Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2014 оны 9 сар 

«Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн»

«Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн»

«Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн» (1 КОР. 15:26).

1, 2. Адам Ева хоёрын амьдрал анх ямар байсан бэ? Ямар асуултууд гарч байна вэ?

АДАМ Ева хоёрыг бүтээх үед тэдэнд нэг ч дайсан байсангүй. Тэд төгс байсан бөгөөд диваажинд аз жаргалтай амьдарч байв. Тэнгэрийн Эцэгтэйгээ маш дотно байлаа (Эх. 2:7–9; Лук 3:38). Бурхан тэр хоёрт чухал даалгавар өгчээ (Эхлэл 1:28-ыг уншина уу). «Дэлхийг дүүргэн, газрыг эзэмш» гэсэн даалгаврыг биелүүлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Харин «газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг» байнга захирахын тулд Адам Ева хоёр мөнх амьдрах шаардлагатай байлаа. Үхчихвэл энэ даалгавраа биелүүлж чадахгүй нь ойлгомжтой.

2 Тэгвэл одоо яагаад бүх юм өөр байна вэ? Хүн төрөлхтний аз жаргалыг үгүй хийдэг өчнөөн олон дайсан, түүний дотор үхэл хэмээх хамгийн аюултай дайсан хаанаас гараад ирэв ээ? Бурхан энэ дайснуудыг яаж устгах вэ? Эдгээр асуултын хариу Библид бий. Энэ тухай авч үзье.

 ХАЙРЫН СЭТГЭЛЭЭР СЭРЭМЖЛҮҮЛСЭН НЬ

3, 4. а) Ехова, Адам Ева хоёрт юу гэж тушаасан бэ? б) Еховагийн тушаалыг дагах нь хэр чухал байсан бэ?

3 Адам Ева хоёр мөнх амьдрах найдвартай ч үхэшгүй мөнхийн бүтээл биш байсан. Тэд амьсгалах, идэж уух, унтаж амрах хэрэгцээтэй бүтээл юм. Энэ хэрэгцээгээ хангаж байж амьд байна. Хамгийн гол нь, амийн Эх булаг Еховатай сайн харьцаатай байсан цагт мөнх амьдрах учиртай байлаа (Д.хууль 8:3). Үүрд мөнх жаргалтай амьдаръя гэвэл Бурхнаар удирдуулах ёстой байсан. Ехова Еваг бүтээхээсээ өмнө Адамд энэ тухай тодорхой хэлжээ. «Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан, ийнхүү өгүүлэв. “Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!” хэмээн айлдав» гэж Библид бичжээ (Эх. 2:16, 17).

4 Юу нь сайн, юу нь муу болохыг Бурхан л шийдэх эрхтэйг «сайн мууг мэдүүлэгч мод» бэлгэддэг. Адам Еховагийн дүр төрхөөр бүтээгдсэн, мөс чанартай бүтээл учир сайн мууг мэддэг байсан нь эргэлзээгүй. Гэхдээ Бурхны удирдлага цаг ямагт хэрэгтэйг тэр мод сануулдаг байв. Тэр модноос жимс авч идвэл «Бидэнд таны удирдлага заавар хэрэггүй» гэж Бурханд хэлсэнтэй адил болох байлаа. Бас Бурхны сэрэмжлүүлснээр Адам Ева хоёр ч, үр удам нь ч үхэх байв.

ХҮН ҮХДЭГ БОЛСОН НЬ

5. Адам Ева хоёр Еховагийн тушаалыг хэрхэн зөрчсөн бэ?

5 Адам Еховагийн тушаалыг Евад дамжуулсан. Ева уг тушаалыг сайн мэддэг байсан учир могойн цаанаас ярьсан этгээдэд үг үсэгчлэн давтан хэлжээ (Эх. 3:1–3). Тэр этгээд нь хэнд ч захирагдахгүй дур зоргоороо байж, өөрийн гэсэн эрх мэдэлтэй байх хүсэлдээ дийлдсэн Сатан Диавол юм (Иаков 1:14, 15-тай харьцуулна уу). Хорон санаагаа хэрэгжүүлэхийн тулд худал хэлж Бурхныг гүтгэжээ. Бурханд захирагдахгүй байлаа гээд үхэхгүй, харин ч Бурхан шиг болно гэж Евад итгүүлсэн (Эх. 3:4, 5). Ева үгэнд нь орж жимснээс авч идэн дур зоргоороо амьдрах хүсэлтэйгээ харуулсан. Адам ч эхнэрийнхээ ятгалгад автжээ (Эх. 3:6, 17). Сатан Евад худлаа ярьсан (1 Тимот 2:14-ийг уншина уу). Адам буруу гэж мэдсээр байсан хэр нь эхнэрийнхээ үгэнд оржээ. Могой тэдэнд найз шиг санагдаж байсан биз ээ. Гэвч могойн цаана байсан Сатан Диавол харгис хэрцгий дайсан байлаа. Ева мэхлэгдвэл ямар аймшигтай үр дагавар амсахыг тэр этгээд сайн мэдэж байв.

