Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2014 оны 10 сар 

Хаанчлал Бурхны санаа зорилгыг биелүүлнэ гэдэгт бат итгэгтүн

Хаанчлал Бурхны санаа зорилгыг биелүүлнэ гэдэгт бат итгэгтүн

«Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал» (ЕВР. 11:1).

1, 2. Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго Хаанчлалаар дамжин хэрэгжинэ гэдэгт улам бат итгэхийн тулд яах хэрэгтэй вэ? Яагаад? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

ХҮН төрөлхтний бэрхшээлийг зөвхөн Бурхны Хаанчлал шийднэ гэдгийг Еховагийн Гэрчүүд бид идэвхтэй тунхагладаг. Тэгвэл Хаанчлал үнэхээр бодитой гэдэгт, Бурхны санаа зорилгыг биелүүлнэ гэдэгт өөрсдөө бат итгэдэг үү? Бат итгэх ямар үндэс байна вэ? (Евр. 11:1).

2 Ехова Бурхан бүхнийг захирах хэмжээгүй эрх мэдэлтэй Нэгэн. Тийм учраас, хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Мессиагийн Хаанчлалыг байгуулсан билээ. Хаанчлалын Хаанаар хэнийг томилох, хэн Хаантай хамт захирах, хэнийг, юуг захируулахыг Ехова шийдэж, үүнийгээ янз бүрийн гэрээгээр баталгаажуулжээ. Гэрээнүүдийг Ехова өөрөө эсвэл түүний Хүү Есүс Христ байгуулсан. Уг гэрээнүүдийг судалбал Еховагийн санаа зорилго хэрхэн биелэхийг, Хаанчлал бодитой гэдэгт яагаад итгэх хэрэгтэйг илүү сайн ойлгоно (Ефес 2:12-ыг уншина уу).

3. Энэ болон дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

 3 Библид байдаг зургаан гол гэрээ Христ Есүс тэргүүтэй Мессиагийн Хаанчлалтай холбоотой. Эдгээр нь: 1) Абрахамын гэрээ, 2) Хуулийн гэрээ, 3) Давидын гэрээ, 4) Мелхизедек шиг тахилчийн гэрээ, 5) шинэ гэрээ, 6) Хаанчлалын гэрээ юм. Гэрээ бүр Хаанчлалтай ямар холбоотойг үзье. Түүнчлэн, дэлхий болоод хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго биелэхэд ямар үүрэгтэйг ярилцъя (« Бурхан санаа зорилгоо хэрхэн биелүүлэх вэ?» гэсэн хавсралтыг үзнэ үү).

БУРХНЫ САНАА ЗОРИЛГО ХЭРХЭН БИЕЛЭХИЙГ ИЛЧИЛДЭГ АМЛАЛТ

4. «Эхлэл» номд бичсэнээр, Ехова хүн төрөлхтөнтэй холбоотой ямар гурван тунхаг гаргасан бэ?

4 Ехова дэлхий хэмээх үзэсгэлэнт гаригийг хүн амьдрахад зориулан бэлдсэнийхээ дараа гурван тунхаг гаргажээ. 1) Хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээнэ. 2) Хүмүүс дэлхийг диваажин болгож, зөв шударга үр удам нь дэлхийг дүүргэнэ. 3) Хүмүүс сайн мууг мэдүүлэгч модноос жимс идэж болохгүй (Эх. 1:26, 28; 2:16, 17). Хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх Бурхны санаа зорилго энэ гурван тунхгаас тодорхой харагддаг. Тэгвэл Бурхан ямар учраас гэрээ байгуулахад хүрсэн бэ?

5, 6. а) Сатан Еховагийн санаа зорилгод хэрхэн саад болсон бэ? б) Еден цэцэрлэгт самуун дэгдэхэд Ехова яасан бэ?

5 Хорон санаат Сатан Диавол Еховагийн санаа зорилгыг эсэргүүцэн самуун дэгдээсэн. Хүнийг Бурханд дуулгаваргүй болгохын тулд Еваг ятгаж сайн мууг мэдүүлэгч модноос жимс идүүлсэн (Эх. 3:1–5; Илч. 12:9). Үүгээрээ, Бурхны эрх мэдэлд халдаж, бүтээлээ захирах эрхтэй юү, үгүй юү гэсэн асуулт хөнджээ. Хожим нь хүмүүсийг бас буруутган, амин хувийнхаа эрх ашгийн төлөө Бурхныг шүтдэг гэж мэтгэсэн (Иов 1:9–11; 2:4, 5).

