Skip to content

Skip to secondary menu

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

монгол

Харуулын цамхаг (Судлахад зориулсан)  |  2014 оны 9 сар 

Бүрэн цагийн үйлчлэгчдийг дэмжээрэй

Бүрэн цагийн үйлчлэгчдийг дэмжээрэй

«Бид ... та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөрийг ... байнга санадаг» (1 ТЕС. 1:3).

1. Сайн мэдээ тунхаглахын төлөө нөр их хөдөлмөрлөдөг хүмүүсийг Паул юу гэж үздэг байсан бэ?

САЙН мэдээ тунхаглахын төлөө нөр их хөдөлмөрлөдөг хүмүүсийг элч Паул үнэлж эрхэмлэдэг байв. Тэрбээр: «Бид өөрсдийн Бурхан ба Эцэгийн өмнө Эзэн Есүс Христэд итгэх та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд найдварын тууштай байдлыг чинь байнга санадаг» гэж бичжээ (1 Тес. 1:3). Ехова ч үйлчлэгчдийнхээ хийдэг бүхнийг их, бага гэлгүй үнэлж эрхэмлэдэг (Евр. 6:10).

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Эрт, эдүгээгийн итгэл нэгтнүүд маань Еховад илүү олон цагаар үйлчлэхийн тулд өөрийнхөө эрх ашиг, тав тухыг хойш нь тавьсан. Нэгдүгээр зуунд амьдарч байсан христианууд Еховад хэрхэн үйлчилдэг байсныг энэ өгүүллээр үзье. Бас орчин үед бүрэн цагийн үйлчлэгчид юу хийдэг, тэдэнд хэрхэн туслах тухай ярилцъя.

I ЗУУНЫ ҮЕИЙН ХРИСТИАНУУД

3, 4. а) I зууны үеийн христианууд Еховад хэрхэн үйлчилдэг байсан бэ? б) Тэд хэрэгцээгээ яаж хангадаг байсан бэ?

3 Есүс баптисм хүртээд удаагүй байхдаа нэгэн ажлын эхлэлийг тавьсан нь хожмоо дэлхий даяар өрнөх байлаа (Лук 3:21–23; 4:14, 15, 43). Есүсийг нас барсны дараа  элч нар нь энэ ажлыг удирдах болжээ. Дэлгэрүүлэх ажлын цар хүрээ ч улам тэлсэн (Үйлс 5:42; 6:7). Зарим христиан гэр орноо орхиод миссионерээр үйлчилж байв. Тэдний нэг нь Палестин нутагт сайн мэдээ дэлгэрүүлдэг байсан Филип юм (Үйлс 8:5, 40; 21:8). Паул нөхөдтэйгөө олон улс оронд очиж сайн мэдээ тунхаглаж явжээ (Үйлс 13:2–4; 14:26; 2 Кор. 1:19). Силуан (Силас) Марк Лук нар бичээч байв (1 Петр 5:12). Христиан эмэгтэйчүүд эдгээр үнэнч ах дүүстэй хамтран ажилладаг байжээ (Үйлс 18:26; Ром 16:1, 2). Христиан Грек Сударт эдгээр ах дүүсийн тухай сэтгэл хөдөлгөм явдлыг өгүүлдэг. Ехова үйлчлэгчдэдээ санаа тавьж, ажил үйлсийг нь үнэлдгийг тэдний түүх харуулдаг.

4 Нэгдүгээр зууны үеийн бүрэн цагийн үйлчлэгчид өөрийгөө яаж тэжээдэг байсан бэ? Тэд итгэл нэгтнүүдээсээ заавал тусламж авах ёстой гэж боддоггүй учраас цагийн ажил хийдэг байв (1 Кор. 9:11–15). Гэхдээ итгэл нэгтнүүд нь болон хурлууд тэдэнд туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг байсан. Тийм учраас гэртээ урьж дайлах юм уу эд материалын тусламж үзүүлдэг байжээ (Үйлс 16:14, 15; Филиппой 4:15–18-ыг уншина уу).

