Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 2 сар 

Дэлгэрүүлэх ажлыг Ехова удирддаг

Дэлгэрүүлэх ажлыг Ехова удирддаг

«Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг» (ИС. 48:17).

1. Орчин үеийн христиануудад ямар саад тотгор учирсан бэ?

БИБЛИ Судлаачид * 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр янз бүрийн саад тотгор амсжээ. Тэд эртний христиануудын адилаар цөөхүүлхнээ байсан бөгөөд хүмүүсийн төдийлөн таашаадаггүй мэдээг тунхаглана. Бас боловсролгүйгээрээ дуудуулна. Тэгтэл удалгүй Сатан Диавол дэлхий рүү хаягдаж, «үлэмж их уур хилэнгээ» гаргах нь тэр (Илч. 12:12). Ийнхүү тэд «хэцүү» гэгддэг «эцсийн өдрүүдэд» дэлгэрүүлэх ажлаа хийх болжээ (2 Тим. 3:1).

2. Ехова бидэнд даалгавраа биелүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?

2 Гэсэн хэдий ч Ехова үйлчлэгчдэдээ тусалсаар ирсэн. Тиймээс сайн мэдээг дэлхий даяар тунхаглах ажилд хэн ч, юу ч саад болж чадахгүй. Ехова эртний израильчуудыг Вавилоноос чөлөөлснийхөө адил орчин үеийн ард түмнээ хуурамч шашны ертөнц болох «Агуу Вавилоноос» чөлөөлсөн (Илч. 18:1–4). Тэрбээр ард түмэндээ тустай зүйлийг зааж сургадаг бөгөөд хоорондоо эв нэгдэлтэй байхад нь тусалдаг. Мөн сургаалыг нь бусдад заах чадвартай  болгодог (Исаиа 48:16–18-ыг уншина уу). Хэдийгээр Ехова бидний ажлыг удирддаг ч дэлгэрүүлэхэд маань туслах зорилгоор дэлхий дахинд болж буй бүх үйл явдлыг өөрчилдөг юм биш ээ. Сайн мэдээ дэлгэрүүлэхэд таатай нөхцөл заримдаа бүрддэг нь үнэн. Гэхдээ бид Сатаны ертөнцийн зүгээс учирдаг хавчлага дарамт, бэрхшээл саадыг зөвхөн Еховагийн тусламжтайгаар давж, даалгавраа биелүүлдэг (Ис. 41:13; 1 Иох. 5:19).

3. Даниелын зөгнөл хэрхэн биелж байна вэ?

3 Эцсийн өдрүүдэд олон хүн Библийн сургаалыг үнэн зөвөөр нь ойлгоно гэж Даниел зөгнөжээ (Даниел 12:4-ийг уншина уу). Христ шашны ертөнцийн хуурамч сургаалаас болж баларч бүдгэрсэн Библийн үнэнийг Ехова өөрийнхөө үйлчлэгчдэд ойлгуулсан. Энэ үнэн зөв мэдлэгийг дэлхий даяар түгээхэд нь одоо ард түмэндээ тусалж байна. Даниелын зөгнөл өнөөдөр биелж байгаа нь илэрхий. Бараг 8 сая хүн Библийн үнэнийг мэдээд, дэлхий дахинд тунхаглаж байна. Дэлгэрүүлэх ажлыг үр өгөөжтэй хийхэд ямар хүчин зүйлүүд тусалдаг вэ?

БИБЛИЙН ОРЧУУЛГА

4. 19-р зуунд Библийг хэдэн хэлээр орчуулсан бэ?

4 Сайн мэдээ дэлгэрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг нэг хүчин зүйл нь Библи өргөн тархсан явдал юм. Христ шашны ертөнцийн санваартнууд олон зууны турш Библи уншихыг хориглож, түүгээр ч зогсохгүй орчуулсан хүмүүсийг хөнөөж байв. Харин 19-р зууны үед зарим байгууллага Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн 400 орчим хэлээр орчуулан гаргажээ. 1900 он гэхэд олон хүн өөрийн гэсэн Библитэй болсон. Гэсэн хэдий ч Библийн сургаалын үнэн зөв мэдлэггүй байлаа.

5. Библи орчуулахад Еховагийн Гэрчүүд ямар хувь нэмэр оруулсан бэ?

