Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 1 сар 

Гэр бүлээ Еховагийн хүчээр бат бөх болгоё

Гэр бүлээ Еховагийн хүчээр бат бөх болгоё

«ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш манаач хүн дэмий л сэрүүн байдаг юм» (ДУУ. 127:1б).

1, 2. а) 24 000 израиль хүн завшаанаа яагаад алдсан бэ? б) Эрт үед болсон энэ явдал бидэнд яагаад сургамжтай вэ?

АМЛАСАН газар луу орохын өмнөхөн хэдэн арван мянган израиль эрэгтэй «Моабын охидтой завхайрчээ». Үүний гайгаар 24 000 хүн Еховагаар шийтгүүлж амиа алдсан. Өчнөөн удаан хүлээсэн өв хөрөнгөө авахын даваан дээр шүү! Хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадалгүй нүгэл үйлдээд гайхалтай сайхан завшаанаа алдсан нь даанч тоогүй (Тоол. 25:1–5, 9).

2 Энэ гашуун түүхийг «энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ» (1 Кор. 10:6–11). Одоо бол «эцсийн өдрүүдийн» шийдвэрлэх үе бөгөөд Бурхны үйлчлэгчид шинэ ертөнцийн босгонд тулж ирчихээд байна (2 Тим. 3:1; 2 Петр 3:13). Харамсалтай нь Еховагийн зарим үйлчлэгч ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэж садар явдалтай орооцолджээ. Тэд хийсэн хэргийнхээ горыг амсан шаналж байгаа. Хэрэв гэмшихгүй бол диваажин дэлхийд мөнх амьдрах завшаанаа ч алдаж болзошгүй.

3. Нөхөр эхнэр хоёрт Еховагийн удирдлага заавар, хамгаалалт хэрэгтэйн учир юу вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

3 Ёс журамгүй явдлын далайд живсэн өнөөгийн  ертөнцөд гэр бүлээ сайн сайхан, тогтвортой байлгахад Еховагийн удирдлага заавар, хамгаалалт хэрэгтэй (Дуулал 127:1-ийг уншина уу). Гэр бүлийн хоёр улам дотносож, жаргалтай амьдрахын тулд зүрхээ хамгаалж, Бурхантай дотно байж, шинэ хүнийг өмсөж, санаа бодлоо хуваалцаж, ханийн үүргээ биелүүлэх хэрэгтэйг энэ өгүүллээр үзнэ.

ЗҮРХЭЭ ХАМГААЛ

4. Зарим христиан юунаас болоод завхайрсан бэ?

4 Христиан хүн яаж яваад садар самуун явдалтай орооцолддог вэ? Есүс: «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг» гэсэн байдаг. Тэгэхлээр үзэж харсан зүйлээс бүх юм эхэлдэг ажээ (Мат. 5:27, 28; 2 Петр 2:14). Порно үзсэн, эротик зохиол уншсан, интернетээр садар самуун явдалтай холбоотой материал үзэж харснаас болоод завхайрсан христиан олон байдаг. Зарим нь бэлгийн харьцааг ил тод харуулсан кино, жүжиг, телевизийн хөтөлбөр үзжээ. Нөгөө хэсэг нь шөнийн клубт очих, тайчих үзүүлбэр үзэх юм уу эротик массаж хийлгэсэн байна.

5. Яагаад зүрхээ хамгаалах хэрэгтэй вэ?

5 Ханиасаа өөр хүнээс халамж анхаарал хүссэнээс болоод хорхой хүргэм зүйлд татагдан нүгэл үйлдсэн хүмүүс ч бий. Өнөөгийн нийгэмд биеэ захирч чаддаггүй хүн олширч, ёс журамгүй янз бүрийн юм хийж таашаал авах нь түгээмэл байна. Тиймд болгоомжтой байхгүй бол «хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй» зүрхэндээ хууртан ханиасаа өөр хүнд сэтгэл татагдах аюултай (Иеремиа 17:9, 10-ыг уншина уу). Есүс: «Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун ... гардаг» гэсэн байдаг (Мат. 15:19).