6 Еден цэцэрлэгт самуун дэгдэхэд Ехова яасан бэ? Тэрслэгчдийг тэр дор нь устгаж болох л байсан. Гэхдээ ингэвэл Адам Ева хоёроос төрөх дуулгавартай хүмүүсээр дэлхийг дүүргэх санаа зорилго нь биелэхгүй болох байв. Тийм учраас тэрслэгчдийг устгаагүй. Харин гүн утгатай нэгэн зөгнөл хэлжээ. Үүнийг Едений амлалт гэдэг. Дэлхий болон хүн төрөлхтний талаарх санаа зорилго нь нэгбүрчлэн биелэхийг энэ амлалт баталдаг (Эхлэл 3:15-ыг уншина уу).

7. Могой болон түүний үр хүүхдийн талаар Едений амлалтаас юу мэдэж болох вэ?

7 Еден цэцэрлэгт Ехова зөгнөл хэлэхдээ могой буюу Сатан Диавол, могойн үр хүүхэд буюу Сатаны талд орсон бүхэнд ял оноосон. Харин эмэгтэйн үр хүүхдэд Сатаныг устгах эрх мэдэл өгсөн. Ийнхүү Сатан болон түүний дэгдээсэн самуун явдлын үр дагаврыг устгах нь Едений амлалтаас тодорхой болсон. Мөн хэрхэн устгах нь илчлэгдсэн.

8. Эмэгтэй болон түүний үр хүүхэд гэдгийг юу гэж ойлгох вэ?

8 Эмэгтэйн үр хүүхэд нь хэн байх вэ? Могойн толгойг няцлах буюу Сатан Диаволыг устгах учраас сүнсэн бүтээл байх нь тодорхой (Евр. 2:14). Тиймд, үрийг төрүүлэх эмэгтэйг бас үл үзэгдэх зүйл  гэж ойлгох нь зүйтэй. Едений амлалтаас хойш 4 000 шахам жил өнгөрөхөд могойн үр удам өсөж үржсэн. Харин эмэгтэй болон эмэгтэйн үр хүүхэд оньсого хэвээрээ байлаа. Тэр хугацаанд Ехова эмэгтэйн үр хүүхэд гэж хэн болох, Сатаны учруулсан гай зовлонг хэрхэн арилгахыг илчлэх гэрээнүүдийг байгуулсан.

ҮР ХҮҮХДИЙГ ИЛЧЛЭХ ГЭРЭЭ

9. Абрахамын гэрээ гэж юу вэ? Хэзээ хүчин төгөлдөр болсон бэ?

9 Ехова Сатанд ял оноосноосоо хойш 2 000 орчим жилийн дараа Абрахамд Месопотамийн Ур дахь гэр орноо орхиод Канаан нутаг руу явахыг тушаажээ (Үйлс 7:2, 3). Тэрбээр: «Чи төрсөн нутгаа, төрөл садангаа, эцгийнхээ гэрийг орхиж, Миний чамд зааж өгөх газар уруу яв. Би чамайг агуу үндэстэн болгож, чамайг ерөөн, алдар нэрийг чинь агуу болгоно. Тэгээд чи ерөөлийн үндэс болно. Чамайг ерөөгчдийг Би ерөөж, чамайг хараагч нэгнийг Би хараана. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө» хэмээн амласан (Эх. 12:1–3). Энэ амлалтыг Абрахамын гэрээ гэдэг. Ехова Абрахамтай анх хэзээ гэрээ байгуулсан нь тодорхойгүй. Ямар ч байсан, уг гэрээ МЭӨ 1943 онд хүчин төгөлдөр болсон. Тэр үед 75-тай байсан Абрахам Харанаас хөдлөн Евфрат мөрнийг гаталжээ.

10. а) Бурхны амлалт биелнэ гэдэгт эргэлзэлгүй итгэдгээ Абрахам хэрхэн баталсан бэ? б) Эмэгтэйн үр хүүхдийн талаар ямар нарийн ширийн зүйлийг Ехова аажмаар илчилсэн бэ?

