Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2014 оны 10 сар 

Тэд сайн дураараа үйлчилдэг—Тайваньд

Тэд сайн дураараа үйлчилдэг—Тайваньд

ГУЧ хол давсан Чүн Кюн эхнэр Жүлитэй хамт Тайваньд 5 жилийн өмнө нүүж иржээ. Энд ирэхээсээ өмнө Австралийн Сидней хотод байнгын эхлэгчээр үйлчилдэг байв. Чүн Кюн: «Бид цагийн ажил хийж, хангалуун амьдардаг байлаа. Манай нутаг зөөлөн дулаан уур амьсгалтай, амьдрахад таатай газар. Аав ээж, найз нөхөдтэйгөө ойр дотно, сайхан байсан» гэж дурсаж байна. Гэхдээ нэг зүйл Чүн Кюн Жүли хоёрын санааг зовоодог байв. Юу юм бол? Еховад үйлчлэхийн тулд илүү ихийг хийх боломжтой атлаа тодорхой алхам хийж чаддаггүй байжээ.

Харин 2009 онд болсон чуулганаар сонссон нэг илтгэл зүрх сэтгэлийг нь хөндсөн гэнэ. Илтгэгч одоогийнхоосоо илүү их үйлчлэх боломжтой хүмүүст хандан «Дараах жишээг бодъё. Жолооч машинаа явж байхад л баруун, зүүн тийш нь залж чаддаг. Түүнтэй адил, Есүс биднийг явж байхад буюу өөрөөр хэлбэл, зорилгодоо хүрэх гэж хичээл зүтгэл гаргавал үйлчлэлээ өргөжүүлэхэд маань тусалж, удирдаж болох юм» * гэж хэлжээ. Өөрсдөд нь зориулж хэлээд байх шиг л санагджээ. Бас тэр чуулган дээр Тайваньд миссионерээр үйлчилдэг эхнэр нөхөр хоёр туршлагаасаа ярьсан байна. Тэд баяр хөөртэй үйлчилдэг тухайгаа ярьж, тэнд одоо ч дэлгэрүүлэгч их хэрэгтэй байгааг онцолжээ. Чүн Кюн Жүли хоёр энэ үгийг бас л өөрсдөд нь хамаатай гэж ойлгосон байна.

Жүли: «Тэр чуулганы дараа бид хоёр Еховад залбирч, Тайвань руу нүүх эр зоригтой болгож өгөөч гэж гуйдаг болсон» гээд цааш нь «Гэхдээ л айж байлаа. Бассейн руу анх удаа үсрэх гэж байгаа юм шиг санагдаж байсан» гэсэн юм. Тэдэнд Номлогчийн үгс 11:4 тус болжээ.  Тэнд «Салхины аясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна» гэж байдаг. Чүн Кюн: «Бид хоёр “салхины аясыг харж, үүл харуулдахын” оронд “тариалж, хурааж” эхлэх хэрэгтэйг ойлгосон» гэлээ. Тэд дахин дахин залбирч, миссионерүүдийн намтрыг уншжээ. Бас Тайваньд үйлчилж байгаа гадаад Гэрчүүдтэй байнга мейлээр харьцаж, туршлага судлах болов. Тэгээд машинуудаа, эд хогшлоо зараад гурван сарын дараа Тайвань руу нүүжээ.

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫН АМТЫГ МЭДЭРСЭН НЬ

Тайваньд дэлгэрүүлэгч хэрэгтэй газар олон бий. Австрали, Британи, Канад, Франц, Япон, Солонгос, Испани, АНУ-аас ирсэн, 21–73 насны 100 гаруй Гэрч тэнд үйлчилж байна. Тэдний 50 гаруй нь ганц бие эмэгтэйчүүд. Идэвх зүтгэлтэй эдгээр итгэл нэгтэн маань ямар учраас гадаадад дэлгэрүүлэх болов? Мэдэцгээе.