6, 7. Ехова гэмт хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэсэн бэ?

6 Амь амьдрал өгч, жаргалтай амьдрахад хэрэгтэй бүхнээр хангасан Бүтээгчийнхээ эсрэг Адам Ева хоёр тэрслэн босжээ. Болсон явдлыг Ехова нэгд нэгэнгүй мэдэж байлаа (Ш.дээд 28:9; Сургаалт үгс 15:3-ыг уншина уу). Гэхдээ өөрийнх нь талаар ямар бодолтой байдгаа харуулах боломжийг Адам Ева Сатан гуравт олгосон ажээ. Эцгийн хувьд тэрбээр маш их гомдсон (Эхлэл 6:6-тай харьцуулна уу). Харин Шүүгч учраас шударга ёсыг баримтлан хэлсэндээ хүрэх ёстой болжээ.

 7 Ехова Адамд «Чи [сайн мууг мэдүүлэгч модны жимснээс] идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» гэсэн. «Өдөр» гэдэг нь хоногийн 24 цаг гэж Адам ойлгож байсан биз ээ. Тийм болохоор хуулийг нь зөрчсөн тэр өдөр нар жаргахаас өмнө Ехова шийтгэнэ гэж бодож байсан байх. Оройхон хэрд Ехова, Адам Ева хоёр дээр очжээ (Эх. 3:8). Зүйрлэн хэлбэл шүүх ажиллагаа явуулж, Адам Ева хоёроос мэдүүлэг авсан (Эх. 3:9–13). Дараа нь гэмт этгээдүүдэд ял оноосон (Эх. 3:14–19). Адам Ева хоёрыг тэр дор нь цаазалсан бол хүн төрөлхтний талаарх санаа зорилго нь хэрэгжихгүй болох байлаа (Ис. 55:11). Анхны хосыг нүгэл үйлдсэн даруйд үр дагавар нь илэрч эхэлсэн ч Ехова тэдэнд хүүхэд төрүүлэх боломж олгожээ. Учир нь ирээдүйд Адамын үр удмын төлөө олон чухал зүйлийг хийх гэж байлаа. Адам Ева хоёр нүгэл үйлдсэн тэр өдөртөө үхсэн. Еховагийн нэг өдөр нь 1 000 жил байдаг (2 Петр 3:8).

8, 9. Адамын үйлдсэн нүгэл үр удамд нь ямар гай тарьсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

8 Адам Ева хоёрын хийсэн хэрэг үр удамд нь гай тарьсан уу? Тарьсан. Ром 5:12-т «Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс, бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ» гэж байдаг. Хамгийн анх амиа алдсан хүн нь Абел юм (Эх. 4:8). Дараа нь Адамын бусад үр хүүхэд хөгширч, үхсэн. Нүгэл, үхэл удамшин дамжсан хэрэг үү? Элч Паул: «Ганц хүний дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсон» гэж бичжээ (Ром 5:19). Адамаас удамшин дамжсан нүгэл, үхэл ийнхүү хүн төрөлхтний эвлэршгүй дайсан болсон. Энэ хоёр дайснаас нэг ч хүн зугтаж чадахгүй. Адамын үр удамд нүгэл, үхэл хэрхэн дамжсаныг бид яг таг мэдэхгүй ч үр дагавар нь хэн бүхэнд илэрхий байдаг.