10 Ехова Абрахамд өгсөн амлалтаа хэд хэдэн удаа давтан хэлсэн бөгөөд хэлэх бүрдээ нарийн ширийн  зүйлүүдийг тодруулж байлаа (Эх. 13:15–17; 17:1–8, 16). Абрахам ч Бурхны амлалт биелнэ гэдэгт эргэлзэлгүй итгэдгээ батлан ганц хүүгээ тахил болгон өргөхөд ч бэлэн байсан. Тиймээс Ехова гэрээгээ улам баталгаажуулжээ (Эхлэл 22:15–18; Еврей 11:17, 18-ыг уншина уу). Абрахамын гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш эмэгтэйн үр хүүхдийн талаарх чухал чухал зүйлийг Ехова аажмаар илчилжээ. Тэр үр хүүхэд нь Абрахамын удмаас гарч, олон хүнээс бүрдэн, хаад болж, Бурхны бүх дайсныг устгах бөгөөд сая сая хүнд ач тус хүртээх ажээ.

Абрахам Еховагийн амлалтад эргэлзэлгүй итгэдэг байсан (10-р догол мөрийг үзнэ үү)

11, 12. Абрахамын гэрээ өргөн цар хүрээтэйгээр биелэхийг Библи хэрхэн харуулдаг вэ? Энэ нь бидний хувьд юу гэсэн үг вэ?

11 Абрахамын гэрээ анх хэзээ биелсэн бэ? Абрахамын үр удам Амласан газрыг өвлөхөд биелсэн. Гэхдээ энэ гэрээ илүү өргөн цар хүрээтэй биелэх учиртайг Библиэс мэдэж болно (Гал. 4:22–25). Абрахамын үрийн гол хэсэг нь Есүс Христ, туслах хэсэг нь тослогдсон 144 000 христиан гэж элч Паул тайлбарлажээ (Гал. 3:16, 29; Илч. 5:9, 10; 14:1, 4). Үрийг төрүүлэх эмэгтэйг «дээр оршигч Иерусалим» гэдэг. Энэ нь Бурхны байгууллагын тэнгэр дэх хэсэг бөгөөд үнэнч сүнсэн бүтээлүүдээс бүрддэг (Гал. 4:26, 31). Абрахамын гэрээнд тусгаснаар, эмэгтэйн үр хүүхэд хүн төрөлхтөнд үүрдийн ач тус хүртээнэ.

12 Абрахамын гэрээ Хаанчлалыг хууль ёсоор баталгаажуулахын зэрэгцээ Хаан болон хамтран захирагчдад тэрхүү Хаанчлалыг өвлөх замыг нээж өгдөг (Евр. 6:13–18). Энэ гэрээ хэр удаан хүчин төгөлдөр байх вэ? Үүнийг «мөнхийн гэрээ» гэж Эхлэл 17:7-д бичжээ. Мессиагийн Хаанчлал Бурхны дайснуудыг устгаж, дэлхий дээрх бүх гэр бүлд ач тус хүртээх хүртэл хүчин төгөлдөр байна (1 Кор. 15:23–26). Үнэндээ бол, хүн төрөлхтөн ач тусыг нь үүрд мөнхөд хүртэнэ. Ехова зөв шударга хүмүүсээр «газар дэлхийг дүүргэнэ» гэсэн санаа зорилгоо заавал биелүүлэхийг Абрахамын гэрээ баталдаг (Эх. 1:28).

ХААНЧЛАЛ МӨНХ ОРШИХЫГ БАТЛАХ ГЭРЭЭ

13, 14. Давидын гэрээ юуг баталдаг вэ?

13 Ехова ямагт зөв шударга хэм хэмжээгээ үндэс болгон хэмжээгүй эрх мэдлээ хэрэгжүүлдгийг Едений амлалт болон Абрахамын гэрээ харуулдаг. Мессиагийн Хаанчлал бас Еховагийн тогтоосон хэм хэмжээнд үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг (Дуу. 89:14). Мессиагийн засгийн газар завхран гажуудаж татан буугдахад хүрэх болов уу? Хэзээ ч тийм юм болохгүйг өөр нэг гэрээ баталдаг.

14 Ехова эртний Израилийн хаан Давидад нэг зүйлийг амлажээ. Тэр амлалтыг Давидын гэрээ гэдэг (2 Самуел 7:12, 16-г уншина уу). Мессиа Давидын удмаас гарахыг уг гэрээнд тусгажээ (Лук 1:30–33). Ийнхүү Ехова Мессиагийн удам судрыг илүү дэлгэрэнгүй хэлж өгсөн. Давидаас төрөх энэ үр Мессиагийн Хаанчлалын хаан ширээг «эзэмших эрхтэй» ажээ (Езе. 21:25–27). Давидын хаанчлал Есүсийн ачаар «мөнхөд байхаар тогтоогдоно». Давидын «үр удам нь  мөнхөд амьдарч, түүний сэнтий ... нар шиг байна» (Дуу. 89:34–37). Тэгэхлээр, Мессиагийн засаглал хэзээ ч завхран гажуудахгүй, ач тусаа үүрд хүртээнэ гэдэгт итгэж болно.

