Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2014 оны 10 сар 

Еховатай хамтран ажиллах завшаанаа эрхэмлэгтүн!

Еховатай хамтран ажиллах завшаанаа эрхэмлэгтүн!

«Бид Бурханы хамтран зүтгэгчид» (1 КОР. 3:9).

1. Ехова ажилд хэрхэн ханддаг вэ? Тийм учраас яадаг вэ?

ЕХОВА ямар нэг ажлыг хийхдээ баяр хөөртэй, сэтгэл хангалуун байдаг (Дуу. 135:6; Иох. 5:17). Оюун ухаант бүтээлүүдээ бас баяр хөөртэй ажиллаасай гэж хүсдэг учир сэтгэлд таатай, сайхан ажил оноодог. Жишээ нь, орчлонт ертөнцийг бүтээх ажилдаа ууган Хүүгээ оролцуулсан (Колоссай 1:15, 16-г уншина уу). Есүс хүн болж дэлхийд ирэхээсээ өмнө Бурхны хажууд «уран дархан мэт» байсан тухай Библид бичжээ (Сур. 8:30, МБОХ, 2000).

2. Тэнгэр элчүүд ямагт чухал бөгөөд сайхан ажил хийдгийг хаанаас мэдэж болох вэ?

2 Ехова тэнгэрийн хөвгүүддээ байнга ажил даалгавар өгдгийг харуулах жишээ Библийн эхнээс дуустал бий. Адам Ева хоёрыг нүгэл үйлдэхэд диваажин гэрээс нь хөөснийхөө дараа «амийн мод руу хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ» (Эх. 3:24). Ехова «удахгүй болох ёстой зүйлсийг Өөрийн зарц нартаа үзүүлэхийн тулд тэнгэр элчээ илгээдгийг» Илчлэлт 22:6-д бичсэн байдаг.

 ХҮМҮҮСТ АЖИЛ ӨГДӨГ

3. Есүс дэлхийд байхдаа Эцгээ хэрхэн дууриасан бэ?

3 Есүс дэлхийд байхдаа Еховагийн өгсөн ажлыг баяр хөөртэй хийдэг байсан. Тэрбээр Эцгээ дууриан шавь нартаа бас чухал ажил даалгажээ. «Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг хүн Миний хийдэг ажлуудыг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно. Яагаад гэвэл Би Эцэгтээ очно» хэмээн хэлж даалгавраа биелүүлэх ирмүүн хүслийг шавь нартаа төрүүлжээ (Иох. 14:12). Энэ нь хойшлуулшгүй чухал ажил гэдгийг ойлгуулахын тулд «Намайг Илгээгчийн ажлыг Би өдөр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй шөнө ирж байна» гэжээ (Иох. 9:4).

4-6. а) Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлсэн Ноа Мосе хоёрт бид яагаад талархах хэрэгтэй вэ? б) Бурхны өгдөг ажил даалгавар бүхэн юугаараа адилхан бэ?

4 Есүсийг дэлхийд ирэхээс бүр өмнө Ехова хүмүүст ажил даалгавар өгдөг байжээ. Хэдийгээр Адам Ева хоёр даалгавраа биелүүлж чадаагүй ч Бурхны оноосон ажлыг гүйцэтгэсэн хүн олон байсан (Эх. 1:28). Жишээлбэл, Ехова Ноад хөвөгч авдар хийх нарийн заавар өгчээ. Тэр зааврыг дагавал усан галаваар эсэн мэнд үлдэх байлаа. Ноа ч дуулгавартай байж Бурхнаас авсан даалгавраа яг таг биелүүлсэн. Тийм учраас бид өнөөдөр амьд байна! (Эх. 6:14–16, 22; 2 Петр 2:5).

5 Мосе мөргөлийн асар барих болон тахилчийн ажлыг зохион байгуулах нарийвчилсан заавар авч, ёсчлон гүйцэтгэжээ (Ег. 39:32; 40:12–16). Үнэнч байж даалгавраа биелүүлсэн нь өнөөгийн бидэнд ч ач тустай. Яагаад? Мөргөлийн асар, тахилчийн ажил нь ирээдүйд болох үйл явдлыг бэлгэддэг гэж элч Паул тайлбарлажээ (Евр. 9:1–5, 9; 10:1).

