Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 1 сар 

Жинхэнэ хайр гэж байдаг уу?

Жинхэнэ хайр гэж байдаг уу?

«[Хайрын] гялбаа нь галын гялбаа агаад [Еховагийн] дөл билээ» (СОЛ. 8:6).

1, 2. «Соломоны дуун» номыг нямбай судлах нь хэнд ач холбогдолтой вэ? Яагаад? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

«ХОЁР бие рүүгээ инээмсэглэн харж, гар гараасаа зөөлөн атгасныг нь харвал бие биедээ их хайртай юм». Хуримын ёслол дээр илтгэл тавьсан ахлагч ийн бодов. Дараа нь хуримын цайллагын үеэр шинэхэн хосын бүжиглэхийг хараад «Энэ хоёр маань цаашдаа жаргалтай сайхан амьдрах болов уу? Цаг хугацаа өнгөрөх тусам улам дотносох болов уу эсвэл хайр нь хөрөх болов уу?» гэж боджээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нэг нэгнээ хувиршгүй сэтгэлээр хайрладаг бол хэчнээн хэцүү үед ч дотно байдаг. Гэвч олон гэр бүл салж сарниж байгааг харвал жинхэнэ хайр байдаг уу гэсэн асуулт өөрийн эрхгүй төрдөг.

2 Эртний Израилийн хаан Соломоны үед ч жинхэнэ хайрыг олоход бэрх байжээ. Тэр үеийн хүмүүсийн ёс суртахууны талаар Соломон: «Мянгаас [зөв шударга] нэг эрэгтэйг л би олсон атал эдгээр бүхний дундаас нэг ч эмэгтэйг олсонгүй. Үзэгтүн. Миний олж мэдсэн ганц зүйл нь Бурхан хүмүүнийг шударгаар бүтээсэн боловч тэд өөр олон арга замыг өөрсдөө хайдаг явдал юм» хэмээн бичжээ (Ном. 7:26–29). Баал шүтдэг харийн  бүсгүйчүүдийн нөлөөгөөр израильчууд эрэгтэй эмэгтэй гэлгүй ёс суртахууны доройтолд орсон байлаа. Гэхдээ «Номлогчийн үгс»-ээс 20-оод жилийн өмнө бичсэн «Соломоны дуун» номыг үзвэл жинхэнэ хайр гэж байдаг ажээ. Жинхэнэ хайр гэж юу болох, хэрхэн илэрхийлэхийг яруу тодоор дүрсэлсэн. Еховад үйлчилдэг бид гэр бүлтэй ч бай, ганц бие ч бай, Библийн энэ номыг нямбай судалбал их зүйлийг мэдэж авна.

ЖИНХЭНЭ ХАЙР БАЙДАГ!

3. Жинхэнэ хайр байдаг гэхийн учир юу вэ?

3 Соломоны дуун 8:6-г уншина уу. Жинхэнэ хайрыг «ЭЗЭНий дөл» гэжээ. Учир нь тийм хайрын Эх булаг нь Ехова юм. Тэрбээр хүнийг өөртэйгөө адилхан хайрлах чадвартай бүтээжээ (Эх. 1:26, 27). Бурхан эмэгтэй хүнийг бүтээгээд анхны хүн Адамд эхнэр болгон өгсөн. Хавиргаар нь бүтээсэн Еваг хармагцаа Адам баярласан сэтгэлээ урнаар илэрхийлжээ. Ева ч нөхрөө хараад хайрлан дурласан (Эх. 2:21–23). Ехова хайраа илэрхийлэх чадварыг хүмүүст өгсөн болохоор эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биеэ насан туршдаа хувиршгүй сэтгэлээр хайрлаж чадна.

4, 5. «Соломоны дуун» номын товч агуулгыг ярина уу.

4 «Соломоны дуун» номд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд байдаг хайр сэтгэлийг яруу найргийн хэлээр дүрсэлжээ. Шунем буюу Шулем гэдэг тосгоны бүсгүй, хоньчин залуу хоёрын хайрын түүхийг харилцаа дууны хэлбэрээр бичсэн байна. Усан үзмийн талбайд ажиллаж байхад нь бүсгүйн гоо үзэсгэлэнг хараад Соломон хаан түүнийг хуарандаа авчиржээ. Гэвч бүсгүй хоньчин залууд хайртай байв. Соломон түүний зүрх сэтгэлийг эзэмдэхийг оролдсон ч бүсгүй хайртай залуутайгаа хамт байхыг хүсдэгээ нуулгүй хэлсэн (Сол. 1:4–14). Хоньчин залуу хайртыгаа хайж явсаар хааны цэргийн хуарангаас олж уулзан хайрын үг солилцдог (Сол. 1:15–17).

