«Тэр амилсан» (МАТ. 28:6).

1, 2. а) Шашны удирдагчид юу мэдэхийг хүссэн бэ? Петр юу гэж хариулсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Тэр үед Петр яагаад зоригтой байсан бэ?

ЕСҮСИЙГ нас барснаас хойш хэдэн өдрийн дараа элч Петр ширүүн догшин хүмүүстэй нүүр тулжээ. Тэд Есүсийг хөнөөхөд гол үүрэг гүйцэтгэсэн нөлөө бүхий шашны удирдагчид байлаа. Петр төрөлхийн доголон хүнийг эдгээсэн ажээ. Тийм болохоор ямар хүчээр, хэний нэрээр ийм гайхамшиг үйлдсэнийг нь мэдэх гэж тэд Петрийг байцаав. Элч хариуд нь «Та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл болоод зогсож байна» хэмээн зоригтой хэлжээ (Үйлс 4:5–10).

2 Петр урьд нь айсандаа Есүсийг танихгүй гэж гурван удаа мэлзэж байсан шүү дээ (Марк 14:66–72). Гэтэл одоо шашны удирдагчдын өмнө яагаад ийм их зоригтой зогсож байдаг билээ? Бурхны агуу хүчээр зоригтой болсон нь дамжиггүй. Түүнээс гадна, Есүс амилсан учраас зоригтой болжээ. Есүс амьд гэдэгт Петр ямар учраас тийм их итгэлтэй байсан бэ? Бид бас яагаад итгэдэг вэ?

3, 4. а) Есүсийн элч нарыг төрөхөөс бүр өмнө ямар хүмүүс амилсан бэ? б) Есүс хэн хэнийг амилуулсан бэ?

3 Нас барсан хүн амилах боломжтой гэсэн ойлголт  Есүсийн элч нарын хувьд цоо шинэ биш байлаа. Тэднийг төрөхөөс бүр өмнө хэд хэдэн хүн амилсан билээ. Бурхан өөрийн зөнч Елиа Елиша нарт ийм гайхамшиг үйлдэх чадвар өгснийг элч нар мэддэг байв (Х.дээд 17:17–24; Х.дэд 4:32–37). Тэр байтугай, үхсэн хүний цогцос булшинд байсан Елишагийн ясанд хүрээд амилсныг Сударт бичжээ (Х.дэд 13:20, 21). Бид Бурхны Үг үнэн гэж итгэдэг шиг, эртний христианууд Сударт бичсэн эдгээр явдалд итгэдэг байсан.

4 Есүс нас барсан хүмүүсийг амилуулсныг Библид бичсэн байдаг. Тэр түүхийг уншаад таны сэтгэл хөдөлсөн биз ээ. Ганц хүүг нь амилуулахад бэлэвсэн эмэгтэй ямар их гайхаж баярласан бол оо! (Лук 7:11–15). Бас нэг удаа Есүс 12 настай охиныг амилуулдаг. Уй гашуу болсон эцэг эх нь охиныхоо амилахыг хараад хэчнээн их баяр хөөр болсныг төсөөл дөө (Лук 8:49–56). Амилсан Лазарыг булшнаас эрүүл саруул гарч ирэхэд хүмүүсийн сэтгэл хөдөлсөн нь лавтай (Иох. 11:38–44).

ЕСҮСИЙН АМИЛАЛТ ОНЦГОЙ БАЙСНЫ УЧИР

5. Есүсийн амилалт өмнөх амилалтуудаас юугаараа ялгаатай байсан бэ?

5 Есүсийн амилалт өмнөх амилалтуудаас ялгаатайг элч нар мэддэг байв. Бурхан тэр хүмүүсийг амилуулсан бөгөөд эцэстээ тэд дахиад л үхсэн. Харин Есүсийг хэзээ ч усташгүй тэнгэрийн биетэй болгон амилуулсан (Үйлс 13:34-ийг уншина уу). Петр түүнийг «Махан бие дотор үхэж, сүнс дотор амилуулагдав» гээд, «Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэр элчүүд, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ» хэмээн бичжээ (1 Петр 3:18–22). Өмнө нь хүмүүс амилсан нь үнэхээр гайхалтай, ер бусын явдал байсан. Гэхдээ Есүсийн амилалт харьцуулшгүй онцгой байлаа.

6. Есүс амилсан нь шавь нарт хэрхэн нөлөөлсөн бэ?