6 Бурхан санаа зорилгоо хэрэгжүүлэхийн хэрээр үйлчлэгчдэдээ өөр өөр даалгавар өгсөөр ирсэн. Гэхдээ аль ч даалгаврыг биелүүлсэн Ехова алдаршиж, хүмүүс ач тусыг нь хүртдэг. Есүс тэнгэрт байхдаа ч, дэлхийд ирээд ч даалгавраа тийн биелүүлсэн (Иох. 4:34; 17:4). Бид бас Еховаг алдаршуулах ажилд оролцдог (Мат. 5:16; 1 Коринт 15:58-ыг уншина уу). Яагаад тэгж хэлж болох вэ?

ШИНЭ ДААЛГАВАР АВАХ БҮРДЭЭ ӨӨДРӨГ БАЙГААРАЙ

7, 8. а) Христиануудын хийдэг ажлыг дүрслэн хэлнэ үү. б) Еховагийн өгдөг удирдлага зааварт бид хэрхэн хандах ёстой вэ?

7 Ехова төгс бус хүмүүст хамтран зүтгэгч нь болох хүндтэй завшаан олгосон нь үнэхээр гайхалтай (1 Кор. 3:9). Зарим христиан Ноа Мосе нарын адилаар барилгын ажил хийдэг. Тэд Чуулганы болон Хаанчлалын танхим, салбарын барилга барилцдаг. Та орон нутгийнхаа Хаанчлалын танхим засах ажилд оролцдог ч бай, Нью-Йоркийн Уорикт баригдаж буй байгууллагын төвийн барилга дээр ажилладаг ч бай, энэ завшаанаа эрхэмлэж яваарай (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). Үүнийг Ехова Бурханд үйлчилж байгаа нэг арга гэж хэлж болно. Ер нь барилгын ажилд цөөхөн христиан оролцдог бол, сүнслэг барилгын ажил буюу дэлгэрүүлэх ажилд бүх христиан оролцдог. Энэ бол Еховаг алдаршуулдаг ажил юм. Бас дуулгавартай хүмүүс энэ ажлын үр шимийг хүртдэг (Үйлс 13:47–49). Дэлгэрүүлэх ажлыг үр өгөөжтэй хийх удирдлага зааврыг Бурхны байгууллага өгдөг. Тийм учраас, заримдаа  бид шинэ даалгавар авч болох юм.

8 Еховагийн үнэнч үйлчлэгчид ямар ч удирдлага заавар авсан, дуулгавартай дагах чин хүсэлтэй (Еврей 13:7, 17-г уншина уу). Шинэ үүрэг даалгавар авахлаараа эхэндээ ойлгохгүй байж болох юм. Гэлээ ч тухайн даалгаврыг Ехова өгсөн бөгөөд сайн үр дүнд хүрнэ гэж мэддэг учраас дуртайяа хийдэг.

9. Ахлагчид хурлынхандаа хэрхэн үлгэр дууриал үзүүлдэг вэ?

9 Ахлагчид хурлыг хэрхэн удирдаж байгаагаас Еховагийн хүсэл тааллыг гүйцэлдүүлэх чин хүсэлтэй нь харагддаг (2 Кор. 1:24; 1 Тес. 5:12, 13). Тэд үүрэг даалгавраа хичээнгүйлэн биелүүлж, удирдлага зааврыг ягштал баримталдаг учир дэлгэрүүлэх ажлын шинэ аргад хурдан суралцдаг. Утсаар дэлгэрүүлэх, галт тэрэг, онгоцны буудал гэх зэргийн олон хөлийн газар дэлгэрүүлэх аргыг нэвтрүүлэхэд амаргүй санагдаж болох ч үр дүнг нь хараад гайхдаг. Тухайлбал, Германд дөрвөн эхлэгч албан газраар дэлгэрүүлэхээр болжээ. Энэ аргыг хэрэглээгүй удсан байв. Микаэл: «Бид нэлээд хэдэн жил ингэж дэлгэрүүлээгүй болохоор маш их сандарч байсан. Ехова үүнийг мэдээд тэр өглөөг мартагдашгүй дурсамжтай сайхан өглөө болгож өгсөн. Еховад найдаж, “Христиан үйлчлэл”-д нийтэлсэн зөвлөгөөг дагасандаа маш их баярласан!» гэж ярьжээ. Та дэлгэрүүлэх хэсэгтээ шинэ арга туршиж үзэхийг хүсдэг үү?