5 Соломон Иерусалим руу мөнөөх бүсгүйг авч явахад хоньчин залуу ч дагаж явжээ (Сол. 4:1–5, 8, 9). Охины хайрыг татах гэж хаан бүх л аргаа хэрэглэсэн ч талаар болов (Сол. 6:4–7; 7:1–10). Тэгээд эцэст нь охиныг гэр лүү нь буцаалаа. Бүсгүй хайртай залуугаа «зээр» мэт гүйгээд ирээсэй хэмээн хүсэж байгаагаар энэ дуу төгсдөг (Сол. 8:14).

6. «Соломоны дуун»-д гардаг үгсийг хэн нь хэнд хэлснийг тодорхойлох яагаад амаргүй вэ?

6 «Соломоны дуун» номыг утга төгөлдөр, уран яруу бичжээ. Үүнийг «дуунуудын дуун» гэж нэрлэсэн байдаг. Библийн эхийг үзвэл энэхүү бүтээлд гардаг харилцаа дуу, ганц хүний үг, зүүдийг хэн хэлж буй нь тодорхойгүй (Сол. 1:1). Нэгэн тайлбар тольд бичсэнээр, «үйл явдал, түүх, хүүрнэл, дүрүүд тийм ч гол биш» ажээ («The New Interpreter’s Dictionary of the Bible»). Утга уянга, яруу найргийн хэв маягийг нь алдагдуулахгүйн тулд дүрүүдийг бичээгүй бололтой. Гэхдээ л хэн нь хэнд хэлснийг тогтоох боломжтой.

«ЧИНИЙ ХАЙР ДАРСНААС Ч ИЛҮҮ»

7, 8. Бүсгүй залуу хоёр хайраа хэрхэн илэрхийлсэн бэ? Жишээ хэлнэ үү.

7 «Соломоны дуун» ном бүсгүй, хоньчин хоёрын хайрын үгсээр дүүрэн. Бид 3 000-аад жилийн өмнөх  дорнын соёлыг мэдэхгүй учир энэ номд гарч буй зүйрлэл хачирхалтай санагдаж болох юм. Гэхдээ хос хоёрын сэтгэл санааг ойлгож болно. Жишээлбэл, хоньчин залуу хайртай бүсгүйнхээ усгал зөөлөн харц бүхий нүдийг тагтааны нүдтэй зүйрлэсэн (Сол. 1:15, ШЕ). Харин бүсгүй нь хайртынхаа нүдийг тагтааны нүдтэй бус, тагтаатай зүйрлэсэн (Соломоны дуун 5:12-ыг уншина уу). Хархан нүд нь сүүнд умбах тагтаа мэт санагджээ.

8 Энэхүү дуунд зөвхөн царай зүс, бие галбирыг магтан дуулаагүй. Хоньчин хархүү дурлалт бүсгүйнхээ үг яриаг хэрхэн магтсаныг үзье (Соломоны дуун 4:7, 11-ийг уншина уу). «Чиний уруул балыг дуслуулна. Хэлний чинь дор бал, сүү байх аж». Шуламмит бүсгүйн амнаас амтат бал, шинэхэн сүү адил тааламжит, эелдэг үгс гардгийг ийн дүрсэлжээ. «Чи бүхэлдээ үзэсгэлэнтэй бөгөөд чамд ямар ч өө сэв алга» гэсэн нь гоо үзэсгэлэнг нь төдийгүй сэтгэл татам зан чанарыг нь магтсан хэрэг юм.

9. а) Нөхөр эхнэрийн хоорондох хайр гэдэгт юу орох вэ? б) Нөхөр эхнэр хоёр бие биедээ хайрын үг хэлдэг байх нь яагаад чухал бэ?

9 Гэрлэлт гэдэг бол ямар ч сэтгэлгүйгээр байгуулсан гэрээ биш юм. Христиан нөхөр эхнэрийн хувьд хайр маш чухал. Ямар хайр вэ? Библийн зарчмын дагуу, хувиа бодолгүй бүх хүнийг хайрлах хайр уу? (1 Иох. 4:8). Эцэг эх, үр хүүхэд, ах дүүгээ гэсэн хайр уу? Жинхэнэ найз нөхдийн хооронд байдаг халуун дотно сэтгэл үү? (Иох. 11:3). Эсвэл янаг хайр уу? (Сур. 5:15–20). Үнэн хэрэгтээ, нөхөр эхнэрийн хооронд байдаг хувиршгүй хайр гэдэгт эдгээр хайр бүгд багтана. Ханьдаа хайртайгаа үг яриа, үйл хэргээрээ мэдрүүлж байгаарай. Өдөр тутмын ажил төрөл гээд хэчнээн завгүй байлаа ч гэр бүлээ бат бөх, аз жаргалтай байлгая гэвэл ингэх нь туйлын чухал шүү! Зарим оронд эрэгтэй эмэгтэй хүмүүсийг зуучилж гэрлүүлдэг болохоор хуримласныхаа дараа л хоёр биенээ мэдэлцдэг нөхөр эхнэр олон байдаг. Тийм хүмүүс ойртон дотносож, гэр бүлээ сайн сайхан авч явахын тулд бие биедээ хайрын үг хэлдэг байх хэрэгтэй.