ОРЧИН ҮЕИЙН БҮРЭН ЦАГИЙН ҮЙЛЧЛЭГЧИД

5. Бүрэн цагаар үйлчилдэг эхнэр нөхөр хоёр ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

5 Еховад үйлчлэхийн төлөө ихэнх цагаа зориулдаг хүн өнөөдөр ч олон бий. (« Бүрэн цагийн үйлчлэгчид» гэсэн гарчигтай хавсралт үзнэ үү). Ийм амьдрал сонгосондоо ямар сэтгэгдэлтэй явдгийг тэднээс асуугаарай. Юу гэж хариулахыг нь сонсоод та ч бас бүрэн цагаар үйлчлэх хүсэлтэй болох биз ээ. Нэг жишээ авъя. Байнгын эхлэгч, тусгай эхлэгч, миссионер байсан бөгөөд одоо гадаад улсад Бетелд үйлчилдэг нэг эрэгтэй: «Бүрэн цагийн үйлчлэгч болсон минь амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсан. Би 18-тайдаа их сургуульд сурах, ажил хийх, эхлэгчээр үйлчлэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болсон. Үнэхээр амаргүй байсан. Бүрэн цагаар үйлчлэхийн тулд бусад юмаа золиосолсон хүнийг Ехова мартдаггүй юм билээ. Хэрэв би ажил мэргэжлийн хойноос явсан бол Еховагийн өгсөн авьяас чадварыг одоогийнх шигээ ашиглаж чадахгүй байх байсан» гэж ярьжээ. Харин эхнэр нь: «Еховагийн өгсөн ямар ч даалгавар ахиж дэвшихэд тустай байдаг. Ехова биднийг харж хамгаалж, удирдан чиглүүлж байгааг байнга мэдэрдэг. Хэрэв бид гэртээ байгаад, өөрийн гэсэн тав тухтай амьдралдаа сэтгэл ханасан бол ийм их ивээлийг хэзээ ч амсахгүй байх байсан. Биднийг бүрэн цагаар үйлчлүүлдэгт нь Ехова Бурхандаа өдөр бүр талархдаг» хэмээн ярьсан юм. Та бас ингэж амьдармаар байна уу?

6. Ехова үйлчлэгчдээ юу гэж үздэг вэ?

6 Одоохондоо бүрэн цагаар үйлчлэх боломжгүй хүмүүс ч бий. Гэхдээ чадах бүхнээ хийдэг тэдний хичээл зүтгэлийг Ехова өндөр үнэлдэг. Паул Колоссай дахь хурлын ах дүүстээ мэнд хүргэж, заримыг нь нэр цохон дурдсаныг Филемон 1–3-т бичжээ (Уншина уу). Паул ч, Ехова ч тэднийг үнэ цэнэтэй гэж үздэг байсан. Тэнгэрийн Эцэг маань таны хийж байгаа зүйлийг бас өндөр үнэлдэг. Тэгвэл бүрэн цагаар үйлчилж байгаа итгэл нэгтнүүдээ дэмжье гэвэл та юу хийж болох вэ?

ЭХЛЭГЧДЭД ТУС ДЭМ БОЛОХ НЬ

7, 8. Ямар хүнийг эхлэгч гэх вэ? Хурлынхан нь эхлэгчдэд хэрхэн туслах вэ?

7 Нэгдүгээр зууны үед сайн мэдээг  идэвх зүтгэлтэй тунхагладаг байсан христиануудын адилаар өнөөгийн эхлэгчид хурлынхныхаа урам зоригийг бадраадаг. Тэд сар бүр 70 цаг дэлгэрүүлдэг. Та тэдэнд яаж тусалъя гэж бодож байна вэ?

8 Шари гэдэг эхлэгч эмэгтэй: «Эхлэгчид өдөр бүр дэлгэрүүлдэг эрч хүчтэй хүмүүс шиг харагддаг. Гэхдээ л тэдэнд урам зориг өгөх хэрэгтэй» гэж ярьсан юм (Ром 1:11, 12). Хэдэн жил эхлэгчээр үйлчилсэн нэг эмэгтэй: «Манай хурлын эхлэгчдийн ажил барагдахгүй. Үнэхээр завгүй улс. Дэлгэрүүлэхдээ тэднийг машиндаа суулгаад авч явах, хамт хоол идэх, бензиний мөнгө нэмэрлэх, санхүүгийн янз бүрийн дэмжлэг үзүүлэхэд тэд маш их талархдаг. Чин сэтгэлээсээ санаа тавьж байна гэж ойлгодог» гэжээ.

