Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 1 сар 

Еховад «талархал өргөж» ивээл хүртэцгээе

Еховад «талархал өргөж» ивээл хүртэцгээе

«[Еховад] талархал өргө, учир нь Тэр бол сайн» (ДУУ. 106:1).

1. Еховад яагаад талархах ёстой вэ?

ЕХОВА «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлгийг» харамгүй өгдөг билээ. Тийм ч учраас бид бүхний талархлыг хүлээдэг (Иак. 1:17). Тэрбээр хамаг л хэрэгцээг маань хангадаг хайр халамжтай Хоньчин юм (Дуу. 23:1–3). Ямар ч үед, ялангуяа, хүнд хэцүү үед «бидний хоргодох газар болон хүч чадал» болдог (Дуу. 46:1). «[Еховад] талархал өргө, учир нь Тэр бол сайн бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх юм» хэмээн дуулалчийн бичсэн нь яахын аргагүй үнэн (Дуу. 106:1).

2015 оны уриа: «Еховад талархал өргө, учир нь Тэр бол сайн» (Дуу. 106:1)

2, 3. а) Юунаас болоод талархах сэтгэлээ гээж мэдэх вэ? б) Энэ өгүүллээр ямар асуултуудыг авч үзэх вэ?

2 Еховад талархах нь яагаад чухал бэ? Эцсийн өдрүүдэд хүмүүс талархах сэтгэлгүй болохыг Библид зөгнөсөн байдаг (2 Тим. 3:2). Бурхан өөрсдийнх нь төлөө хэчнээн их юм хийснийг үнэлдэггүй хүн олон. Сая сая хүн худалдаа арилжаа, зар сурталчилгааны нөлөөнд автаж, байгаа юмандаа сэтгэл үл ханан хэрэгтэй  хэрэггүй юм цуглуулах нь ихэсжээ. Эртний израильчууд талархах сэтгэлээ гээсний улмаас хүртдэг ивээлээ үнэлэхээ больж, Еховатай тогтоосон нандин харьцаандаа сэв суулгасан. Биднийг бас тийм аюул отож байдаг (Дуу. 106:7, 11–13).

3 Ялангуяа, зовлон бэрхшээл тохиолдоход юу болж болохыг бодоод үз дээ. Ийм үед сэтгэлээр амархан унаж, ивээлээ мартаж мэдэх юм (Дуу. 116:3). Үргэлж талархдаг байя гэвэл яах хэрэгтэй вэ? Хэчнээн хэцүү юм тохиолдсон ч яавал өөдрөг байх вэ? Энэ тухай ярилцъя.

«ТАНЫ ҮЙЛДСЭН ГАЙХАМШИГ ... ОЛОН»

4. Үргэлж талархдаг байя гэвэл яах хэрэгтэй вэ?

4 Бид Еховад байнга талархах ёстой. Үүний тулд Ехова биднийг хэрхэн ивээдгийг, энэ нь Еховагийн хайрыг хэрхэн баталдгийг эргэцүүлэн бодох учиртай. Дуулалч ийн боддог байсан учраас Бурхны хийсэн гайхалтай бүхнийг биширдэг байжээ (Дуулал 40:5; 107:43-ыг уншина уу).

5. Талархах сэтгэлтэй байх талаар элч Паулаас юу сурах вэ?

5 Талархах сэтгэлтэй байх талаар элч Паулаас сурах юм их бий. Тэрбээр хүртдэг ивээлээ эргэцүүлэн бодож, байнга талархдаг байсан. Өмнө нь «доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн байсан» түүнийг Ехова Есүс хоёр өршөөн нигүүлсэж, дэлгэрүүлэх ажил даалгажээ. Паул үүнд нь үргэлж талархдаг байв (1 Тимот 1:12–14-ийг уншина уу). Бас Бурханд үнэнч үйлчилдэг, сайхан зан чанартай итгэл нэгтнүүдтэй болсондоо баярлаж Еховад талархдаг байжээ (Флп. 1:3–5, 7; 1 Тес. 1:2, 3). Хүнд хэцүү үед христиан ах дүүсээр туслуулах бүрд нь Еховад талархдаг байв (Үйлс 28:15; 2 Кор. 7:5–7). Тиймээс «Талархагтун. Бурханд хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд[аар] ... бие биеэ сэнхрүүл» хэмээн итгэл нэгтнүүддээ уриалжээ (Кол. 3:15–17).