10. Сүүлийн жилүүдэд зохион байгуулалтын ямар өөрчлөлт гарсан бэ?

10 Заримдаа байгууллагад зохион байгуулалтын өөрчлөлт гардаг. Жишээ нь, сүүлийн жилүүдэд жижиг салбаруудыг том салбартай нэгтгэж байна. Үүний улмаас тэдгээр салбарт ажилладаг хүмүүс зарим юмаа өөрчлөх шаардлагатай болсон. Гэлээ ч дараа нь сайн үр дүн гарч байгааг харжээ (Ном. 7:8). Уриалагхан зантай энэ хүмүүс Еховагийн ард түмний орчин үеийн түүхийг бичилцэж байгаадаа баяртай байна.

11-13. Зохион байгуулалтын өөрчлөлтөөс болж зарим хүнд ямар асуудал тулгарсан бэ?

11 Тэдгээр ах дүүсээсээ чухал зүйлийг сурч болно. Бетелд олон жил үйлчилсэн хүн тэдний дунд олон бий. Төв Америкийн нэг улсын жижигхэн Бетелд үйлчилж байсан эхнэр нөхөр хоёрыг 30 дахин олон хүнтэй Мексик дэх салбарт шилжүүлэхээр болжээ. Рогелио: «Гэр бүл, найз нөхдөө орхиод явах үнэхээр хүнд байсан» гэсэн юм. Мексик рүү шилжиж очсон өөр нэг бетелчин Хуан: «Дахин төрсөн юм шиг л санагдсан. Ахиад л хүмүүстэй танилцаж дотносох хэрэгтэй болсон. Ингэхийн тулд бодох аргаа, дассан сурсан юмаа өөрчлөх шаардлагатай байсан» хэмээн ярив.

12 Европын орнуудаас Герман дахь салбарт шилжиж ирсэн бетелчдэд дээрхтэй төстэй бэрхшээл тулгарчээ. Сүрлэг өндөр Альпын нуруу, үзэсгэлэнт байгаль бүхий Швейцарь нутгаа орхиод явна гэхээс зарим хүнд хэчнээн хэцүү байсан бол оо. Австриас ирсэн ах дүүс жижиг Бетелд цөөхүүлээ байсан цагаа эхэн үед санадаг байжээ.

13 Өөр улс дахь салбар луу нүүж очсон ах дүүс маань шинэ гэр орон, шинэ хамт олон, шинэ ажил гээд олон юманд дасах хэрэгтэй болжээ. Бас шинэ хурлынхантай танилцаж, шинэ хэсгээр дэлгэрүүлж, тэр байтугай гадаад хэл сурах ч шаардлага гарсан. Энэ бүхэн амархан байгаагүй ч олон бетелчин энэ давааг давжээ. Зарим хүний сэтгэгдлийг сонирхъё.

14, 15. а) Еховатай хамтран ажиллах завшаанаа үнэлдгээ олон хүн хэрхэн баталсан бэ? б) Тэднийг хэрхэн дууриаж болох вэ?

 14 Гретел гэдэг эмэгтэй: «Би ямар нэгэн улс орон, байшин барилга, ажил даалгаврыг биш, харин Еховаг хайрладгаа батлахыг хүссэн учраас урилгыг хүлээж авсан» гэжээ. Даиска гэдэг эмэгтэй: «Ехова урьж байгаа шүү дээ гэж бодоод урилгыг дуртайяа хүлээж авсан» гэж ярьсан юм. Андрей Габриела хоёр мөн үүнтэй санал нэг байдаг ажээ. Тэд: «Амин хувийн хүслээ хойш тавихлаар Еховад үйлчлэх боломж нэмэгддэгийг бид эндээс ойлгосон. “Өөрчлөлтийн салхи Еховагаас салхилбал хаалт босгохын оронд завиндаа суугаад аялалд гарсан нь дээр” гэж бид хоёр ярилцсан» гэлээ.

Еховатай хамтран ажиллах нь хамгийн агуу завшаан мөн!

