй тархан суурьшжээ. Бурхнаас авсан даалгавраа биелүүлэхэд нь Есүсийн шавь нарт эдгээр хүчин зүйл тус дөхөм болсон.

19 Дөрвөн зууны өмнө Грекийн гүн ухаантан Платон нэг зохиолдоо «Орчлонт ертөнцийг бүтээж бий болгосон нэгнийг, хүн төрөлхтний эцгийг олно гэдэг нэн бэрх. Оллоо ч хүн болгонд түүний тухай ярих боломж байхгүй» гэж бичжээ. Харин Есүс: «Хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой» хэмээсэн байдаг (Лук 18:27). Дэлгэрүүлэх ажлыг Ехова бүтэмжтэй болгож байсан нь тодорхой. Тэрбээр «бүх үндэстэн» сайн мэдээг сонсоосой, өөртэй нь танилцаасай гэж хүсдэг (Мат. 28:19). Дараагийн өгүүллээр, сайн мэдээ өнөөдөр дэлхий даяар хэрхэн тунхаглагдаж байгааг үзнэ.