ҮРГЭЛЖ ТАЛАРХАХЫН НУУЦ НЬ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ, ЗАЛБИРАХ

6. Та Еховагаас хүртсэн ямар ивээлээ онцгой гэж боддог вэ?

6 Талархах сэтгэлтэй байх талаар үлгэр жишээ үзүүлсэн Паулыг хэрхэн дууриах вэ? Ехова таны төлөө юу хийснийг эргэцүүлэн бодоорой (Дуу. 116:12). «Еховагаас хүртсэн ямар ивээлээ онцгой гэж боддог вэ?» гэсэн асуултад та юу гэж хариулах вэ? Еховатай тогтоосон нандин харьцаагаа юу? Христийн золиосны үндсэн дээр гэм нүглээ уучлуулснаа юу? Янз бүрийн зовлон бэрхшээлийг давахад тусалсан итгэл нэгтнүүдээ юү? Хайртай хань, үр хүүхдээ хэлэх үү? Халамжит тэнгэрийн Эцгээсээ хүртдэг ивээлийнхээ тухай үе үе эргэцүүлэн боддог бол талархах сэтгэлээр бялхаж өдөр бүр Еховад талархлаа илэрхийлэх нь дамжиггүй (Дуулал 92:1, 2-ыг уншина уу).

7. а) Бид яагаад талархан залбирах ёстой вэ? б) Талархан залбирах нь танд ямар ач тустай вэ?

7 Ямар ивээл хүртдэгээ эргэцүүлэн боддог бол Еховад талархан залбирах хүсэл төрнө (Дуу. 95:2; 100:4, 5). Ямар нэг юм хэрэг болохоор л Бурхнаас гуйдаг хүн байдаг. Харин бид байгаа бүхнийхээ төлөө талархан залбирах учиртай. Ингэвэл Ехова баярладаг. Бурханд талархлаа илэрхийлэх  талаар дууриавал зохих сайхан жишээ үзүүлсэн Ханна, Хезекиа гээд эртний үйлчлэгчид олон бий (1 Сам. 2:1–10; Ис. 38:9–20). Талархах сэтгэлтэй тэднийг дууриагаарай. Ивээл хишгээ харамгүй хайрладаг Ехова Бурхандаа талархан залбирч байгаарай (1 Тес. 5:17, 18). Сэтгэл тань сэргэж, Еховаг илүү их хайрладаг болж, улам дотносно (Иак. 4:8).

Та ямар ивээлийнхээ төлөө Еховад талархаж явдаг вэ? (6, 7-р догол мөрийг үзнэ үү)

8. Юунаас болж Еховагийн өгдөг бүхнийг үнэлэхээ больж мэдэх вэ?

8 Бид анхны өвөг дээдсээсээ төгс бус байдлыг өвлөж авсан учраас үл талархах хандлагатай. Тиймээс Еховагийн өгдөг бүхнийг үнэлэхээ болих аюул байдаг. Ехова, Адам Ева хоёрт үзэсгэлэнт цэцэрлэгийг орон гэр болгон өгч хэрэгтэй бүхнээр нь хангасан. Тэд үүрд аз жаргалтай, амар тайван амьдрах байлаа (Эх. 1:28). Гэвч байгаа юмаа үнэлж эрхэмлэхийн оронд илүү ихийг авахыг хүссэнээс болоод бүх юмаа алдсан (Эх. 3:6, 7, 17–19). Талархах сэтгэлгүй хүмүүс олширсон өнөө үед бид бас тэдэн шиг болж мэднэ. Бурхантай тогтоосон анд нөхрийн харьцаагаа үнэлэхээ больж, дэлхийн өнцөг булан бүрд буй олон сайхан итгэл нэгт ах дүүсээ мартаж болзошгүй. Тэгээд тун удахгүй устгагдах гэж буй энэ ертөнцөд уусна (1 Иох. 2:15–17). Ийм эргүүлэгт орохгүйн тулд яах хэрэгтэй вэ? Ямар ивээл хүртэж байгаагаа эргэцүүлэн бодож, үйлчлэгч нь болох завшаан олгосон Ехова Бурхандаа ямагт талархаж явцгаая (Дуулал 27:4-ийг уншина уу).

ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД

9. Хүнд хэцүү үед яагаад ивээлээ бодох хэрэгтэй вэ?

9 Талархах сэтгэлтэй бол хүнд хэцүү үеийг давж чадна. Ханьдаа хаягдах, амь насанд аюултай өвчин тусах, хайртай дотны хүнээсээ хагацах, байгалийн гамшигт нэрвэгдэх зэргээр амьдралд нь гэнэтийн явдал тохиолдоход хүн цочирддог. Ийм үед ивээлээ эргэцүүлэн бодвол тайвширч, бэрхшээлээ даван туулах сэтгэлийн тэнхээтэй болдог. Итгэл нэгтнүүдэд маань тохиолдсон явдлыг жишээ болгон авч үзье.

10. Ирина сайн сайхан юм боддог байсныхаа ачаар ямар үр дүнд хүрсэн бэ?

10 Хойд Америкт эхлэгчээр үйлчилдэг  Иринад * юу тохиолдсоныг ярилцъя. Тэрбээр нөхөр, хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч байлаа. Гэтэл ахлагч байсан нөхөр нь хаяад явчихжээ. Ийм хэцүү үед Еховад үнэнч хэвээрээ үйлчлэхэд нь юу тус болсон бол? Ирина: «Ехова надад санаа тавьж байсанд би их талархдаг. Өдөр бүр сайн сайхан юм бодохыг хичээж байсан болохоор тэнгэрийн Эцгийнхээ хайр халамжийг мэдэрсэн. Бурхны таньдаг хүн байна гэдэг ямар их завшаантайг ойлгосон. Ехова намайг хэзээ ч орхихгүйг сайн мэдэж байна» хэмээн ярьжээ. Ирина янз бүрийн зовлон үзсэн ч өөдрөг сэтгэлээр бүхнийг давж, бусдадаа урам хайрлаж явна.

11. Сэтгэлийн тэнхээтэй байхад нь Гён Сүгт юу тусалсан бэ?

11 Азид амьдардаг Гён Сүг нөхөртэйгөө хамт 20 гаруй жил эхлэгчээр үйлчилжээ. Гэтэл нэг өдөр уушгины хавдартайгаа мэджээ. Хавдар нь эрчимтэй өсөж байсан бөгөөд 3–6 сар амьд явна гэсэн сэтгэл сэрд хийлгэм мэдээ сонсов. Нөхөртэйгөө хоёулаа янз бүрийн сорилт бэрхшээлтэй тулгарч байсан ч барагтаа бол өвддөггүй байжээ. Гён Сүг: «Хавдартай болсноо мэдээд бүх юмаа алдчихсан юм шиг санагдсан. Маш их айсан» гэжээ. Сэтгэлийн тэнхээтэй байхад нь юу тус болсон бэ? «Орой болгон унтахынхаа өмнө тагтан дээрээ гараад, тэр өдөр хүртсэн таван ивээлийнхээ тухай бодож чанга залбирдаг. Тэгэхлээр сэтгэл санаа тайвширч, Еховад хайраа илэрхийлмээр санагддаг» гээд цааш нь «Ехова хүнд хэцүү үед ч тусалж дэмжиж, урам зориг өгдгийг мэдэрсэн. Бас бидний хүртдэг ивээлийн дэргэд амсах зовлон өчүүхэн гэдгийг ойлгосон» хэмээн ярьсан юм.

Амьд үлдсэн дүү Жонтойгоо (13-р догол мөрийг үзнэ үү)

12. Жейсон ханиа алдахын зовлонг хэрхэн даван туулсан бэ?

12 Африк дахь салбарт ажилладаг Жейсон бүрэн цагаар үйлчлээд 30 гаруй жил болж байна. Тэрбээр: «Би 7 жилийн өмнө ханиа алдаад шаналахын дээдээр шаналсан. Хань минь хорт хавдартайгаа тэмцэж байхдаа яаж тарчилж байсныг бодохлоор зүрх шимширдэг» гэсэн юм. Жейсон зовлонгоо хэрхэн давсан бол? «Нэг удаа би эхнэртэйгээ өнгөрүүлсэн сайхан цагаа санаад, тэр сайхан дурсамжийг минь сануулсан Еховадаа талархаж билээ. Дараа нь сэтгэл нэг л уужирчихсан байсан. Түүнээс хойш жаргалтай үеэ дурсах болгондоо Еховад талархдаг болсон. Талархах сэтгэлтэй болоод үзэл бодол минь их өөрчлөгдсөн. Би одоо ч хагацал зовлонгоо мартаж чаддаггүй. Гэхдээ намайг сайхан гэр бүлтэй байлгасан Еховад талархдаг. Бас Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг хүнтэй хамт үйлчлэх завшаантай байсандаа баярлаж явдаг» хэмээн ярьсан юм.

