Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2014 оны 12 сар 

Та Бурхнаас авсан өв хөрөнгөө үнэлж эрхэмлэдэг үү?

Та Бурхнаас авсан өв хөрөнгөө үнэлж эрхэмлэдэг үү?

«Бурханы бидэнд үнэгүй өгсөн юмсыг мэдэхийн тулд бид ... Бурханаас ирсэн Сүнсийг хүлээн авсан юм» (1 КОР. 2:12).

1. Хүн байгаа юмаа хэр зэрэг үнэлдэг вэ?

«ХЭЗЭЭ хойно нь үнэ цэнийг нь ойлгох юм даа» гэж хүмүүс ярьдаг. Танд бас ингэж хэлэх үе байсан биз ээ. Ямар нэгэн юмыг хүүхэд байхаасаа л хэрэглэж ирсэн бол үнэ цэнийг нь тэр болгон мэддэггүй. Жишээлбэл, хөрөнгө чинээтэй айлд өссөн хүн байгаа юмаа үнэлдэггүй. Үүнтэй адилаар охид хөвгүүд туршлагагүйгээсээ болоод амьдралд юу хамгийн үнэ цэнэтэйг ухаардаггүй байж мэднэ.

2, 3. а) Христиан залуус юуг мартах ёсгүй вэ? б) Байгаа юмаа үнэлж эрхэмлэхэд юу тус болох вэ?

2 Хэрэв та залуу христиан бол юуг хамгийн чухалд үздэг вэ? Эд хөрөнгийг эрхэмлэдэг залуус олон байдаг. Тэд цалин сайтай ажилд орж, гоё байртай болж, сүүлийн үеийн цахилгаан бараа хэрэглэхийг хүсдэг. Эдгээрийг гол зорилгоо болгож амьдардаг хүн хамгийн чухал зүйлийг орхигдуулж байна гэсэн үг. Энэ бол Бурхантай тогтоосон харьцаа юм. Бурхантай анд найз болох тухай бодож ч үзээгүй залуус хэдэн саяар тоологддог нь харамсалтай. Та христиан эцэг эхийн  гар дээр өсөж хүмүүжсэн бол үнэлж баршгүй өв хөрөнгөтэйгөө битгий мартаарай (Мат. 5:3). Энэ өвөө эрхэмлэхгүй бол буруу шийдвэр гаргаж насан туршдаа горыг нь амсах аюултай.

3 Гэхдээ ийм аюулд өртөхгүй байх боломж бий. Еховагаас авсан өв хөрөнгөө үнэлж эрхэмлэдэг байхад тус болох хэдэн жишээг Библиэс үзье. Эдгээр жишээ хүүхэд залууст төдийгүй бүх христианд ач холбогдолтой.

ТЭД ҮНЭЛЖ ЭРХЭМЛЭЭГҮЙ

4. 1 Самуел 8:1–5-д Самуелын хүүхдүүдийн талаар юу гэж бичсэн байдаг вэ?

4 Бурхнаас асар их өв хөрөнгө авсан ч түүнийгээ үнэлж эрхэмлээгүй олон хүний тухай Библид гардаг. Тухайлбал, зөнч Самуелын хүүхдүүд болох Иоел Абиа нарыг дурдаж болно. Эцэг нь хүүхэд байхаасаа өтөл буурал болтлоо Еховад үйлчилж сайн нэртэй болсон хүн байлаа (1 Сам. 12:1–5). Ийм сайхан жишээ үзүүлсэн эцгийгээ хоёр хүү нь дууриахын оронд буруу замаар орсон. Библид тэдний талаар «шударга ёсыг гажуудуулав» гэж бичсэн байдаг (1 Самуел 8:1–5-ыг уншина уу).

5, 6. Гурван хүү, нэг ач нь Иосиаг дууриасан уу? Тайлбарлана уу.

