Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2015 оны 1 сар 

Бат бөх, аз жаргалтай гэр бүлийг цогцлооё

Бат бөх, аз жаргалтай гэр бүлийг цогцлооё

«ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг» (ДУУ. 127:1а).

1-3. Нөхөр эхнэрүүдэд ямар бэрхшээл тулгардаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

«ХЭРЭВ та гэр бүлээ сайн сайхан авч явахын төлөө үнэхээр хичээдэг бол Еховагийн ивээлийг хүртэнэ». Энэ үгийг 38 жил ханийн жаргал эдэлж буй нэг Гэрч эрэгтэй хэлжээ. Тийм ээ, нөхөр эхнэр хоёр аз жаргалтай амьдарч, хүнд хэцүү үед бие биедээ өмөг түшиг болдог (Сур. 18:22).

2 Гэрлэсэн хүмүүс «махан биедээ зовлонтой болдог» (1 Кор. 7:28). Яагаад? Өдөр тутам тулгардаг янз бүрийн асуудлаас болоод нөхөр эхнэр хоёр бие биеэсээ хөндийрөх аюул байдаг. Төгс бусын гайгаар нэгнийгээ гомдоох, үл ойлголцох, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж чадахгүй үе бий (Иак. 3:2, 5, 8). Ажил хийх, үр хүүхэд өсгөж хүмүүжүүлэх тийм ч амар юм биш ээ. Сэтгэл санаа тавгүйтэх юм уу ядарвал бие биедээ цаг зав гаргаж чаддаггүй. Мөнгө төгрөгөөр гачигдах, өвчин эмгэг тусах зэргээс болоод нөхөр эхнэр хоёр бие биеэ хайрлаж хүндлэхээ больж мэднэ. Түүнээс гадна, завхайрах, эрээ цээрээ алдах, дайсагналцах, хэрүүл маргаан хийх, хардах, уурлан хилэгнэх, өрсөлдөх гэх мэтийн «махан биеийн  үйлс нь» тогтвортой гэр бүлийг ч сүйрүүлдэг (Гал. 5:19–21).

3 «Эцсийн өдрүүдэд» аминч үзэл, Бурхныг үл хүндэтгэх хандлага газар авсан нь гэр бүл сүйрэхэд нэрмээс болж байна (2 Тим. 3:1–4). Бас харгис хэрцгий нэг дайсан гэр бүлүүд рүү улангасан дайрдаг. Элч Петр: «Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг» хэмээн анхааруулсан билээ (1 Петр 5:8; Илч. 12:12).

4. Нөхөр эхнэр хоёр аз жаргалтай амьдрах боломжтой гэхийн учир юу вэ?

4 Японд амьдардаг нэг эрэгтэй: «Би яаж мөнгө олж гэр бүлээ тэжээх вэ гэхээс байнгын дарамттай явдаг байв. Эхнэртэйгээ ярилцаж санаа бодлыг нь сонсдоггүй болохоор эхнэр маань ч бөөн стресс. Саяхнаас тэр минь хүнд өвчтэй болсон. Энэ бүхнээс болоод бид хоёр заримдаа түр тар хийчихдэг» хэмээн илэн далангүй ярьсан юм. Гэр бүлд тулгардаг зарим бэрхшээлээс зугтахын аргагүй. Гэхдээ дааж давшгүй бэрхшээл гэж байдаггүй. Еховагийн хүчээр нөхөр эхнэр хоёр аз жаргалтай амьдарч чаддаг (Дуулал 127:1-ийг уншина уу). Насан туршдаа хамт байж, ханийн жаргал эдлэхэд тус болох таван аргыг ярилцъя. Бас гэр бүлийг тогтвортой байлгахад хайр яагаад чухал болохыг үзье.

ЕХОВАГ ГЭР БҮЛИЙНХЭЭ ГИШҮҮН БОЛГООРОЙ

5, 6. Нөхөр эхнэр хоёр Еховаг гэр бүлийнхээ гишүүн болгохын тулд яах хэрэгтэй вэ?

5 Гэр бүлийг анх санаачлан бий болгосон Нэгэнд үнэнч, дуулгавартай байвал гэр бүл бат бөх байна (Номлогчийн үгс 4:12-ыг уншина уу). Нөхөр эхнэрүүд Еховаг гэр бүлийнхээ нэг гишүүн болгох буюу удирдлага зааврыг нь дагах учиртай. «Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ард чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэсэн үгийг та нарын чих сонсоно» хэмээн Библид бичжээ (Ис. 30:20, 21). Хосууд Библийг хамт уншвал Еховагийн үгийг «сонсоно» (Дуу. 1:1–3). Гэр бүлийн хичээл нь хүнийг баяр баясгалантай болгож, сэтгэл сэргээдэг. Тиймээс Гэр бүлийн хичээлээ тогтмол хийдэг бол нөхөр эхнэр хоёр улам дотносно. Өдөр бүр хамт залбирдаг бол Сатаны ертөнцийн зүгээс учирдаг дарамт шахалтыг сөрөн зогсох хүчтэй болно.