10. Нөхөр эхнэр хоёр бие биедээ сэтгэлийн үгээ хэлдэг бол ямар ач холбогдолтой вэ?

10 Нөхөр эхнэр хоёр бие биедээ сэтгэлийн үгээ хэлдэг бол бас нэг ач холбогдолтой. Соломон хаан Шуламмит охинд «мөнгөн унжлагатай алтан зүүлт» өгч, «тэргэл саран мэт үзэсгэлэнтэй, наран мэт цэвэр» хэмээн магтаалын үг урсгаж байсан (Сол. 1:9–11; 6:10). Гэсэн ч бүсгүй хайртай залуудаа үнэнч байв. Яагаад тэр вэ? Түүнийг юу тайвшруулж байсан бол? (Соломоны дуун 1:2, 3-ыг уншина уу). Хоньчин залуугийнхаа хэлсэн үгийг дурсан санажээ. Хайрын үгс нь «дарснаас ч илүүгээр» сэтгэлийг нь баясгаж, нэр нь анхилуун үнэрт тос толгой дээр нь асгасан мэт байв (Дуу. 23:5; 104:15). Нөхөр эхнэр хоёр хайр сэтгэлээ илэрхийлж, энхрий ялдам үг хэлдэг бол бие биедээ улам хайртай болно.

«ТААЛАМЖТАЙ БОЛТОЛ» ХАЙРЫГ БҮҮ ӨДӨӨ

11. Иерусалимын охидод хэлсэн Шуламмитын үгнээс ганц бие христианууд юу ойлгох хэрэгтэй вэ?

11 Ганц бие христианууд, ялангуяа,  хань ижилтэй болохыг хүсдэг хүмүүс «Соломоны дуун» номоос юу сурах хэрэгтэй вэ? Шуламмит бүсгүй Соломон хаанд хайргүй байсан тул Иерусалимын охидоор тангараглуулан «Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн» гэсэн (Сол. 2:7; 3:5). Яагаад? Хэнд ч хамаагүй сэтгэл татагдах нь зөв биш юм. Тиймээс гэрлэх хүсэлтэй христианууд жинхэнэ ёсоор хайрлаж чадах хүнээ олтлоо тэвчээртэй хүлээх нь ухаалаг хэрэг болно.

12. Шуламмит охин яагаад хоньчин залууд хайртай байсан бэ?

12 Шуламмит охин яагаад хоньчин залууд хайртай байсан бэ? «Зээр» мэт үзэсгэлэнтэй, «гар нь молор эрдэнэ суулгасан алтан саваа» мэт, «хөл нь шижир алтан сууринд суулгасан гантиган багананууд мэт» байжээ. Гэхдээ зөвхөн царайных нь сайханд болоогүй. Еховад хайртай, олон сайхан зан чанартайг нь мэддэг байв. Тийм ч учраас, «Залуусын дундаас миний хайрт ойн дундах алимын мод адил» гэжээ (Сол. 2:3, 9; 5:14, 15).

13. Хоньчин залуу Шуламмит бүсгүйд хайртай байсны учир юу вэ?

13 Шуламмит өөрөө үзэсгэлэн төгөлдөр бүсгүй байлаа. «Жаран хатан болон наян татвар эм, мөн тоо томшгүй шивэгчидтэй» Соломон хаан хүртэл түүнд сэтгэл алдарчээ. Хоньчин залуу тэр бүсгүйг гоо үзэсгэлэнгээс нь болж хайрласан уу? Үгүй. Шуламмит ч бас Еховад хайртай, олон сайхан зан чанартай байв. Жишээ нь, төлөв даруу зантай болохоороо өөрийгөө «талын сараана [«гүргэм», ШЕ] гэсэн. Энэ нь жирийн л нэг цэцэг юм. Харин хоньчин залуу түүнийг «өргөст ургамал дундах сараана цэцгийн адил» хэмээн ховор нандин цэцэгтэй зүйрлэсэн (Сол. 2:1, 2; 6:8).

