Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2014 оны 10 сар 

 Намтар

Хаанчлалын төлөө зүтгэсэн дурсамжтай он жилүүд

Хаанчлалын төлөө зүтгэсэн дурсамжтай он жилүүд

1947 онд Сальвадор улсын Санта Ана хотод байдаг католикийн санваартнууд Гэрчүүдийг үймүүлэхийг оролдсон юм. Миссионерийн байрандаа «Харуулын цамхаг» судлалын цуглаанаа хийж байтал хөвгүүд онгорхой хаалгаар том том чулуу нүүлгэж гарав. Дараа нь санваартнууд тэргүүтэй бөөн хүн ирлээ. Зарим нь бамбар, зарим нь бурхны хөрөг барьсан байв. Тэд хоёр цаг чулуу шидэж, «Гэгээн Эх Мариа мөнх байг!», «Ехова үхэг!» хэмээн хашгирч байлаа. Миссионерүүдийг айгаад хотоос явна гэж бодож л дээ. Би тэр миссионерүүдийн нэг байсан. Энэ явдал 67 жилийн өмнө болсон юм. *

ДЭЭРХ явдал болохоос хоёр жилийн өмнө Эвлин Треберт бид хоёр Харуулын Цамхаг Нийгэмлэгийн «Гилеад» Библийн сургуулийн дөрөв дэх ангийг дүүргэсэн юм. Тэр үед Гилеад сургууль Нью-Йорк мужийн Итака хотын ойролцоо байдаг байв. Эвлин бид хоёр Санта Ана хотод томилогдсон. Миссионерээр 29 жил үйлчилсэн тухайгаа ярихаасаа өмнө яагаад миссионер болохоор шийдсэнээ хуучилъя.

МИНИЙ СҮНСЛЭГ ӨВ

Би АНУ-ын Вашингтон мужийн Спокан хотод 1923 онд төрсөн. Аав Жон, ээж Ива маань лютеран сүмийн гишүүн байсан ч Бурхныг хайрын Бурхан гэж итгэдэг учраас тамын тухай сургаалыг хүлээн зөвшөөрдөггүй байв (1 Иох. 4:8). Аав маань талх, нарийн боовны газар ажилладаг байлаа. Нэг удаа хамт ажилладаг хүн нь Библид тамын тухай сургаал байдаггүй гэж ярьжээ. Удалгүй аав ээж хоёр Еховагийн Гэрчүүдээр хичээл заалгадаг болж, хүн үхээд яадгийг Библиэс тодорхой мэдэж авсан гэдэг.

Тэр үед би есөн настай байсан. Аав ээж хоёр маань Библиэс мэдэж авсан зүйлээ хэчнээн урам зоригтой ярьдаг байсан гэж санана! Жинхэнэ Бурхны нэр Ехова гэдгийг мэдэж, Гурвалын  тухай ойлгомжгүй сургаалаас чөлөөлөгдөөд бүр ч баяр хөөртэй болж билээ. Би эдгээр гайхалтай сургаалыг хөвөн шиг л шингээн авсан юм. Тэгэх тусам «Үнэн та нарыг чөлөөлнө» гэдгийг биеэрээ мэдэрч байлаа (Иох. 8:32). Библи судлах нь надад хэзээ ч уйтгартай санагдаж байсангүй. Харин ч Бурхны Үгийг судлахдаа үргэлж баярладаг байж билээ. Би их ичимхий хүүхэд байсан ч аав ээжийгээ дэлгэрүүлэхэд нь хамт явна. Тэд маань 1934 онд баптисм хүртсэн. Би 1939 онд 16 настайдаа баптисм хүртэж Еховагийн үйлчлэгч болсон.

Миссурийн Сент Луист 1941 онд болсон чуулганд ээж аавтайгаа хамт

1940 оны зун манайх байшингаа зарж, бид гурав Айдахо мужийн Кёр Дален хотод эхлэгчээр буюу бүрэн цагаар үйлчилж эхлэв. Доод давхартаа машин засварын газартай байранд өрөө хөлслөн амьдардаг байлаа. Манайд цуглаан болно. Тэр үед Хаанчлалын танхимтай хурал цөөхөн байсан болохоор айлын гэрт юм уу өрөө хөлсөлж цуглаан хийдэг байв.