Нөхөр эхнэр хоёр хамт залбирч, Библи уншиж судалдаг бол Бурхантай ч, бие биетэйгээ ч дотносно (5, 6-р догол мөрийг үзнэ үү)

6 «Алдаа дутагдал гаргах юм уу үл ойлголцох үед хүлээцтэй байж, бие биеэ уучлахад Библийн зөвлөгөө тус болдог. Гэр бүлээ сайн сайхан авч явахад эдгээр чанар зайлшгүй хэрэгтэй» гэж Германд амьдардаг Герхард хэлжээ. Нөхөр эхнэр хоёр Бурхныг гэр бүлийнхээ гишүүн байлгахын тулд хамт Библи уншиж, Гэр бүлийн хичээл хийж, залбирдаг бол Бурхантайгаа ч, бие биетэйгээ ч улам дотносно.

НӨХРҮҮД ЭЭ, ХАЙР ХАЛАМЖТАЙ БАЙГААРАЙ

7. Нөхрүүд эхнэртээ хэрхэн хандах ёстой вэ?

7 Жаргалтай, бат бөх гэр бүлийг цогцлооход өрхийн тэргүүн болсон нөхөр хүний үүрэг их. «Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн» гэж Библид бичжээ (1 Кор. 11:3). Энэ нь юу гэсэн үг вэ? Нөхрүүд эхнэртээ хандахдаа Есүсийг дууриах ёстой. Христ шавь нартаа дээрэнгүй, хатуу ширүүн хандаж байгаагүй. Харин ч ухаалаг, дөлгөөн байж, уужим сэтгэл гарган,  хайрлаж халамжлан энэрэнгүй зөөлөн ханддаг байсан (Мат. 11:28–30).

8. Нөхөр хүн яавал эхнэрийнхээ хайр хүндэтгэлийг хүлээх вэ?

8 Христиан нөхрүүд «намайг хүндэл» гэж эхнэрээсээ шаарддаггүй. Харин эхнэрээ «өөрөөсөө сул дорой сав мэт үзэн ... эхнэртэйгээ ойлголцож амьдардаг» (1 Петр 3:7). Олны дунд байхдаа ч, хоёулхнаа байхдаа ч эхнэрээ ойлгохыг хичээж, хүндэтгэлтэй харьцдаг (Сур. 31:28). Өрхийн тэргүүний үүргээ ийнхүү биелүүлдэг бол эхнэр нь өөрийн эрхгүй хайрлаж хүндэтгэдэг. Ехова ч тэднийг ивээдэг.

ЭХНЭРҮҮД ЭЭ, ДАРУУ БАЙЖ НӨХӨРТӨӨ ЗАХИРАГДААРАЙ

9. Нөхөртөө захирагддаг эхнэр ямар байдаг вэ?

9 Еховаг үнэн сэтгэлээсээ хайрладаг хүмүүс «Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлгадаг» (1 Петр 5:6). Еховад захирагддаг даруу эхнэр нөхрөө дэмжиж, өмөг түшиг болдог. Библид «Эхнэрүүд ээ, Эзэний таалалд нийцүүлж нөхөртөө захирагдагтун» гэж байдаг (Кол. 3:18). Үнэндээ бол, нөхрийн гаргасан шийдвэр болгон эхнэрийнх нь санаанд таардаг гэсэн үг биш. Гэхдээ Бурхны хуультай зөрчилдөхгүй бол шийдвэрийг нь дэмжих хэрэгтэй (1 Петр 3:1).

10. Нөхөртөө захирагддаг байх нь яагаад чухал бэ?

10 Ехова эхнэрүүдэд хүндтэй үүрэг оноожээ. Эхнэр хүн нөхрийнхөө «хань» буюу хамтран зүтгэгч нь байх учиртай (Мал. 2:14). Шийдвэр гаргах болоход эхнэр нь юу бодож, хүсэж байгаагаа чөлөөтэй, гэхдээ хүндэтгэлтэй хэлэх хэрэгтэй. Ухаалаг нөхөр, эхнэрийнхээ яриаг анхааралтай сонсдог (Сур. 31:10–31). Нөхрөө хайрладаг, дуртайяа захирагддаг бол гэр бүлээрээ баяр хөөртэй, эв найртай, тайван амгалан амьдарна. Улмаар Бурхны таалалд нийцэж байгаагаа мэдээд нөхөр эхнэр хоёр сэтгэл хангалуун байна (Еф. 5:22).