6, 7. а) Буруу юм хийх хүсэл зүрхэнд төрвөл юу болох вэ? б) Нүгэл үйлдэхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

6 Буруу юм хийх хүсэл зүрх сэтгэлд нь нэгэнт төрсөн бол хоёр биедээ татагдсан хүмүүс зөвхөн ханьтайгаа ярих юмыг хоорондоо ярилцаж эхэлдэг. Яваандаа байнга хамт байхыг хүсдэг болно. Тэгээд аль болохоор олон удаа уулзах шалтаг гаргахыг хичээнэ. Бие биетэйгээ улам дотносохын хэрээр ёс суртахууны хэм хэмжээг баримтлахаа больж эхэлнэ. Тэд буруу юм хийж байгаагаа маш сайн мэддэг ч нүгэлд хүргэх ийм замаар явах тусам зогсож чадахгүй болдог (Сур. 7:21, 22).

7 Яваандаа Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг баримтлахаа бүрмөсөн больж гар гараасаа барилцдаг, үнсэлцдэг, илж таалдаг, тачаадан тэвэрдэг болно. Энэ бүхнийг зөвхөн ханьтайгаа л хийх учиртай. Эцэст нь «хүсэл тачаалдаа автаж, уруу татагддаг». «Хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлэх» буюу тэд садарлан завхайрдаг (Иак. 1:14, 15). Ямар харамсалтай юм бэ! Гэр бүлээ бат бөх байлгахын төлөө Бурхнаар удирдуулж байсан бол нүгэл үйлдэхгүй байх байсан. Ийм урхинд орохгүйн тулд яах хэрэгтэй вэ?

БУРХАНТАЙ ДОТНО БАЙ

8. Еховатай дотно байвал садар самуун явдлаас хол байна гэхийн учир юу вэ?

8 Дуулал 97:10-ыг уншина уу. Еховатай дотно байдаг бол ёс суртахууны хувьд цэвэр ариун байна. Бурхны сайхан зан чанаруудыг судалж мэдэх тусам «хайрлагдсан  хүүхдүүд адил Бурханыг дуурайгчид болж», «хайр дотор явахыг» хичээнэ. Тэр хэрээр «садар самуун, аливаа бузар булай» явдлаас хол байна (Еф. 5:1–4). «Янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ» гэдгийг сайн ойлгодог нөхөр эхнэрүүд бие биедээ үнэнч байхын төлөө чадах бүхнээ хийдэг (Евр. 13:4).

9. а) Иосеф хорхой хүргэм зүйлийг яагаад тэвчиж чадсан бэ? б) Иосефын түүх ямар сургамжтай вэ?

9 Зарим христиан ажил тарсны дараа хамт ажилладаг хүнтэйгээ цагийг өнгөрөөдгөөс болоод сэрэмж алддаг. Тэр байтугай ажлын цагаар хорхой хүргэм зүйлтэй тулгарах нь бий. Ийм явдал Иосеф гэдэг залууд тохиолджээ. Захирлынх нь эхнэр өөрийг нь шохоорхож байгааг Иосеф ажлаа хийж байхдаа анзаарчээ. Тэр эмэгтэй өдөр бүр өдөж хоргоодог болов. Нэг удаа Иосефын «хувцаснаас чангааж, “Надтай унтаач”» гэлээ. Иосеф шууд л зугтсан. Хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадсаны учир юу юм бол? Бурхантай тогтоосон харьцаандаа сэв суулгахгүй гэж хатуу шийдсэнийх ажээ. Үүнээсээ болоод ажлаа алдаж, хилсээр шоронд орсон ч Еховагийн ивээлийг хүртсэн юм (Эх. 39:1–12; 41:38–43). Бид ажил дээрээ ч, өөр бусад газар ч ханиасаа өөр хүнтэй хоёулхнаа үлдэж зохисгүй юм хийхээс сэрэмжилж байх учиртай.

«ШИНЭ ХҮНИЙГ ӨМС»

10. «Шинэ хүн» гэр бүлийг хэрхэн хамгаалдаг вэ?

10 Нөхөр эхнэр хоёр завхай явдалтай орооцолдохгүйн тулд «зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг» өмсөх ёстой (Еф. 4:24). Шинэ хүнийг өмссөн хүмүүс «садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал» гэх мэтийн эрхтнүүдээ «үхүүлдэг» (Колоссай 3:5, 6-г уншина уу). Ханиасаа өөр хүнтэй ёс журамгүй юм хийх хүсэлтэйгээ хайр найргүй тэмцэх ёстойг «үхүүлэх» гэдэг үг харуулж байна. Ийм хүсэл төрүүлэх алив бүхнээс зайлсхийх ёстой (Иов 31:1). Бид Бурхны хүсэл тааллын дагуу амьдрахыг хичээдэг учраас «бузар мууг жигшиж», «сайнаас зуурахад» суралцдаг (Ром 12:2, 9).

