Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2014 оны 10 сар 

«Оюун ухаанаа ... дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл»

«Оюун ухаанаа ... дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл»

«Оюун ухаанаа ... дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл» (КОЛ. 3:2).

1, 2. а) І зууны Колоссайн христиануудад ямар аюул нүүрлэж байсан бэ? б) Тууштай байхад нь ямар зөвлөгөө тус болсон бэ?

НЭГДҮГЭЭР зууны үеийн Колоссайн христиануудад эв эвдрэх аюул нүүрлэж байжээ! Зарим христиан Мосегийн хуулийг сахихыг ятган бусдыгаа үймүүлж байхад, зарим нь зугаацаж цэнгэх нь буруу гэсэн үзлийг тулгадаг байсан. Элч Паул иймэрхүү хуурамч сургаалаас Колоссайн христиануудыг сэрэмжлүүлэн: «Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн» гэж бичжээ (Кол. 2:8).

2 Хэрэв тослогдсон тэдгээр христиан «ертөнцийн үндсэн зарчмуудыг» анхаарсан бол Бурхны хөвгүүд байх завшаанаа үл тоомсорлосон хэрэг болох байв (Кол. 2:20–23). Паул тэдэнд Бурхантай тогтоосон анд нөхрийн харьцаагаа нандигнахад нь туслах зорилгоор «Та нар оюун ухаанаа газар дээрх зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл» хэмээн зөвлөжээ (Кол. 3:2). Христийн ах дүүс тэнгэрт мөнх амьдрах хосгүй найдвараа санаж явах учиртай байлаа (Кол. 1:4, 5).

3. а) Тослогдсон христианууд ямар найдвартай вэ? б) Энэ өгүүллээр ямар асуултуудыг авч үзэх вэ?

 3 Орчин үеийн тослогдсон христианууд бас Бурхны Хаанчлалд анхаарлаа хандуулж, «Христийн хамтран залгамжлагчид» байх найдвараа санаж явдаг (Ром 8:14–17). Тэгвэл дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүс яадаг вэ? Паулын үг тэдэнд хамаатай юу? «Өөр хонинууд» яавал «дээгүүрх зүйлсийг» байнга санах вэ? (Иох. 10:16, ШГ). Бурхны үнэнч үйлчлэгч Абрахам Мосе нар хэцүү амьдрал туулсан ч дээгүүрх зүйлсийг анхаардаг байсан. Тэднийг хэрхэн дууриах вэ?

ОЮУН УХААНАА ДЭЭГҮҮРХ ЗҮЙЛС ДЭЭР ТӨВЛӨРҮҮЛНЭ ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?

4. Өөр хонинууд «дээгүүрх зүйлсийг» хэрхэн анхаардаг вэ?

4 Өөр хонинууд тэнгэрт амьдрахгүй ч дээгүүрх зүйлсийг санаж явах ёстой. Яаж? Ехова Бурхан болон Хаанчлалыг эн тэргүүнд тавих нь амин чухал (Лук 10:25–27). Ингэхийн тулд Христийг дууриах хэрэгтэй (1 Петр 2:21). Хуурамч сургаал номлол, эд хөрөнгийг эрхэмлэх үзэл нэгдүгээр зуунд байсан шиг өнөө үед ч бий (2 Коринт 10:5-ыг уншина уу). Бид Есүсийг дууриан, Еховатай тогтоосон харьцаанд маань аюул учруулах аливаа бүхнээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй.

5. Мөнгө төгрөг, эд хөрөнгөний тухай юу гэж боддогоо мэдэхийн тулд өөрөөсөө ямар асуулт асуух хэрэгтэй вэ?

5 Мөнгө төгрөг, эд хөрөнгөний талаарх нийт олны үзэл бодол бидэнд нөлөөлдөг үү? Хүн юуг эрхэмлэн хайрлаж явдгийг бодол санаа, үйл хэрэг нь илчилдэг. Есүс: «Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно» гэжээ (Мат. 6:21). Зүрх сэтгэлээ хаана байгааг мэдье гэвэл өөрийгөө үе үе шалгах хэрэгтэй. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Би мөнгө төгрөг олох талаар хэр удаан боддог вэ? Ашигтай бизнес хийх, сайн ажилд орох, одоогийнхоосоо илүү тав тухтай амьдрах тухай бодож хамаг цагаа үрдэг үү? Эсвэл Еховатай тогтоосон харьцаагаа голлон анхаардаг уу?» (Мат. 6:22). «Газар дээр өөрсдөдөө эд баялаг» хураахад хамаг анхаарлаа хандуулдаг хүн Еховагаас холдох аюултай гэж Есүс хэлсэн (Мат. 6:19, 20, 24).