Лора

Канадаас ирсэн Лора гэдэг ганц бие эмэгтэй Тайваний баруун хэсэгт эхлэгчээр үйлчилдэг. Арван жилийн өмнө тэрбээр дэлгэрүүлэх ажил хийх дургүй байжээ. Лора: «Дургүй болохоороо хааяа л дэлгэрүүлдэг байсан» гэв. Нэг удаа найзууд нь Мексикт очиж, нэг сар дэлгэрүүлье гэжээ. «Анх удаа олон цагаар дэлгэрүүлж байгаа минь тэр. Ямар гоё байсан гэж санана! Би өөрөө ч гайхсан!» хэмээн Лора ярилаа.

Үүнээс хойш тэрбээр Канадад байдаг гадаад хэлний хуралд үйлчлэх хүсэлтэй болжээ. Хятад хэлний курст сурч, хятад хэлний бүлгийнхэнтэй хамт үйлчилж, Тайвань руу нүүх зорилго тавив. Тэгээд 2008 оны 9 дүгээр сард зорьсондоо хүрчээ. «Шинэ орчиндоо дасах гэж жил шахам болсон. Харин одоо бол Канад руу буцах тухай бодохыг ч хүсэхгүй байна» гэв. Дэлгэрүүлэх ажил ямар санагддаг вэ? «Маш гоё. Суралцагчид маань Еховатай танилцаж, амьдралаа өөрчилж байгааг харах шиг сайхан юм байхгүй. Тайваньд ирсний ачаар ийм их баяр баясгаланг  олон удаа амсаж байна» гэж Лора өгүүлсэн юм.

ГАДААД ХЭЛ СУРАХЫН ЗОВЛОНГ ДАВАХ НЬ

Брайн Мишель хоёр

АНУ-аас 8 жилийн өмнө ирсэн Брайн Мишель хоёр одоо 30 хол давжээ. Ирээд удаагүй байхдаа үр өгөөжтэй дэлгэрүүлж чаддаггүйдээ гутардаг байжээ. Гэтэл нэг туршлагатай миссионер: «Эндхийн ихэнх хүн Еховагийн тухай мэдээг анх удаа сонсож байгаа. Тийм болохоор ганц танилцуулга өгсөн ч баяр хөөртэй байгаарай. Та хоёр дэлгэрүүлэх ажилд их хувь нэмэр оруулж байгаа шүү!» гэжээ. Энэ үгийг сонсоод ихэд урамшжээ. «Хятад хэл хэр сайн сурч байгаагаа мэдэхийн тулд өчигдөр ямар байснаа биш, өнгөрсөн чуулганаар ямар байснаа бодоорой. Тэгвэл сэтгэлээр унахгүй» гэж өөр нэг Гэрч зөвлөжээ. Брайн Мишель хоёр хятад хэл сайн сурсан бөгөөд одоо эхлэгчээр үр өгөөжтэй үйлчилж байна.

Гадаад хэл суръя гэсэн хүслээ бадраахад юу туслах вэ? Үйлчлэхийг хүсэж буй улсдаа очиж үзээрэй. Цуглаанд нь сууж, тэр нутгийн Гэрчүүдтэй танилцаж, хамт дэлгэрүүлээрэй. Брайн: «Хаанчлалын тухай мэдээнд тийм олон хүн нааштай хандаж байгааг харахлаар, итгэл нэгтнүүдийнхээ халуун хайрыг мэдрэхлээр гадаад улсад очиж үйлчилье, үзээд алдъя гэсэн хүсэл төрдөг» гэсэн юм.

ӨӨРИЙГӨӨ ЯАЖ ТЭЖЭЭХ ВЭ?

Кристин Мишель хоёр

Тайваньд дэлгэрүүлэгч хэрэгтэй газар очсон зарим хүн эхлэгчээр үйлчлэхийн зэрэгцээ англи хэлний гэрийн багш хийж амиа тэжээдэг. Кристин Мишель хоёр далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зардаг ажээ. Кристин: «Би урьд нь ийм ажил хийж үзээгүй. Гэхдээ энэ улсад амьдрахад ажил минь их хэрэг болдог» гэлээ. Кристин яваандаа байнгын үйлчлүүлэгчтэй болжээ. Үүнийхээ ачаар гэр бүлээ тэжээж, гол ажил болох эхлэгчийн ажилдаа хангалттай цаг зарцуулдаг байна.