5 Иосиа хааны хөвгүүд бас эцгийнхээ замаар замнаагүй. Эцэг нь Еховаг хайрладаг, үнэнч хүн байв. Сүмээс олдсон Бурхны Хуулийн номыг уншиж сонордуулахад Иосиа уг номд бичсэн тушаал зааврыг сахих гэж чадах бүхнээ хийжээ. Нутаг орноосоо хуурамч шүтээн, ид шидтэй холбоотой бүхнийг зайлуулсан. Бас Еховад дуулгавартай байхыг ард түмэндээ уриалжээ (Х.дэд 22:8; 23:2, 3, 12–15, 24, 25). Үр хүүхдэдээ ямар үнэлж баршгүй өв хөрөнгө үлдээгээ вэ! Гэвч гурван хүү, нэг ач нь хаан ширээ залгамжилсан атлаа сайхан жишээг нь дагаагүй.

6 Иосиагийн хүү Иехоахаз хаан болмогцоо Еховагийн «мэлмийд бузар мууг үйлджээ». Төр бариад гуравхан сар болж байтал Египетийн фараон түүнийг шоронд хорьсон. Дараа нь Египетэд хүргэгдэж очоод тэндээ үхсэн (Х.дэд 23:31–34). Иехоахазын ах Иехоиаким 11 жил хаан ширээнд суухдаа эцгээсээ өвлөж авсан үнэтэй хөрөнгөө бас л үнэлээгүй. Бузар муу юм хийж буруу замаар явсан учраас түүнийг «илжигний оршуулгаар оршуулагдана» гэж Иеремиа зөгнөжээ (Иер. 22:17–19). Иосиагийн хүү Зедекиа, ач хүү Иехоиахин нар ч Еховад үнэнч байж чадаагүй (Х.дэд 24:8, 9, 18, 19).

7, 8. а) Соломон өв хөрөнгөө үнэлэхээ больсон нь юунаас харагддаг вэ? б) Өв хөрөнгөө үнэлж эрхэмлээгүй хүмүүсээс ямар сургамж авах вэ?

7 Соломон хаан Еховад хэрхэн үйлчлэх талаар эцэг Давидаасаа олон чухал зүйлийг сурчээ. Гэвч энэ өв хөрөнгөө яваандаа үнэлж эрхэмлэхээ больсон. «Соломон хөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу эргүүлсэн учир түүний зүрх сэтгэл эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг Бурханы төлөө бүхлээрээ зориулагдсангүй» (Х.дээд 11:4). Ингээд эцэстээ Еховагийн сайшаалыг алджээ.

8 Энэ хүмүүс Еховаг таньж мэдэн, зөвийг үйлдэх боломжтой байсан ч үүнийгээ ашиглаагүй нь даанч тоогүй! Гэхдээ өв хөрөнгөө эрхэмлэдэг залуус ч байсан. Орчин үед бас ийм залуус олон бий. Залуу христиануудад үлгэр дууриал болсон, Библид гардаг хэдэн хүний тухай ярилцъя.

 ТЭД ҮНЭЛЖ ЭРХЭМЛЭСЭН

9. Ноагийн хөвгүүд ямар сайхан жишээ үлдээсэн бэ?

9 Ноагийн хүүхдүүд дууриавал зохих сайхан жишээ үлдээжээ. Эцэг нь Еховагийн тушаалаар хөвөгч авдар хийж, гэрийнхнийгээ авч орох учиртай байлаа. Ноагийн хөвгүүд Еховад захирагдах ёстойгоо ойлгож эцэгтэйгээ хамт хөвөгч авдар хийгээд тэндээ оржээ (Эх. 7:1, 7). Бас Эхлэл 7:3-т бичсэнээр «бүх газар дэлхий дээр үр удмыг нь амьд үлдээхийн тулд» амьтдыг хөвөгч авдарт оруулсан. Үүний үрээр хүн амьтны аль аль нь аврагджээ. Ноагийн хөвгүүд өв хөрөнгөө үнэлж эрхэмлэдэг байсан учраас хүн төрөлхтнийг аварч, цэвэр шүтлэгийг сэргээхэд хувь нэмрээ оруулжээ (Эх. 8:20; 9:18, 19).