6 Есүсийн амилалт шавь нарт нь маш хүчтэй нөлөөлсөн юм. Есүс дайснуудынхаа бодсон шиг үхээд л дуусчихаагүй. Тэнгэрийн биетэй болж амилсан учир нэг ч хүн түүнд хор хүргэж чадахааргүй болжээ. Есүс амилснаар Бурхны Хүү гэдэг нь батлагдсан. Шавь нар нь үүнийг мэдээд уй гашуугаа мартаж асар ихээр баярлан хөөрчээ. Бас айдас нь эр зоригоор солигдсон. Есүсийг амилуулах нь Еховагийн санаа зорилгын салшгүй хэсэг байв. Шавь нар ч сайн мэдээг хаа сайгүй эр зоригтой тунхаглахдаа, гол нь, Есүсийн амилсныг ярьж явсан.

7. Есүс одоо юу хийж байгаа вэ? Ямар асуултууд гарч байна вэ?

7 Еховагийн үйлчлэгч бид Есүсийг дээр үед амьдарч байсан агуу хүн төдийхнөөр боддоггүй. Тэрбээр одоо амьд байгаа. Түүгээр ч үл барам, хүн төрөлхтөнд ач тус хүргэх ажлыг удирдаж байна. Тэнгэрийн Хаанчлалын Хаан тэрбээр дэлхийг муу муухай бүхнээс удахгүй цэвэрлэж диваажин болгон хувиргаад хүмүүсийг мөнх амьдруулна (Лук 23:43). Хэрэв Есүс амилаагүй бол энэ бүхэн хэзээ ч болохгүй гэсэн үг. Тэгвэл Есүс амилсан гэдэгт бид ямар учраас итгэдэг вэ? Түүний амилсан нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

ЕХОВА ҮХЛИЙГ ЯЛАХ ХҮЧТЭЙ

8, 9. а) Иудейн шашны удирдагчид Есүсийн булшийг хамгаалуулахыг хүссэний учир юу вэ? б) Эмэгтэйчүүд булшинд ирээд юу харсан бэ?

8 Есүсийг цаазлагдсаны дараа ахлах тахилчид болон фарисайчууд Пилатад бараалхан «Эрхэм ээ, тэр  мэхлэгч амьд байхдаа “Би гурав хоногийн дараа амилна” гэж хэлж байсныг бид санаж байна. Тиймээс шавь нар нь ирж Түүнийг хулгайлан аваад, ард олонд “Тэр үхэгсдээс амилав” гэж хэлүүлэхгүйн тул гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Хэрэв тэгэхгүй бол сүүлчийн мэхлэлт нь эхнийхээсээ ч дор муу юм болно» гэцгээлээ. Пилат тэдэнд «Харуул аваад яв, хэрхэн хамгаалахаа та нар өөрсдөө мэдэж байгаа биз ээ» гэсэнд тэд хэлсэн ёсоор нь хийжээ (Мат. 27:62–66).

9 Есүсийн цогцсыг хадан булшинд тавьж, агуйн амсрыг том чулуугаар таглажээ. Иудейн шашны удирдагчид Есүсийг тэнд нь үүрд амьгүй байлгахыг хүсжээ. Харин Ехова тэднээс тэс өөр бодолтой байв. Есүсийг нас барснаас хойш гурав дахь өдөр нь Магдалын Мариа болон өөр нэг Мариа булш руу хүрч иржээ. Тэгтэл тэнгэр элч чулууг зайлуулаад дээр нь суусан байлаа. Тэнгэр элчийн ятгаснаар эмэгтэйчүүд дотогш хартал цогцос байсангүй. «Тэр энд байхгүй. ... Тэр амилсан» гэж тэнгэр элч хэлэв (Мат. 28:1–6). Есүс амьд байлаа!

10. Есүсийн амилсныг Паул хэрхэн баталсан бэ?

10 Түүнээс хойших 40 хоногийн дотор болсон үйл явдал Есүсийн амилсныг хөдөлгөөнгүй нотолдог. Энэ бүхнийг элч Паул дүгнэн Коринт хотынхонд ийн бичжээ. «Би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ. Тэрээр Кефт, дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв. Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүүд нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ. Дараа нь Тэр Иаковд, тэгээд бүх элчид үзэгдсэн. Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч Тэр бас үзэгдсэн билээ» (1 Кор. 15:3–8).

ЕСҮС АМИЛСАН ГЭДЭГТ ИТГЭДГИЙН МААНЬ УЧИР

11. Есүсийг яагаад Сударт зөгнөсний дагуу амилсан гэж хэлж болох вэ?