 БИЕ БИЕЭ УУЧЛААРАЙ

11. Бие биеэ уучлах нь яагаад чухал бэ?

11 Нөхөр эхнэр хоёр насан туршдаа эв найртай, аз жаргалтай амьдаръя гэвэл бие биеэ уучилж сурах хэрэгтэй. «Нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилдаг» хосууд дотно байдаг (Кол. 3:13). Харин өнгөрсөн юмаа дахин дахин сөхөж, хэл амаар доромжлоод байвал бие биеэсээ хөндийрөх аюултай. Ан цав үүсвэл байшингийн бат бөх чанар алдагддаг шиг гомдож туних юм уу уур хорслоо дотроо хадгалдаг бол бие биеэ уучлахад амаргүй болно. Нэг нэгнээ Ехова шиг уучилдаг бол улам дотносно (Мика 7:18, 19).

12. Хайр «тоо томшгүй нүглийг далдалдаг» гэдэг нь юу гэсэн үг вэ?

12 Жинхэнэ хайр «муутай тооцоо хийдэггүй». «Хайр бол тоо томшгүй нүглийг далдалдаг» (1 Кор. 13:4, 5; 1 Петр 4:8-ыг уншина уу). Хэрэв хүн бусдыг хайрладаг бол хэдэн ч удаа уучилж чадна. Хүмүүсийг хэдэн удаа уучлах ёстой вэ хэмээн Петрийг асуухад Есүс: «Дал дахин долоон удаа» гэж хариулдаг (Мат. 18:21, 22). Үүнийг юу гэж ойлгох вэ? Христиан хүн бусдыг хязгааргүй уучлах хэрэгтэй гэсэн үг * (Сур. 10:12).

13. Яавал бие биеэ уучилдаг болох вэ?

13 Германд амьдардаг Анете: «Уучлахгүй бол нэг нэгэндээ уурлаж бухимдан, итгэхээ больж эхэлдэг. Ингэвэл нөхөр эхнэрийн харьцаанд ан цав үүснэ. Уучилдаг бол нэг нэгэнтэйгээ улам дотносож гэр бүл бат бөх болдог» гэжээ. Баярлаж талархсан сэтгэлээ бие биедээ илэрхийлж сураарай. Ханиа чин сэтгэлээсээ магтаж байгаарай. Ингэдэг бол бие биеэ уучлахад амар болно (Кол. 3:15). Тэгээд Бурхны сайшаалыг хүртэж, эв нэгдэлтэй, тайван амгалан амьдарна (Ром 14:19).

АЛТАН ДҮРМИЙГ БАРИМТЛААРАЙ

14, 15. Алтан дүрэм гэж юу вэ? Энэ дүрмийг баримтлах нь нөхөр эхнэр хоёрт ямар ач тустай вэ?

14 Та бусдаар хүндлүүлэх дуртай биз дээ? Хүмүүс таны яриаг анхааралтай сонсож, сэтгэл санааг тань ойлговол баярлах нь лавтай. «Тэр намайг тэгсэн юм чинь би адилхан тэгнэ дээ» гэж хүмүүсийн ярихыг та сонсож байсан уу? Заримдаа үнэхээр тэгмээр санагддаг. Гэхдээ «“Тэр надад яаж хандсан шиг би мөн түүнд тэгж хандана. Тэр шангаа хүртэнэ дээ” гэж бүү хэл» хэмээн Библид бичжээ (Сур. 24:29). Маргааныг шийдэх хамгийн сайн аргыг Есүс хэлэхдээ «Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн ханд» гэжээ. Үүнийг Алтан дүрэм гэдэг (Лук 6:31). Хүмүүс надад сайхан хандаасай гэж та хүсдэг биз дээ? Тэгвэл та өөрөө тэгж хандах ёстой гэсэн үг. Нөхөр эхнэр хоёр энэ дүрмийг хэрхэн баримтлах вэ? Гэр бүлээ ямар байгаасай гэж хүснэ, тийм болгохын төлөө хамтдаа хичээх хэрэгтэй.

15 Нөхөр эхнэр хоёр бие биеийнхээ сэтгэл санааг ойлгохыг хичээдэг бол гэр бүл нь бат бөх байна. Өмнөд Африкт амьдардаг эрэгтэй: «Эхнэр бид хоёр Алтан дүрэм баримтлахыг хичээдэг. Гэхдээ л заримдаа  муудалцчихдаг юм. Тийм үед хэн хэн маань намайг хүндлээсэй гэж хүсдэг шигээ нөгөөгөө хүндлэхийг хичээдэг» гэж ярьсан юм.

16. Нөхөр эхнэр хоёр юу хийж болохгүй вэ?