ТАХИЛЧИЙН ГЭРЭЭ

15-17. Мелхизедек шиг тахилчийн гэрээнд зааснаар, «үр хүүхэд» өөр ямар үүрэг гүйцэтгэх вэ? Яагаад?

15 Эмэгтэйн үр хүүхэд хожим нь хаан болохыг Абрахамын болон Давидын гэрээ баталдаг. Гэхдээ бүх үндэстний хүмүүст бүрэн дүүрэн ач тус хүртээхэд зөвхөн хаан байх нь хангалттай биш. Хүн төрөлхтөн нүглээс чөлөөлөгдөж, тэнгэр газар дээрх үнэнч үйлчлэгчдээс бүрдсэн Еховагийн гэр бүлд багтах шаардлагатай. Гагцхүү тахилч л энэ шаардлагыг хангах тахил өргөж чадна. Мэргэн ухаант Бүтээгч маань эмэгтэйн үр хүүхдийг тахилч болгох зорилгоор өөр нэг гэрээ байгуулсан. Үүнийг Мелхизедек шиг тахилчийн гэрээ гэдэг.

16 Ехова Есүстэй гэрээ байгуулна гэдгээ Давид хаанаар бичүүлсэн. Уг гэрээнд хоёр зүйлийг тусгадаг. Нэгд, Есүс дайснаа устгах эрх мэдэлтэй болтлоо Еховагийн «баруун гар талд» сууна. Хоёрт, тэрбээр Мелхизедек шиг «мөнхийн тахилч» болно (Дуулал 110:1, 2, 4-ийг уншина уу). Яагаад Мелхизедек шиг гэсэн бэ? Абрахамын үр удам Амласан газрыг өвлөж авахаас бүр өмнө Салемын хаан Мелхизедек «Хамгийн Дээд Бурханы тахилч» байжээ (Евр. 7:1–3). Мелхизедекийг Ехова өөрөө тахилчаар томилсон. Ганцхан түүнийг хаан, тахилчийн үүрэг гүйцэтгэж байсан гэж Еврей Сударт тэмдэглэсэн байдаг. Ийм үүрэгтэй хүн өмнө нь ч, дараа нь ч байгаагүй учир Мелхизедекийг «үүрд тахилчаар байдаг» гэж бичжээ.

17 Энэхүү гэрээ ёсоор Ехова өөрөө Есүсийг тахилчаар томилсон бөгөөд Есүс Мелхизедек шиг мөнхийн тахилч байх болно (Евр. 5:4–6). Ехова Мессиагийн Хаанчлалаар дамжуулан дэлхий болон хүн төрөлхтний талаарх анхны санаа зорилгоо хэрэгжүүлэхийг энэ гэрээ тодорхой харуулдаг.

ГЭРЭЭНҮҮД ХААНЧЛАЛЫГ БАТАЛГААЖУУЛДАГ

18, 19. а) Энэ өгүүллээр авч үзсэн гэрээнүүд Хаанчлалтай ямар холбоотой вэ? б) Дараагийн өгүүллээр ямар асуултад хариулах вэ?

18 Энэ өгүүллээр үзсэн гэрээнүүд Мессиагийн Хаанчлалтай ямар холбоотой, мөн гэрээнүүд хэрхэн Хаанчлалыг баталгаажуулдгийг мэдэж авлаа. Ехова дэлхий болон хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо эмэгтэйн үр хүүхдээр дамжуулан гүйцэлдүүлэхийг Едений амлалт баталгаажуулдаг. Үр хүүхэд нь хэн байхыг, ямар үүрэг гүйцэтгэхийг Абрахамын гэрээ тодорхой болгодог.

19 Мессиагийн удам судрыг Давидын гэрээ илүү дэлгэрэнгүй хэлж өгдөг. Бас энэ гэрээний дагуу Есүс дэлхийг үүрд захирах эрхтэй. Эмэгтэйн үр хүүхэд тахилчаар үйлчлэхийг Мелхизедек шиг тахилчийн гэрээ баталгаажуулдаг. Гэхдээ Есүс ганцаараа хүн төрөлхтнийг төгс болгохгүй. Өөр хаад, тахилчид бас бий. Тэднийг хаанаас сонгох вэ? Энэ тухай дараагийн өгүүллээр үзье.