9, 10. Зарим хүн хурлынхаа эхлэгчдэд хэрхэн тусалдаг вэ?

9 Эхлэгчдэд туслах өөр нэг арга нь тэдэнтэй хамт дэлгэрүүлэх юм. Боби гэдэг эхлэгч эмэгтэй: «Ажлын өдрүүдэд хамт дэлгэрүүлэх хүн их хэрэгтэй байдаг» гэж ярьсан. Бас нэг эхлэгч: «Үдээс хойш хамт дэлгэрүүлэх хүн олох үнэхээр хэцүү» гэсэн юм. Брүүклиний Бетелд үйлчилж буй нэг эмэгтэй эхлэгчээр үйлчилж байсан тухайгаа дурсан «Манай хурлын машинтай нэг эгч надад “Хамт дэлгэрүүлэх хүнгүй бол хэзээ ч дуудаж болно шүү. Би хамт дэлгэрүүлье” гэдэг байв. Тэр эгчийн ачаар эхлэгчээр үйлчлэх амар байж билээ» хэмээн ярьсан. Шари гэдэг эмэгтэй: «Ганц бие эхлэгчид дэлгэрүүлж дуусаад ганцаархнаа хоцордог. Тийм хүмүүсийг гэр бүлийн хичээлдээ үе үе урьж байгаарай. Өөр янз бүрийн юмыг цуг хийвэл тэд эрч хүчтэй болдог» гэсэн.

10 50 шахам жил бүрэн цагаар үйлчилж буй нэг эмэгтэй ганц бие эхлэгчидтэй амьдардаг байсан үеэ дурсан «Манай хурлын ахлагчид хоёр сард нэг удаа эхлэгчидтэй уулзаж, бие хаа, ажил төрлийг нь асууж, юунд санаа зовж байгааг нь сонирхдог байж билээ. Бидэнд үнэхээр сэтгэл гаргадаг байсан. Манай гэрт ирж ямар тусламж хэрэгтэй байгааг мэдэж авдаг байсан» гэж ярьсан юм. Тэр ахлагчид нэгдүгээр зууны үед амьдарч байсан Онесифор гэдэг христианыг  санагдуулдаг. Тэрбээр гэр бүлээ тэжээхээс гадна Паулд тусалдаг байжээ (2 Тим. 1:18).

11. Тусгай эхлэгч гэж хэн бэ?

11 Зарим хуралд тусгай эхлэгчид үйлчилдэг. Тэд сар бүр 130 цаг дэлгэрүүлдэг. Дэлгэрүүлэх болон хурлын бусад үйл хэрэгт ихэнх цагаа зориулдаг учир ажил хийх боломж тун бага байдаг. Дэлгэрүүлэх ажилдаа хамаг анхаарлаа хандуулахад нь туслахын тулд салбараас тэдэнд сар бүр тэтгэмж олгодог.

12. Ахлагчид болон бусад дэлгэрүүлэгч тусгай эхлэгчдэд хэрхэн тусалж болох вэ?

12 Тусгай эхлэгчдэд хэрхэн туслах вэ? Салбарт үйлчилдэг нэг ахлагч тусгай эхлэгчидтэй байнга харьцдаг ажээ. Тэрбээр: «Ахлагчид тэдэнтэй ярилцаж, аж амьдрал нь ямар байгааг асууж, яаж туслахаа мэдэж авах хэрэгтэй. Зарим Гэрч тусгай эхлэгчдийг тэтгэмж авдаг болохоор нь боломжийн амьдралтай хүмүүс гэж боддог. Гэхдээ л тэдэнд хурлынхан нь янз бүрээр тусалж болно шүү дээ» гэсэн юм. Итгэл нэгтнүүд нь хамт дэлгэрүүлэхлээр тусгай эхлэгчид байнгын эхлэгчдийн адилаар баярладаг. Та бас тэгж туслах боломжтой юу?