16 Хүмүүсийн дэргэд ханийнхаа дутагдлыг битгий хэлж байгаарай. Өмнө нь таныг гомдоож байсан бол залхтал бүү давтаарай. Тоглоомоор ч гэсэн хэлэх хэрэггүй. Гэр бүл гэдэг бол хэн нь хүчтэй, хэн нь илүү чанга хашгирдаг, хэн нь хамгийн гомдмоор үг хэлдгээ үзэх уралдаан тэмцээн биш гэдгийг үргэлж санаарай. Алдаа дутагдалгүй хүн нэг ч байхгүй. Заримдаа бие биеэ гомдоочихдог нь үнэн. Гэлээ ч нэгнийгээ ичгэвтэр байдалд оруулах, үг хаях, хэл амаар доромжлох, түлхэх юм уу цохих эрх нөхөр эхнэрийн хэнд нь ч байхгүй (Сургаалт үгс 17:27; 31:26-г уншина уу).

17. Нөхрүүд Алтан дүрмийг хэрхэн баримтлах ёстой вэ?

17 Зарим оронд эхнэрээ зоддог эрчүүдийг жинхэнэ эр хүн гэж үздэг. Гэхдээ Библид «Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр» гэж байдаг (Сур. 16:32). Дэлхий дээр амьдарч байсан хамгийн агуу хүн Есүс Христ «сүнсээ захирдаг» буюу уураа барьдаг байсан. Есүсийг дууриая гэвэл сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Эхнэрээ хэл амаар доромжилдог, зодож нүддэг эрэгтэй жинхэнэ эр хүн биш ээ. Тийм хүн харин ч Еховагийн сайшаалыг алдана. Дуулалч Давид хүч чадалтай, эр зоригтой хүн байсан бөгөөд «Чичрэн айж, нүгэл бүү хий. Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай» хэмээсэн байдаг (Дуу. 4:4).

ХАЙРЫГ «ӨМСӨӨРЭЙ»

18. Бие биеэ хайрладаг байх нь яагаад чухал бэ?

18 1 Коринт 13:4–7-г уншина уу. Гэр бүлд хайр хамгийн чухал үүрэгтэй. «Та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» (Кол. 3:12, 14). Христ бусдын төлөө өөрийнхөө амийг өгөхөд бэлэн байсан шиг нөхөр эхнэр хоёр бие биеэ тийн хайрлах ёстой. Ингэдэг бол нэгнийхээ өө сэв, алдаа дутагдлыг томруулж харахгүй. Хүнд өвчин тусах, мөнгө төгрөгөөр гачигдах, хадмуудтайгаа таарамжгүй байх зэргийн асуудал гарахад ч хамтдаа эвтэйхэн шийдэж чадна.

19, 20. а) Бат бөх, аз жаргалтай гэр бүлийг цогцлоохын тулд яах хэрэгтэй вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

19 Гэр бүлээ сайн сайхан авч явахад хайр, үнэнч байдал, хичээл зүтгэл зайлшгүй хэрэгтэй. Бэрхшээл тулгарахад гэр бүлийн хоёр шантарч бууж өгөхийн оронд бие биетэйгээ улам дотносох ёстой. Еховад болон хоёр биендээ чин үнэнч нөхөр эхнэрүүд ямар ч асуудлыг хайрын үндсэн дээр шийддэг. Учир нь «хайр хэзээ ч дуусдаггүй» (1 Кор. 13:8; Мат. 19:5, 6; Евр. 13:4).

20 Өнөөгийн «хэцүү цагт» бат бөх, аз жаргалтай гэр бүлийг цогцлоох амаргүй (2 Тим. 3:1). Гэхдээ Еховагийн тусламжтайгаар гэр бүлээрээ жаргалтай байж чадна. Ёс суртахууны хувьд ялзарчихсан энэ ертөнцийн нөлөөнд автахгүйн төлөө нөхөр эхнэр хоёр чадах бүхнээ хийх хэрэгтэй. Садар самуун явдалтай орооцолдохгүйн тулд гэр бүлтэй хүмүүс яах хэрэгтэйг дараагийн өгүүллээр үзнэ.

^ д/м 12 Нөхөр эхнэр хоёр бие биеэ уучилж, бэрхшээлийг даван туулахын төлөө хичээх учиртай. Гэхдээ хань нь завхайрсан бол уучлах эсэхээ буруугүй нэг нь шийдэх эрхтэйг Библид бичсэн байдаг (Мат. 19:9). «Бурхны хайр» номын 219–221-р хуудсанд буй «Гэрлэлтээ цуцлуулах ба тусдаа амьдрах талаарх Библийн зарчим» гэсэн гарчигтай хавсралтыг үзнэ үү.