14. Гэрлэх хүсэлтэй хүмүүс хоньчин залуу, Шуламмит бүсгүйгээс юу сурч болох вэ?

 14 Еховагийн үйлчлэгчид «зөвхөн Эзэн дотор» гэрлэх тушаалтай (1 Кор. 7:39). Хань ижилтэй болохыг хүсдэг хүн зөвхөн Еховагийн үнэнч үйлчлэгчтэй үерхэх юм уу гэрлэх ёстой гэсэн үг. Энэ тушаалыг сахих нь ямар ач тустай вэ? Нөхөр эхнэр хоёр өдөр тутам тулгардаг янз бүрийн асуудлыг давж чадна. Аль аль нь Еховатай дотно учраас хоорондоо эвтэй, аз жаргалтай байна. Тиймд та гэрлэхийг хүсдэг бол хоньчин залуу Шуламмит бүсгүй хоёрын жишээг дагаарай. Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг, сайхан зан чанартай хүнийг ханиа болгоорой.

Итгэгч биш хүнд сэтгэл татагдахаас болгоомжил (14-р догол мөрийг үзнэ үү)

«МИНИЙ СҮЙТ БҮСГҮЙ БОЛ ЦООЖЛОГДСОН ЦЭЦЭРЛЭГ»

15. Ганц бие христианууд Шуламмит охиноос юу сурах хэрэгтэй вэ?

15 Соломоны дуун 4:12-ыг уншина уу. Хоньчин залуу хонгор бүсгүйгээ «цоожлогдсон цэцэрлэгтэй» зүйрлэсний учир юу юм бол? Цоожтой хашаан доторх цэцэрлэгийг хүссэн хүн болгон үзэж чадахгүй. Хаалгаар нь дотогш орж байж л үзнэ. Шуламмит охин ирээдүйн нөхөр болох хоньчин залууд л хайр сэтгэлээ өгсөн болохоор тийм цэцэрлэгтэй зүйрлэжээ. Хаанд нүүр өгөлгүй «хана» мэт байсан. Цэлийтэл дэлгэсэн «хаалга» мэт байгаагүй юм (Сол. 8:8–10). Үүнтэй адилаар, Бурхнаас эмээдэг ганц бие христианууд янаг хайрын сэтгэлээ ирээдүйн ханьдаа зориулах учиртай.

16. Үерхэж байгаа христианууд «Соломоны дуун» номоос юу сурч болох вэ?

16 Хоньчин залуу хаврын нэг сайхан өдөр Шуламмит бүсгүйтэй хамт алхахыг хүсжээ. Гэтэл ах нар нь дүү охиноо явуулсангүй. Харин ч усан үзмийн цэцэрлэг арчлах даалгавар өгчээ. Яагаад тэр вэ? Дүүдээ итгэхгүй байсан хэрэг үү? Хоньчинтой ёс журамгүй юм хийх вий гэж бодсон уу? Үгүй. Дүүгээ биеэ барьж чадахааргүй нөхцөл байдалд орохоос урьдчилан сэргийлсэн ажээ (Сол. 1:6; 2:10–15). Хүнтэй үерхэж байгаа ганц бие христиануудад энэ нь сургамжтай. Ёс журамгүй юм хийхгүй байхаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хүнгүй газар хоёулхнаа үлдэхээс болгоомжлоорой. Бие биеэ зөв зохистойгоор хайрлан энхрийлж болох ч биеэ барьж чадахааргүй байдалд орохоос зайлсхийгээрэй.

17, 18. «Соломоны дуун» номоос та юу мэдэж авсан бэ?

17 Гэрлэлт гэдэг бол Еховагийн санаачлан бий болгосон арга хэмжээ юм. Ехова нөхөр эхнэрийг насан туршдаа хамт амьдраасай, бие биеэ үргэлж хайрлаасай гэж хүсдэг. Ер нь гэрлээд удаагүй хосууд бие биедээ хайраа илэрхийлэх нь их байдаг. Гэхдээ христиан хосууд хайрын дөлөө бөхөөхгүйг насан туршдаа хичээх учиртай (Марк 10:6–9).

18 Та хань ижилтэй болохыг хүсдэг бол үнэн сэтгэлээсээ хайрлаж чадах хүнтэйгээ л гэрлээрэй. Тэгээд «Соломоны дуун» номд гардаг шиг, бие биеэ жинхэнэ ёсоор, хувиршгүй сэтгэлээр үргэлж хайрлахын тулд хамтдаа хичээгээрэй. Та гэрлэхийг хүсдэг ч бай, аль хэдийн хань ижилтэй болсон ч бай, Еховагийн «дөл» болсон жинхэнэ хайрыг эдлэх болтугай (Сол. 8:6).