Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2014 оны 9 сар 

Эцэг эхчүүд ээ, сайн хоньчин шиг байгаарай

Эцэг эхчүүд ээ, сайн хоньчин шиг байгаарай

«Мал сүргийнхээ байдлыг сайн мэд» (СУР. 27:23).

1, 2. а) Израилийн хоньчид ямар үүрэгтэй байсан бэ? б) Эцэг эхчүүдийг яагаад хоньчинтой зүйрлэж болох вэ?

ЭРТНИЙ израильчууд малчин ард түмэн байв. Хонь маллана гэдэг тийм ч амар ажил биш ээ. Халуунд халж, хүйтэнд хөрнө. Араатан амьтан, малын хулгайчаас сүргийг хамгаална. Хоньдоо байнга харж анхааран, өвдсөнийг нь эмчилнэ, гэмтэж бэртсэнийг нь бооно. Эмзэг турьхан, сул дорой нялх төлийг бүр ч онцгой анхаарна (Эх. 33:13).

2 Христиан эцэг эхчүүдийг хоньчинтой зүйрлэж болно. Тэд үр хүүхдээ Еховагийн тогтоосон хэм хэмжээний дагуу өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй (Еф. 6:4). Энэ бол амаргүй үүрэг. Хүүхдүүд Сатаны тараадаг суртал ухуулгын бай болохоос гадна төгс бус хандлагатайгаа тэмцэх шаардлагатай болдог (2 Тим. 2:22; 1 Иох. 2:16). Та хүүхэдтэй бол Еховагийн замаар замнахад нь хэрхэн туслах вэ? Үр хүүхдээ сайн мэдэж, зааж сурган, залж чиглүүлэх хэрэгтэйг энэ өгүүллээр үзье.

ҮР ХҮҮХДЭЭ САЙН МЭДДЭГ БАЙГААРАЙ

3. Эцэг эхчүүд үр хүүхдээ сайн мэдэхийн тулд яах хэрэгтэй вэ?

3 Сайн хоньчин хоньдоо нэгбүрчлэн шалгаж, эрүүл  эсэхийг нь мэддэг. Библид «Мал сүргийнхээ байдлыг сайн мэд» гэж байдаг (Сур. 27:23). Эцэг эхчүүд та нар бас үр хүүхдээ сайн мэдэх хэрэгтэй. Хүүхэд тань юу хийж, юу бодож, сэтгэл санаа нь ямар байгааг ажиглаарай. Ингэхийн тулд тэдэнтэйгээ байнга ярилцаж байгаарай.

4, 5. а) Бодол санаагаа чөлөөтэй хэлэхэд нь хүүхдэд хэрхэн тусалж болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Та өсвөр насны хүүхдээ яриулахын тулд яадаг байсан бэ?

4 Хүүхэд шилжилтийн насанд хүрэхлээрээ зожгорч, бодол санаагаа хуваалцах хүсэлгүй болдог. Ийм насны хүүхэдтэй ярилцахад зарим эцэг эхэд амаргүй байдаг ажээ. Танай хүүхэд тийм бол яах нь зүйтэй вэ? Хүсэхгүй байхад нь хүчилж, чухал сэдвээр удаан ярьж залхаахын оронд жирийн үед ярилцах боломжийг алдалгүй ашиглаарай (Д.хууль 6:6, 7). Хүүхэдтэйгээ цуг алхаарай. Хамт тоглоорой. Гэрийн ажлаа хамт хийгээрэй. Ийм үед хүүхэд биеэ барихгүй тайван байж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг.

5 Хүүхдээ яриулах гэж хэчнээн хичээсэн ч ярилцахаас цааргалаад байвал яах вэ? Өөр арга хэрэглээрэй. Жишээ нь, сургууль дээр нь юу болсныг охиноосоо асуухын оронд өөрийнхөө ажил дээр юу болсныг яриарай. Тэгвэл хүүхэд тань бас сониноосоо ярих биз ээ. Эсвэл ямар нэг сэдвээр ярья гэвэл шууд асуухын оронд тойруулж асууж болно. Найзууд чинь юу гэж боддог вэ, чи тэдэнд юу гэж зөвлөх байсан бэ гэх мэтээр асуугаарай.