11 Нэгдүгээрт, Есүс Сударт зөгнөсний дагуу амилсан учраас бид итгэдэг. Бурхны Үгэнд түүний амилахыг зөгнөсөн байсан. Жишээ нь, «Ариун [«үнэнч», ШЕ] Нэгнээ» Бурхан Үхэгсдийн оронд орхихгүй гэж Давид бичжээ (Дуулал 16:10-ыг уншина уу). Энэ зөгнөл Есүст хамаатай болохыг элч Петр МЭ 33 оны Пентекостын өдөр тайлбарласан. Тэрбээр: «[Давид] Христийн амилалтыг угтан харж, “Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй” гэжээ» хэмээн ярьсан (Үйлс 2:23–27, 31).

12. Амилсан Есүсийг хэн харсан бэ?

12 Хоёрдугаарт, амилсан Есүсийг олон хүн харсныг Библид бичсэн учраас бид итгэдэг. Есүс амилснаасаа хойш 40 хоногийн турш шавь нартайгаа уулзжээ. Булш байсан цэцэрлэгт, Еммау тосгон орох замд гээд олон газар уулзсан (Лук 24:13–15). Тэр үедээ шавь нартайгаа нүүр тулан ярилцсан нь ч бий, хэсэг хүнд хандаж үг хэлсэн нь ч бий. Жишээ нь, Петртэй хувьчлан ярилцсан. Нэг удаа 500 гаруй дагалдагч нь түүнийг зэрэг харжээ! Амилсан Есүсийг ийм олон хүн харсан гэсэн баталгааг үгүйсгэж болно гэж үү?

13. Шавь нар нь Есүсийн амилсанд итгэдгээ хэрхэн баталсан бэ?

13 Гуравдугаарт, шавь нар нь Есүсийн амилсныг идэвх зүтгэлтэй тунхагладаг байсан. Тэд Христийн амилсныг маш идэвхтэй тунхагласнаасаа  болоод хавчигдан зовж, тэр байтугай зарим нь амь насаа алдсан. Хэрэв Есүс амилсан нь худлаа байсан бол Петр амь насаараа дэнчин тавин байж шашны удирдагчдад энэ тухай зоригтой ярина гэж үү? Тэд Есүсийг үзэн ядаж, амийг нь хороох төлөвлөгөө зохиосон хүмүүс шүү дээ. Петр болон бусад шавь Есүсийг амьд гэдэгт, Бурхны хийгээсэй гэж хүссэн ажлыг удирдаж байгаа гэдэгт итгэж байсан учраас ийнхүү зоригтой дэлгэрүүлж байв. Түүнээс гадна, Есүс амилсан учраас дагалдагчид нь бас амилна гэдэгтээ итгэсэн. Жишээ нь, Стефан амилна гэсэн бат итгэлтэйгээр нас барсан (Үйлс 7:55–60).

14. Есүс амьд гэдэгт та яагаад итгэдэг вэ?

14 Дөрөвдүгээрт, Есүс одоо хаан ширээнд заларч байгаа бөгөөд христиан хурлыг удирдаж байгаа нь бэлхнээ харагдаж байна. Тийм ч учраас жинхэнэ христиануудын тоо нэмэгдэж байна. Есүс амилаагүй бол ийм үр дүнд хүрэхгүй байх байсан. Та ч Есүсийн тухай мэдэх аргагүй байсан. Есүс одоо амьд төдийгүй биднийг удирдан, дэлхий даяар сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын заавар өгч байгаа гэдэгт бид огтхон ч эргэлздэггүй.

ЕСҮС АМИЛСАН НЬ БИДЭНД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

15. Есүс амилсан учраас бид зоригтой дэлгэрүүлдэг гэхийн учир юу вэ?

15 Христ амилсан учраас бид зоригтой дэлгэрүүлдэг. Бурхны дайснууд сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг зогсоохын тулд тэрс явдлыг өдөөх, элэглэн дооглох, хүч хэрэглэх, хориг тавих, тарчилган зовоох, цаазлан хороох гэх зэргээр янз бүрийн зэвсэг хэрэглэсээр 2 000 жил болжээ. Гэвч бидний «эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг» Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг зогсоож чадаагүй (Ис. 54:17). Бид Сатаны гар хөл бологчдоос айдаггүй. Есүс амласан ёсоороо бидэнтэй хамт байж тусалж дэмждэг (Мат. 28:20). Дайснууд хэчнээн хичээсэн ч биднийг дуугүй болгож чадахгүй. Тиймээс бид айж хулчийх учиргүй!