«Еховаг шүтдэг болсондоо би маш их баярладаг» (Шерил)

13. Хэцүү үеийг давахад нь Шерилд юу тус болсон бэ?

13 Филиппиний төв хэсгийг 2013 оны сүүлээр Хайяан гэдэг асар хүчтэй хар салхи дайран өнгөрөхөд 13 настай Шерил бараг бүх юмаа алджээ. «Би гэр орноо, хайртай хүмүүсээ алдсан» гэж энэ охин ярьсан юм. Эцэг эх, гурван дүү нь хүчтэй давалгаанд өртөн амь үрэгджээ. Шерил гомдож гутралгүйгээр энэ хэцүү үеийг яаж давсан бол? Үргэлж талархах сэтгэлтэй байж, яг одоо хүртэж байгаа ивээлээ боддог гэнэ. Шерил: «Гэрч ах эгч нар гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг урамшуулан  зоригжуулж, тусалж дэмжихийн тулд ямар их юм хийж байгааг би нүдээрээ үзсэн. Дэлхий даяар ах эгч нар миний төлөө залбирч байгааг мэдсэн» гээд, «Еховаг шүтдэг болсондоо би маш их баярладаг. Бидэнд дандаа хэрэгтэй юмыг маань өгдөг» хэмээн нэмж хэлжээ. Хүртэж буй ивээлээ бодоод талархдаг бол уй гашууд хэт их автахгүй. Талархах сэтгэлтэй бол хэчнээн хэцүү юм тохиолдсон ч даван туулах тэнхээтэй байна (Еф. 5:20; Филиппой 4:6, 7-г уншина уу).

«БИ ЭЗЭНИЙ ДОТОР БАЯСАН ХӨӨРНӨ»

14. Биднийг ямар гайхалтай ирээдүй хүлээж байна вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

14 Еховагийн ард түмэн ивээл хүртээд баярлаж талархдаг байсныг түүх харуулдаг. Жишээлбэл, израильчууд Улаан тэнгисийг гаталж фараоны цэргүүдээс аврагдсандаа баярлан Еховад дуу дуулж талархлаа илэрхийлсэн (Ег. 15:1–21). Зовлон, уй гашуу гэж байхгүй болох ирээдүй биднийг хүлээж байгаа нь нэг онцгой ивээл юм (Дуу. 37:9–11; Ис. 25:8; 33:24). Ехова бүх дайснаа устгасны дараа амар тайван, зөв шударга байдал ноёлсон шинэ ертөнцөд биднийг оруулахад ямар байхыг төсөөл дөө. Тэр өдөр хүн болгон Еховад талархан дуулах биз ээ! (Илч. 20:1–3; 21:3, 4).

15. Та 2015 онд яахаар шийдсэн бэ?

15 Энэ 2015 онд Ехова Бурхан маань биднийг арвин ихээр ивээх нь дамжиггүй. Үүний хажуугаар бид бэрхшээлээс ангид байхгүй нь ойлгомжтой. Юу ч болсон Ехова биднийг орхихгүй (Д.хууль 31:8; Дуу. 9:9, 10). Үргэлж үнэнч байхад маань тусалж хэрэгтэй бүхнийг өгөх нь гарцаагүй. Тиймд зөнч Хабаккукийг дууриацгаая. Тэрбээр: «Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч, би ЭЗЭНий дотор баясан хөөрч, авралынхаа Бурхан дотор баярлана» гэж хэлсэн билээ (Хаб. 3:17, 18). Энэ жилжингээ ивээлээ бодож, 2015 оны уриаг дагацгаая. «Еховад талархал өргө, учир нь Тэр бол сайн» (Дуу. 106:1).

^ д/м 10 Энэ өгүүлэлд гарч буй зарим хүний нэрийг өөрчлөв.