9 Нүгэл, үхлийг Библид «бүх хүмүүсийн дээгүүрх бүтээлэг», «бүх үндэстний дээгүүр татсан хөшиг» гэсэн нь тун тохирсон зүйрлэл юм (Ис. 25:7). Энэхүү хөшиг болон бүтээлэг бүх хүнийг аалзны тор шиг бүрхжээ. Тийм учраас Библид «Адам дотор бүгд үхдэг» гэж байдаг (1 Кор. 15:22). Үүнээс үүдэн «Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?» гэсэн асуултыг Паул хөнджээ. Паулыг хэн аврах юм бол? * (Ром 7:24).

НҮГЭЛ, ҮХЭЛ УСТГАГДАНА

10. а) Ехова үхлийг устгахыг Библийн ямар ямар зүйл баталдаг вэ? б) Эдгээр зүйл Ехова Есүс хоёрын тухай юу хэлдэг вэ?

10 Паулыг Ехова аврах ажээ. Исаиа «бүтээлэг» гэдэг үгийг дурдсаныхаа дараа «Тэр үхлийг мөнхөд залгина. Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчина» хэмээн бичжээ (Ис. 25:8). Хүүхдийнхээ уйлж байгааг аав нь хараад, зовоогоод байгаа асуудлыг нь шийдэж, нулимсыг нь арчдаг шиг Ехова үхлийг устгаж хүн төрөлхтний нулимсыг арчина! Энэ үйл хэрэгт Есүс бас оролцоно. 1 Коринт 15:22-т «Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно» гэж  байдаг. Паул: «Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?» гэж асуугаад «Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал нь байх болтугай» хэмээн хариулжээ (Ром 7:25). Адам Ева хоёрыг тэрсэллээ гээд Ехова хүн төрөлхтнийг хайрлахаа болиогүй нь тодорхой байна. Анхны хоёр хүнийг Эцэгтэйгээ хамт бүтээлцсэн Есүс ч хүмүүсийг хайрласаар байгаа (Сур. 8:30, 31). Харин яаж аврах вэ?

11. Ехова хүн төрөлхтөнд туслахын тулд юу хийсэн бэ?

11 Адамыг нүгэл үйлдэхэд Ехова түүнд үхлийн ял оноосон. Үүний дүнд бүх хүнд нүгэл, үхэл удамшжээ (Ром 5:12, 16). «Нэг алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасан» гэж Библид байдаг (Ром 5:18). Ехова өөрийнхөө тогтоосон хэм хэмжээг зөрчихгүйгээр яаж хүн төрөлхтөнд туслах бол? Есүс энэ асуултад «Хүний Хүү ... амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн» хэмээн хариулсан (Мат. 20:28). Тэрбээр төгс хүн байсан учир «золиос» өгч чадах байв. Ехова энэ золиосыг яагаад эн тэнцүү гэж үзсэн бэ? (1 Тим. 2:5, 6)

12. Ехова ямар золиосыг эн тэнцүү гэж үзсэн бэ?

12 Есүс төгс хүн учраас мөнх амьдрах боломжтой байлаа. Гэхдээ Ехова Адамын төгс үр удмаар дэлхийг дүүргэх санаа зорилготой байсан. Тийм учраас, Есүс тэнгэрийн Эцгээ болон Адамын үр удмыг хайрласандаа амиа золиос болгон өгчээ. Адамын алдсантай яг адилхан төгс амийг Есүс золиосолсон юм. Дараа нь Ехова Хүүгээ сүнсэн биетэй болгож тэнгэрт амилуулсан (1 Петр 3:18). Есүс Адамын алдсан төгс амийг төгс амиараа төлсөн учраас Ехова энэ золиосыг эн тэнцүү гэж үзсэн. Паул Есүсийг «Сүүлчийн Адам» гэж нэрлээд «Амь өгөгч сүнс болов» хэмээн бичсэн нь ийм учиртай (1 Кор. 15:45).

Хамгийн анх амиа алдсан Абел Есүсийн золиосны ач тусыг хүртэнэ (13-р догол мөрийг үзнэ үү)

13. «Сүүлчийн Адам» нас барагсдыг яах вэ?

13 «Сүүлчийн Адам» тун удахгүй хүн төрөлхтөнд мөнх амь өгнө. Хүн төрөлхтөн гэдэгт эрт үед амьдарч байгаад нас барсан ихэнх хүн бас орно. Тэднийг амилуулж, дэлхий дээр амьдруулна (Иох. 5:28, 29).