«ЗАМДАА Ч БАЯР ХӨӨРТЭЙ БАЙГААРАЙ»

Уиллиам Женнифер хоёр АНУ-аас 7 жилийн өмнө иржээ. «Хэл сурах, эхлэгчээр үйлчлэх, хурлын ажил хийх, гэр бүлээ тэжээх гэсээр байтал заримдаа ядардаг юм» гэж Уиллиам хэлэв. Үргэлж баяр баясгалантай байхад нь юу тус болдог бол? Хүрч болох зорилго тавьдаг гэнэ. Жишээ нь, хятад хэл хурдан суръя гэж өөрийгөө хэт их шахдаггүй учраас санаснаар болохгүй байлаа ч сэтгэлээр унадаггүй ажээ.

Уиллиам Женнифер хоёр

Нэг дүүргийн харгалзагч: «Зорьсон газраа очсон хойноо л баярлах биш, очих замдаа ч баяр хөөртэй байгаарай» гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл, сүнслэг зорилго тавьсан бол тэр зорилгодоо хүрэх гэж хичээх бүрдээ баяр хөөртэй байх хэрэгтэй. Дүүргийн харгалзагчийн өгсөн зөвлөгөөг дагаад Уиллиам Женнифер хоёр аливаад уян хатан ханддаг, ахлагчдын үгийг сонсдог, дадаж дассан хуучин аргаа өөрчилж чаддаг болжээ. Ингэснээр шинэ газар очсон ч баяр хөөртэй үйлчилдэг гэнэ. Уиллиам: «Бас арлын энэ орны байгалийн сайхныг харж, сэтгэлээ сэргээж байх хэрэгтэйг ойлгосон» гэлээ.

АНУ-аас ирсэн ганц бие эхлэгч Меган гэдэг бүсгүй хятадаар чөлөөтэй ярьдаг болох зорилго тавьжээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Уиллиам Женнифер хоёрын адилаар «зорьсон газраа очих замдаа ч баяр хөөртэй байдаг» ажээ. Долоо хоног бүрийн сүүлээр хэдэн дэлгэрүүлэгчтэй нийлээд Тайваний хамгийн том далайн боомт байдаг Гаошюн хотод дэлгэрүүлэхээр очдог. Меган Бангладеш, Энэтхэг, Индонез, Филиппин, Тайланд, Вануату улсаас ирсэн усан онгоцнуудаар явж загасчдад дэлгэрүүлдэг байна. «Загасчид зогсоол дээр нэг их уддаггүй болохоор шууд л Библийн хичээл  эхлэхийг хичээдэг. Аль болох олон хүнд сайн мэдээ хүргэхийн тулд нэг дор дөрөв, таван хүнтэй хичээл хийдэг» гэж ярив. Хятад хэл сурахад ямар байдаг бол? «Би аль болох хурдан сурахыг хүсдэг. Гэхдээ нэг ахын хэлсэн үгийг үргэлж санадаг. Тэр ах: “Чадахыгаа хийгээд, чадахгүйгээ Еховад даатгачих” гэж хэлсэн юм» гэжээ.

Меган

АЮУЛГҮЙ, ЭНГИЙН, СОНИРХОЛТОЙ

Кати Британид байхдаа ганц бие эмэгтэй хүн аль улсад очиж үйлчилбэл аюул багатайг судалжээ. Бас Еховад залбирахын зэрэгцээ хэд хэдэн салбар луу захидал бичиж ганц бие эмэгтэйчүүдэд ямар аюул учирч болзошгүйг асуужээ. Захидлынх нь хариу ирмэгц сайтар судалж үзээд Тайванийг сонгосон байна.