6. Ямар хүнийг ярилцахад амар хүн гэх вэ?

6 Эцэг эхчүүд та нар хүүхдэдээ цаг зав гаргадаг, ярилцахад амар бол хүүхэд тань санал бодлоо чөлөөтэй хуваалцах нь дамжиггүй. Аав ээж нь дандаа завгүй байдаг бол хүүхэд өөртөө тулгараад байгаа асуудлыг ярихгүй. Ямар хүнийг ярилцахад амар хүн гэх вэ? Тийм хүн: «Хэзээ ч ярилцаж болно шүү» гэж хэлээд л болчихдоггүй. Үр хүүхдэд нь ямар асуудал тулгараад байгааг сонсоод сүр бадруулдаггүй, бас огт хамаагүй юм шиг тоохгүй өнгөрөөдөггүй. Ийм эцэг эх олон байдаг нь сайшаалтай. 19 настай Кэйла охин: «Би аавтайгаа ямар ч сэдвээр ярьж чаддаг. Аав миний яриаг тасалдаггүй, шүүмжилдэггүй, зүгээр л сонсдог. Тэгээд дараа нь хамгийн сайн зөвлөгөө өгдөг» гэж ярьсан юм.

7. а) Хүүхэдтэйгээ хайр дурлал гэх зэргийн сэдвээр ярихдаа хэрхэн ухаалаг байх вэ? б) Эцэг эхчүүд ямар үед хүүхдээ санаандгүй уурлуулж мэдэх вэ?

7 Эмзэг сэдвээр, тухайлбал хайр дурлалын тухай ярих боллоо гэхэд зөвхөн болж бүтэхгүй талаас нь ярьж сэрэмжлүүлэхийн оронд ийм асуудлыг зөв шийдэхэд нь хүүхдэдээ туслаарай. Жишээ нь та ресторанд ороод хоолны цэс сонирхжээ. Тэгтэл зөвхөн хоолны хордлого авахаас сэрэмжлүүлж бичсэн байвал тэндээс гарч өөр ресторанд очно биз дээ? Танай хүүхдэд бас ийм юм тохиолдож мэднэ. Тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй гэхээс өөр юм хэлэхгүй бол хүүхэд уурлаад юмаа ярихаа болино (Колоссай 3:21-ийг уншина уу). Хэт өрөөсгөл хандалгүй, ухаалаг байгаарай. Эмили гэдэг Гэрч бүсгүй: «Аав ээж хоёр маань надтай хайр дурлалын тухай чөлөөтэй ярьдаг. Хүнийг таньж мэдэн, хань ижлээ олох сайхан гэдэг юм. Тийм болохоор би ийм сэдвээр аав ээжтэйгээ ярихаасаа ерөөсөө ичдэггүй. Хэнтэй ч үерхэх болсон, нууж хаалгүй хэлнэ гэж боддог» хэмээн ярьжээ.

8, 9. а) Хүүхдийнхээ яриаг таслалгүй гүйцэд сонсох нь ямар ашигтай вэ? б) Та хүүхдээ сонсоод ямар үр дүнд хүрсэн бэ?

 8 Хүүхдийнхээ яриаг тэвчээртэй сонсоорой. Тэгвэл хүүхэд тань бодол санаагаа чөлөөтэй илэрхийлнэ (Иаков 1:19-ийг уншина уу). Охиноо ганцаараа өсгөж буй Катя гэдэг эмэгтэй: «Өмнө нь би охиндоо тэвчээргүй ханддаг байлаа. Яриаг нь гүйцэд сонсохгүй. Хэтэрхий ядарснаасаа болоод сонсохоос тээршээх юм уу зүгээр л тайван байхыг хүсдэг үе байсан. Харин намайг энэ зангаа засаад ирэхлээр охин маань ч өөр болж эхэлсэн. Илүү уриалагхан болсон» гэжээ.