5 Библи Судлаачид дэлгэрүүлэх хэрэгтэйгээ мэдэж байсан учраас Библийн сургаалыг цуцалтгүй түгээж, зааж тайлбарладаг байв. Эхэндээ тухайн үед байсан янз бүрийн Библийг сайн мэдээ дэлгэрүүлэх ажилдаа хэрэглэн, хүмүүст тараадаг байсан. Харин 1950 оноос «Ариун Судрын шинэ ертөнцийн орчуулга»-ыг бүтнээр нь болон хэсэгчлэн 120 гаруй хэлээр хэвлэх болжээ. 2013 онд «Шинэ ертөнцийн орчуулга»-ыг англи хэлээр шинэчлэн гаргасан. Энгийн үгээр илүү ойлгомжтой орчуулсан учраас бусад хэлээр хөрвүүлэхэд хүндрэл багатай болсон. Бас дэлгэрүүлэх ажлаа хийхэд тус болж байна.

ТАЙВАН ЦАГ

6, 7. а) Өнгөрсөн 100 жилд дайн хэр их гарсан бэ? б) Зарим улс оронд харьцангуй тайван байснаар бид ямар үр дүнд хүрсэн бэ?

6 Өнгөрсөн 20-р зуунд олон сая хүн дайны уршгаар амиа алдсан. Ялангуяа дэлхийн I, II дайн хөнөөл ихтэй байсан. Гэхдээ Еховагийн Гэрчүүдийн хувьд дэлгэрүүлэхэд таатай тайван цаг ирэх байлаа. Дэлхийн ІІ дайн ид ширүүсэж байсан 1942 онд Еховагийн Гэрчүүд чуулган зохион байгуулжээ. Тухайн үед удирдах үүрэг хүлээж байсан Нейтан Норр «Энх цаг удаан үргэлжлэх үү?» гэсэн сэдэвтэй илтгэл тавьжээ. Энэ дайны дараа Хармагедон болохгүй, харин энхийн цаг ирнэ гэдгийг «Илчлэлт» номын 17 дугаар бүлгээр батлан тайлбарласан (Илч. 17:3, 11).

7 Мэдээжээр, ІІ дайны дараа дэлхий  даяар энх тайван ноёлсон хэрэг биш байсан. Тоо баримт үзвэл, 1946-гаас 2013 оны хооронд 331 зэвсэгт мөргөлдөөн гарч, олон сая хүн амь насаа алджээ. Гэвч энэ хугацаанд олон оронд харьцангуй тайван байсан бөгөөд Еховагийн Гэрчүүд энэ боломжийг ашиглан сайн мэдээ дэлгэрүүлсэн. Ямар үр дүнд хүрсэн бэ? 1944 онд дэлхий даяар 110 мянга гаруй дэлгэрүүлэгч байсан бол, өнөөдөр 8 сая орчим болтлоо өсчээ! (Исаиа 60:22-ыг уншина уу). Тайван цагт сайн мэдээ дэлгэрүүлж байгаагаа та завшаан гэж үздэг үү?

САЙН ЗАМ ТЭЭВЭР

8, 9. Зам тээвэр хэрхэн сайжирсан бэ? Энэ нь бидний ажилд ямар тус нэмэртэй вэ?

8 Зам тээвэр сайжирсан нь дэлгэрүүлэх ажлыг хөнгөвчилсөн. 1900 он гэхэд буюу анхны «Харуулын цамхаг» сэтгүүл гарснаас хойш 21 жилийн дараа Америкийн Нэгдсэн Улс даяар 8 000 автомашинтай, хэдхэн зуун километр сайн замтай байсан. Одоо дэлхий даяар 1,5 тэрбум гаруй автомашин, хэдэн сая километр сайн зам байна. Алс бөглүү газар амьдардаг хүмүүст сайн мэдээ хүргэхэд энэ бүхэн бидэнд тус болдог. Гэхдээ унаа тэрэггүй, зам харгуй муутай байлаа ч бид шавь бэлдэхийн төлөө чадах ядахаараа хичээдэг (Мат. 28:19, 20).

