Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн Гэрчүүд

Хэл сонгох монгол

Шижир алтнаас ч илүү зүйлийг хай

Шижир алтнаас ч илүү зүйлийг хай

Та цул алт олж үзсэн үү? Тийм хүн маш цөөхөн байдаг. Харин сая сая хүн цул алтнаас хавьгүй үнэтэй зүйлийг олсон. Энэ бол «цэвэр алтаар ч солих» боломжгүй, Бурхны мэргэн ухаан юм (Иов 28:12, 15).

БИБЛИЙГ мэдэхийг чин сэтгэлээсээ хүсээд судалдаг хүмүүс зарим талаараа алт олборлогчтой адилхан. Тэд маш их хөлс хүч гарган асар үнэтэй мэргэн ухааныг Библиэс цөхрөлтгүй хайдаг. Үүнтэй холбогдуулан алт олж болох гурван аргыг ярилцаж, ямар сургамжтайг мэдэж авцгаая.

ТА ЦУЛ АЛТ ОЛСОН!

Та голын эргээр явж байгаад нарны туяанд гялалзах жижигхэн чулууг олж харлаа. Доош тонгойгоод автал цул алт байх нь тэр! Чүдэнзний толгойноос ч жижигхэн, хамгийн сайн алмаазаас ч ховор метал олсондоо бөөн баяр. Гэхдээ ингээд болчихгүй. Дахиад байна уу гэж эргэн тойрноо харна.

Еховагийн Гэрчүүд танайд ирж, Библид бичсэн сайхан ирээдүйн тухай ярилцсан өдрийг та ер мартдаггүй биз ээ. «Цул алт» олсонтой зүйрлэм тэр гайхамшигт мөч таны санаанаас гардаггүй байх. Тэгэхэд та Бурхны нэрийг Ехова гэдгийг Библиэс анх удаа мэдэж авсан нь лавтай (Дуу. 83:18). Бас Еховатай анд найз болох боломжтойг ойлгосон (Иак. 2:23). Үнэндээ алтаар ч худалдаж авах боломжгүй зүйлийг олсноо шууд ухаарсан нь лавтай. Түүгээр ч зогсохгүй илүү ихийг мэдэх гэж чармайн хайдаг болсон.

ТА ИЛҮҮ ОЛНЫГ ОЛЖ ЧАДНА!

Алтны ялтас юм уу ширхэглэгүүд гол горхинуудад туначихсан байх нь бий. Үүнийг тунамал алт гэдэг. Заримдаа алт олборлогчид олон арван мянган долларын үнэ хүрэхүйц хэдэн килограмм тунамал алтыг жилийн ганцхан улиралд олдог байна.

Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж байгаа хүн нөөц ихтэй орд газраас алт угааж буй хүнийг санагдуулдаг. Яагаад гэвэл хичээл заалгаж байхдаа Библийн зүйлүүдийг эргэцүүлэн бодож мэдлэгээ тэлдэг. Тэр хэрээр Еховатай дотносох аргыг мэдэж авдаг. Бас мөнх амьдрах цагаа хүлээнгээ яавал Бурхныхаа хайрыг дааж явахыг сурдаг (Иак. 4:8; Иуда 20, 21).

Хүмүүс алт олох гэж мэрийдэг шиг та Библийн үнэнийг мэдэхийн төлөө хичээл зүтгэл гаргадаг уу?

Олборлогчид алт ихтэй ордыг эрж хайдаг шиг, та Бурхны Үгнээс эрдэнэс олохын тулд  уйгагүй хичээдэг биз ээ. Библийн үндсэн сургаалыг мэдээд Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэхийн тулд дараа дараагийн алхмыг хийх хүсэлтэй болсон байх (Мат. 28:19, 20).

ЭРЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭРЭЙ

Магмын чулуулагт алт бага хэмжээгээр агуулагддаг. Алт олборлогчид тийм чулуулгаас алтны хүдэр олборлоод буталж нунтаглан алтыг нь ялгаж авдаг. Эхлээд харахад алт гэхээр юм харагдахгүй байж мэднэ. Яагаад? Нэг тонн магмын чулуулагт 10-хан грамм алт агуулагддаг учраас тэр ажээ! Гэсэн хэдий ч алтыг ялгаж авахын төлөө бүх хүчээ дайчилдаг.

Үүнтэй адилаар хүн «Христийн тухай анхдагч ойлголттой» болсондоо сэтгэл ханалгүй, илүү их зүйлийг мэдэж авахын тулд хичээж мэрийх шаардлагатай байдаг (Евр. 6:1, 2). Алтыг хүдрээс ялгаж авдаг шиг өөртөө хэрэгтэй зүйлийг Библиэс мэдэж авахын тулд уйгагүй хөдөлмөрлөөрэй. Яаж? Библийг үр бүтээлтэй судлаарай. Олон жил судалж байгаа хүний хувьд ч энэ нь чухал юм.

Сурч мэдэх ирмүүн хүсэлтэй байгаарай. Судалж байгаа зүйлдээ анхаарлаа сайн төвлөрүүлээрэй. Ийнхүү хичээж мэрийдэг бол Библиэс мэргэн ухаан, удирдамж заавар гэдэг «цул алт» олно (Ром 11:33). Библийн мэдлэгээ тэлэхийн тулд эх хэлээрээ байгаа судлах материалуудыг ашиглаарай. Хэрэгтэй мэдээллээ олж Библийн холбогдолтой асуултынхаа хариуг мэдэхийн тулд цөхрөлтгүй хайгаарай. Бас ямар өгүүлэл, Библийн аль зүйл тус болсныг итгэл нэгтнүүдээсээ асуугаарай. Бурхны Үгийг судлаад олж авсан сонирхолтой зүйлээ бусадтай хуваалцаарай.

Гэхдээ мэдлэгээ арвижуулах нь таны гол зорилго биш. «Мэдлэг ихэрхэг болгодог» хэмээн элч Паул анхааруулсан байдаг шүү дээ (1 Кор. 8:1). Тиймээс үргэлж даруу, бат итгэлтэй байхын төлөө чадах бүхнээ хийгээрэй. Гэр бүлийн хичээлээ тогтмол хийж, Библийг бие даан байнга судалдаг бол Еховагийн тогтоосон хэм хэмжээг сахина. Бас бусдад туслах хүсэл бадарна. Хамгийн гол нь шижир алтнаас ч үнэтэй зүйлийг олсондоо баярлана (Сур. 3:13, 14).