Есүс амилсан учир бид зоригтой дэлгэрүүлдэг (15-р догол мөрийг үзнэ үү)

16, 17. а) Есүс амилсан учраас зааж сургасан бүхэн нь улам баталгаатай болсон гэхийн учир юу вэ? б) Иохан 11:25-д бичсэнээр Ехова Есүст ямар эрх мэдэл өгсөн бэ?

16 Есүс амилсан учраас заасан сургаал нь улам баталгаатай болсон. Христ амилаагүй бол христиануудын итгэж үнэмшдэг, дэлгэрүүлж тунхагладаг сургаал хоосон болох байсан гэж Паул бичжээ. Библи судлаач нэг эрдэмтэн: «Христ амилаагүй байсан бол ... христианууд худал юманд хууртсан гэнэн тэнэгүүд болох байлаа» гэж бичжээ. Бас сайн мэдээний дөрвөн номд бичсэн түүх дайснууддаа хорлогдсон сайхан сэтгэлтэй, ухаантай хүний тухай үлгэр болох байв. Гэхдээ Христ амилсан учраас сургаал номлол нь, ирээдүйн тухай хэлсэн бүхэн нь улам баталгаатай болсон юм (1 Коринт 15:14, 15, 20-ийг уншина уу).

17 Есүс: «Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна» гэжээ (Иох. 11:25). Энэ гайхалтай үг заавал биелнэ. Есүс Еховагаас эрх мэдэл авсан учраас нас барагсдаас заримыг нь тэнгэрт, харин олон тэрбум хүнийг дэлхий дээр амилуулж, мөнх амьдруулна. Тэрбээр хүн төрөлхтний нүглийг цайруулах тахил өргөсөн бөгөөд амилсан учраас ирээдүйд үхэл үгүй болно. Та энэ бүхнийг мэддэг болохоор ямар ч сорилтоос, тэр байтугай үхлээс ч айхгүй байгаа биз дээ?

18. Есүс амилснаараа юуг баталсан бэ?

18 Есүс амилснаараа дэлхийн оршин суугчдыг Еховагийн тогтоосон хэм хэмжээний дагуу шүүхээ баталсан.  «Өөрийнхөө томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертөнцийг шударгаар шүүх өдрөө [Бурхан] тогтоосон агаад тэр Хүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүх хүнд нотолсон» хэмээн элч Паул Афин хотын хүмүүст хэлсэн байдаг (Үйлс 17:31). Бурхны томилсон Шүүгч Есүс хайрын сэтгэлээр, шударгаар шүүх нь дамжиггүй (Исаиа 11:2–4-ийг уншина уу).

19. Христ амилсан гэдэгт итгэдэг хүн яадаг вэ?

19 Есүс амилсан гэдэгт итгэхлээр Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэх хүсэлтэй болдог. Есүс амиа тахил болгон өргөөд, дараа нь амилаагүй бол бид нүгэл, үхлийн ялаас хэзээ ч мултрахгүй байх байсан (Ром 5:12; 6:23). Бас «Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая» гэх байсан (1 Кор. 15:32). Гэвч бид зугаацаж цэнгэхийг гол болгодоггүй. Амилах найдвартайгаа ухамсарлан, Еховагийн зааврыг бүх талаар дагахыг хичээдэг.

20. Бурхан агуу гэдгийг Есүсийн амилалт хэрхэн баталдаг вэ?

20 «Өөрийг нь хайгч хүмүүст ... Шагнагч нь болдог» Еховаг хэчнээн агуу Бурхан болохыг Христийн амилалт чимээгүйхэн хэр нь хөдөлгөөнгүй нотолдог (Евр. 11:6). Ехова Есүсийг үхэшгүй мөнхийн амьтай болгож тэнгэрт амилуулахын тулд ямар их хүч, мэргэн ухаан зарсан бол оо! Ийнхүү амласан бүхнээ биелүүлэх чадалтайгаа харуулсан. Тэрбээр орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлд хамаатай маргаантай асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэх «үр хүүхэд» бий болгохоо амласан билээ. Энэ амлалтыг биелүүлэхийн тулд Есүс үхээд, амилах шаардлагатай байсан (Эх. 3:15).

21. Амилах найдвар танд ямар ач холбогдолтой вэ?

21 Амилах найдвартай болгосон Ехова Бурхандаа та талархдаг уу? Библид «Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж тэдний Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» гэж байдаг. Үнэнч элч Иоханаар энэ гайхалтай ирээдүйн тухай бичүүлсэн Нэгэн: «Бичигтүн, эдгээр үг итгэмжит бөгөөд үнэн» гэжээ. Хэн үүнийг Иоханд илчилсэн бэ? Амилсан Есүс Христ илчилжээ (Илч. 1:1; 21:3–5).