1941 онд аав ээж бид гурав Миссури мужийн Сент Луис хотод чуулганд очлоо. Бүтэн сайнд нь «Хүүхдийн өдөр» болж, 5–18 насны хүүхдүүд тайзны урд талын суудлуудад суув. Жозеф Рутерфорд ах илтгэлийнхээ төгсгөлд хүүхдүүдэд хандаж «Бурхныг болон Бурхны томилсон Хааныг дагахыг хүссэн бүх хүүхэд босоод зогсоорой!» гэж хэллээ. Бид бүгдээрээ суудлаасаа босов. Тэгтэл Рутерфорд ах: «Хаанчлалын 15 000 гаруй шинэхэн Гэрчийг хар даа!» хэмээн сэтгэл хөдлөн хэллээ. Яг энэ мөчид би эхлэгч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн юм.

ААВ ЭЭЖ БИД ГУРВЫН АВСАН ДААЛГАВАР

Сент Луист болсон чуулганаас хойш хэдэн сарын дараа манайх Калифорнийн өмнөд хэсэгт байдаг Окснард хот руу нүүлээ. Тэнд бид шинэ хурал үүсгэх даалгавартай байлаа. Аав ээж бид гурав ганцхан ортой жижигхэн гэр машинд амьдарна. Хоолны ширээ шөнө нь миний «ор» болдог байв. Унтлагын өрөөнд хонохоос шал өөр!

Калифорнид ирэхийн өмнөхөн буюу 1941 оны 12 дугаар сарын 7-нд Япон улс Хавайн Сувдан эрэг рүү довтолсон юм. Маргаашнаас нь АНУ дэлхийн ІІ дайнд оролцох болсон. Эрх баригчдын тушаалаар бид шөнө нь бүх гэрлээ унтраадаг байлаа. Японы шумбагч онгоцнууд Калифорнийн эргээр тагнуул хийдэг байсан боловч хот тэр чигээрээ харанхуй болохоор бөмбөгдөж чаддаггүй байв.

Гилеад сургуулийн диплом

Хэдэн сарын дараа 1942 оны 9 дүгээр сард бид Охайо мужийн Кливлендэд болсон «Шинэ ертөнцийн теократ чуулган»-д очив. Нейтан Норр ах «Энх цаг удаан үргэлжлэх үү?» гэсэн сэдэвтэй илтгэл тавьсан. «Байсан боловч одоо байхгүй, дараа ирэх» «араатны» тухай өгүүлдэг «Илчлэлт» номын 17-р бүлгээс ярив (Илч. 17:8, 11). Тэр «араатан» нь 1939 оноос байхгүй болсон Үндэстнүүдийн Холбоо гэдгийг Норр ах тайлбарлав. Үндэстнүүдийн Холбооны оронд өөр байгууллага гарч харьцангуй тайван цагийг бий болгоно гэж Библид зөгнөсөн байдаг. 1945 онд энэ зөгнөл биелсэн. Дэлхийн ІІ дайн дуусаж «араатан» Нэгдсэн Үндэстний Байгууллага нэрээр дахин гарч ирэв. Тэр үед Еховагийн Гэрчүүд дэлхий даяар дэлгэрүүлэх ажлынхаа цар хүрээг тэлж, дэлгэрүүлэгчдийн тоо ч урьд өмнө байгаагүйгээр өсөн нэмэгдсэн юм!

Удахгүй юу болохыг би энэ зөгнөлөөс мэдсэн. Хойтон жил нь Гилеад сургууль байгуулагдах гэж байгааг зарлахад миссионер болох хүсэл минь оргилж билээ. Би 1943 онд Орегон  мужийн Портланд хотод эхлэгчээр томилогдов. Тэр үед бид айлын үүдэнд пянз тоглуулагчаар илтгэлийн бичлэг сонсгоод, дараа нь Бурхны Хаанчлалын тухай бичсэн ном хэвлэл өгдөг байв. Тэр жилжингээ миссионер болох тухай бодлоосоо салсангүй.

Миний дотны найз Эвлин Треберт бид хоёрт Гилеад сургуулийн урилга 1944 онд ирэв. Хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Библийг яаж судалбал ач тус хүртэхийг багш нар маань таван сар заасан. Тэд ямар даруу гэж санана! Үнэхээр биширсэн. Заримдаа хоолны цагаар бидэнд хоол зөөж өгнө. Бид 1945 оны 1 дүгээр сарын 22-нд сургуулиа дүүргэсэн.