9 Тээврийн бусад хэрэгсэл ч ажилд маань ихээхэн тус нэмэр болдог. Библид үндэслэсэн ном хэвлэлийг ачааны машин, усан онгоц, галт тэргээр хэдхэн долоо хоногийн дотор хамгийн алс бөглүү газарт ч хүргэдэг. Дүүргийн харгалзагчид, салбарын хорооны гишүүд, миссионерүүд чуулганд очих, өөр янз бүрийн даалгавар биелүүлэхийн тулд онгоцоор нисдэг. Түүнээс гадна, Удирдах Зөвлөлийн гишүүд болон байгууллагын төвд ажилладаг ах дүүс маань онгоц хөлөглөн олон оронд очиж итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулж, сургаж бэлтгэдэг. Зам тээвэр сайжирсан нь Еховагийн ард түмний эв нэгдэл бэхжихэд ихээхэн тус дөхөм болж байна (Дуу. 133:1–3).

ХЭЛ БА ОРЧУУЛГА

10. Англи хэлийг яагаад олон улсын хэл гэж хэлж болох вэ?

10 МЭ I зуунд Ромын эзэнт гүрэн  даяар олон хүн кини грек хэлээр ярьдаг байсан. Өнөө үед дэлхий нийтийн хэл гэж бий юү? Олон хүн англи хэлийг түгээмэл хэл гэж үздэг. Нэг номд «Дэлхийн хүн амын бараг дөрөвний нэг нь англи хэл мэддэг» гэж бичжээ («English as a Global Language»). Худалдаа бизнес, улс төр, шинжлэх ухаан, техник технологийн салбарт англи хэлийг өргөн хэрэглэдэг учраас олон хүн энэ хэлийг сурдаг.

11. Цэвэр шүтлэг дэлгэрэхэд англи хэл хэрхэн тус болсон бэ?

11 Англи хэл түгээмэл хэл болсон нь цэвэр шүтлэг дэлгэрэхэд тус болж байна. Олон жилийн турш «Харуулын цамхаг» сэтгүүл болон Библид үндэслэсэн ном хэвлэл эхлээд англиар гардаг байв. Англи хэлтэй хүн олон болохоор тэр. Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвийн албан ёсны хэл нь англи хэл юм. Түүнчлэн АНУ-ын Нью-Йоркийн Паттерсон дахь Харуулын Цамхаг Нийгэмлэгийн сургалтын төвд энэ хэлээр хичээл заадаг.

12. Еховагийн Гэрчүүд Библид үндэслэсэн ном хэвлэлийг хэдэн хэлээр орчуулдаг вэ? Тийм олон хэлээр орчуулахад юу тус болсон бэ?

12 Бид Хаанчлалын тухай сайн мэдээг бүх үндэстэнд дэлгэрүүлэх тушаалтай учраас ном хэвлэлээ 700 гаруй хэлээр орчуулдаг. Компьютерийн технологид дэвшил гарч, ялангуяа Хэвлэхэд бэлтгэх олон хэлний электрон систем (MEPS) боловсронгуй болсноор орчуулах ажил хөнгөвчлөгдсөн. Үүний дүнд дэлхийн өнцөг булан бүрд буй Еховагийн Гэрчүүд Библийн үнэний «цэвэр хэлийг» (ШЕ) ойлгож, улам бүр эв нэгдэлтэй болсон (Зефаниа 3:9-ийг уншина уу).

ХУУЛЬ БА ШҮҮХИЙН ШИЙДВЭР

13, 14. Хууль болон шүүхийн шийдвэр бидэнд ямар ашигтай вэ?

13 Өмнөх өгүүлэлд үзсэнээр, Ромын хууль эртний христиануудад ашигтай байсан. Орчин үед бас олон орны хууль захирамжууд бидэнд ач тусаа өгдөг. Жишээ нь манай байгууллагын төв байрладаг АНУ-д л гэхэд хүн бүр шашин шүтэх, үг хэлэх, цуглаан хийх эрх чөлөөтэй. Тийм болохоор тэндхийн итгэл нэгтнүүд маань цуглаан зохион байгуулж, Библийн талаар ил тод ярьж, сурч мэдсэнээ бусадтай хуваалцдаг. Гэхдээ сайн мэдээ дэлгэрүүлэх эрхээ хамгаалж шүүхэд очих үе бас байдаг (Флп. 1:7). АНУ-д  амьдардаг Еховагийн үйлчлэгчдийн эсрэг шийдвэр гаргавал дээд шүүхэд давж заалддаг бөгөөд ихэнхдээ ялдаг.