6. Төгс бус хандлагаа хэрхэн ялах вэ?

6 Бид төгс бус учраас буруу юм хийхдээ амархан (Ром 7:21–25-ыг уншина уу). Бурхны агуу хүчинд найдахгүй бол «харанхуйн үйлсэд» оролцож мэднэ. Эдгээр нь «утга учиргүй найрлан цэнгэж, архидах», «садарлан, тачаадах» гэх зэрэг юм (Ром 13:12, 13). Бид дээгүүрх зүйлс рүү анхаарлаа хандуулж байж «газар дээрх зүйлс» буюу төгс бус хандлагаа ялна. Үүний тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай. Тийм учраас, элч Паул: «Биеэ зовоож, өөрийнхөө боол болгодог» гэжээ (1 Кор. 9:27). Амийн төлөөх уралдаанаасаа гарахгүй байя гэвэл биеийн амрыг харах ёсгүй! Бурхны эртний үнэнч үйлчлэгчдийн жишээг авч үзье (Евр. 11:6).

АБРАХАМ ЕХОВАД ИТГЭСЭН

7, 8. а) Абрахам Сара хоёрт ямар бэрхшээл тулгарч байсан бэ? б) Абрахам юуг анхаардаг байсан бэ?

7 Гэр бүлийнхнээ аваад Канаан нутаг руу нүү хэмээсэн Еховагийн зааврыг Абрахам үг дуугүй дагасан. Итгэлтэй, дуулгавартай байсных нь  төлөө Ехова түүнтэй гэрээ байгуулж «Би чамайг агуу үндэстэн болгож, чамайг ерөөнө» гэж хэлжээ (Эх. 12:2). Гэвч түүнээс хойш олон жил өнгөрсөн ч Абрахам Сара хоёр хүүхэдгүй л байв. Ехова амласнаа мартсан юм болов уу? Ядахад, Абрахамын амьдрал амаргүй байлаа. Гэр бүлийнхнийхээ хамт Месопотамийн Ур хэмээх их хотын тав тухтай амьдралаа орхижээ. Тэгээд 1 600 километр зам туулж Канаанд очсон. Тэнд майханд амьдрах болов. Хоол хүнсээр гачигдахын зовлонг тойрч гарсангүй. Дээрэмчин тонуулчидтай ч нүүр тулж явсан (Эх. 12:5, 10; 13:18; 14:10–16). Гэсэн хэдий ч Ур хот руугаа буцах тухай огт бодоогүй! (Еврей 11:8–12, 15-ыг уншина уу).

8 Абрахам «газар дээрх зүйлсийг» анхааралгүй, Еховад итгэж найдсан (Эх. 15:6). Ийнхүү дээгүүрх зүйлс буюу Бурхны амлалтыг байнга анхаарч байв. Ехова Абрахамын бат итгэлтэйг хараад «Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол» гэв. Тэгээд «Чиний үр удам ийм олон болно» хэмээн батлан хэлжээ (Эх. 15:5). Ехова амласнаа мартаагүйг Абрахам ойлгоод тайвширсан биз ээ. Тэрбээр тэнгэрийн оддыг харах бүрдээ тоо томшгүй олон үр удамтай болгож өгнө хэмээн Еховагийн амласныг санадаг байсан. Бурхны товлосон цаг болоход, амласан ёсоор, Абрахам үртэй болжээ (Эх. 21:1, 2).

9. Абрахамыг хэрхэн дууриах вэ?