МИССИОНЕРЭЭР ҮЙЛЧИЛСЭН НЬ

Эвлин бид хоёрыг 1946 оны 6 дугаар сард Лео, Эстер гэдэг нөхөр эхнэр хоёртой Сальвадорт томилсон юм. «Талбай цайрч хураалтанд бэлэн» болсон байлаа (Иох. 4:35). Тэндхийн санваартнууд ямар их ууртай байсныг намтрын эхэнд дурдсан. Энэ явдлаас долоо хоногийн өмнө Санта Анад анхны дүүргийн чуулган болсон юм. Чуулганы тухай зарыг бид маш олон хүнд тараасан. Манай чуулганд 500-аад хүн ирэхэд магнай хагартлаа баярлаж билээ. Тийм болохоор бид санваартнуудын сүрдүүлгээс айгаад хотоос явах нь битгий хэл, чин сэтгэлтэй хүмүүст туслахаар бат шийдсэн байлаа. Тэр үед Библитэй хүн ховор, санваартнууд ч хүмүүст Библи уншихыг хориглодог байв. Гэхдээ Бурхны тухай үнэнийг мэдэхийг хүсдэг хүн их олон байсан. Бид хүмүүст Еховагийн тухай, дэлхийг диваажин болгоно гэсэн сайхан амлалтынх нь тухай заахын тулд испани хэл сурахыг мэрийдэг байсан. Үүнийг хараад хүмүүс их баярладаг байв.

Бид тав Гилеад сургуулиа төгсөөд Сальвадорт томилогдсон. Зүүнээс баруун: Эвлин Треберт, Милли Брашир, Эстер Махан, би, Лео Махан

Роса Асенсио миний анхны суралцагчдын нэг. Библи судалж эхэлмэгцээ найз залуутайгаа хамт амьдрахаа болив. Тэгтэл найз залуу нь Библи судалж эхэллээ. Тэд гэрлэж, дараа нь баптисм хүртээд Еховад идэвхтэй үйлчилдэг болсон. Санта Анад хамгийн анх эхлэгч болсон нутгийн хүн нь Роса байв. *

Роса жижигхэн хүнсний мухлагтай. Дэлгэрүүлэхдээ мухлагаа хаачихаад явна. Еховад найддаг учраас тэр л дээ. Хэдэн цагийн дараа дэлгүүрээ нээхлээр үйлчлүүлэгчид юм авах гээд дугаарлаад зогсчихно. Матай 6:33-т байдаг үг үнэн гэдгийг биеэрээ амссан тэрбээр үхэн үхтэлээ үнэнч байсан.

Бидний зургаан миссионер нэг хүний байрыг түрээсэлдэг байв. Нэг удаа нутгийн санваартан тэр хүнтэй уулзжээ. Байраа түрээслүүлэхээ болихгүй бол сүмээс хөөнө гэж сүрдүүлсэн юм билээ. Байрны эзэн маань алдартай бизнесмен байв. Санваартнуудын биеэ авч явах байдалд зэвүүцдэг байсан болохоор тэдний сүрдүүлгээс айх нь битгий хэл, сүмээс хөөгдөхийг юман чинээ бодохгүй байгаагаа хэлсэн гэсэн. Харин бидэнд хүссэн хугацаагаараа  байранд маань байгаарай гэж билээ.

АЛДАРТАЙ ХҮН ГЭРЧ БОЛСОН НЬ

Салбарын барилгыг 1955 онд барьсан

Нийслэл хот Сан Сальвадорт үйлчилдэг миссионер нэг эмэгтэйд Библи заадаг байв. Тэр эмэгтэйн нөхрийг инженер Балтасар Перла гэдэг. Зөв зүрх сэтгэлтэй энэ хүн шашны удирдагчдын хоёр нүүр гаргахыг хараад Бурханд итгэхээ больсон байв. Манай байгууллагын салбарыг барих болоход Балтасар Гэрч биш мөртлөө зураг төсөл дээр нь үнэ хөлсгүй ажиллах санал тавьсан юм.

Еховагийн ард түмэнтэй хамт барилгын ажилд оролцож байхдаа жинхэнэ шашныг олсноо ойлгожээ. Тэгээд 1955 оны 7 дугаар сарын 22-нд баптисм хүртсэн. Удаа ч үгүй, эхнэр Паулина нь баптисм хүртсэн. Хоёр хүүхэд нь Еховад үнэнчээр үйлчилж байна. Тэдний хүү бага Балтасар Брүүклиний Бетелд үйлчилж, дэлхий даяар улам өргөжин тэлж буй дэлгэрүүлэх ажлыг 49 жил дэмжиж ирсэн. Одоо Салбарын хороонд үйлчилж байна. *

Сан Сальвадорт чуулган зохиох болоход Перла ах том танхим олж өгдөг байв. Эхний үед танхим дүүрдэггүй байлаа. Харин Еховагийн ивээлээр, жил ирэх бүр хүмүүсийн тоо нэмэгдсээр танхим пиг дүүрдэг болж, сүүлдээ багтахаа байсан! Библи судалж байсан хүмүүс маань чуулганы үеэр ирж надтай уулзан «ач нарыг» маань танилцуулахад бөөн баяр болно. Ач нар гэдэг нь суралцагчдын маань суралцагчид юм л даа. Тэд чуулган дээр баптисм хүртэж байгаа нь тэр!