ДҮҮРГИЙН ХАРГАЛЗАГЧДАД ТУСЛАХ НЬ

13, 14. а) Дүүргийн харгалзагчдын талаар юуг мартаж болохгүй вэ? б) Тэдэнд яаж тусалъя гэж та бодож байна вэ?

13 Дүүргийн харгалзагчид болон тэдний эхнэрүүд бусдад урам өгдөг бат итгэлтэй хүмүүс. Гэхдээ тэдэнд ч урмын үг, сэтгэлийн дэм хэрэгтэйг мартаж болохгүй. Дэлгэрүүлэхдээ, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ тэднийг уривал их баярладаг. Өвдөөд эмнэлэгт хэвтэх юм уу мэс засал хийлгэх боллоо гэхэд эргэж тойрч, хэрэгтэй зүйлийг нь өгч тусалбал ямар их баярлах бол оо. «Үйлс» номыг бичсэн «хайрт эмч» Лук итгэл нэгтнүүддээ тус дэм болж явжээ. Тэрбээр Паул болон бусад хүнийг хэрэгцээт зүйлээр нь хангаж байв (Кол. 4:14; Үйлс 20:5—21:18).

14 Дүүргийн харгалзагчид болон тэдний эхнэрүүдэд дотны найз хэрэгтэй. Нэг дүүргийн харгалзагч: «Надад тус дэм хэрэгтэй үеийг найзууд минь анддаггүй юм шиг санагддаг. Тэд надаас юунд санаа зовж байгааг эвтэйхэн асуудаг юм. Миний ярихыг анхааралтай сонсдог болохоор сэтгэл онгойгоод сайхан байдаг» хэмээн бичжээ. Итгэл нэгтнүүд нь санаа тавьж, анхаарч халамжилдаг бол дүүргийн харгалзагчид болон тэдний эхнэрүүд чин сэтгэлээсээ талархдаг.

БЕТЕЛЧДИЙГ ДЭМЖИХ НЬ

15, 16. Бетелд үйлчилдэг хүмүүс юу хийдэг вэ? Тэднийг хэрхэн дэмжих вэ?

15 Бетелд үйлчилдэг хүмүүс Хаанчлалын үйл хэргийг дэмжих чухал ажил хийдэг. Танай хурал юм уу дүүрэгт бетелчид байдаг бол тэдэнд яаж санаа тавих вэ?

16 Хүн анх Бетелд ирэхлээрээ гэр бүл, найз нөхдөө нэг хэсэгтээ санадаг. Ийм хэцүү үед нь бусад бетелчин болон шинэ хурлынхан нь дотносон нөхөрлөхөд тэд маш их баярладаг! (Марк 10:29, 30). Ер нь бетелчид ажлаа хийхийн хажуугаар цуглаандаа явж, долоо хоног бүр дэлгэрүүлдэг. Харин заримдаа Бетелд нэмэлт ажил хийх даалгавар авдаг. Ийм үед хурлынхан нь тэднийг ойлгож, ажлыг нь өндөр үнэлдэг (1 Тесалоник 2:9-ийг уншина уу).

ГАДААДАД БҮРЭН ЦАГААР ҮЙЛЧИЛДЭГ ХҮМҮҮСТ ТУСЛАХ НЬ

17, 18. Гадаадад бүрэн цагаар үйлчилдэг хүмүүс юу хийдэг вэ?

17 Өөр улсад үйлчлэх томилолт авсан хүмүүс идэж үзээгүй хоол идэж,  гадаад хэл сурч, өөр ахуй соёлд дасах хэрэгтэй болдог. Тэд гадаадад яаж бүрэн цагаар үйлчилдэг вэ?