11. «Шинэ хүн» гэр бүлийг хэрхэн бат бөх болгодог вэ?

11 «Шинэ хүнийг өмсвөл» Еховаг дууриаж, зан чанарыг нь илэрхийлж сурна (Кол. 3:10). Нөхөр эхнэр хоёр өрөвч, энэрэнгүй, даруу, дөлгөөн, тэвчээртэй байдаг бол гэр бүл нь бат бөх байж, Еховагийн ивээлийг хүртэнэ (Кол. 3:12). Бас «Христийн амар тайвныг» зүрх сэтгэлдээ бялхаавал хоорондоо илүү дотно болно (Кол. 3:15). Чин сэтгэлээсээ хайрладаг бол нэг нэгэндээ халамж анхаарал тавьж, харилцан бие биеэ хүндэлнэ (Ром 12:10).

12. Таны бодлоор, гэр бүлээ жаргалтай байлгахад ямар зан чанар илэрхийлдэг байх хэрэгтэй вэ?

12 Гэр бүлээ аз жаргалтай байлгахад ямар зан чанар илэрхийлдэг байх хэрэгтэй вэ гэж нэгэн гэр бүлээс асуужээ. Нөхөр Сид нь: «Хамгийн гол нь хайр. Бид хоёр хайраа зузаатгахыг дандаа хичээдэг. Бас дөлгөөн байх нь маш чухал» гэсэн юм. Эхнэр Соня нь үүнийг зөвшөөрөөд, «Сайхан сэтгэл зайлшгүй хэрэгтэй. Бас тэр бүр амаргүй ч гэсэн даруу байхыг бид хичээдэг» хэмээн нэмж хэлсэн.

 САНАА БОДЛОО ХУВААЛЦ

13. Гэр бүлийг бат бөх байлгах нэг нууц нь юу вэ? Яагаад?

13 Ханьтайгаа аядуу зөөлөн, эелдэгхэн ярилцдаг байх нь гэр бүлийг тогтвортой байлгах нэг нууц юм. Зарим хос танихгүй хүнтэй, тэр байтугай нохой мууртайгаа эелдэг харьцдаг хэр нь хоорондоо аятайхан ярьж чаддаггүй нь тоогүй! «Хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг» нь нөхөр эхнэрийн харьцааг аажим аажмаар муутгадаг (Еф. 4:31). Нэгнийгээ байнга шүүмжлэх, хорыг нь малтахын оронд энэрэнгүй, уян зөөлөн, өрөвч байж эелдэг боловсон үгээр ярилцан бие биетэйгээ улам дотносох хэрэгтэй (Еф. 4:32).

14. Юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?

14 Библид бичсэнээр, «дуугүй байх цаг» гэж бий (Ном. 3:7). Үүнийг ханьтайгаа ярихаа боль гэсэн үг гэж ойлгож болохгүй. Санаа бодлоо хуваалцах нь гэр бүлийг тогтвортой, бат бөх байлгахад маш чухал. Германд амьдардаг нэг эмэгтэй: «Дуугаа хураавал ханиа гомдоож ч мэднэ» гэж хэлээд цааш нь «Уур хүрсэн үед тайван байх гэж хичээнэ гэдэг амархан биш. Гэхдээ сэтгэлээ онгойлгох гээд уурлаж хашгичих нь сайн биш. Тэгвэл өөрийн мэдэлгүй ханийнхаа зүрхийг шархлуулах үг хэлэх юм уу хийчихдэг. Энэ нь байдлыг улам дордуулна» гэсэн юм. Нөхөр эхнэр хоёр уурлаж хашгичсанаар эсвэл дуугаа хурааснаар асуудлыг хэзээ ч шийдэхгүй. Харин маргаанаа даамжруулахгүйн тулд хурдхан шийддэг бол улам дотно болно.

15. Нөхөр эхнэр хоёр гэр бүлээ бат бөх байлгахын тулд санаа бодлоо хэрхэн хуваалцах хэрэгтэй вэ?

15 Нөхөр эхнэр хоёр сэтгэл санаа, үзэл бодлоо хуваалцах цаг зав гаргах хэрэгтэй. Юу ярих нь чухал байдаг шиг яаж ярих нь бас чухал. Тийм учраас, хэчнээн хэцүү байсан ч эелдэг ярихыг хичээгээрэй. Дууныхаа  өнгийг анхаарч, үгээ зөв сонгож яриарай. Ингэвэл таны яриаг сонсоход ханьд тань илүү амар байх биз ээ (Колоссай 4:6-г уншина уу). Нөхөр эхнэрүүд «хэрэгтэй үед нь [ханиа] босгон байгуулахын тулд зөвхөн тустай үг хэлж» санаа бодлоо хуваалцдаг бол тэдний амьдрал сайн сайхан байх нь дамжиггүй (Еф. 4:29).