10. Вавилонд хүргэгдсэн дөрвөн залуу өв хөрөнгөө өндөр үнэлдэг байсан нь юунаас харагддаг вэ?

10 Түүнээс хойш хэдэн зууны дараа амьдарч байсан дөрвөн еврей залуу Бурхнаас авсан өв хөрөнгөө үнэлж эрхэмлэхийн сайхан жишээ үлдээжээ. Вавилончууд МЭӨ 617 онд Хананиа Мишаел Азариа Даниел нарыг олзолж нутагтаа аваачсан байлаа. Царайлаг, ухаантай энэ дөрвөн залуу вавилончуудын нөлөөнд амархан автчихаж болох л байсан. Гэвч тэгээгүй. Тэд багаасаа заалгасан зүйлээ огтхон ч мартаагүй нь үйл хэргээс нь харагддаг. Тийм учраас Еховагаас их ивээл хүртжээ (Даниел 1:8, 11–15, 20-ийг уншина уу).

11. Есүс өв хөрөнгөө үнэлж эрхэмлэдэг байсан нь юунаас харагддаг вэ? Энэ нь хүмүүст ямар ач тустай байсан бэ?

11 Еховагаас авсан өв хөрөнгөө үнэлж эрхэмлэх талаар Есүс хамгийн агуу жишээ үзүүлсэн. Тэрбээр Эцгээсээ олон чухал зүйлийг сурч мэджээ. «Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг» хэмээн хэлснээс нь сурч мэдсэн зүйлээ хэр их үнэлж эрхэмлэдэг байсан нь харагддаг (Иох. 8:28). Хүмүүст ач тус хүртээх гэсэндээ Есүс сурч мэдсэнээ бүхнээ дуртайяа заадаг байсан. Тэрбээр: «Би Бурханы хаанчлалыг өөр хотуудад бас тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ» хэмээн хэлжээ (Лук 4:18, 43). «Ертөнцийн» ихэнх хүн Бурхны тухай үнэнийг эрхэмлэдэггүй. Тийм болохоор Есүс сургаалыг нь сонсож байсан хүмүүст «ертөнцийнх биш» байхын чухлыг ойлгуулсан (Иох. 15:19).

ӨВ ХӨРӨНГӨӨ ҮНЭЛЖ ЭРХЭМЛЭЭРЭЙ

12. а) 2 Тимот 3:14–17-г үзвэл зарим залуусын амьдрал Тимотынхтой юугаараа төстэй вэ? б) Христиан залуус өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

12 Та, дөрвөн еврей залуугийн адилаар, Еховаг хайрладаг эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн байж болох юм. Тийм бол таны амьдралыг Библид гардаг Тимотынхтой төстэй гэж хэлж болно (2 Тимот 3:14–17-г уншина уу). Эцэг эх тань жинхэнэ Бурхны тухай, хүсэл тааллыг нь хэрхэн биелүүлэх тухай заасан нь лавтай. «Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг» балчир оюунд тань шингээн, Бурханд үйлчлэхэд «бүрэн бэлтгэгдсэн» хүн болгох гэж эрвийх дэрвийхээрээ хичээсэн нь дамжиггүй. Харин та эцэг эхээсээ авсан тэр өв хөрөнгөө үнэлж эрхэмлэдэг үү? Дараах асуултаар өөрийгөө шалгаарай. «Эрт үеэс өнөөг хүртэлх Еховагийн үнэнч үйлчлэгчдийн эгнээнд багтсаныгаа би завшаан гэж үздэг үү? Еховагийн анд  найз болсон цөөхөн хүний нэг гэдгээрээ бахархдаг уу? Үнэнийг мэдсэндээ баярладаг уу?».

Еховагийн үнэнч үйлчлэгчдийн эгнээнд багтсаныгаа завшаан гэж үздэг үү? (9, 10, 12-р догол мөрийг үзнэ үү)

13, 14. Багаасаа үнэнийг заалгасан зарим хүн яахыг хүсдэг вэ? Гэхдээ энэ нь яагаад ухаалаг хэрэг биш вэ? Жишээ хэлнэ үү.