18 Зарим нь миссионерээр үйлчилж, ихэнх цагаа дэлгэрүүлэх ажилд зориулдаг. Дэлгэрүүлэх, заах чадвар сайн эзэмшсэн болохоор сурсан эрдмээ хурлынхандаа заадаг. Салбар тэднийг орон байраар хангаж, үндсэн хэрэгцээнд нь зориулан тэтгэмж олгодог. Зарим нь салбарт ажиллах юм уу салбарын барилга, алслагдсан орчуулгын офис, Чуулганы болон Хаанчлалын танхим барих ажилд томилогддог. Салбар болон нутгийн ах дүүс тэднийг байр, хоолоор хангадаг. Тэд бетелчдийн нэгэн адил цуглаан, дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцдог. Туршлагатай эдгээр ах дүүсээсээ хурлынхан нь их зүйлийг сурч мэддэг.

19. Гадаадад үйлчилдэг хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

19 Бүрэн цагаар үйлчилдэг гадаад ах дүүстээ та яаж тусалж болох вэ? Тэд анх ирэхдээ зарим хоолыг огт идэж үзээгүй байдгийг санаарай. Тийм болохоор тэднийг гэртээ урихдаа ямар хоол идмээр байгааг, юунд дургүйг асуугаарай. Танай нутгийн хэл, соёлыг таны хүссэн шиг хурдан сурахгүй бол тэвчээртэй байгаарай. Буруу дуудвал эвтэйхэн хэлж өгөөрэй. Тэд сурахыг үнэхээр хүсэж байгааг битгий мартаарай!

20. Бүрэн цагийн үйлчлэгчид болон тэдний эцэг эхчүүдэд хэрхэн туслах вэ?

20 Гэрээсээ хол газар бүрэн цагаар үйлчилдэг хүмүүс настай эцэг эхээ асрах хэрэгтэй болдог. Ер нь Гэрч эцэг эхчүүд бүрэн цагийн үйлчлэгч хүүхдүүдээ тэр хэвээрээ үйлчлээсэй гэж хүсдэг (3 Иох. 4). Гэхдээ эцэг эхээ асрах шаардлагатай бол хүүхдүүд нь чадах бүхнээ хийж, аль болох олон удаа эргэж тойрдог. Эцэг эхтэй нь ойрхон амьдардаг христианууд ч тусламжийн гараа сунгадаг бол бүрэн цагийн үйлчлэгчдэд ихээхэн тус дэм болно. Бүрэн цагаар үйлчилдэг хүмүүс дэлхий дээрх хамгийн чухал ажилд онцгой хувь нэмэр оруулж байгааг бид мартах ёсгүй (Мат. 28:19, 20). Тийм хүмүүсийн эцэг эхэд тусламж хэрэгтэй бол та болон танай хурлынхан туслахад бэлэн үү?

21. Бүрэн цагаар үйлчилдэг хүмүүс аливаа тусламжийг юу гэж үздэг вэ?

21 Бүрэн цагийн үйлчлэгчид мөнгө олохыг бус, харин Еховад болон бусдад өгөхийг л боддог хүмүүс. Тийм болохоор тэд ямар ч тусламжийг чин сэтгэлээсээ талархан хүлээж авдаг. Гадаадад үйлчилдэг нэг эмэгтэйн хэлсэн үгийг олон хүн хүлээн зөвшөөрөх биз ээ. Тэрбээр: «Талархлаа илэрхийлсэн бяцхан зурвас ч өгсөн, хүмүүс намайг боддог юм байна, миний хийж байгаа зүйлд баярладаг юм байна гэж бодогддог» хэмээн ярьсан юм.

22. Бүрэн цагийн үйлчлэгчдийн талаар танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

22 Бүрэн цагийн үйлчлэгчид сэтгэл хангалуун амьдардаг бөгөөд Еховад үйлчлэхийн төлөө хүч ухаанаа сорьж, мэдлэг туршлага хуримтлуулдаг. Бас Бурхны Хаанчлал дэлхийг бүхэлд нь захирах үед Еховад үүрд баяр хөөртэй үйлчлэх бэлтгэлээ базаадаг. Бүрэн цагийн үйлчлэгчдийн «итгэлийн үйл, хайрын хөдөлмөрийг ... байнга санаж» явцгаая (1 Тес. 1:3).