Нөхөр эхнэр хоёр санаа бодлоо эвтэйхэн хуваалцдаг бол улам дотносно (15-р догол мөрийг үзнэ үү)

ХАНИЙН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛ

16, 17. Нөхөр эхнэрүүд бие биеийнхээ сэтгэл санаа, биологийн хэрэгцээг мэддэг байх нь яагаад чухал бэ?

16 Нөхөр эхнэрүүд ханийнхаа хэрэгцээ шаардлагыг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг бол хоорондоо улам дотносно (Флп. 2:3, 4). Нөхөр нь ч, эхнэр нь ч нөгөөгийнхөө сэтгэл санааны болон бэлгийн хэрэгцээг мэддэг байх шаардлагатай (1 Коринт 7:3, 4-ийг уншина уу).

17 Харамсалтай нь зарим хос бие биеэ энхрийлэх, бэлгийн харьцаанд орох зэргээс цааргалдаг. Эхнэртээ энхрий зөөлөн хандах нь эр хүний шинж биш гэж үздэг эрчүүд байдаг. Гэвч Библид «Нөхрүүд ээ, ... эхнэртэйгээ ойлголцож амьдар» гэсэн зөвлөгөө бий (1 Петр 3:7). Ханийн үүргээ биелүүлэх гэдэг нь бэлгийн хэрэгцээг нь хангах төдийгөөр хязгаарлагдахгүй гэдгийг нөхрүүд ойлгох ёстой. Эхнэрээ хэзээ ямагт энхрийлэн хайрладаг байх учиртай. Ингэдэг бол эхнэр нь бэлгийн таашаал эдэлнэ. Бие биедээ хайраа илэрхийлж, илж таалдаг бол хоёр биенийхээ сэтгэл санааны болон биологийн хэрэгцээг хангахад илүү амар байна.

18. Нөхөр эхнэрүүд улам дотносохын тулд яах хэрэгтэй вэ?

18 Ханьдаа үнэнч бус болдог явдлыг зөвтгөх аргагүй. Гэхдээ өөр хүнээс хайр хүсдэг нь нөхөр эхнэр хоёр бие биеэ хайрлаж энхрийлдэггүйтэй холбоотой (Сур. 5:18; Ном. 9:9). Тийм учраас, Библид «Та нар нэг нэгнээсээ хагацахаа зогсоо. Зөвхөн ... тохиролцсон цагт тус тусдаа бай» гэсэн зөвлөгөө байдаг. Яагаад тэр вэ? «Эс тэгвэл Сатан та нарыг биеэ барьж тэвчихгүй байдлаар чинь сорьж магадгүй» гэжээ (1 Кор. 7:5). Сатаны сорилтод унаж «биеэ барьж тэвчилгүй» нүгэл үйлдвэл хэчнээн харамсалтай вэ! «Өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эр» гэсэн зөвлөгөөг дагаж ханийн үүргээ зөвхөн үүрэг төдий үзэлгүй, хайрын сэтгэлээр биелүүлэн ханиа илж таалж, энхрийлэн янагладаг бол гэр бүлийн амьдрал нь аз жаргалтай байна (1 Кор. 10:24).

ГЭР БҮЛЭЭ БАТ БӨХ БАЙЛГА

19. Бид яах ёстой вэ? Яагаад?

19 Бид шинэ ертөнцийн босгонд тулж ирээд байна. Ийм үед Моабын талд амиа алдсан 24 000 израильчуудын адилаар махан биеийн хүсэлдээ дийлдвэл ямар харамсалтай вэ! Шившигтэй, эмгэнэлтэй тэр явдлыг Библид бичээд «Өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг» хэмээн сэрэмжлүүлснийг анхаарууштай (1 Кор. 10:12). Тиймээс гэр бүлээ бат бөх байлгахын тулд тэнгэрийн Эцэгтээ, ханьдаа үнэнч байх шаардлагатай (Мат. 19:5, 6). «Амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр Түүнд олдохыг хичээх» нь одоо юу юунаас илүү чухал болоод байна (2 Петр 3:13, 14).