13 Христиан гэр бүлд өсөж хүмүүжсэн зарим охид хөвгүүд Бурхны тухай үнэний гэрэл гэгээ, Сатаны ертөнцийн түнэр харанхуйн хоорондох ялгааг олж хардаггүй. Тиймээс Сатаны ертөнцөд амьдрах ямар байдгийг үзэх гэж тэмүүлдэг. Энэ нь ухаалаг хэрэг мөн үү? Жишээлбэл, хэр зэрэг өвддөгийг, тэр байтугай яаж үхдэгийг үзэх гээд, явж байгаа машины урдуур та орох уу? Яалаа гэж дээ! Үүнтэй адилаар хэр их зовж шаналдгийг амсах гэж энэ ертөнцөд хөл тавих гэсний хэрэггүй (1 Петр 4:4).

14 Азид амьдардаг Жээнэр гэдэг залууд эцэг эх нь бүр бага байхаас нь үнэнийг заажээ. Тэрбээр 12 насандаа баптисм хүртсэн ч удалгүй энэ ертөнцөд татагдсан байна. Жээнэр: «Би эрх чөлөөтэй, дураараа амьдрахыг хүссэн» гэж ярьсан юм. Ингээд хоёр нүүр гаргаж амьдардаг болов. 15 настайдаа муу нөхдийн нөлөөнд хэдийнээ автсан байлаа. Архидан согтуурч, хараалын үг хэлнэ. Шөнө болтол билльярд цохиж, зодоон цохионтой PC тоглоно. Харин яваандаа энэ ертөнцөд байдаг сэтгэл татам зүйлс хүнийг жинхэнэ ёсоор жаргаадаггүйг ойлгожээ. Амьдрал нь утга учиргүй, хоосон санагдсан гэнэ. Жээнэр хуралдаа буцаж иржээ. Тэрбээр: «Миний сэтгэлийг татах юм одоо ч энэ ертөнцөд олон байгаа. Гэхдээ би үүнтэй харьцуулахын аргагүй их ивээл хүртдэг» гэжээ.

15. Гэрч биш эцэг эхтэй охид хөвгүүд юуг эргэцүүлэн бодох хэрэгтэй вэ?

15 Эцэг эх тань христиан биш байлаа ч охид хөвгүүд та нар ямар хосгүй завшаан эдэлдгээ эргэцүүлэн бодоорой. Та нар Бүтээгчээ таньж мэдээд түүнд үйлчилж байгаа. Дэлхий дээр амьдарч буй олон тэрбум хүнээс сонгогдоод Библийн үнэнийг Еховагаар заалгана гэдэг үнэхээр их ивээл биш гэж үү? (Иох. 6:44, 45). Өнөөдөр 1 000 хүн тутмын нэг нь л Бурхны тухай үнэн зөв мэдлэгтэй. Та тэдний нэг гээд бод доо. Тэгэхлээр үнэнийг хэнээс мэдсэн нь чухал бус, харин үнэнийг мэддэг болсон  нь чухал байгаа биз? (1 Коринт 2:12-ыг уншина уу). Жээнэр: «Орчлонт ертөнцийн Эзэн Ехова намайг мэддэг гээд бодохлоор өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг» гэжээ (Дуу. 8:4). Азид амьдардаг өөр нэг Гэрч эмэгтэй: «Багшдаа үнэлэгддэг сурагч нүүр баатар явдаг. Тэгвэл Агуу Багш Еховагийн сайшаалыг олсон хүн бүр ч бахархалтай явна биз дээ?» гэж ярьсан юм.

ТА ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

16. Христиан залуучууд ямар зорилго тавих хэрэгтэй вэ?