Чуулганы үеэр Ф. Френц ах миссионерүүдтэй уулзаж байгаа нь

Нэг чуулган дээр танихгүй залуу ирээд гэм буруугаа хүлээе гэхэд нь сониуч зан хөдлөв. Тэр: «Би Санта Анад та нар луу чулуу шидэж байсан хүүхдүүдийн нэг байна» гэдэг байгаа. Харин одоо Гэрч болчихож. Сэтгэл зүрх минь баяр хөөрөөр цалгиад ирж билээ. Бүрэн цагийн үйлчлэл хүний сонгож болох ямар ч ажил мэргэжлээс хамгийн сайхан нь, хамгийн ивээлтэй нь гэдгийг тэр ярианаас бүр ч сайн ойлгосон.

Сальвадорт бидний оролцсон анхны дүүргийн чуулган

 ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР

Би Сальвадорт бараг 29 жил миссионерээр үйлчилсэн. Эхлээд Санта Ана хотод, дараа нь Сонсонатед, тэгээд Санта Теклад, эцэст нь Сан Сальвадорт томилогдож байлаа. 1975 онд нэлээд бодож залбирч байгаад миссионер байхаа больж, Спокан руугаа буцахаар шийдэв. Еховад үнэнч, өндөр настай эцэг эх хоёроо асрах хэрэгтэй болсон юм.

1979 онд аав минь нас барав. Түүнээс хойш ээж минь аажим аажмаар муудсаар найман жилийн дараа 94-тэйдөө нас барсан. Тэр хэцүү үед би бие, сэтгэлээрээ маш их ядарсан. Бүр могойн яр тусав. Гэхдээ шаргуу залбирсаар байсан. Ехова надад тусалсан болохоор би өөдрөг байж энэ сорилтыг давж чадсан. «Та нарын үс буурал болсон ч ... Би авч явна. Би тээж, аварна» гэж Еховагийн хэлсэн үг үнэн байсан (Ис. 46:4).

1990 онд Вашингтоны Омак руу нүүлээ. Тэнд би испани хэлний хуралд хэрэгтэй хүн болж таарав. Нэлээд хэдэн суралцагч маань баптисм хүртсэн. 2007 оны 11 дүгээр сар гэхэд Омакт байдаг байшингаа арчилж чадахгүйд хүрч, Вашингтоны Челан гэдэг жижиг хотод орон сууцанд нүүж орсон. Испани хурлынхан маань надад санаа тавьдаг болсонд би хязгааргүй их баярлаж явдаг. Хуралдаа би ганцаараа өндөр настай Гэрч болохоор итгэл нэгтнүүд маань намайг «эмээгээ» болгосон.

Би дэлгэрүүлэх ажилд хамаг зүрх сэтгэлээ зориулахын тулд гэр бүл, үр хүүхэдтэй болоогүй. Гэхдээ олон сүнслэг хүүхэдтэй (1 Кор. 7:34, 35). Энэ ертөнцөд би хүссэн бүхнээ олж авч чадахгүйгээ ойлгосон. Тийм болохоор хамгийн чухал юмаа буюу Еховад хоёргүй сэтгэлээр үйлчлэхийг гол болгож амьдарсан. Шинэ ертөнцөд олон сайхан юм үзнэ. Миний дуртай Библийн зүйл Дуулал 145:16. Тэнд «Та мутраа дэлгэн, бүх амьтны хүслийг хангадаг юм» гэж байдаг.

Эхлэгчээр үйлчлэхлээр сэтгэлээрээ залуу байдаг

Одоо 91-тэй ч бие тэнхээ сайн болохоор эхлэгчээрээ үйлчилж байна. Эхлэгчээр үйлчлэхлээр сэтгэлээрээ залуу байж, утга учиртай амьдардаг. Намайг анх Сальвадорт очиход дэлгэрүүлэх ажил дөнгөж эхэлж байсан. Сатан хатуу ширүүн эсэргүүцсэн ч одоо энэ улс 39 000 гаруй дэлгэрүүлэгчтэй болсон. Үүнийг хараад итгэл минь үнэхээр бэхэжсэн. Ехова ард түмнээ агуу үйлдэх хүчээрээ дэмжиж тусалж байгаа нь тов тодорхой байна!

^ д/м 4 1981 оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-ын 45, 46-р хуудсыг үзнэ үү (англи).

^ д/м 19 1981 оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-ын 41, 42-р хуудас (англи).

^ д/м 24 1981 оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном»-ын 66, 67, 74, 75-р хуудас (англи).