15 Салбаруудыг нэгтгэх үеэр зарим бетелчинг эхлэгчээр томилжээ. Жишээлбэл Дани, Норвег, Шведийн салбарууд нэгдэж Скандинав салбар болоход олон бетелчин эхлэгч болсон. Флориан Аня хоёр: «Бид шинэ томилолт аваад сэтгэл догдолсон. Хаана ч үйлчилсэн, Ехова биднийг хэрэгтэй гэж үздэг нь ёстой гайхалтай. Асар их ивээл хүртэж байна гэж чин сэтгэлээсээ хэлэх байна» гэв. Ихэнх христианд ийм өөрчлөлт хийх шаардлага гарахгүй ч гэсэн Хаанчлалыг эн тэргүүнд тавьдаг, уриалагхан зантай эдгээр ах дүүсээ дууриаж болно (Ис. 6:8). Еховатай хамтран ажиллах завшаанаа эрхэмлэдэг хүмүүс хаана ч байсан их ивээл хүртдэг.

ЕХОВАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗАВШААНАА ҮРГЭЛЖ ЭРХЭМЛЭЭРЭЙ!

16. а) Галат 6:4-т бичсэнээр бид яах ёстой вэ? б) Хүнд олдож болох хамгийн агуу завшаан юу вэ?

16 Төгс бус хүн өөрийгөө бусадтай харьцуулах гээд байдаг талтай. Чадах юмаа л анхаарах хэрэгтэйг Бурхны Үг бидэнд хэлж өгдөг (Галат 6:4-ийг уншина уу). Бүх хүн ахлагч, эхлэгч, миссионер, бетелчин болж чадахгүй. Эдгээр нь онцгой завшаан боловч үүнээс  агуу завшаан байдгийг бид мартах ёсгүй! Хүн бүр сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцож Еховагийн хамтран зүтгэгч болох завшаантай. Энэ хосгүй завшаанаа эрхэмлэж явцгаая!

17. Сатаны ертөнцөд амьдарч байгаа бид юуг хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Гэхдээ хэтэрхий их санаагаар унах ёсгүйн учир юу вэ?

17 Сатаны ертөнц байгаа цагт Еховад хүссэнээрээ үйлчилж чадахгүй байж мэдэх юм. Биднээс шалтгаалахгүй юм гэж бий. Зарим маань гэр бүл, үр хүүхдэдээ санаа тавих хэрэгтэй. Зарим нь өвчин хуучтай. Гэхдээ үүнээс болоод хэтэрхий их санаагаар унах ёсгүй. Ямар ч бэрхшээл зовлонтой байсан, Еховагийн нэр хийгээд Хаанчлалын тухай мэдээ тунхаглах боломж бүх хүнд бий. Еховагийн төлөө чадах бүхнээ хийхийн зэрэгцээ биднээс илүүг хийж чадах ах дүүсийнхээ төлөө залбирах нь хамгийн чухал. Нэрийг нь алдаршуулдаг хүн бүрийг Ехова үнэ цэнэтэй гэж үздэг!

18. Бид юуг хойш нь тавих хэрэгтэй вэ? Яагаад?

18 Ехова биднийг төгс бус гэж гололгүй хамтран зүтгэгчээ болгодог. Эцсийн өдрүүдэд Бурхантай хамтран ажилладаг маань ямар их завшаан бэ! Тийм болохоор одоо хиймээр байгаа олон юмаа хойш нь тавих хэрэгтэй. Яагаад гэвэл Ехова аз жаргал, амар тайван ноёлсон шинэ ертөнцөд бидэнд «жинхэнэ амь» өгч мөнх амьдруулна (1 Тим. 6:18, 19).

Та завшаанаа эрхэмлэдэг үү? (16–18-р догол мөрийг үзнэ үү)

19. Ехова бидэнд ямар ирээдүй амласан бэ?

19 Бид шинэ ертөнцийн босгонд тулж ирээд байна. Израильчуудыг Амласан газар орохын өмнөхөн Мосе юу гэж хэлснийг энэ эгзэгтэй үед бодох хэрэгтэй. «ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийдэг аливаа ажил үйлсийг тэтгэнэ» гэж хэлсэн билээ (Д.хууль 30:9). Бурхантай хамтран ажиллаад завгүй байсан хүмүүс Хармагедоны дараа газар нутгийг өвлөн авна. Тэгээд дэлхийг үзэсгэлэнт диваажин болгон хувиргах шинэ ажилдаа ханцуй шамлан орно!