МЭДЭХИЙН тулд сонсоорой (3–9-р догол мөрийг үзнэ үү)

9 Роналд гэдэг хүнд бас үүнтэй төстэй явдал тохиолджээ. Тэрбээр: «Охин маань сургуулийнхаа нэг хөвгүүнд дурласнаа ярьдаг байгаа. Эхэндээ ямар их уур хүрсэн гэж санана! Харин дараа нь Ехова үйлчлэгчдэдээ яаж тэвчээртэй, ухаалаг ханддаг билээ гэдгийг эргэцүүлж бодоод охиноо ярьж дуустал нь сонсъё, тэгээд зааж зөвлөе гэж бодсон. Тэр нь ч оносон юм! Охиныхоо сэтгэлийг тэгэхэд л анх удаа ойлгосон. Яриаг нь дуустал сонссон чинь тайван ярихад илүү амар болсон. Охин маань миний зөвлөгөөг уриалагхан хүлээж авсан шүү! Энэ байдлаа өөрчлөхийг үнэн сэтгэлээсээ хүсэж байна гэж билээ» хэмээн ярив. Хүүхэдтэйгээ байнга ярьдаг бол үзэл бодол, сэтгэл санааг нь илүү сайн ойлгож, амьдралын ямар нэгэн асуудлыг шийдэхэд нь ихээхэн тус дэм болж чадна. *

ЗААЖ СУРГААРАЙ

10, 11. Үнэний замаас гарахгүй байхад нь үр хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

10 Хонь сүргээсээ тасарчих гээд байдгийг сайн хоньчин мэддэг. Идээшилж байгаад сүргээсээ аажим аажмаар холдсоор төөрдөг. Үүнтэй адилаар, хүүхэд муу хүмүүстэй нөхөрлөх, чөлөөт цагаа зохисгүй өнгөрүүлэх зэргээс болоод үнэний замаас зугуухан холдож эхэлдэг (Сур. 13:20). Ийм аюулаас хүүхдийг хэрхэн хамгаалах вэ?

11 Үр хүүхдэд тань засаж залруулах юм байгааг анзаарсан бол нэн даруй арга хэмжээ аваарай. Хүүхдийнхээ сайн талыг хөгжүүлж, сайхан  зан чанарыг нь дэмжээрэй (2 Петр 1:5–8). Ингэхийн тулд гэр бүлийн хичээлээ тогтмол хийгээрэй. «Христиан үйлчлэл»-ийн 2008 оны 10 дугаар сарын дугаарт «Өрхийн тэргүүнүүд Еховагаас авсан үүргээ биелүүлж гэр бүлийн хичээлийг тогтмол, үр өгөөжтэй хийх талаар анхаарах хэрэгтэй» гэж бичжээ. Та үр хүүхдэдээ зааж сургах энэ сайхан боломжийг бүрэн ашигладаг уу? Таныг сэтгэл, зүтгэл гаргаж байгааг тэд ойлгоно гэдэгт итгээрэй (Мат. 5:3; Флп. 1:10).

Сайн ЗААЖ СУРГААРАЙ (10–12-р догол мөрийг үзнэ үү)

12. а) Гэр бүлийн хичээл тогтмол хийх нь хүүхдэд ямар ач тустай вэ? («Тэд ач тус хүртдэг» гэсэн хавсралт үзнэ үү). б) Гэр бүлийн хичээл танд ямар ач тустай вэ?