16 Охид хөвгүүд та нар эдэлж буй хосгүй завшаанаа эргэцүүлэн бодоод Еховад тууштай үйлчлэх зорилго тавиарай. Бурхны эртний үнэнч үйлчлэгчдийн сайхан жишээг дагаарай. Удахгүй устгагдах гэж байгаа энэ ертөнцөд ямар ч утга учиргүй амьдардаг залуусыг битгий дууриагаарай (2 Кор. 4:3, 4).

17-19. Христиан охид хөвгүүд бусдаас өөр байх нь яагаад ухаалаг вэ?

17 Бусдаас ялгарах нь заримдаа амаргүй байдаг. Тэглээ ч гэсэн христианууд бид өөр байх учиртай. Олимпод оролцохоор бэлтгэж буй тамирчны жишээг бодож үзье. Тийм тамирчин цаг их авах, анхаарал сарниулах олон зүйлийг хойш нь тавих хэрэгтэй болдог. Ийнхүү үе тэнгийнхнээсээ ялгарахаас айлгүй, бэлтгэл сургуулилалтаа сайн хийвэл зорилгодоо хүрнэ.

18 Ихэнх хүн өнөө маргаашаа бодож амьдардаг. Харин Еховагийн үйлчлэгч бид тэднээс өөр байх ёстой. Бурхантай тогтоосон харьцаанд маань сэв суулгаж мэдэх ёс журамгүй бүхнээс хол байсан цагт «жинхэнэ амьтай» болно (1 Тим. 6:19). Дээр дурдсан Гэрч эмэгтэй: «Өнөөдөр итгэл үнэмшлийнхээ төлөө бат зогссон гэж бодохлоор орой нь ямар сайхан санагддаг гээч. Энэ нь Сатаны ертөнцийг сөрөх хүчтэй байгаагийн баталгаа юм. Хамгийн гол нь Ехова Бурхан надаар бахархаж, намайг хараад инээмсэглэж байна гэж бодохлоор сэтгэл өег байдаг! Тийм учраас бусдаас өөр байгаадаа баярладаг!» хэмээн ярьжээ.

19 Зөвхөн ашиг харж явдаг хүний амьдрал утга учиргүй, хоосон байдаг (Ном. 9:2, 10). Христиан залуучууд алсын хараатай байж, ирээдүйнхээ талаар нухацтай бодох хэрэгтэй. Ингэвэл бусдын нөлөөнд автахгүй. Бас зөв шийдвэр гаргаж, жинхэнэ ёсоор утга учиртай амьдарна (Еф. 4:17; Мал. 3:18).

20, 21. Зөв шийдвэр гаргавал ямар ивээл хүртэх вэ? Ехова биднээс юу шаарддаг вэ?

20 Бид зөв шийдвэр гаргавал одоо утга учиртай, сэтгэл хангалуун амьдраад зогсохгүй диваажин дэлхийд мөнх амьдарна. Тэр үед төсөөлөхийн аргагүй их ивээл хүртэнэ (Мат. 5:5; 19:29; 25:34). Гэхдээ дурын хүн болгон Еховагийн ивээлийг хүртэнэ гэсэн үг биш. Ивээл хүртье гэвэл тушаалыг нь сахиж дуулгавартай байх шаардлагатай (1 Иохан 5:3, 4-ийг уншина уу). Еховад үнэнч байх гэж хичээж мэрийсэндээ та хэзээ ч харамсахгүй!

21 Асар их өв хөрөнгө өгдөг Еховадаа талархаад баршгүй. Бид Библийг зөв ойлгодог учраас Бурхны тухай, санаа зорилгынх нь тухай үнэнийг мэддэг. Бурхнаараа овоглож, Гэрч нь байх хосгүй завшаан эдэлдэг. Бас Бурхны хамгаалалтад байдаг (Дуу. 118:7). Тиймээс хөгшин залуу гэлтгүй бүгдээрээ өв хөрөнгөө үнэлж эрхэмлэцгээе. Ехова Бурхандаа үүрд алдрыг өргөх чин хүсэлтэйгээ баталж амьдарцгаая (Ром 11:33–36; Дуу. 33:12).