9 Бурхны амлалт биелэхийг бид Абрахамын адилаар хүлээж байна (2 Петр 3:13). Хэрэв дээгүүрх зүйлсийг байнга анхаарахгүй бол Бурхны амлалт биелэхгүй удаад байгаа юм шиг санагдаж, христиан хүний хийх ёстой үйл хэрэгт идэвх муутай оролцдог болж мэднэ. Та урьд нь Еховад янз бүрийн аргаар, тухайлбал байнгын эхлэгчээр үйлчлэхийн тулд олон юмаа хойш нь тавьж байсан уу? Тийм бол маш сайн байна. Тэгвэл одоо яадаг вэ? Ирээдүйд хүртэх шагналаа анхаардаг байсан Абрахамыг дууриадаг уу? (Евр. 11:10). «Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвд тооцуулсан байна» хэмээн Библид бичжээ (Ром 4:3).

МОСЕ «ҮЗЭГДЭХГҮЙ ТҮҮНИЙГ ХАРДАГ» БАЙСАН

10. Мосе ямар нөхцөлд өссөн бэ?

10 Оюун ухаанаа дээгүүрх зүйлс дээр төвлөрүүлдэг байсан өөр нэг хүн бол Мосе юм. Тэрбээр тухайн үедээ дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрэн болох Египетийн хааны ордонд өсөж торнин, «Египетийн бүх эрдэмд боловсорчээ». Ийм өндөр боловсрол эзэмшсэн болохоор «ажил үйлс, үг яриагаар хүчтэй эр болжээ» (Үйлс 7:22). Эрх мэдэл, нэр алдар, эд баялагтай болох үүд хаалга нээлттэй байлаа! Гэвч Мосе энэ бүхэнтэй харьцуулахын аргагүй чухал зүйл буюу Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг анхаарчээ.

11, 12. Мосе ямар боловсролыг өндөр үнэлдэг байсан бэ? Энэ нь юунаас харагддаг вэ?

11 Мосег бага байхад төрсөн эх Иохебед нь еврейчүүдийн Бурхны тухай хэлж ярьдаг байсан нь лавтай. Мосе Еховагийн тухай энэ мэдлэгээ өндөр үнэлж, ямар ч эрдэнэсээс агуу гэж үздэг байв. Тийм учраас, Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийн тулд эрх мэдэл, эд баялагтай болох боломжоо ашиглаагүй юм (Еврей 11:24–27-г уншина уу). Бурхны тухай мэдлэгтэй, итгэлтэй болсныхоо  ачаар дээгүүрх зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлж чаджээ.

12 Мосе тухайн үедээ л хамгийн дээд боловсрол эзэмшсэн ч Египетэд эрх мэдэл, нэр алдар, эд баялагтай болох гэж энэ боловсролоо ашиглаагүй. Харин ч Библид түүнийг «Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм» гэж бичжээ. Тэрбээр Еховагийн тухай мэдлэгээ олон жилийн дараа Израилийн ард түмнийг удирдахдаа ашигласан.

13, 14. а) Мосе Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд яах хэрэгтэй байсан бэ? б) Бид Мосегийн адилаар яах хэрэгтэй вэ?

13 Мосе Еховаг болон ард түмнийг нь хайрладаг байсан. Дөчин настай байхдаа Бурхны ард түмнийг Египетийн боолчлолоос чөлөөлж чадна гэж боджээ (Үйлс 7:23–25). Харин Ехова тэгж бодоогүй. Мосед даруу, дөлгөөн зан, тэвчээр, биеэ барих чадвар дутаж байв (Сур. 15:33). Ирээдүйд тулгарах бэрхшээл сорилтыг давахад эдгээр зан чанар зайлшгүй хэрэгтэй байсан. Бурханд таалагддаг ийм сайхан зан чанарыг төлөвшүүлэх боломж хонь хариулах 40 жилийн хугацаанд бүрджээ.

14 Мосе хоньчин болоод эдгээр зан чанарыг төлөвшүүлж чадсан уу? Тийм ээ, чадсан! Бурхны Үгэнд бичсэнээр «Мосе гэгч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу» болжээ (Тоол. 12:3). Тэрбээр даруу болсны ачаар янз бүрийн хүнтэй харьцахдаа ч, ярвигтай хэргийг нь шийдэхдээ ч тэвчээртэй байсан (Ег. 18:26). «Үлэмж их зовлонг» давж шинэ ертөнцөд хөл тавихын тулд бид бас Бурханд таалагдах зан чанартай болох хэрэгтэй (Илч. 7:14). Та хүн болгонтой, түүний дотор олон ааштай юм уу эмзэг сэтгэлтэй хүмүүстэй эвтэй байж чаддаг уу? Элч Петрийн үг бидэнд тустай. Тэрбээр: «Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла» хэмээн христиануудад уриалсан байдаг (1 Петр 2:17).