12 Гэр бүлийн Библийн хичээл ямар үр өгөөжтэй байсан талаар 19 настай Карисса охин ийн ярьсан юм. «Гэрийнхэнтэйгээ хамт суугаад ярилцах гоё шүү. Гэр бүлийн хичээл хийхлээр бид хоорондоо маш дотно болдог. Бас олон сайхан дурсамжтай болж байгаа. Аав Гэр бүлийн хичээлийг ерөөсөө тасалдаггүй. Маш чухал гэж үздэг болохоор би ч тэгж боддог болсон. Би аавыгаа илүү их хүндэтгэдэг болсон». Бритни гэдэг Гэрч бүсгүй: «Гэр бүлийн хичээл хийх тусам би аав ээжтэйгээ улам дотно болсон. Эцэг эх маань надад чин сэтгэлээсээ санаа тавьдгийг, тулгараад байгаа асуудлыг маань сонсох хүсэлтэйг ойлгосон. Манайх халуун дотно, эв нэгдэлтэй айл болсон» гэж ярьсан. Үр хүүхдэдээ зааж сургахын гол зорилго нь Еховаг хайрладаг болгох явдал юм. Энэ зорилгодоо хүрэхэд Гэр бүлийн Библийн хичээл тустай. *

ЗАЛЖ ЧИГЛҮҮЛЭЭРЭЙ

13. Христиан эцэг эхчүүд хүүхдээсээ юу хүсдэг вэ? Хүүхэд ямар сэтгэлтэй байвал Еховад үйлчлэх хүсэлтэй болдог вэ?

13 Сайн хоньчин шилбүүрээр хоньдоо залж чиглүүлэн, аюулаас хамгаалдаг. Сүргээ бэлчээр сайтай газар аваачих гэж шилбүүрээр туудаг (Езе. 34:13, 14). Эцэг эхчүүд та нар бас ижилхэн зорилготой биз дээ? Хүүхдээ залж чиглүүлэн Еховад үйлчилдэг болгохыг хүсдэг байх. Дуулалчийн адилаар, «Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны Хууль миний зүрхэнд бий» хэмээн хэлээсэй гэж боддог нь эргэлзээгүй (Дуу. 40:8). Ийм сэтгэлтэй болсон хүүхэд Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэнэ. Мэдээжээр энэ алхмыг хийхийн тулд Еховад үйлчлэх чин хүсэлтэй, ямар чухал шийдвэр гаргаж байгаагаа сайн ойлгосон байх ёстой.

14, 15. а) Христиан эцэг эхчүүд юу хийх ёстой вэ? б) Хүүхэд яагаад эргэлзэж болох вэ?

14 Хүүхэд тань ахиц дэвшил гаргахгүй байгаа юм шиг санагдвал яах вэ? Тэр байтугай, Еховагийн Гэрчүүдийн итгэж үнэмшдэг зүйл үнэн гэдэгт эргэлздэг бол яах вэ? Еховаг хайрлах хайрыг зүрхэнд нь суулгахын төлөө чадах бүхнээ хийгээрэй. Еховагийн хийсэн бүхнийг үнэлж эрхэмлэхийг заагаарай (Илч. 4:11). Тэгвэл тэд Бурханд үйлчилье гэж өөрсдөө шийдэх биз ээ.

15 Харин тэр болтол тэвчээртэй байж, зөв тийш нь залж чиглүүлэхийг хичээгээрэй. Еховад үйлчилдэг хүн жинхэнэ ёсоор утга учиртай амьдардгийг ойлгуулаарай. Бурханд үйлчилж байж л үүрд мөнх жаргалтай амьдарна гэдгийг ухааруулаарай. Юунаас болоод эргэлзэж байгааг нь мэдэж аваарай. Жишээ нь,  танай хүү Библийн сургаалыг үнэхээр хүлээн зөвшөөрдөггүй юү эсвэл зүгээр л үеийнхэндээ дэлгэрүүлэхээс айдаг уу? Танай охин Бурхны тогтоосон хэм хэмжээ хамгийн зөв гэдэгт үнэхээр эргэлздэг үү эсвэл зүгээр л ганцаардаж, гадуурхагддаг уу?