2004 онд 31 настайдаа Тайваньд нүүж очоод их энгийн амьдардаг болжээ. Тэрбээр: «Жимс ногоо хаанаас хамгийн хямдхан авч болохыг ах эгч нараас асуусан. Тэдний ачаар мөнгөө хэмнэж байгаа» гэж ярьсан юм. Үргэлж энгийн амьдрахад юу тус болдог бол? Кати: «Идэж буй хоол, өмсөж буй хувцсандаа сэтгэл хангалуун байхад туслаач гэж Еховад байнга залбирдаг. Ехова надад юу хамгийн их хэрэгтэйг зааж өгдөг. Хүссэн бүхэн маань байхгүй байсан ч сэтгэл хангалуун байхад тусалдаг. Ингэж миний залбиралд хариулдаг юм шиг санагддаг» гээд цааш нь «Би энгийн амьдрах дуртай болсон. Яагаад гэвэл сүнслэг зүйлд гол анхаарлаа хандуулж чаддаг» хэмээн нэмж хэлсэн.

Кати

Катигийн амьдрал энгийн төдийгүй сонирхолтой ажээ. Яагаад? «Сайн мэдээнд нааштай ханддаг хүн олонтой газар дэлгэрүүлнэ гэдэг үнэхээр сайхан!» гэв. Кати Тайваньд анх ирээд нэг хотод эхлэгчээр үйлчилж эхэлжээ. Тэр үед хятад хэлний хоёр хуралтай байсан бол одоо долоон хуралтай болсон байна. «Дэлгэрүүлэгчийн тоо ийм хурдан өсөж байгааг өөрийн нүдээр харж, ургац хураах ажилд хувь нэмэр оруулахлаар миний амьдрал өдөр бүр сонирхолтой болдог!» гэж Кати өгүүлсэн юм.

«МИНИЙ ХЭРЭГ Ч ГАРСАН ШҮҮ!»

Өгүүллийн эхэнд гарсан Чүн Кюн Жүли хоёр одоо ямар байгаа бол? Чүн Кюн эхэндээ хятадаар муу ярьдаг байсан болохоор өөрийгөө хуралд тийм ч их хэрэгтэй хүн гэж боддоггүй байжээ. Харин нутгийн Гэрчүүд өөр бодолтой байв. «Манай хурал хуваагдаж хоёр хурал болсон юм. Тэгэхэд би туслах үйлчлэгч байсан болохоор надад янз бүрийн нэмэлт үүрэг хүлээлгэж билээ. Яг тэр мөчид би хүн хүч хэрэгтэй газар үйлчилж байгаагаа мэдэрсэн. Миний хэрэг ч гарсан шүү! Үнэхээр гайхалтай санагдсан!» хэмээн Чүн Кюн дурссан юм. Одоо тэрбээр ахлагчаар үйлчилж байна. Жүли: «Бид хоёр юутай ч харьцуулшгүй аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч байна. Уг нь хүмүүст тусалъя гэж энд ирсэн. Гэтэл өөрсдөө их ач тус хүртэж байна. Биднийг энд үйлчлүүлж байгаа Еховадаа талархаж байна» гэв.

Сүнслэг ургац хураах ажилчин их хэрэгтэй газар одоо ч олон бий. Та дунд сургуулиа төгсөх гэж байна уу? Яаж амьдрах тухай бодож байна уу? Та ганц бие үү? Еховагийн төлөө илүү ихийг хиймээр байна уу? Та үр хүүхдэдээ сүнслэг өв хөрөнгө өвлүүлье гэж боддог уу? Та тэтгэвэрт гарсан уу? Хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцмаар байна уу? Тийм бол дэлгэрүүлэгч хэрэгтэй газар очиж үйлчлээрэй. Тэгвэл асар их ивээл хүртэнэ.

^ д/м 3 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 1-р сарын 15-ны дугаарын 10-р хуудасны 7, 8-р догол мөрийг үзнэ үү.