14 Бусад улс оронд бас шашин шүтэх, итгэл үнэмшлийнхээ талаар хүмүүст хэлж ярих эрх чөлөөг маань хуулиар хамгаалдаг. Хэрэв тухайн орны шүүх бидний эсрэг шийдвэр гаргавал бид олон улсын шүүхэд ханддаг. Жишээ нь, 2014 оны 6 дугаар сард Европын Хүний Эрхийн Шүүх 57 хэргийг манай талд ашигтайгаар шийдвэрлэж Европын Зөвлөлийн орнуудаар дагаж мөрдүүлэхээр болсон. Биднийг «бүх үндэстэн үзэн яддаг» ч Еховаг чөлөөтэй шүтэх боломжийг олон улс орны хууль олгодог (Мат. 24:9).

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ

Бид бүх хүний төлөө Библид үндэслэсэн ном хэвлэл гаргадаг

15. Хэвлэлийн технологи хэрхэн сайжирсан бэ? Энэ нь бидэнд ямар ашигтай вэ?

15 Хэвлэлийн шинэ шинэ технологи нэвтэрснээр бид илүү олон хүнд сайн мэдээ дэлгэрүүлэх боломжтой болсон. 1450-аад онд Ёханнэс Гүтенбергийн зохиосон хэвлэх арга бараг өөрчлөгдөлгүй хэдэн зууныг элээжээ. Харин сүүлийн хоёр зуун жилийн хугацаанд хэвлэлийн технологид мэдэгдэхүйц ахиц гарсан. Хэвлэлийн машинуудын овор хэмжээ томорч, хурд ихтэй, хийц нарийн болсон. Цаас үйлдвэрлэх, ном хавтаслах өртөг багассан. Үсэг өрөх аргын оронд офсет хэвлэлийн арга нэвтэрснээр хурдан шуурхай, чанартай хэвлэх болжээ. Энэ бүхэн бидний ажилд хэрхэн нөлөөлсөн бэ? 1879 онд анхны «Харуулын цамхаг» сэтгүүлийг ганцхан англи хэлээр, ямар ч зураггүй, 6 000 хувь хэвлэсэн байдаг. Түүнээс хойш 136 жилийн дараа буюу эдүгээ дугаар бүрийг 200 гаруй хэлээр, өнгөт зурагтайгаар 50 сая гаруй хувь хэвлэн тарааж байна.

16. Бид дэлхий даяар дэлгэрүүлэхдээ юу ашигладаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

16 Өнгөрсөн 200 жилийн хугацаанд гарсан техник технологийн дэвшлийг Бурхны ард түмэн сайн мэдээ дэлгэрүүлэхдээ ашигласан. Галт тэрэг, автомашин, нисэх онгоцны талаар дээр дурдсан билээ. Түүнчлэн унадаг дугуй, бичгийн машин, брайль үсгийн төхөөрөмжүүд, цахилгаан мэдээ, телефон утас, зургийн аппарат, дуу болон дүрс бичлэгийн аппарат, радио, зурагт, кино, компьютер, интернетийг дурдаж болно. Шавь бэлдэх даалгавраа биелүүлэхэд энэ бүхэн бидэнд олон талаар тус болсон. Еховагийн үйлчлэгчид «үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэнэ» гэсэн зөгнөл биелж, бид Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийг олон хэлээр гаргах зорилгоор үндэстнүүдийн нөөц баялгийг, тухайлбал, орчин үеийн технологийг ашиглаж байна (Исаиа 60:16-г уншина уу).

17. а) Бидэнд ямар баталгаа байна вэ? б) Ехова бидэнд ямар учраас дэлгэрүүлэх ажил даалгасан бэ?

17 Бурхан ивээж байгаагийн тодоос тод баталгаа бидэнд байна. Ехова өөрөө хийж чадахгүйдээ биш, харин биднийг хайрласандаа, өөртэй нь хамтарч ажиллаасай гэсэндээ энэ чухал ажлыг даалгасан. Бид дэлгэрүүлснээрээ Еховад болон бусад хүнд хайртайгаа батлан харуулна (1 Кор. 3:9; Марк 12:28–31). Тиймд дэлхий дээрх хамгийн чухал ажил болох Хаанчлалын тухай мэдээ тунхаглах боломжоо ашиглацгаая. Энэ ажлаа хийхэд маань удирдаж, ивээж байгаа Ехова Бурхандаа талархлаа илэрхийлцгээе!

^ д/м 1 Библи Судлаачид 1931 оноос Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон (Ис. 43:10).