Зөв зам руу ЗАЛЖ ЧИГЛҮҮЛЭЭРЭЙ (13–18-р догол мөрийг үзнэ үү)

16, 17. Бурхантай дотно болоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

16 Юунаас болоод эргэлзэж байгааг нь хүүхдэдээ сайн бодуулаарай. Яаж? Дараах асуултыг асуувал үр дүнтэй байдгийг олон эцэг эх ойлгожээ. «Христиан байх нь хэцүү юү, амархан уу? Чамд ямар ашигтай гэж боддог вэ? Еховад үйлчлэхэд юу хэцүү байдаг вэ? Ашиг тустай, хэцүү зүйлийг харьцуулж үзвэл аль нь илүү вэ? Ашиг тустай зүйл нь илүү гэж санагддаг уу?». Гэхдээ байцааж байгаа юм шиг биш, харин өөрийн үгээр, эелдэг зөөлөн, сонирхлыг нь төрүүлэх маягаар асуугаарай. Хүүхэдтэйгээ Марк 10:29, 30-ийг ярилцаж болно. Христиан байх нь сайн муу ямар талтай гэж боддогийг хоёр багана болгон бичүүлэх арга бий. Ингэвэл юу нь болохгүй байгааг олж хараад тэр асуудлыг шийдэж чадна. Бид «Библийн сургаал», «Бурхны хайр» номыг сонирхсон хүмүүст заадаг юм бол, тэгэх тусмаа өөрийнхөө хүүхдэд заах хэрэгтэй нь бүр ч ойлгомжтой! Та яадаг вэ?

17 Хүүхэд тань Еховад үйлчлэх үү, үгүй юү гэдгээ шийдэх цаг ирнэ. Та Еховад үйлчлэхээр шийдсэн учраас тэднийг бас тэгнэ гэж битгий бодоорой. Тэд өөрсдөө Еховатай дотно болох ёстой (Сур. 3:1, 2). Танай хүүхэд Еховатай дотно биш бол яах хэрэгтэй вэ? Дахиад эхнээс нь заагаарай. Дараах асуултаар өөрийгөө шалгахад нь туслаарай. «Бурхан байдагт би яагаад итгэдэг вэ? Ехова Бурхан намайг үнэ цэнэтэй гэж үздэгт би яагаад итгэдэг вэ? Бурхны хууль тушаалыг дагах нь надад ач тустай гэдэгт би үнэхээр итгэдэг үү?». Эцэг эхчүүд ээ, хүүхдээ зөв зам руу залж чиглүүлэхдээ тэвчээртэй байгаарай. Еховад үйлчилбэл жинхэнэ ёсоор утга учиртай, сэтгэл хангалуун амьдарна гэдгийг өөрөө өөртөө батлахад нь туслаарай (Ром 12:2).

18. Эцэг эхчүүд Агуу Хоньчин Еховаг хэрхэн дууриах вэ?

18 Жинхэнэ христианууд бүгдээрээ Агуу Хоньчноо дууриахыг хүсдэг (Еф. 5:1; 1 Петр 2:25). Хоньчин хүнд хонь нь үнэтэй байдаг шиг эцэг эхчүүдэд үр хүүхэд нь эрхэм билээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ сайн мэддэг байх хэрэгтэй. Тэднийгээ зөв тийш нь залж чиглүүлэх нь чухал. Тэгвэл тэд Бурхны амласан ивээлийг үүрд мөнхөд хүртэнэ. Эцэг эхчүүд ээ, сайн хоньчин шиг байж хүүхдүүдээ Еховаг хайрладаг хүн болгож хүмүүжүүлээрэй!

^ д/м 9 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 1–3-р сарын дугаарын 8–10-р хуудсанд тустай зөвлөгөө нийтлэгдсэн.

^ д/м 12 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 3-р сарын 15-ны дугаарын 17–19-р хуудсанд буй «Гэр бүлийн хичээлээ илүү сонирхолтой болгоё» гэсэн гарчигтай өгүүллээс дэлгэрэнгүй үзнэ үү.