14. Хүн төрөлхтөн төгс бус байдлаасаа хэрхэн чөлөөлөгдөх вэ?

14 Хүн төрөлхтөн төгс бус байдлаасаа хэрхэн чөлөөлөгдөх вэ? Ехова энэ асуудлыг шийдэхийн тулд тэнгэрийн засгийн газрыг байгуулсан. Бүрэлдэхүүнд нь Есүс болон дэлхийгээс сонгож авсан 144 000 хүн ордог (Илчлэлт 5:9, 10-ыг уншина уу). Тэдгээр 144 000 хаан төгс бус хүмүүс байсан болохоор албатуудаа сайн ойлгоно. Мянган жилийн хугацаанд Есүс болон түүний хамтран зүтгэгчид дэлхий дээрх хүмүүсийг төгс болгоно (Илч. 20:6).

15, 16. а) «Эцэст нь устгагдах дайсан» гэж юу вэ? Хэзээ устгагдах вэ? б) 1 Коринт 15:28-д бичсэнээр Есүс юу хийх вэ?

15 Хаанчлалын мянган жилийн засаглал дуусах үед дуулгавартай хүмүүс нүгэл, үхлээс чөлөөлөгдөнө. «Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно. Харин тус бүр өөрийн дараалал дотор байна. Христ бол анхны үр жимс юм. Дараа нь Христийн хүмүүс Түүнийг ирэхэд амилуулагдана. Тэр бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон, Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ. Учир нь Тэр бүх дайснуудаа  Өөрийн хөл дороо оруулах хүртэл ноёрхох ёстой. Эцэст нь устгагдах дайсан бол үхэл мөн» гэж Библид бичжээ (1 Кор. 15:22–26). Адамаас удамшсан үхэл эцэст нь устгагдана. Хүн төрөлхтнийг бүхэлд нь хучсан «бүтээлэг» бүрмөсөн үгүй болно (Ис. 25:7, 8).

16 Элч Паул цааш нь «Бүх юмс Өөрийнх нь эрхшээлд орох үед Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгэний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь Бурхан бүгдэд бүх юм болохын тулд юм» гэжээ (1 Кор. 15:28). Есүс засаглалынхаа зорилгыг хэрэгжүүлж дуусгаад Еховад эрх мэдлээ буцаан өгөхийн зэрэгцээ төгс болсон хүн төрөлхтнийг даатгана.

17. Сатаныг эцэст нь яах вэ?

17 Хүн төрөлхтөнд гай зовлон учруулсан анхны этгээд Сатан яах вэ? Үүний хариу Илчлэлт 20:7–15-д бий. Төгс болсон бүх хүнийг Сатан эцсийн удаа сорьж, хуурч мэхлэхийг оролдоно. Дараа нь Сатан болон түүнийг дагасан бүхэн газрын хөрснөөс арчигдана. Энэ бол «хоёр дахь үхэл» юм (Илч. 21:8). «Хоёр дахь үхэлд» залгиулсан хэн боловч дахин хэзээ ч амилахгүй. Тийм учраас, «хоёр дахь үхэл» ч бүрмөсөн устгагдана. Хэрэв бид хайртай Бүтээгчдээ үнэнч байвал энэ үхлээс айх шаардлагагүй.

18. Адамд өгсөн даалгаврыг хэрхэн биелүүлэх вэ?

18 Тэгэхэд бүх хүн төгс болж, Еховагийн сайшаалыг хүртэн мөнх амьдарна. Хүн төрөлхтний аз жаргалыг үгүй хийдэг нэг ч дайсан байхгүй болно. Адамд өгсөн даалгаврыг үр удам нь биелүүлнэ. Тэд газар дэлхийгээ арчлан тордож, ан амьтдыг захирна. Ехова эцсийн дайсан болох үхлийг устгах тэр үед бид хэчнээн жаргалтай байх бол оо!

^ д/м 9 «Судрыг ойлгох нь» («Insight on the Scriptures») номд бичсэнээр, хүн яагаад хөгширч, үхдэгийг эрдэмтэд тайлбарлахыг оролддог ч нэг чухал зүйлийг орхигдуулдаг байна. Бүтээгч анхны хүмүүст үхлийн ял оноосныг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Тийм учраас, хүний хөгширч, үхэх үйл явцыг бүрэн ойлгодоггүй ажээ (2-р боть, х. 247).