ОЮУН УХААНАА ДЭЭГҮҮРХ ЗҮЙЛС ДЭЭР ҮРГЭЛЖ ТӨВЛӨРҮҮЛЭХ НЬ

15, 16. а) Зөв юмыг яагаад үргэлж анхаарах ёстой вэ? б) Христианууд биеэ зөв авч явдаг байх нь яагаад чухал бэ?

15 Бид «хэцүү цагт» амьдарч байна (2 Тим. 3:1). Тиймээс Бурхантай үргэлж дотно байхын тулд зөв юмыг анхаардаг байх шаардлагатай (1 Тес. 5:6–9). Ингэхийн тулд яах ёстой вэ? Дараах гурван аргыг авч үзье.

16 Биеэ зөв авч явах: Биеэ зөв авч явах нь маш чухал болохыг Петр тайлбарлан: «Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд ... та нарын сайн үйлсийг хараад ... Бурханыг алдаршуулах болно» гэжээ (1 Петр 2:12). Бид гэртээ, ажил сургууль дээрээ, тоглож наадахдаа, дэлгэрүүлэхдээ биеэ зөв авч яван Еховаг алдаршуулахыг чадлынхаа хэрээр хичээх учиртай. Төгс бус учраас алдаа гаргадаг маань үнэн (Ром 3:23). Гэхдээ «итгэлийн сайн тэмцлээр тэмцсээр» байвал төгс бус махан биеийн хүсэлдээ дийлдэхгүй (1 Тим. 6:12).

17. Яавал Христийнх шиг бодолтой болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

17 Зөв бодолтой байх: Үргэлж биеэ зөв авч явахын тулд зөв бодолтой байх ёстой. Элч Паул: «Христ Есүст байсан тийм бодолтой бай» гэжээ (Флп. 2:5). Есүс ямар хүн байсан бэ? Даруу хүн байсан. Тийм  учраас өөрийн эрх ашгийг хойш тавин Еховагийн төлөө бүхнийг хийдэг байжээ. Хүмүүст Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхийг л цаг ямагт боддог байв (Марк 1:38; 13:10). Судрыг үндэс болгодог байсан (Иох. 7:16; 8:28). Тэрбээр нямбай судалдаг байсан учраас Бурхны үгийг иш татаж, хамгаалж, тайлбарлаж чаддаг байжээ. Бид даруу байж, идэвх зүтгэлтэй дэлгэрүүлж, Библийг бие даан судалдаг бол Христийнх шиг бодолтой байна.

Есүс Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхийг л цаг ямагт боддог байсан (17-р догол мөрийг үзнэ үү)

18. Еховагийн ажлыг дэмжих ямар хоёр чухал арга байдаг вэ?

18 Еховагийн ажлыг дэмжих: «Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа ... бүх юмс өвдөг сөгдөх» учиртай. Энэ бол Бурхны санаа зорилго юм (Флп. 2:9–11). Есүс тийм өндөрт өргөмжлөгдсөн хэр нь даруу байж Эцэгтээ дуртайяа захирагддаг. Бид бас тийм байх ёстой (1 Кор. 15:28). Үүний тулд «бүх үндэстнийг дагалдагч болгох» ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй (Мат. 28:19). Бас итгэл нэгтнүүддээ болон бусад хүнд «сайныг үйлдэх» нь зүйтэй (Гал. 6:10).

19. Бид яах ёстой вэ?

19 Дээгүүрх зүйлсийг анхаарахыг сануулдаг Ехова Бурхандаа талархаад баршгүй! Бид «өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйх» ёстой (Евр. 12:1). Бас Еховагийн төлөө чин сэтгэлээсээ үйлчлэх учиртай. Тэгсэн цагт тэнгэрийн Эцгээсээ арвин их ивээл хүртэнэ (Кол. 3:23, 24).